Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1173

 

      Н.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00534 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Оюунхандад холбогдох         

Гэм хорын хохиролд 2 290 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Мөнхдэлгэр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Баттөгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн Н.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 7 цаг 45 минутад Хурд хорооллын урд замаар зүүнээс баруун тийш зорчиж явахад баруунаас зүүн тийш зорчиж явсан 09-09 УБВ улсын дугаартай Ниссан экстерра маркийн автомашиныг жолоодож авсан Н.Оюунханд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т “жолооч баруун гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж урьдчилан анхааруулалгүй буцаж эргэх үйлдлийг хийхдээ миний машины урдаас мөргөж автомашинд 1 721 500 төгрөгийн хохирол учирсан нь үнэлгээгээр тогтоогдсон. Цагдаагийн байгууллагуудаас гэм буруутай тухай шинжээчийн дүгнэлт гарсан боловч миний хохирлыг барагдуулахгүй байна. Мөн явах эд ангийн оношилгоо хийлгэсний төлбөрт 35 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөрт 58 000 төгрөг, осол болсноос хойш машинаа ашиглах боломжгүй болсон бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хүүхдээ таксигаар авч явсан 28 хоногийн төлбөрт өдрийн 17 000 төгрөгөөр тооцож 476 000 төгрөг нийт 2 290 500 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Оюунханд шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Баттөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо, Хурд хорооллын зам дээр эргэлтийн дагуу эргээд явж байтал 7 цаг 50 минутын үед 21-95 улсын дугаартай цагаан өнгийн Приус маркийн авто машин ардаас мөргөсөн. Уг машины жолооч тэр даруй өөрийн таньдаг Л.Баясгалан гэгч цагдаагаар хэмжилт хийлгэж, илтэд намайг буруутгасан. Уг зураг болон бусад бичиг баримттай танилцуулахад зөвшөөрөхгүй талаар дурдаж мэдүүлсэн. Харин хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэлд Хан-Уул дүүргийн хэрэг бүртгэгч, ахлах дэслэгч А.Баасанчүлтэм хийсэн мэтээр бичиг баримт бүрдүүлж гарын үсэг зуруулсан, гэрчийн тэмдэглэлийг нэг хүн бичсэн нь бичгийн хэв, балнаас мэдэгдэж байна. Тэд гэрч байсан мэтээр Д.Батмөнх, Р.Ундрахболд гэх хүмүүсээр хуурамч гарын үсэг зуруулсан. Гэтэл холбогдох захиргааны зөрчлийн баримтууд дээр ахлах дэслэгч А.Баасанчүлтэм хэргийн газрын үзлэг хийсэн мэтээр баримт бүрдүүлсэн. Дээрх үйлдэл илтэд нэг талыг барьсан хуурамч тул захиргааны зөрчлийн гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

          ...Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар дотоод хяналтын ахмад н.Мөнхзул шалгахад хэмжилтийг ажлын байрны тодорхойлолтод зөрсөн буюу хийх ёсгүй хүн хийсэн байна. Мөн хүмүүсийн гарын үсэг хуурамчаар зурсан байна гэж үзэн дахин хэргийн газрын үзлэг, хэмжилт хийхээр болсон байдаг. Үүнтэй холбоотой баримт хэрэгт бий. Мөн хэмжилт хийсэн цагдаа Л.Баясгалангийн ажлын хуваариар Хан-Уул дүүргийн Тамгын газраас баруун тийш, харин н.Баасанчүлтэм зүүн тийш 1 дүгээр бүсийг хариуцдаг нь харагдаж байгаа. Ингээд дахин үзлэгийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ослын газар байсан гэх хүмүүсийг байлцуулан хийсэн. Үүнтэй холбоотой дахин шинжээчийн дүгнэлт гараагүй. Анхнаасаа хэмжилт буруу хийгдсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Оюунхандаас 1 779 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мөнхдэлгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 476 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 398 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Оюунхандаас 43 422 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнхдэлгэрт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Мөнхдэлгэрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан бөгөөд энэ талаар баримтыг шүүхэд өгсөн байхад "эдгээр баримтууд хариуцагч Н.Оюунхандыг буруутай болохыг үгүйсгэх үндэслэл болохгүй" гэж дүгнэсэнд гомдолтой байна. Зам тээврийн осол гарахад хэн нь буруутайг тогтоосон баримтыг шүүх үнэлээгүй. Түүнчлэн, ослын газар дээр үйлдсэн схем зурагт хариуцагчийн нөхөр Б.Бат-Эрдэнэ нь гарын үсэг зурсан талаар, мөн уг схем зургийг буруу үйлдсэн талаар тухайн үед талууд маргаагүй гэж шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, шүүх өөрөө ослын газрын схем зурагтай хариуцагч буюу осол гаргасан гэх Н.Оюунханд танилцаагүй гэж дүгнэсэн атлаа танилцаагүй хүнийг осол гаргасанд буруутай мэтээр дүгнэсэнд гомдож байна. Үнэхээр бид буруутай байсныг анхнаасаа зөв тогтоосон бол шүүх дээр нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын үнэлгээн дээр маргах байсан. Гэтэл бид өөрсдийн буруугүйг нотлохоор нотлох баримтуудаа өгсөн ч шүүх үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч Н.Мөнхдэлгэр хариуцагч Н.Оюунхандад холбогдуулан гэм хорын хохиролд 2 290 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийг эс зөвшөөрч гомдол гаргасан мөн нэхэмжлэгч зам тээврийн осол гарахад өөрөө буруутай гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороны нутаг дэвсгэр болох Хурд хорооллын урд замд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Н.Оюунхандын жолоодон явсан Ниссан экстерра маркийн 09-09 УБВ дугаартай автомашин,Н.Мөнхдэлгэрийн жолоодон явсан Тоёота приус маркийн 21-95 УНН дугаартай автомашин хоорондоо мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан байна.

Уг Зам тээврийн ослын дагуу Замын цагдаагийн албаны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 35 дугаар шинжээчийн дүгнэлт, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 694 дүгээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд мөн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны  өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зургууд хэрэгт авагдсан бөгөөд уг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан баримт гэж үзэх боломжгүй юм. /хх 4, 28, 5-6, 92-94/

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Гэтэл  хэрэгт ач холбогдол бүхий баримт авагдаагүй буюу 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ослын газар байсан хүмүүсийг байлцуулан дахин үзлэг хийсэн болон энэ талаарх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарсан зам тээврийн осолд холбогдогчийн хэн нь буруутай талаар эцсийн дүгнэлт гараагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00534 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатын шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Оюунхандаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 422 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

                                                                   ШҮҮГЧИД                                        Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                             Д.БАЙГАЛМАА