| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2021/0001/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.М |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Г.М,
Хохирогч П.О,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д аймгийн Э суманд төрсөн, халх, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Е овогт Ц.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн эхнэр П.О-г босгохгүй гээд цээжин дээр нь гарч суусны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн орой 21 цагийн орчим Замын-Үүд сумын 1-р баг ... тоотод байх гэртээ эхнэр П.О-н хамтаар согтууруулах ундаа хэрэглэж улмаар хоорондоо үл ойлголцож маргасан. Үүнээс болоод хэн хэнийхээ биед халдах эрсдэл гарсан тул би эхнэрээ тайвшруулах санаатай ганц нэг алгадах, унтуулах санаатай түлхэж газар хэвтүүлэн дээр нь суух зэрэг үйлдэл гаргасан. П.О өөдөөс эсэргүүцээд байсан тул дээрх үйлдлийг би хүч хэрэглэн хийж байсан. Үүнээс болоод эхнэрийнхээ цээжийг гэмтээн хүндэвтэр гэмтэл учруулсан. Би эхнэр П.О-н биед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ шударгаар хүлээж байгаа. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь гэр бүлд үүссэн таагүй уур амьсгалаа шийдэж чадахгүй явсаар энэ нь маргаан болчихсон. Уг нь сүйдтэй маргаан байхгүй, намайг архи уух, эхнэртэйгээ юм ярихгүй байхаар л эхнэр маань уурласан хэрэг. Хуулийн дагуу оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрөх болно. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Энэ хэрэг надад маш том сургамж боллоо. Би эхнэр Ц.О-с уучлалт гуйсан, надад гомдолгүй гэсэн. Одоо биеийн байдал нь эмчилгээ хийгээд хэвийн болсон, бид хоёр учир зүйгээ олж эвлэрэн урьдын адил хамтдаа эвтэй амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,
- Хохирогч П.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Ц.Б-тай амьдраад 26 жил болж байна. Бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Энэ хугацаанд дундаасаа 4 хүүхэдтэй болсон. 2 том хүүхэд маань өрх тусгаарлаад тусдаа гарсан. 2 бага хүүхэд маань өрхийн бүртгэлдээ хэвээр байгаа. Бага хүү Б.Б одоо 8 настай хамтдаа амьдардаг, түүний ах Б.Т 19 настай, цэргийн алба хааж байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим гэртээ байхдаа би нөхөр Ц.Б-тай гэр бүлийн маргааны учир зүйгээ олох санаатай ганц ганц пиво уугаад гэрт байсан 1 шил архийг хувааж уусан... бид 2 ууж дуусгаагүй. Нөхөртэйгөө согтууруулах ундаа уусан шалтгаан нь бид 2 гэр бүлийн жаахан маргаантай, гэр бүлийн уур амьсгал тогтворгүй байснаас учир зүйгээ олох гэснээс болсон. Бага зэрэг архи уучихвал хэн хэн нь сэтгэлээ нээгээд ярих байх гэж бодсон юм. Бид 2-ын дунд бий болсон маргаан нь Ц.Б сүүлийн үед бага зэрэг архи уугаад байдаг болсноос болсон ба энэ асуудлыг шийдэж чадахгүй яваад байснаас тэр өдөр гэртээ нөхөртэйгөө архи уух болсон. Ингээд нөхөр бид 2 гэртээ согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэж олигтой ч зүйл ярилцаж чадаагүй. Тухайн үед Ц.Б согтууруулах ундаа бага зэрэг л хэрэглэсэн, харин би арай түлхүү уусан. Ц.Б амаръя, унтъя гээд хэвтчихсэн ба ярилцаж учраа олоогүй болохоор би жаахан бухимдаж эхэлсэн. Тэгээд Ц.Б руу уйлж, өөрийгөө ойлгуулах гээд жаахан орилж, хашхирсан. Би бухимдаад үнэхээр хэцүү байсан тул гэрийн үүд рүү цайны аягаа хүртэл шидсэн. Энэ байдлыг Ц.Б эхэндээ чимээгүй харж хэвтэж байгаад аяга шидсэн чинь боль гэсэн. Би үгэнд нь ороогүй, бухимдсандаа Ц.Б рүү орилж хашхирсан ба Ц.Б намайг унт гээд түлхэхэд нь би эсэргүүцсэн. Б намайг буйдан дээр хэвтүүлсэн ба би гулгаад газар буусан. Энэ үед Ц.Б намайг босгохгүй гээд газар дээшээ хараад хэвтэж байхад миний цээжин дээр суусан. Би босох гээд орилоод тэмцсэн. Ц.Б намайг босгохгүй цээжин дээр суусан хэвээр орилохоо боль гээд 2-3 удаа алгадсан. Намайг сэргээх гэж л алгадсан байх. Тэгээд би ч тайвширч удалгүй унтаад өгсөн. Энэ үйл явдал болж байхад гэрт Ц.Б бид 2-оос гадна манай бага хүү Б байсан. Гэхдээ Б өөр өрөөнд унтаж байсан, орж ирээгүй, болсон зүйлийг хараагүй, мэдээ ч үгүй байх. Ингээд маргааш өглөө нь би сэртэл цээж хөндүүр болчихсон, эрүү чичрээд байсан. Яг тэр үедээ нэг их тоогоогүй. Ц.Б бид 2 учир зүйгээ ч олсон юм байхгүй байсан болохоор өдөр нь гэртээ бас архины асуудлаас болж муудалцсан. Ц.Б надаас архи нэхэж гар, хөл, цээж, толгой зэрэг газруудад хэд хэд цохисон. Тэр нь намайг гэмтээх хэмжээний байгаагүй. Сүүлдээ би гэрээс гарч аавынх руу ороод том охин А руу утсаар залгаж аав чинь намайг зодоод байна гэж хэлсэн. Болсон үйл явдлыг би аав, ээждээ хэлээгүй. Тэр өдөр Ц.Б бид 2 шинжилгээ өгөх, ажил руугаа явах зэргээр зөрж явсаар тэсгээд өнгөрсөн. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө охины хамт эмнэлэг орж цээжээ үзүүлтэл гэмтсэн байна гэсэн. Ц.Б намайг агсраад байхаар нь болиулах гэж миний цээжин дээр дарж сууж байхдаа цээжинд гэмтэл учруулсан. Тэрнээс хойш Ц.Б ажил дээрээ 14 каринтилагдаад гарсан ба надаас уучлалт гуйсан. Бид 2 учир зүйгээ олоод үл ойлголцоод байсан асуудлаа шийдэж чадсан, одоо хамтдаа эвтэй сайхан байгаа... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-20/,
- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18:00 цагийн үед ажил дээрээ байхад ээж залгаад аав чинь ээжийг нь цохиж, зодсон миний бас дүүгийн чинь гар утсыг булааж аваад явчихлаа одоо эмээгийнд нь байна гэж ярьсан. Би 21:00 цагийн үед ажлаасаа буугаад аавынд очиход аав, ээж 2 ширээний 2 талд гадуур хувцастайгаа сууж байсан аав намайг гар утас янзлаад өг гээд би янзлаад өгсөн чинь аав шинжилгээ өгнө гээд гараад явсан. Ээж надад бие өвдөөд байна цээж их хүчтэй өвдөөд байна гэхээр нь хамт эмнэлэг орж үзүүлье гэсэн чинь одоо яахын маргааш эрт эмнэлэг орно гэсэн. Манай нөхөр ирээд би гэртээ харьсан. 2020 оны 11 дүгээр 20-ны өдөр ээжтэй хамт эмнэлэг орж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,
- Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагаанд “...Би урьд нь энэ 2-ыг хоорондоо маргаж муудалцлаа, бүр зодолдлоо гэж сонсож байгаагүй. Тэр бүү хэл хуулийн байгууллагаар шалгуулж байна гэж сонсож байгаагүй. Манай 2 дүү гэртээ эвтэй найртай байдаг, энэ хоёрыгоо хоорондоо муудалцсан гэхэд би итгэхгүй байгаа. Сая яагаад ийм зүйл болсныг гайхаж байна, Б бол сайн залуу, сайн хүргэн. Манай дүү ч урд нь гэрт ийм хэрүүл шуугиан боллоо энэ тэр гээд хамаатан садан дээрээ хэлж яриад ирж байсан удаагүй. Сая болсон асуудал миний болоод манай хамаатнуудад анх дуулдсан. Урд нь дүүгийн маань гэр бүлд ийм зүйл болж байгаагүй гэдгийг би байнга гэрээр нь орж гардаг хүний хувиар мэдэж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,
- Гэрч Ц.Л мөрдөн шалгах ажиллагаанд “...Би тэдний гэр орноор, тэд ч миний гэр орноор байнга орж гардаг, хэрүүл шуугиан, зодоон нүдээн харах нь битгий хэл сонсож байгаагүй. Гэр бүлд байдаг аахар шаахар хэрүүл маргаан гардаг л байх, гэхдээ тэрийг нь ч би сонсож байгаагүй. Хүүхдүүд нь бидэнд тийм зүйл хэлж байгаагүй. О надтай их нийтэч байдаг, хэрэв Б янз янзын буруу ааш зан гаргавал О надад шууд хэлнэ, ер нь миний дүү нар гэр бүлдээ элдэв асуудал гаргаж байгаагүй. Гэр бүлээ сайн авч яваа, сайн аав, ээж гэж би боддог. Цагдаа, шүүхээр хэл ам татаж явж байгаагүйг бодоход Б-нд урд нь сая болсон шиг ийм муухай зүйл болж байгаагүй байх, болсон бол бидэнд дуулдах ёстой. Сая харин яагаад ийм асуудал гаргасныг нь сайн ойлгохгүй байгаа, ахын зүгээс 2 дүүдээ сайн анхааруулж, хэлж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 сарын 30-ны өдрийн 04/137 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. П.О-н биед гэмтэл тогтоогдлоо.
2. П.О-н биед өвчүү ясны хугарал зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ажлын албаны тодорхойлолт, Ц.Б-н иргэний үнэмлэхний хуулбар, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б, хохирогч П.О нар нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, П.О-н цээжин дээр нь Ц.Б нь суусны улмаас түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн эхнэр П.О-г босгохгүй гээд цээжин дээр нь гарч суусны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч П.О-н “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө охины хамт эмнэлэг орж цээжээ үзүүлтэл гэмтсэн байна гэсэн. Ц.Б намайг агсраад байхаар нь болиулах гэж миний цээжин дээр дарж сууж байхдаа цээжинд гэмтэл учруулсан...” гэсэн, гэрч Б.А-н “...2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18:00 цагийн үед ажил дээрээ байхад ээж залгаад аав чинь ээжийг нь цохиж, зодсон миний бас дүүгийн чинь гар утсыг булааж аваад явчихлаа одоо эмээгийнд нь байна гэж ярьсан... Ээж надад бие өвдөөд байна цээж их хүчтэй өвдөөд байна гэхээр нь хамт эмнэлэг орж үзүүлье гэсэн чинь одоо яахын маргааш эрт эмнэлэг орно гэсэн....” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 сарын 30-ны өдрийн 04/137 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Ц.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэм хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан үзэж, таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч П.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е овогт Ц.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е овогт Ц.Б-г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь 550,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н