Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Б.Д,

Шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Ү-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн З суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч 1 хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б.Ү,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ү нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 23-24 цагийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн тоотод иргэн Э.О-г зодож, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Ү мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орой гэртээ хамтран амьдрагч Э.О, 2 настай охин Ү.Т нарын хамт байж байхдаа Э.О-тай маргасан. Шалтгаан нь их шалихгүй зүйл. Охин хулдаасан дээр балаар сараачаад, үүнийг харсан эхнэр охин руу загнаж уурлаж дайрахаар нь би охиноо өмөөрсөн. Үүнээс болоод Э.О бид 2 маргасан ба би маргах явцдаа биеэ барьж чадалгүй Э.О-д гар хүрчихсэн юм. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл саруул байсан... Би ялихгүй зүйлээс болж уураа барьж дийлэлгүй эхнэрээ зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Надад маш их харамсалтай байна. Их ч гэмшиж байна. Хуулийн дагуу оногдуулсан шийтгэлийг хүлээх болно. Надад том сургамж болсон тул дахин ийм байдал гаргахгүй байх болно. Эхнэр Э.О-с уучлалт гуйсан, түүний биеийн байдал одоо зүгээр болсон. Бид 2 хэвийн, урьдын энгийн харилцаандаа орсон.  Гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 25-26/

- Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны орой 23 цаг өнгөрч байхад ... тоотод байх гэртээ Б.Ү бид 2 жижиг өрөөндөө гар утсаараа тоглоом тоглоод байж байтал том өрөөнд охин тоглож байгаад арилдаггүй үзгээр хулдаасан дээр зурчихсан байсан. Би охиноо загнаад уурласан чинь Б.Ү охиноо өмөөрөөд надтай маргасан. Би Б.Ү-н өөдөөс жаахан хараал хэлээд хэрэлдтэл Б.Ү миний зүүн хөлийн гуяа хэсэгт 1 удаа өшиглөсөн. Үүнээс болоод хэрүүл ширүүсэж би охиноо аваад том өрөө рүү орохоор явахдаа хүүхдээсээ болоод 3 биеийгээ алах юм байна л даа гэж хэлсэн. Тэгтэл Б.Ү араас орж ирээд миний нүүрэнд гараараа 2 удаа цохисон. Миний хүүхдээсээ болж 3 биеийгээ алах юм байна л даа гэсэн үгийг хүүхдээ алчихъя л даа гэж сонссон юм шиг байна лээ. Тэгээд л намайг цохисон байх гэж бодож байгаа. Ингээд би Б.Ү-д нүүр лүүгээ цохиулчхаад хэрэлдээд байж байтал Б.Ү ээжийгээ утсаар гэртээ ир гэж дуудсан. Хадам ээжийг ирэхэд бид нар хоорондоо бага зэрэг муудалцсан. Б.Ү миний хор шарыг малтаад байхаар нь би хадам ээжийн хажууд мөчөөгөө өгөхгүй хэрэлдсэн. Дараа нь Б.Ү-н эгч нь нөхөртэйгөө ирсэн. Хэрүүл шуугиан удаан үргэлжлээгүй бие биеэ гэрээс хөөж байгаад Б.Ү-г эгчийнх нь нөхөр аваад явсан. Бусад нь ч мөн тэсгээд явцгаасан. Би гэртээ охинтойгоо үлдээд хоносон ба өглөө босоод нүүрээ хартал нүд хөхрөөд, шанаа руу хавдаад, хамар хавантаад хавдчихсан байсан. Амралтын өдөр байсан тул гэртээ байж байгаад хамар хугарчихсан юм шиг нэг л эвгүй байхаар нь гайгүй дээр нь хамраа эмнэлэгт үзүүлье гэж бодоод эмнэлгийн байгууллага дээр очиж үзүүлсэн... ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б.Ү тэр шөнө над руу утсаар залгаад Э.О бид 2 муудалцчихлаа, Э.О-н хамраас нь цус гараад хамар нь эвгүй болчихлоо, та хүрээд ирээч гэсэн. Ингээд би тэр дороо л Б.Ү-нд яваад очсон ба намайг очиход Б.Ү үүдэнд, Э.О цаад өрөөндөө уйлаад сууж байсан. Э.О-н хамрыг үзэхэд хамраас нь цус гараад цэвэрлэсэн бололтой байсан. Хамар эвгүй байна ээж гэхээр нь эмнэлэг явъя гэсэн. Э.О өнөөдөртөө яршиг, маргааш өглөө эмнэлэг орж үзүүлье ээж гэж байсан. Өглөө нь би эмнэлэг явъя гэхэд Э.О ээж би унтаж байна, та өвчин намдаадаг эм аваад ирээч гэхээр нь би авчирч өгсөн. Э.О-н хамар, нүд нь өглөө хавдчихсан байсан. Энэ 2-ыг муудалцдаг шөнө Б.Ү-г эгчийнх рүү нь явуулж хонуулсан л даа. Яагаад ийм зүйлд хүрчхэв гэж 2 хүүхдээсээ асуухад хүүхдээ загнаснаас болоод хоорондоо маргаад тэгээд Б.Ү тэсэлгүй Э.О-н нүүрэнд гараараа цохичихлоо гэж хэлж байсан. Хоёулаа эрүүл саруул байж жижиг зүйл дээр л ойлголцохгүй маргачихсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

- Гэрч П.П мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2 хоногийн өмнө Б.Ү-с ийм зүйл болсон талаар сонссон. Хүүхдээсээ болоод Э.О-тай маргаад уурласандаа тэсэлгүй гар хүрчихсэн гэж ярьж байсан. Э.О-тай бол би уулзаагүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын  22-ны өдрийн 04/002 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Э.О-н биед хамрын нуруу хэсгээр цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, нурууны зүүн талаар цус хуралт, зүүн бугалгын дотор дунд талд цус хуралт, хэвлийн зүүн талд цус хуралт, зүүн гуяны урд дунд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41, 48/,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаад паспортын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, ... ажлын үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Замын-Үүд Өртөө цалингийн тодорхойлолт,  /хх-ийн 30-35, 38-39/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Б.Ү нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 23-24 цагийн хооронд хамтран амьдрагч Э.О-г зодсон үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Ү нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Э.О-н “...Том өрөөнд охин тоглож байгаад арилдаггүй үзгээр хулдаасан дээр зурчихсан байсан. Би охиноо загнаад уурласан чинь Б.Ү охиноо өмөөрөөд надтай маргасан. Би Б.Ү-н өөдөөс жаахан хараал хэлээд хэрэлдтэл Б.Ү миний зүүн хөлийн гуяа хэсэгт 1 удаа өшиглөсөн. Үүнээс болоод хэрүүл ширүүсэж би охиноо аваад том өрөө рүү орохоор явахдаа хүүхдээсээ болоод 3 биеийгээ алах юм байна л даа гэж хэлсэн. Тэгтэл Б.Ү араас орж ирээд миний нүүрэнд гараараа 2 удаа цохисон... өглөө босоод нүүрээ хартал нүд хөхрөөд, шанаа руу хавдаад, хамар хавантаад хавдчихсан байсан...” гэсэн, гэрч З.Э-н “... Э.О-н хамрыг үзэхэд хамраас нь цус гараад цэвэрлэсэн бололтой байсан. Хамар эвгүй байна ээж гэхээр нь эмнэлэг явъя гэсэн. Э.О өнөөдөртөө яршиг, маргааш өглөө эмнэлэг орж үзүүлье ээж гэж байсан. Өглөө нь би эмнэлэг явъя гэхэд Э.О ээж би унтаж байна, та өвчин намдаадаг эм аваад ирээч гэхээр нь би авчирч өгсөн. Э.О-н хамар, нүд нь өглөө хавдчихсан байсан...” гэсэн, гэрч П.П “...2 хоногийн өмнө Б.Ү-с ийм зүйл болсон талаар сонссон. Хүүхдээсээ болоод Э.О-тай маргаад уур нь даа тэсэлгүй гар хүрчихсэн гэж ярьж байсан. Э.О-тай бол би уулзаагүй байна...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04/002 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.Ү-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Ү нь хохирогч Э.О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б.Ү-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Б.Ү-г таван зуун мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү нь 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н