Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

  

    2021            03           09                                        2021/ШЦТ/144                                

                                                                                                                     

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-ын А-д холбогдох эрүүгийн 20020 0136 0256 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Пүрэвдагва, шүүгдэгч М.А, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаяр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт М-ын А- /РД: /,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.А нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс буюу тус сургуулийн данснаас

- Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн хххх тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 23.200.000 төгрөг,

- тус сургуулийн захирлын туслахаар ажиллаж байсан М.Энхмаагийн Хаан банкин дахь хххх тоот дансаар 13.290.433 төгрөг,

- тус сургуулийн тэнхимийн туслах ажилтан М.Алтангийн Хаан банкин дахь хххх тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 35.790.000 төгрөг, нийт 72.280.433 төгрөгийг шилжүүлэн авч завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 540 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 заалт болон мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч М.Ад холбогдох эрүүгийн 20020 0136 0256 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх ажиллагааг даруй буюу боломжит богино хугацаанд үргэлжлүүлэн явуулахаар тогтож шийдвэрлэснийг тэмдэглэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч М.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтээ дэмжиж, улсын яллагчтай тохиролцсон ялын саналыг мөн хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг, 

Эрүүгийн 20020 0136 0256 дугаартай хэргээс:

1. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаартай албан бичиг, хяналт шалгалт хийсэн талаарх баримтууд /хэргийн 1-р хавтас 05-81х/,

2. Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 5070хххх64 тоот, Ж.Батчулууны 5131хххх08 тоот, М.Аийн 5131хххх68 тоот, М.Энхмаагийн 5022хххх92 тоот, М.Алтангийн 5070хххх41 тоот Хаан банк дахь депозит дансанд тус тус үзлэг хийсэн Мөрдөгчийн тэмдэглэл, М.А, М.Энхмаа, М.Алтан нарын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд /хэргийн 2-р хавтас 178-180х, 183-193х, 199-203х, 204-223х/,

3. М.А, М.Алтан, М.Энхмаа нарын Хаан банкин дахь Харилцах данснуудын дэлгэрэнгүй хуулга /хэргийн 2-р хавтас 182-250х, 3-р хавтас 01-108х/,

4. Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5/3550 дугаар албан бичиг, албан бичгийн хавсралт /хэргийн 3-р хавтас 110-111х/,

 

5. Хохирогч “Хөдөө Аж Ахуйн Их Сургууль”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...М.А нь 2019 оны 5 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарын хооронд Инженер технологийн сургуулийн данснаас өөрийн болон тус сургуульд ажилладаг М.Алтан, М.Энхмаа нарын данс руу 5 удаагийн давтамжаар нийт 72.280.433 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авч, хувьдаа ашигласан үйлдэл гаргасан юм билээ. Энэ асуудлыг сургуулийн ерөнхий нягтлан бодогч Г.Батцэцэг нь салбар сургуулиудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байх явцад илрүүлсэн байсан.

...М.А нь салбар сургуулийн данснаас авсан 72.280.433 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд удаа дараагийн гүйлгээгээр бүрэн төлж барагдуулсан байгаа. Манай сургуулийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 147-148х/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Батцэцэгийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны хагас жилийн тайлангийн дараа бүрэлдэхүүн сургуулиудынхаа санхүүгийн тайланд хяналт шалгалтыг зохион байгуулсан. Хяналт шалгалтыг зохион байгуулахад Инженер технологийн сургуулийн захирал, нягтлан бодогч нартай холбоотой санхүүгийн зөрчил илэрсэн. Би шалгалтыг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд зохион байгуулсан.

Илэрсэн зөрчил дутагдлыг дурдвал: Инженер технологийн сургуулийн нягтлан бодогч М.А нь:

- 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр сургуулийн хандивын хххх тоот данснаас 19.000.000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээд болох манай сургуульд ажилладаг М.Алтан гэх эмэгтэйн Хаан банкны данс руу шилжүүлсэн,

- 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өөрийнхөө Хаан банкны данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн,

- 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 13.200.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны данс руу шилжүүлсэн,

- 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 16.790.000 төгрөгийг М.Алтангийн данс руу шилжүүлсэн,

- 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай сургуульд Г.Энхбаяр захирлын туслахаар ажиллаж байсан М.Энхмаагийн дансаар нийт 13.290.433 төгрөгийг шилжүүлэн авч, хувьдаа зарцуулсан зөрчил дутагдал илэрсэн.

М.А надад уг асуудлын талаар тайлбарлахдаа “би уг мөнгийг өөрөө авч хувьдаа ашигласан нь үнэн. Тухайн үед миний төрсөн эгч гадаад улсад элэг солиулах хагалгаа хийлгэхээр болж, мөнгөний хэрэг гараад авчихсан, дараа нь төрөл садангуудаасаа аваад нөхөөд хийчихье гэж бодож байсан юм” гэж надад хэлсэн.

...М.Амагүл нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Инженер технологийн сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа ТҮ-10-4 буюу төрийн үйлчилгээний 10-4 зэрэглэлээр цалинжиж байсан. Манай сургууль тус шатлал, зэрэглэлийг тогтоохдоо Төрийн үйлчилгээний алба хаагчдын цалингийн жишгийг үндэслэн тогтоодог байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 70-72х, 75х/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Хэрүүгагийн гэрчээр өгсөн:

“...”Инженер технологийн сургуулийн нягтлан бодогч М.А нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн сургуулийн хандивын хххх тоот данснаас 19.000.000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээд болох манай сургуульд ажилладаг М.Алтан гэх эмэгтэйн Хаан банкны данс руу шилжүүлсэн, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өөрийнхөө Хаан банкны данс руу 10.000.000 сая төгрөг шилжүүлсэн, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 13.200.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны данс руу шилжүүлсэн, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 16.790.000 төгрөгийг М.Аптангийн данс руу шилжүүлсэн, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр манай сургуульд захирлаар ажиллаж байсан Г.Энхбаярын туслах М.Энхмаагийн дансаар нийт 13.290.433 төгрөгийг шилжүүлж авсан үйлдлүүд илэрсэн” гэж ерөнхий нягтлан бодогч Г.Батцэцэг надад мэдэгдсэн.

Түүний дагуу миний бие ерөнхий нягтлан бодогчид уг асуудлыг нарийвчлан шалгаж, сургуулийг хохиролгүй болгох үүрэг чиглэл өгсөн. Би Г.Энхбаяр, М.А хоёртой уулзаж дээрх нөхцөл байдлыг тодруулахад нягтлан бодогчоор ажиллаж байсан М.А нь “сургуулийн данснаас 70 гаруй сая төгрөгийг өөрийн болон М.Алтан, М.Энхмаа нарын дансаар шилжүүлэн авч, өөрийн эгчийн эмчилгээнд зарцуулсан, мөн гадаадын иргэнд залилуулсан” гэж хэлж байсан.

Харин захирал Г.Энхбаяр хэлэхдээ “нягтлан бодогч М.А нь миний амрахдаа бэлдээд явчихсан байсан төлбөрийн даалгаврыг ашиглаад уг гүйлгээнүүдийг хийчихсэн байна, би мэдээгүй” гэсэн тайлбарыг өгч байсан. Би М.Ад уг мөнгийг нэн даруй төлж барагдуулах үүрэг өгсөн. Түүний дагуу М.А нь сургуулийн данснаас авсан мөнгийг бүрэн төлж барагдуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 76-77х/,

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Батчулууны гэрчээр өгсөн:

“...Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Инженер технологийн сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан М.А нь сургуулийн данснаас 2019 оны 5-7 дугаар саруудын хооронд нийт 5 удаагийн үйлдлээр өөрийн болон бусад хүний дансаар ойролцоогоор 72-73 орчим сая төгрөгийг шилжүүлэн авч, хувьдаа ашигласан зөрчил дутагдал гаргасан. Уг асуудлыг хагас жилийн тайлангийн дараа ерөнхий нягтлан бодогч Г.Батцэцэг илрүүлээд надад болон захирал Т.Хэрүүгад танилцуулсан.

Бид нарын зүгээс М.Ад “хохирлыг яаралтай барагдуул” гэж хэлсний дагуу М.А нь сургуулиас авсан мөнгөө төлж барагдуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 78х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Алтангийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед манай сургуулийн нягтлан бодогчоор ажилладаг М.А нь намайг ажил дээр байхад над руу утсаар холбогдоод “ажлын гадаа гараад ирээч” гэж хэлсэн. Намайг гарахад тэрээр “хоёулаа хамт банк ороод  ирье, би машингүй явна” гэхээр нь би түүнтэй хамт эхлээд манай сургуулийн хойно байрлах “Оргил” худалдааны төвийн Хаан банкны салбар луу очсон. Би гадаа машинд үлдэж, М.А нь Хаан банк руу ороод хэсэг хугацааны дараа “болчихлоо” гээд гараад ирсэн.

Тэгээд би сургууль руу буцаж ирээд ...байж байхад 16 цагийн үед над руу залгаад “чи гараад ирээч, хоёулаа хамт банк орчихоод ирье” гэхээр нь “би завгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд захирлын нарийн бичгээр “захирал дуудаж байна” гэж хэлүүлээд намайг дуудуулж гаргаж ирсэн. Намайг гарч ирэхэд “хоёулаа банк орчихоод ирье, мөнгө авчихаад ирье” гэж хэлсэн. Бид хоёр миний машинтай гараад “Гэгээнтэн” худалдааны төвийн Худалдаа хөгжпийн банк руу очсон. Тэнд очоод доллар асууж сураглаад “Оргил” худалдааны Хаан банк руу очсон.

Тэгээд бид хоёр Худалдаа хөгжлийн банкин дээр сууж байхад “би чиний Хаан банкны данс руу мөнгө хийчихсэн байгаа, чи банкнаас ороод аваад ир, би эндээ сууж байя” гэж хэлсэн, мөн “энэ мөнгө сургуулийн татварын мөнгө байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хаан банк руу орж теллерээс миний данс руу орсон байсан бүх мөнгийг бэлнээр аваад Худалдаа хөгжлийн банк руу аваачиж өгсөн. Ойролцоогоор 24.200.000 орчим төгрөг байсан санагдаж байна, дүнг нарийвчлан сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 82х/,

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Энхмаагийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 5 дугаар сард байх, өдрийг нь санахгүй байна. Намайг ажил дээрээ ажлаа хийж байхад манай сургуулийн нягтлан бодогч ажилтай М.А нь “чиний данс руу ойролцоогоор 13.200.000 төгрөгийг хийнэ” гэж хэлээд төлбөрийн даалгавар, холбогдох бичиг баримтуудыг нь үзүүлсэн. Тухайн үед захирал хөдөө яваад, ганц нэг хоносон байсныг би санаж байгаа юм. Тэгэхээр нь би “тийм л юм байхдаа” гэж бодоод “тэг, тэг” гэж хэлсэн.

Тэр өдрийн өглөө миний Хаан банкны 5022хххх92 тоот дугаарын данс руу ойролцоогоор 13.200.000 төгрөг хийсэн. Мөнгө ороод удаагүй байтал нягтлан бодогч М.А над дээр ирээд “нөгөө мөнгөнөөс чинь 7.0 сая төгрөгийг нь бэлнээр авах гэсэн юм аа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ХААИС-ийн ард байрлах “Оргил” худалдааны төвийн хажуу талын Хаан банкны салбарт очиж, би бичиг баримтаа үзүүлэн теллерээс 7.0 сая төгрөг бэлнээр авч түүнд өгсөн. Тухайн үед “үлдэгдэл мөнгийг нь яах ёстой юм бэ” гэж асуухад “чи дансандаа байлгаж байгаарай, тэгж байгаад гаргаж өгөөрэй” гэж хэлсэн. Түүнээс хойш М.А нь надаас ойролцоогоор 5-6 удаагийн гүйлгээгээр өөрийнхөө Хаан банкны данс руу 6.200.000 сая төгрөгийг авсан. Мөнгө авахдаа М.А нь утсаар холбогдоод “нөгөө мөнгөнөөсөө одоо тэдийг хийчих” гэдэг байсан ба юунд зарцуулах гэж байгаагаа надад хэлдэггүй байсан. М.А миний дансанд мөнгө хийж, шилжүүлж авсан талаар би өөрөөр нь бичүүлж авсан байгаа, уг бичвэр нь надад бий.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 84х/,

11. “Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль”-ийн ректорын М.Аийг санхүүгийн албанд нягтлан бодогчоор ажиллуулах тухай 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 34 тоот тушаал, мөн сургуулийн захирлын М.Аийг “Инженер, технологийн сургууль”-ийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/235 тоот тушаалын хуулбар, Бүрэлдэхүүний сургууль хариуцсан нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 3-р хавтас 178х, 180х, 181-184х/,

12. Албан тушаалын жагсаалт, зэрэглэл, хөдөлмөрийн норм батлах тухай ХААИС-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаал, уг тушаалын 8 дугаар хавсралтын 5-д “М.А нягтлан бодогч /Инженер технологийн сургууль/ ажилласан жил 16, цалингийн зэрэглэл TY-10-4” гэсэн баримтууд /хэргийн 4-р хавтас 152-153х/,

13. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дугаартай Прокурорын тогтоол баримт /хэргийн 4-р хавтас 162х/

14. Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой танилцлаа, санал хүсэлт байхгүй. Би Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Инженерийн сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд захирал Г.Энхбаярын гарын үсэгтэй баталгаа маягтаар нийтдээ 72.0 сая төгрөгийг гарган авч, эхэлж өөрийн эгч М.Ирнурын эмчилгээнд зарцуулаад, дараа нь гадаад улсын иргэнд мөнгөө залилуулсан юм. Ийм л асуудал болсон. Үүнийг би хүлээн зөвшөөрч, сургуулийг ямар нэгэн хохиролгүй болгоод ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 140х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Б.Бейсений мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 86-87х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хавтас 151х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 3-р хавтас 158х/, Бейсен овогтой Нурсауле, Бейсен овогтой Мурат, Бейсен овогтой Мадина, Бейсен овогтой Акерке, Бейсен овогтой Гаухар нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 4-р хавтас 190-194х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Аийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.А нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс буюу тус сургуулийн данснаас Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн хххх тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 23.200.000 төгрөг, тус сургуулийн захирлын туслахаар ажиллаж байсан М.Энхмаагийн Хаан банкин дахь хххх тоот дансаар 13.290.433 төгрөг, тус сургуулийн тэнхимийн туслах ажилтан М.Алтангийн Хаан банкин дахь хххх тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 35.790.000 төгрөг, нийт 72.280.433 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан тус тус шилжүүлэн авч ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан.” хэмээн тодорхойлжээ.

Үүнээс үзэхэд бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрх, үүрэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр үүссэн байх, мөн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө ашигласан байх эдгээр шинжүүдээр “Завших гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой бөгөөд “итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг буюу өөрөөр хэлбэл өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор хариуцан хамгаалж буй этгээдийг ойлгох ба уг этгээд нь зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн, хууль бусаар өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн үзэмжээр уг эд хөрөнгө буюу эрхийг захиран зарцуулах хүсэл зоригоо /санаагаа/ гүйцэлдүүлж хэрэгжүүлснээр завших үйлдэл төгссөнд тооцогдоно. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлсон ба харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.1-т “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж заасан.

Шүүгдэгч М.Аийн хувьд завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжтэй байх ба тэрээр ХААИС-ийн салбар сургууль болох Инженер, технологийн сургуулийн нягтлан бодогчийн ажил үүргийг эрхэлж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил үүргийн хувьд байгууллагын мөнгөн хөрөнгөтэй харьцах, мөнгөн шилжүүлгийн гүйлгээ хийх боломжтой бөгөөд энэ байдлаа ашиглан өөрийн болон бусдын харилцах дансаар дамжуулан их хэмжээний мөнгийг тодорхой давтамжтай үйлдлээр зувчуулан ашигласан нөхцөл байдал нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Аийн дээрх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

Хэргийн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид нөхөн төлж барагдуулсан ба анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтийг гаргаж, улмаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай ял тохирсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Арван долоо” дугаар бүлэг болон 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д заасан хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх журам зохицуулалтыг зөрчөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.    

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч М.Аийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан 72.280.433 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг нөхөн төлж, “Хөдөө Аж Ахуйн Их Сургууль”-ийг хохиролгүй болгосон талаар хэрэгт хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Дгээс гаргасан “...хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, бичгээр гаргасан хүсэлт баримт, харилцагчийн дансны хуулга баримттай /хэргийн 4-р хавтас 148х, 180х, 181-189х/ тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 3-р хавтас 158 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.  

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд нь торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт М.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч “Хөдөө Аж Ахуйн Их Сургууль”, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Хурман овогт Махметийн Амангүлийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулж” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар М.Аийг 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.А нь торгох ялыг хэсэгчлэн төлж, 03 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй. 

 

4. Энэ хэрэгт М.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч “Хөдөө аж ахуйн их сургууль”, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД