| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0041/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/145 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/145
2021 03 09 2021/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт С-ын Д-д холбогдох эрүүгийн 20100 0000 0962 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, иргэдийн төлөөлөгч Э.Төгсжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Алтан тариа” ХХК-ийн “Коре Алмаз” гахайн аж ахуйн фермд гахайчин ажилтай, ам бүл 1, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 67 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
- Өвөрхангай аймгийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, П овогт С-ын Д- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик Бөхөг гудамжны 50 тоотод байх “Алтан тариа” ХХК-ийн “Коре Алмаз” гахайн аж ахуйн фермийн ажилчдын байранд 2020 оны 10 дугаар сарын 17-ны 21 цагийн орчимд иргэн Ж.Эртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар хэвлий тус газарт нь нэг удаа хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа зөвшөөрч байгаа учир шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй. Талийгаач бид хоёр 2012 оноос хойш хамт ажиллаж байсан. Хэрэг болдог өдөр бид хоёр хамт архи ууж байхад амь хохирогч надад “Батчимэг гэх хүүхнийг дууд” гэхээр нь би дуудаагүй. Үүнээс болж уурлаад босож ирээд намайг зодсон. Энэ үед бид хоёроос өөр хүн байгаагүй.
Тэгээд би ширээн дээр байсан хутгыг аваад талийгаачийн гэрт очиход хаалга нь онгорхой байсан ба намайг ороход өөдөөс дайраад байсан. Би амь хохирогчийг айлгах гэж хутга авсан. Тэгээд коридорт байхад нь нэг удаа хэвлий тус газар нь хутгалсан, ямар нэг үг хэлээгүй шууд хутгалчихсан. Би гайгүй согтолттой байсан, гэхдээ болсон асуудлыг мэдээгүй. Одоо болсон асуудлыг санаж байгаа. Миний буруу, би талийгаачийн ар гэрийнхний нэхэмжилсэн мөнгийг өгсөн.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би уг хэрэг асуудал болох үед байгаагүй. Талийгаачийн оршуулгын ажилд зарцуулсан 7.300.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 0000 0962 дугаартай хэргээс:
1. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик Бөхөг гудамжны 50 тоотод байх “Алтан тариа” ХХК-ийн “Коре Алмаз” гахайн аж ахуйн фермийн ажилчдын байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-06х, 07-14х/,
2. Шүүгдэгч С.Дийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 15-16х, 17-18х/,
3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 19-21х/,
4. Хүрэн өнгийн эвхэгддэг хутга нэг ширхэг хутга, “Хараа” нэртэй 0.75 литрийн савлагаатай /тал архитай/ архины шил зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 22х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Эийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн:
“...Манайх эцэг эхээс тавуулаа. ...Талийгаач Ж.Эр нь 1979 онд төрсөн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байсан. Талийгаач тэр өдрийн 12 цагийн орчимд байх, 2 настай охин Анужины хамтаар Сонсголон орж эхнэр Алтантуяаг тосно гээд манай гэрээр ороод гарсан. Тухайн үед архи, дарс уугаагүй, эрүүл явж байсан. Ингээд орой нь ийм хэрэг гарсан талаар сонсоод Туул тосгоны эмнэлэг дээр очиход нас барсан байдалтай байсан. Оршуулгын зардалд нийт 10.0 гаран сая төгрөг зарцуулсан. С.Дийн зүгээс оршуулгын үеэр 2.0 сая төгрөг өгсөн. Нийгмийн даатгалаас 1.0 сая төгрөг авсан. “Алтан тариа” ХХК-ийн зүгээс хүнсний зүйлд 644.330 төгрөгийн эд зүйлс, ааруул, сүү гээд 250.100 төгрөгийн эд зүйлс, гахайн аж ахуйн ажилчдаас бэлнээр 455.000 төгрөг, талийгаачийн харьяалагддаг сервис үйлдвэрээс нь 540.000 төгрөгийн бэлэн мөнгө тус тус өгсөн.
...Нийт 7.280.000 төгрөгийн хохирол учирснаас С.Дийн ар гэрээс 2.300.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл болох 4.980.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна, хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 34-35х, 245х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Сарнайцэцэгийн гэрчээр өгсөн:
“...Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 14:00 цагийн үед “Кореа алмаз гахайн аж ахуйн ажилчдын байр буюу Хан–Уул дүүргийн 13 дугаар хороо, Бөхөг-50 тоотод нөхөр Батхишиг болон 2 хүүхдийн хамтаар хойд эцэг Эр-ын гэрт очсон. Орой 20 цаг 10 минутын орчимд манай хойд эцэг Эр- нь 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч баруун талын айл болох Д гэх хүний өрөө рүү орсон. Удалгүй Д нь Эр-ыг заамдсан байдалтай хоорондоо маргалдсан байдалтай гарч ирэхэд нь манай нөхөр Батхишиг тэр хоёрыг салгаад хойд аав Эр-ыг гэр лүү оруулан орон дээр суулгасан, харин Дийг цааш нь өрөө рүү нь түлхэж оруулаад хаалгаа хаасан. Тухайн үед зүүн талын айлын эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/ гарч ирж Дийг гэр лүү нь оруулсан боловч Д зүүн гартаа эвхэгддэг улаан хүрэн өнгийн иштэй, жижиг хэмжээний хутга барьчихсан Эр-ын гэрийн үүдэнд буцаж ирээд “Гуйлгачин, лалар минь, би чамайг ална. Цусаар чинь гараа угаана” гэж хэлээд байсан. Би хаалгыг дотроос нь онгойлгохгүй гэж барьсан боловч Д хаалганы бариулыг эвдэж, хаалгыг онгойлгосон. Манай хойд аав Эр- тухайн үед орон дээр сууж байсан ба босож ирээд миний зүүн гар талд зогсоход Д Эр-ыг зүүн гараас баруун гараараа татсан. Эр- нь урагш алхаж Дийн хоёр мөрөн дээр гараа тавихад доогуур нь Д хутга барьсан гараараа хэвлийн хэсэгт нь хүрэх шиг болсон. Тэр даруйд нь манай нөхөр очиж салгахад манай хойд эцэг Эр- хойш хоёр ухарч алхаад доош суух гэж байснаа арагш хэвтээд өгсөн. Гэдэс хэсгээс нь цус гараад, өөх бололтой зүйл харагдаж байсан. Тэгээд тухайн гахайн аж ахуйн байрны ажилчид Дийг байрны үүд хэсэг рүү авч явсан. Д нь зүүн гартаа хутга барьсан байсан. Эр- ухаан алдаад унахад нь түргэн тусламж дуудсан ба 50 орчим минутын дараа эмч ирж Эр-ын биеийн байдлыг үзээд авч явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 37х/,
Мөн гэрчийн дахин өгсөн:
“... Талийгаач Энхбаяр нь Дийн гэрт байж байгаад орж ирэхдээ надад “Д ах чинь аавыг нь жаахан загнаад байх шиг байна, гуйлгачин болохоор тэгдэг юм шиг байна” гэж хэлсэн. Түүнээс зодолдсон, зодуулсан, маргалдаж муудалцсан талаар яриагүй. Яагаад гэвэл Дийнхээс гарч ирэхдээ муудалцаад гарч ирсэн. Д нь аавыг заамдаад боогоод хана руу шахчихсан байсан. Би салгаад талийгаачийг гэрт оруулсан. Талийгаач Дийн өрөөнөөс гарч ирэхдээ нилээн согтуу, арай тасраагүй байсан. Биеийн байдал нь бол зүгээр байсан. Биеэ хамгаалах бүрэн чадваргүй ч биш л дээ, гэхдээ л Д талийгаачийг цохиход талийгаач зөрүүлээд түүнийг хоёр удаа цохихдоо эхний удаад нь оноогүй, хоёр дахь удаад нь баруун хацарт нь нэг удаа оносон. Талийгаачийн хувьд биеэ хамгаалах чадвар муу байсан. Д талийгаачийг хэвлийн зүүн талын хэсэгт нэг удаа дүрээд авах шиг болсон Миний харснаар нэг удаа л хутгалсан. Улаан хүрэн иштэй эвхэгддэг хутга байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 12х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Батхишигийн гэрчээр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Коре алмаз” гахайн аж ахуйн ажилчдын байр буюу Бөхөг-50 тоотод эхнэр Сарнайцэцэг болон 2 хүүхдийн хамтаар хадам аав болох Эр-ын гэрт очсон. Орой 20 цаг 10 минутын орчимд хадам аав Эр- нь 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч, баруун талын зэргэлдээ Д гэх хүний айл руу орсон. Удалгүй чимээ гараад хадам аав Эр-, Дтэй муудалцсан байдалтай хамт ороод ирсэн. Д “гуйлгачин минь, би чамайг ямар байхаас чинь мэднэ” гэхэд Эр- хариуд нь “Дашаа ахаа, та битгий тийм юм хэлээрэй” гээд маргацгааж байсан юм. Би тэр хоёрыг салгаж Дийг гаргахад дахин хадам аав Эр-ын гэрт орж ирээд муудалцаж, тэр хоёр хоорондоо барилцаж авсан. Би дахин Дийг гэрээс гаргаж хадам аав Эр-ыг орон дээр суулгасан. Ингэхэд манай эхнэр гэрийн хаалгыг гараараа татаж, Дийг оруулахгүй гээд зогсож байхад Д хаалган дээр “би чамайг ална, цусаар чинь гараа угаана” гээд чанга дуугараад байсан.
Тухайн үед хүүхдүүд уйлахаар нь очоод сууж байхад Д хаалга онгойлгосон ба энэ үед Эр- нь орон дээрээс босоод Дийн өөдөөс нь очиж, хаалганы ойролцоо хоорондоо барьцалдаж аваад коридор хэсэг рүү гарсан. Би тэр даруйд нь дагаж гараад салгатал Д гэх хүн зүүн гартаа улаан хүрэн өнгийн хутга барьсан байсан. Тэгээд эргээд хартал Эр- нь гэрийн босгоор дөнгөж даваад дээшээ харсан байдалтай хэвлий хэсэгтээ хутгалуулсан байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн машин ирээд эмч биеийн байдлыг нь үзээд Эр-ыг авч явсан. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 39х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Одончимэгийн гэрчээр өгсөн:
“...Би “Коре алмаз” гахайн аж ахуйн газарт малын эмчээр ажилладаг. Ажилчдын байранд байрлаж амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өрөөндөө байж байгаад 20:30 цагийн орчимд гахайчин Дийн өрөөнд ороход Д гартаа жижиг хутга барьчихсан “ална” гээд чанга дуугараад байсан. Ууганбаяр, Батчимэг бид гурав зогсоох гэж оролдоод дийлээгүй. Тэгэхэд Д нь өрөөнөөсөө гүйгээд гараад явсан. Тэр даруйд нь Ууганбаяр, Батчимэг бид гурав араас нь гарахад Эр- гэрийнхээ үүдэнд хэвлий хэсгээс нь цус гараад, ухаан алдаад дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Д нь байрны үүдний хаалганы ойролцоо зогсож байсан.
...Би хэрэг гарсан өдөр энэ хоёр хүн хоорондоо зодолдсон талаар хараагүй учраас хэлж мэдэхгүй байна. Миний мэдэж байгаа зүйл гэвэл хүмүүс шуугилдаад байхаар нь Д ахын гэрт яваад ороход Ууганбаяр, Батчимэг нар Дашаа ахыг гэрээс нь гаргахгүй гээд хориод нөгөөх нь гарна гээд байж байсан юм.
Д ахын баруун нүд нь хавдаад цохиулсан байдалтай “намайг зодчихлоо” гээд уурлаад байсан. Гартаа жижиг хэмжээний хутга барьчихсан “гарна” гээд уурлаад, “чамайг даа” гээд орилоод байсан. Тэгээд бид гурав “гаргахгүй” гээд дийлээгүй, өөдөөс хутгаа савчаад ойртуулахгүй байсан. Тэгээд бид гурвыг шууд түлхэж холдуулж гараад, талийгаач Эр-ын гэр лүү нь орох шиг болсон. Бид хэд 3-5 минутын дараа хойноос нь гарахад талийгаач Эр- хаалганыхаа босгон дээр хөндлөн дээшээ хараад хэвтчихсэн, гэдэсний зүүн хэвлий тус газартаа хутганы шархтай байсан. Д ах коридорт царай нь сонин болчихсон зогсож байсан. Энэ бүгд хоромхон зуур л болоод өнгөрсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 41х, 42х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ууганбаярын гэрчээр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 17-ны 20:30 цагийн орчимд өрөөндөө хоол хийгээд сууж байхад хажуу өрөөнд хүмүүс чанга дуугарч, хүүхдүүд уйлалдаад байсан. Би өрөөнөсөө гараад хажуу өрөө болох Эр-ын гэр лүү ороход гахайн аж ахуйн ажилчин Д, Эр- хоёр хоорондоо муудалцсан байдалтай байсан. Би Д ахыг өрөө рүү нь оруулсан.
Өрөө нь эмх замбараагүй байсан болохоор өрөөг нь янзалж байтал Д “алаад хаячихъя” гэж хэлээд гараад явсан. Би тэр даруйд араас нь гарахад Д ах баруун гартаа бор иштэй эвхэгддэг хутга барьчихсан, Эр-ын өрөөний үүдэнд “гараад ир” гээд зогсож байсан. Би гарт нь барьсан хутгыг авах гэж оролдож байхад “Коре алмаз” гахайн аж ахуйн тогооч Батчимэг гарч ирээд, бид хоёр хутгыг нь салгаж авах гэтэл өгөхгүй байсан. Удалгүй малын эмч Одончимэг ирсэн. Дийн гартаа барьсан хутгыг авах гэхэд өгөхгүй байсан.
Тэгтэл өрөөнийхөө хаалгыг Эр- түлхэж гарч ирсэн ба тухайн үед би айгаад Одончимэгийн хамт Дийн өрөө рүү орсон. Удалгүй хүмүүс “Д Эр-ыг хутгалчихлаа” гэхээр нь гараад ирэхэд Эр- өрөөний үүдэнд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Д ажилчдын байрны үүдэнд Батчимэг, Амартүвшин, Дэлгэрмаа гэх хүмүүстэй хамт зогсож байсан. Д нь гартаа хутга бариагүй, согтуу байдалтай зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 43-45х, 46х, 247х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Дэлгэрмаагийн гэрчээр өгсөн:
“...Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны орой малын эмч Одончимэг, манай хүүхэд бид гурав хамт байж байхад 19 цагийн орчимд байхаа коридорт талийгаач Эр-ын эхнэр Алтантуяа нь “муусайн гичий нар, пизда нар хов ярьж байдаг юм” гээд бүх хүмүүст сонсогдохоор чанга орилж хэлээд гадагш гарч байгаа нь сонсогдсон.
Тэгээд Алтантуяа эгч гараад явсны дараа хэсэг хугацааны дараа удалгүй Дашаа ах коридорт орилоод уурлаад байхаар нь шагайгаад харахад “хаалгаа онгойлго” гээд талийгаач Эр-ын хаалгыг нүдээд татаад байсан. Тэгэхэд Ууганбаяр очоод хажууд нь зогссон, мөн манай гэрээс Одончимэг гараад очсон. Би гэртээ ороод байж байхад удалгүй хүмүүс орилоод уйлаад байхаар нь гараад очиход талийгаач Эр- гэрийнхээ хаалганы довжоон дээр тэгнээд, толгой цээж хэсэг нь гэр лүүгээ, хөл хэсэг нь коридорт гарсан байдалтай, дээшээ харсан цээж нүцгэн хэвтэж байсан. Гэдсэндээ хутгалуулсан байсан. Д ах үүд хэсэгт зогсож байсан. Энэ хоёр хүн урд өмнө ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй болохоор би ч тоогоогүй гэртээ байж байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 48-49х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Батчимэгийн гэрчээр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цаг гээд ажлаа дуусгаад гэртээ ирсэн. Тэгээд 19 цагийн үед унтаад нэг сэрэхэд үүдний коридорт хүн хашхираад байх шиг байхаар нь босоод хаалгаараа шагайсан чинь Д гэрийнхээ баруун талын айлын хаалганы үүдэнд хаалгыг нь цохиод зогсож байсан.
Тэгэхээр нь би Д дээр очоод “Хүүе ээ, Дашаа чи юу болж байна аа” гэхэд “Эр- намайг зодчихлоо, миний уур хүрээд байна” гээд нүүр ам нь цус болчихсон зогсож байсан. Тэр үед Д баруун гартаа эвхдэг бор өнгийн бариултай хутга барьчихсан байсан. Тэгэхээр нь би “болохгүй шүү дээ, чи гэртээ ор, хутгаа өг” гээд гарт нь байсан хутгыг нь авах гэхэд хутгаа өгөхгүй байхаар нь би Дийг цааш нь түлхээд гэр лүү нь оруулсан.
Тэгээд Дийн гэрт түүнийг орон дээр суулгаад “боль миний хөгшин, болохгүй” гээд их аргадсан. Харин Ууганаа, Одноо хоёр араас сүүлд орж ирээд Дийг бас аргадсан. Д үгэнд орохгүй “миний уур хүрээд байна аа” гээд гартаа барьсан байсан хутгаа хэдэн тийш нь савчуулаад байсан.
...Намайг Дийг гэрт нь аргадаад байж байхад баруун талын айлын хаалга онгойсон уу яасан дуугарахад Д “пизда” гэж хэлээд ухасхийгээд гүйгээд гараад явсан. Тэгэнгүүт нь араас гарахад Д хаалганы үүдэнд буюу коридорт царай нь аягүй сонин болчихсон, нүд нь аймар болчихсон зогсож байсан.
Тухайн үед Дийн гарт нөгөө хутга нь байж л байсан. Харин Эр- гэрийнхээ хаалганы босгон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Толгой буюу цээжин хэсэг нь гэрийнхээ дотор талд, хөл хэсэг нь гэрийн гадна талд гарсан байдалтай байсан. Эр- дээгүүрээ хувцасгүй нүцгэн байсан бөгөөд гэдэсний зүүн хэсэгт нь цус гарчихсан байсан. Тэгээд би цаашаа яваад хүүхдийнхээ өрөө рүү орсон. Эр-ын охин нь тухайн үед гэртээ байсан бөгөөд яг тэр үед Д рүү “чамайг ална, Эр-ыг хутгалчихлаа шүү дээ” гээд дайраад байсан. Би сандраад, айсандаа хүүхдийнхээ өрөө рүү орчихсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 50-51х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Нямдоржийн гэрчээр өгсөн:
“...Миний бие эхнэртэйгээ уулзах гээд 16 цагийн үед гадагш гарсан юм. Тухайн хэрэг гарах үед Ууганбаяр, Батчимэг, Дэлгэрмаа, Одончимэг, талийгаач Эр- 2 хүүхдийн хамт байсан юм байна лээ. Би орой 20 цаг 30 минутын орчимд эхнэртэйгээ 61-н гарам орж уулзчихаад буцаад явж байхад манай эхнэр Одончимэг над руу залгаад “Дэлгэрмаа залгаж байна, Эр-, Д ах нар хоорондоо зодолдоод байна гэнэ ээ” гэхээр нь би утсаа салгаад, шууд тухайн үед харуулд гарч байсан харуул хамгаалалтын ажилтан Амармөрөн рүү залгаад “ажилчдын байранд 2 хүн зодолдоод байна гэнэ, очоод шалгаадах” гэж хэлсэн ба төд удалгүй минутын дараа над руу Амармөрөн залгаад “Эр- хутгалуулсан байна” гэж хэлсэн. Тэгээд намайг ажлын байран дээрээ 21 цаг 10 минутын үед ирэхэд түргэн тусламж ирсэн ба талийгаач Эр-ыг эмнэлгийн машин аваад явсан. Тэгээд Шувуун фабрикийн Туул тосгоны эмнэлэгт очоод талийгаач нас барсан байсан. Би цагдаагийн алба хаагч нартай хамт тэндээ үлдсэн. Д өрөөндөө ганцаараа сууж байсан. Ямар нэгэн зүйл хэлж яриагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 53-54х/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Амармөрөний гэрчээр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би оройн 19 цагт ээлжээ хүлээж авсан. Тухайн үед уурын зууханд 19:30 үед нүүрс буулгахаар машин ирсэн ба би нүүрс буулгах газрыг нь зааж өгөөд тэр хавиар байж байгаад 20:00 цагт ажлын байран дээрээ ирсэн. Ингээд 20:45 цагт ахлах ажилтан Нямдорж ажлын 99908927 дугаарт залгаж “ажилчдын байранд хүмүүс хоорондоо маргалдаад байх шиг байна, ороод шалгаад өгөөч” гэж ярьсан. Тэгэхээр нь би гараад ажилчдын байранд яваад очиход галч Эр- өөрийнхөө гэрийн довжоон дээрээ дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Эр-ын хажууд охин нь болох эмэгтэй, Амартүвшин нар байсан. Д коридорын зүүн талд нь зогсож байсан ба Ууганбаяр, Батчимэг, Одончимэг нар тэр хавиар нилээн сандарсан, уйлсан, айсан байдалтай яваад байгаа харагдсан.
Тэгээд би өөрийнхөө дугаараас 103-т залгаж түргэн дуудахад түргэн 21:10 цагт ирсэн. Мөн Нямдорж руу залгаж болсон хэргийн талаар хэлсэн. Эмнэлэг ирэх хүртэл Эр- бага зэргийн амьсгаатай байсан ба ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Ингээд Эр-ыг эмнэлэг ирээд аваад явсан ба удалгүй цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 57х/,
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Алтантуяагийн гэрчээр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 61-н гармаас ажлаасаа буугаад Моносын уулзвар дээрээс талийгаач Эр-, мөн манай охин Сарнайцэцэг нар намайг тосоод гэртээ ирсэн. Тухайн үед манай гэрт том охин Сарнайцэцэг 2 хүүхэд, нөхөртэйгөө ирсэн байсан ба мөн Төв аймгийн Дэлгэрхаан сум руу манай дүү 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “гэр барина, найр хийнэ” гээд манай аав, ээж нар машинтай ирчихсэн, намайг авч явах гээд бэлэн байсан. Ингээд би хувцсаа солиод хөдөө явахаар 19 цагийн үед гэрээсээ гарсан. Намайг гарах үед гэрт талийгаач Эр-, манай охин нөхөр, 2 хүүхэдтэйгээ үлдсэн.
Тухайн үед талийгаач архи дарс уугаагүй эрүүл байсан ба надтай хамт гараад “дэлгүүр орж архи авна, Д ах архи захиад байна” гэж хэлсэн. Тэгээд хүнсний дэлгүүр орж 0.75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи нэг шилийг аваад гэр лүүгээ орсон. Би машиндаа суугаад хөдөө явсан. Ингээд Эмээлтэд явж байхад 21 цагийн үед болов уу манай охин Сарнайцэцэг над руу утсаар яриад “аавыг Д ах хутгалчихлаа, аав ухаан алдчихлаа, хурдан ирээ” гэж хэлэхээр нь Эмээлтийн тэндээс шууд буцаад Туул тосгоны эмнэлэг дээр 22 цагийн үед ирэхэд манай нөхөр Эр- хүлээн авахын өрөөнд нас барчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 69-70х/,
15. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2189 дугаартай:
1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1/. Цээж, хэвлийн хатгагдаж зүсэгдсэн шарх: Хэвлийн баруун хэсэгт 9-р хавирганы өвчүүтэй бэхлэгдэх хэсгийг зүсэж хэвлийн хөндийг нэвтэрч өрцийг баруун урд хэсгээр гэмтээн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины дунд дэлбэнгийн 5-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх
2/. Цээж, хэвлийн хөндийн хурц цус алдалт 2000 мл, шокийн бөөр, дотор эрхтнүүдийн цус багадалт, амьсгал зүрх судасны дутагдал
3/. Хүнд зэргийн согтолт, нүүр, баруун мөр, тохойн зулгаралт.
Дүгнэлт:
1.2. Талийгаачийн цогцост хэвлийн зүүн талд хэвлийн хөндий рүү нэвтэрч гол судас, элэгний зүүн дэлбэн, өрц, чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /1000 мл/, элэгний задрал, цээжний өнгөц зүсэгдсэн шарх, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ, цээжний өнгөц шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ, баруун шууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Элэгний задрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Элэгний задрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжинд шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шуунд зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.6. Талийгаач нь элэг өөхлөлттэй байжээ.
7. Талийгаач нь дээрх хэвлийн хөндий рүү нэвтэрч чацархай, гол судас, өрц элэг гэмтээсэн шархны улмаас хэвлийн хөндийд цочмогоор цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ.
8. Талийгаачид 2020.10.18-ны өдрийн 06:40 цагийн үед цогцосны анхны үзлэг хийх үед нас бараад 8-10 цаг болсон гэж тэмдэглэгджээ.
9.10.11. Талийгаачийн цусанд 2.3 промилли, ходоодны шингэнд 2.8 промилли, шээсэнд 2.6 промилли, цөсөнд 2.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд димедрол илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.
12. Талийгаач нь АВО системээр В/III/ бүлгийн цустай байжээ” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 73-80х/,
16. Шүүх сэтгэц эмгэг судлалын 1083 дугаартай:
1. С.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. С.Д нь сэтгэцийн өвчингүй байна.
3. С.Д нь хэрэг үйлдэх үед болон одоо, мөн хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
4. С.Д нь болсон үйл явдлыг бодитоор тусгах болон өөрийн үйлдлийг хянах чадвартай байна.
5. С.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. С.Д нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 87-88х/,
17. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12006 дугаартай:
1. С.Дийн биед баруун нүдний зовхи, хацар хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 92-93х/,
18. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4201 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цамцны баруун ханцуйн болон баруун хажуу оёдлоор 489мм хэмжээтэй ханзарсан гэмтэл, 11х8 мм хэмжээтэй цоорсон гэмтэл, сорочкон цамцны энгэрийн дээрээсээ 2 дахь товч тасарсан гэмтэл, баруун суганы оёдлоор 80 мм хэмжээтэй ханзарсан гэмтэл, хөх өнгийн жинсэн өмдний урд талын хэсэгт халааны цахилгаан товчны доод ирмэгээс уулзвар оёдол хүртэл үргэлжилсэн 172 мм хэмжээтэй ханзарсан гэмтэл, ар талын хэсэгт 11х15 мм хэмжээтэй гэмтэл тус тус үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснуудад урагдалт, гэмтэл үүсээгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цамцанд үүссэн 489 мм, срочкон цамцанд үүссэн 80 мм, өмдөнд үүссэн 172 мм хэмжээтэй ханзарсан гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн ханзралтууд, бор өнгийн цамцанд үүссэн 11х8 мм хэмжээтэй цоорсон гэмтэл нь түлэгдэлтийн улмаас шинээр үүссэн цооролт, өмдөнд үүссэн 11х15 мм хэмжээтэй гэмтэл нь гогдож татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт байна.
Шинжилгээнд ирүүлсэн срочкон цамцанд үүссэн товч тасарсан гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр тасарсан болон шинэ, хуучин гэмтлийн аль нь болохыг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 114-120х/,
19. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5796 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн хос пүүзэн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
2. Цэнхэр өнгийн жинсэн өмд дээрх цус АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна.
3. Хар өнгийн хос пүүзэн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.
4. Богино ханцуйтай цэнхэр өнгийн судалтай сорочкон, цахилгаантай энгэртэй бор өнгийн цамц, саарал өнгийн дотуур ноосон өмд, цэнхэр өнгийн судалтай хос оймсон дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 121-123х/,
20. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5794 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон оруулгатай 11 см иштэй 20 см урттай эвхдэг хутган дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1-р хавтас 127-129х/,
21. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5795 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ийн цус мэт зүйлийг шингээж авсан арчдас 1 ширхэг гэсэн гялгар уутанд хийсэн марль дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
2. ХГҮ-ийн цус мэт зүйлийг шингээж авсан арчидас 1 ширхэг гэсэн гялгар уутанд хийсэн марль дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1-р хавтас 131-133х/,
22. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эээс хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан зардлын талаарх баримтууд /хэргийн 1-р хавтас 202-221х/,
23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч М.Аригуунтөгсийг байцаасан тэмдэглэлд:
“...Талийгаач Ж.Эрын биед учирсан гол судас, элэгний зүүн дэлбэн, өрц чацархайг гэмтээсэн шарх нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Тухайн тохиолдолд дотор эрхтэнүүдэд олон тооны гэмтэл үүссэн нь талийгаачийг болон хэрэгт холбогдсон этгээд хоёр ямар нэгэн биеийн хөдөлгөөн хийсэн байх боломжтой. Мөн хүн амьсгалах үед өрц татагдаж байдаг, эсвэл хутгалж буй этгээд нь талийгаачийг хутгалаад биеэс нь хутгыг сугалж гаргахгүйгээр дотор нь хутгыг эргүүлэх хөдөлгөөн хийсэн байх боломжтой.
Уг шарх гэмтэл нь 9.5 см урттай, 1.8-2 см ажлын хэсгийн үзүүртэй, хутгаар үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед учирсан хэвлийн хөндийн цусан хураа, элэгний задрал гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Элэгний задрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Элэг задрах гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт өшиглөх, цохих зэргийг ойлгож болно. Учир нь хэвлий дотроо хөндий эрхтэнүүд агуулдаг. Өөрт гэмтэл авснаас хойш өвдөх цусан хураа нэмэгдсэнээр явж чадахгүй болох, цус алдалтын шоконд орох зэрэг шинж илэрнэ.
Талийгаачийн биед хэвлий хөндий рүү нэвтэрч гол судас, элэг, өрц, чацархайг гэмтээсэн шарх, элэг задрал, цээжний зүүн хэсгийн зүсэгдсэн шарх, баруун шууны зулгаралт гэмтлүүд учирсан байсан. Талийгаачийг өвтгөн шаналгах, зовоох байдал үүсгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, эмчилгээ хийсэн ч амь нас нь аврагдах боломжгүй юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 249-250х/,
24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Дийн хохирогчоор өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манайд галчаар ажилладаг Ж.Эртай 18 цагийн орчимд байрладаг байрныхаа коридорт тааралдсан. Тухайн үед Ж.Эр хадмуудаа гаргаж өгөөд явж байна гээд, би хажуугаар нь мэнд мэдээд зөрсөн. Тэгээд гэртээ ороод мах чанаад байж байтал Ж.Эр нь 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч манайд орж ирсэн. Би тухайн үед архи уугаагүй, гэртээ эрүүл байсан. Түүний авчирсан архийг бид хоёр хувааж уугаад байхад Ж.Эр нь “тогооч Батчимэг та хоёр их орой буух юм, түүнийг дуудчих, хамт архи ууя” гэж хэлэхэд нь би “үгүй ээ” гэж хэлсэн. Тэгтэл “та хоёр учир ургуулдаг” гэхээр нь “хэн тэгж байгаа юм” гэхэд “хүмүүс яриад байна” гэж байсан. Тэгээд хоорондоо маргалдаад Ж.Эр нь намайг миний зүүн чих орчимд цохисон. Бид хоёр барьцалдаж аваад манай гэрээс гараад тэдний гэрт нь орсон. Охин, хүргэн хоёр нь байсан ба намайг заамдаж байснаа тавиад шууд баруун нүд орчимд гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд намайг гэрээсээ гаргаад хаалга хаачихсан. Тэгэхээр нь би гэртээ ороод хутга аваад эргэж очсон юм. Миний биед учирсан хөнгөн гэмтлийг талийгаач надад учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 6-7х/,
25. “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаартай тогтоол /хэргийн 2-р хавтас 21х/,
26. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Дийн яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд ажлаасаа буугаад, өөрийн байрладаг байрныхаа коридорт надтай хамт ажилладаг уурын зуухны галч Эр-тай 18 цагийн орчимд тааралдсан. Тухайн үед Ж.Эр хадмуудтайгаа тэр хэдийг гаргаж өгөөд явж байсан. Би хажуугаар нь мэнд мэдээд өнгөрсөн. Би архи дарс уугаагүй эрүүл байсан ба Ж.Эр манай гэрт 20 цагийн орчимд 0.75 литрийн савалгаатай “Хараа” нэртэй архи нэг шилийг аваад орж ирсэн. Би зурагт үзээд сууж байсан ба авчирсан архийг нь бид хоёр хувааж уусан. Архи ууж байх үедээ Эр- надад “тогооч Батчимэг та хоёр ажлаасаа их орой буух юм аа, түүнийг дуудчих, хамт архи ууя” гэхээр нь би “үгүй” гэж хэлсэн.
Тэгэхэд талийгаач Эр- “тогооч Батчимэг та хоёр жиг ургуулдаг юм уу” гэхээр нь “хэн тэгж байна” гэж асуухад “энүүгээр хүмүүс яриад байна” гэж хэлсэн. Би “хэн тэгж байгаа юм бэ” гэхэд юу ч хэлэлгүй шууд л “битгий хуцаад байгаарай” гээд миний зүүн чих орчимд гараагаа 2-3 удаа цохиод авсан. Би өөдөөс нь барьцалдаж авсан ба бид хоёр манай гэрээс зууралдаад гараад Ж.Эрын гэрт нь орсон. Тэдний гэрт охин Сарнай, нөхөртэйгөө хамт байсан. Талийгаач намайг заамдаж байснаа тавингуутаа баруун нүд орчимд гараараа 2-3 удаа цохиход миний нүд хөхөрсөн. Тэгэхэд тэдний хүү, охин хоёр нь салгаад, намайг гэрээсээ гаргаад хаалгаа хаасан. Тэгэхээр нь би гэрээсээ ширээн дээр байсан бор иштэй эвхэгддэг хутгыг аваад буцаж гараад Ж.Эрын гэрийн хаалганы бариулаас татахад хаалга онгойход охин нь үүдний босго дээр зогсож байсан.
Цаанаас Ж.Эр “пизда минь” гээд орилоод, босож ирээд охин Сарнайгийн толгой дээгүүр гараараа саваад ороод ирсэн. Тэгэхээр нь би доогуур нь гэдэс орчимд нь баруун гартаа байсан хутгаараа хутгалсан. Тэгэхэд талийгаач хойшоо ухраад унасан ба тэнд байсан хүмүүс шуугилдаад хүрээд ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 154-155х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 157х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 158х/, таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар /хэргийн 1-р хавтас 161-162х, 165-166х/, “Алтан тариа” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 69х/, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 71х/, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 72х/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 2-р хавтас 73х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдан тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Дийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой, Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрик, Бөхөг гудамжны 50 тоот дахь “Алтан тариа” ХХК-ийн “Коре алмаз” гахайн аж ахуйн фермийн ажилчдын байранд байх С.Дийн гэрт амь хохирогч, шүүгдэгч нар нь шалтаг шалтгаангүйгээр архидан согтуурах явцад амь хохирогч Ж.Эр нь шүүгдэгчид “тогооч Батчимэг та хоёр их орой буух юм, түүнийг дуудчих, хамт архи ууя, та хоёр учир ургуулдаг, хүмүүс тийм асуудал ярьж байна” гэж хэллээ гэснээс тэдгээр нь маргалдан таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар зууралдан барьцалдаж, амь хохирогч нь шүүгдэгчийн нүүрэн тус газар гараараа цохиж түүний эрүүл мэндэд “...баруун нүдний зовхи, хацар хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
мөн тэдний маргаан зодооныг энэ хэрэгт гэрчээр асуугдсан Х.Сарнайцэцэг, Х.Батхишиг, Д.Ууганбаяр нар нь таслан зогсоож, амь хохирогч Ж.Эр нь гэртээ байхад нь шүүгдэгч С.Д нь өөрийн гэр лүү орон хутга авч, “намайг зодлоо, ална” гэж амь хохирогчийн гэрт давшлан орж, дахин хэрүүл маргаан өдөөх явцдаа амь хохирогчийн хэвлий тус газарт нэг удаа хутгалсан, ийнхүү хутгалуулснаас амь хохирогч Ж.Эр ...хэвлийн хөндий рүү нэвтэрч чацархай, гол судас, өрц элэг гэмтээсэн шархны улмаас хэвлийн хөндийд цочмогоор цус алдаж, цус алдалтын шоконд орж нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик Бөхөг гудамжны 50 тоотод байх “Алтан тариа” ХХК-ийн “Коре Алмаз” гахайн аж ахуйн фермийн ажилчдын байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-06х, 07-14х/,
- шүүгдэгч С.Дийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 15-16х, 17-18х/,
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 19-21х/,
- хүрэн өнгийн эвхэгддэг хутга нэг ширхэг хутга, “Хараа” нэртэй 0.75 литрийн савлагаатай /тал архитай/ архины шил зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 22х/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллаганы явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайх эцэг эхээс тавуулаа. ...Талийгаач Ж.Эр нь 1979 онд төрсөн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байсан. Талийгаач тэр өдрийн 12 цагийн орчимд байх, 2 настай охин Анужины хамтаар Сонсголон орж эхнэр Алтантуяаг тосно гээд манай гэрээр ороод гарсан. Тухайн үед архи, дарс уугаагүй, эрүүл явж байсан. Ингээд орой нь ийм хэрэг гарсан талаар сонсоод Туул тосгоны эмнэлэг дээр очиход нас барсан байдалтай байсан. Оршуулгын зардалд нийт 10.0 гаран сая төгрөг зарцуулсан. С.Дийн зүгээс оршуулгын үеэр 2.0 сая төгрөг өгсөн. Нийгмийн даатгалаас 1.0 сая төгрөг авсан. “Алтан тариа” ХХК-ийн зүгээс хүнсний зүйлд 644.330 төгрөгийн эд зүйлс, ааруул, сүү гээд 250.100 төгрөгийн эд зүйлс, гахайн аж ахуйн ажилчдаас бэлнээр 455.000 төгрөг, талийгаачийн харьяалагддаг сервис үйлдвэрээс нь 540.000 төгрөгийн бэлэн мөнгө тус тус өгсөн. ...Нийт 7.280.000 төгрөгийн хохирол учирснаас С.Дийн ар гэрээс 2.300.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл болох 4.980.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна, хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна.
.... Талийгаачийн оршуулгын ажилд зарцуулсан 7.300.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 34-35х, 245х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- гэрч Х.Сарнайцэцэгийн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 14:00 цагийн үед “Кореа алмаз” гахайн аж ахуйн ажилчдын байр буюу Хан–Уул дүүргийн 13 дугаар хороо, Бөхөг-50 тоотод нөхөр Батхишиг болон 2 хүүхдийн хамтаар хойд эцэг Эр-ын гэрт очсон. Орой 20 цаг 10 минутын орчимд манай хойд эцэг Эр- нь 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч баруун талын айл болох Дийн гэх хүний өрөө рүү орсон. Удалгүй Д нь Эр-ыг заамдсан байдалтай хоорондоо маргалдсан гарч ирэхэд нь манай нөхөр Батхишиг тэр хоёрыг салгаад, хойд аав Эр-ыг гэр лүү оруулан орон дээр суулгасан, харин Дийг цааш нь өрөө рүү нь түлхэж оруулаад хаалгаа хаасан.
Тухайн үед зүүн талын айлын эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/ гарч ирж Дийг гэр лүү нь оруулсан боловч Д зүүн гартаа эвхэгддэг улаан хүрэн өнгийн иштэй, жижиг хэмжээний хутга барьчихсан Эр-ын гэрийн үүдэнд буцаж ирээд “Гуйлгачин, лалар минь, би чамайг ална, цусаар чинь гараа угаана” гэж хэлээд байсан. Би хаалгыг дотроос нь онгойлгохгүй гэж барьсан боловч Д хаалганы бариулыг эвдэж, хаалгыг онгойлгосон. Манай хойд аав Эр- тухайн үед орон дээр сууж байсан ба босож ирээд миний зүүн гар талд зогсоход Д Эр-ыг зүүн гараас баруун гараараа татсан.
Эр- нь урагш алхаж Дийн хоёр мөрөн дээр гараа тавихад доогуур нь Д хутга барьсан гараараа хэвлийн хэсэгт нь хүрэх шиг болсон. Тэр даруйд нь манай нөхөр очиж салгахад манай хойд эцэг Эр- хойш хоёр ухарч алхаад доош суух гэж байснаа арагш хэвтээд өгсөн. Гэдэс хэсгээс нь цус гараад, өөх бололтой зүйл харагдаж байсан. ...Д нь зүүн гартаа хутга барьсан байсан. Эр- ухаан алдаад унахад нь түргэн тусламж дуудсан ба 50 орчим минутын дараа эмч ирж Эр-ын биеийн байдлыг үзээд авч явсан.
...Д талийгаачийг хэвлийн зүүн талын хэсэгт нэг удаа дүрээд авах шиг болсон Миний харснаар нэг удаа л хутгалсан. Улаан хүрэн иштэй эвхэгддэг хутга байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 37х, хэргийн 2-р хавтас 12х/,
- гэрч Х.Батхишигийн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Коре алмаз” гахайн аж ахуйн ажилчдын байр буюу Бөхөг-50 тоотод эхнэр Сарнайцэцэг болон 2 хүүхдийн хамтаар хадам аав болох Эр-ын гэрт очсон. Орой 20 цаг 10 минутын орчимд хадам аав Эр- нь 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч, баруун талын зэргэлдээ Д гэх хүний айл руу орсон. Удалгүй чимээ гараад хадам аав Эр-, Дтэй муудалцсан байдалтай хамт ороод ирсэн. Д “гуйлгачин минь, би чамайг ямар байхаас чинь мэднэ” гэхэд Эр- хариуд нь “Дашаа ахаа, та битгий тийм юм хэлээрэй” гээд маргацгааж байсан юм. Би тэр хоёрыг салгаж Дийг гаргахад, дахин хадам аав Эр-ын гэрт орж ирээд муудалцаж, тэр хоёр хоорондоо барилцаж авсан. Би дахин Дийг гэрээс гаргаж хадам аав Эр-ыг орон дээр суулгасан. ...эхнэр гэрийн хаалгыг гараараа татаж, Дийг оруулахгүй гээд зогсож байхад Д хаалган дээр “би чамайг ална, цусаар чинь гараа угаана” гээд чанга дуугараад байсан. Тухайн үед хүүхдүүд уйлахаар нь очоод сууж байхад Д хаалга онгойлгосон ба энэ үед Эр- нь орон дээрээс босоод Дийн өөдөөс нь очиж, хаалганы ойролцоо хоорондоо барьцалдаж аваад коридор хэсэг рүү гарсан. Би тэр даруйд нь дагаж гараад салгатал Д гэх хүн зүүн гартаа улаан хүрэн өнгийн хутга барьсан байсан. Тэгээд эргээд хартал Эр- нь гэрийн босгоор дөнгөж даваад дээшээ харсан байдалтай хэвлий хэсэгтээ хутгалуулсан байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн машин ирээд эмч биеийн байдлыг нь үзээд Эр-ыг авч явсан. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 39х/,
- гэрч Б.Одончимэгийн: “...Би “Коре алмаз” гахайн аж ахуйн газарт малын эмчээр ажилладаг. Ажилчдын байранд байрлаж амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өрөөндөө байж байгаад 20:30 цагийн орчимд гахайчин Дийн өрөөнд ороход Д гартаа жижиг хутга барьчихсан “ална” гээд чанга дуугараад байсан. Ууганбаяр, Батчимэг бид гурав зогсоох гэж оролдоод дийлээгүй. Тэгэхэд Д нь өрөөнөөсөө гүйгээд гараад явсан. Тэр даруйд нь Ууганбаяр, Батчимэг бид гурав араас нь гарахад Эр- гэрийнхээ үүдэнд хэвлий хэсгээс нь цус гараад, ухаан алдаад дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Д нь байрны үүдний хаалганы ойролцоо зогсож байсан.
...Д ахын баруун нүд нь хавдаад цохиулсан байдалтай “намайг зодчихлоо” гээд уурлаад байсан. Гартаа жижиг хэмжээний хутга барьчихсан “гарна” гээд уурлаад, “чамайг даа” гээд орилоод байсан. Тэгээд бид гурав “гаргахгүй” гээд дийлээгүй, өөдөөс хутгаа савчаад ойртуулахгүй байсан. Тэгээд бид гурвыг шууд түлхэж холдуулж гараад, талийгаач Эр-ын гэр лүү нь орох шиг болсон. Бид хэд 3-5 минутын дараа хойноос нь гарахад талийгаач Эр- хаалганыхаа босгон дээр хөндлөн дээшээ хараад хэвтчихсэн, гэдэсний зүүн хэвлий тус газартаа хутганы шархтай байсан. Д ах коридорт царай нь сонин болчихсон зогсож байсан. Энэ бүгд хоромхон зуур л болоод өнгөрсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 41х, 42х/,
- гэрч Д.Ууганбаярын: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны 20:30 цагийн орчимд өрөөндөө хоол хийгээд сууж байхад хажуу өрөөнд хүмүүс чанга дуугарч, хүүхдүүд уйлалдаад байсан. Би өрөө болох Эр-ын гэр лүү ороход гахайн аж ахуйн ажилчин Д, Эр- хоёр хоорондоо муудалцсан байдалтай байсан. Би Д ахыг өрөө рүү нь оруулсан.
Өрөө нь эмх замбараагүй байсан болохоор өрөөг нь янзалж байтал Д “алаад хаячихъя” гэж хэлээд гараад явсан. Би тэр даруйд араас нь гарахад Д ах баруун гартаа бор иштэй эвхэгддэг хутга барьчихсан, Эр-ын өрөөний үүдэнд “гараад ир” гээд зогсож байсан. Би гарт нь барьсан хутгыг авах гэж оролдож байхад “Коре алмаз” гахайн аж ахуйн тогооч Батчимэг гарч ирээд, бид хоёр хутгыг нь салгаж авах гэтэл өгөхгүй байсан. Удалгүй малын эмч Одончимэг ирсэн. Дийн гартаа барьсан хутгыг авах гэхэд өгөхгүй байсан.
Тэгтэл өрөөнийхөө хаалгыг Эр- түлхэж гарч ирсэн ба тухайн үед би айгаад Одончимэгийн хамт Дийн өрөө рүү орсон. Удалгүй хүмүүс “Д Эр-ыг хутгалчихлаа” гэхээр нь гараад ирэхэд Эр- өрөөний үүдэнд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 43-45х, 46х, 247х/,
- гэрч Э.Дэлгэрмаагийн: “...Дашаа ах коридорт орилоод уурлаад байхаар нь шагайгаад харахад “хаалгаа онгойлго” гээд талийгаач Эр-ын хаалгыг нүдээд татаад байсан. Тэгэхэд Ууганбаяр очоод хажууд нь зогссон, мөн манай гэрээс Одончимэг гараад очсон. Би гэртээ ороод байж байхад удалгүй хүмүүс орилоод уйлаад байхаар нь гараад очиход талийгаач Эр- гэрийнхээ хаалганы довжоон дээр тэгнээд, толгой цээж хэсэг нь гэр лүүгээ, хөл хэсэг нь коридорт гарсан байдалтай, дээшээ харсан цээж нүцгэн хэвтэж байсан. Гэдсэндээ хутгалуулсан байсан. Д ах үүд хэсэгт зогсож байсан. Энэ хоёр хүн урд өмнө ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй болохоор би ч тоогоогүй гэртээ байж байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 48-49х/,
- гэрч: О.Батчимэгийн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цаг гээд ажлаа дуусгаад гэртээ ирсэн. Тэгээд 19 цагийн үед унтаад нэг сэрэхэд үүдний коридорт хүн хашхираад байх шиг байхаар нь босоод хаалгаараа шагайсан чинь Д гэрийнхээ баруун талын айлын хаалганы үүдэнд хаалгыг нь цохиод зогсож байсан.
Тэгэхээр нь би Д дээр очоод “Хүүе ээ, Дашаа чи юу болж байна аа” гэхэд “Эр- намайг зодчихлоо, миний уур хүрээд байна” гээд нүүр ам нь цус болчихсон зогсож байсан. Тэр үед Д баруун гартаа эвхдэг бор өнгийн бариултай хутга барьчихсан байсан. Тэгэхээр нь би “болохгүй шүү дээ, чи гэртээ ор, хутгаа өг” гээд гарт нь байсан хутгыг нь авах гэхэд хутгаа өгөхгүй байхаар нь би Дийг цааш нь түлхээд гэр лүү нь оруулсан.
Тэгээд Дийн гэрт түүнийг орон дээр суулгаад “боль миний хөгшин, болохгүй” гээд их аргадсан. Харин Ууганаа, Одноо хоёр араас сүүлд орж ирээд Дийг бас аргадсан. Д үгэнд орохгүй “миний уур хүрээд байна аа” гээд гартаа барьсан байсан хутгаа хэдэн тийш нь савчуулаад байсан.
...Намайг Дийг гэрт нь аргадаад байж байхад баруун талын айлын хаалга онгойсон уу яасан дуугарахад Д “пизда” гэж хэлээд ухасхийгээд гүйгээд гараад явсан. Тэгэнгүүт нь араас гарахад Д хаалганы үүдэнд буюу коридорт царай нь аягүй сонин, нүд нь аймар болчихсон зогсож байсан. Тухайн үед Дийн гарт нөгөө хутга нь байж л байсан. Харин Эр- гэрийнхээ хаалганы босгон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Толгой буюу цээжин хэсэг нь гэрийнхээ дотор талд, хөл хэсэг нь гэрийн гадна талд гарсан байдалтай байсан. Эр- дээгүүрээ хувцасгүй нүцгэн байсан бөгөөд гэдэсний зүүн хэсэгт нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 50-51х/,
- гэрч Т.Нямдоржийн: “...Би орой 20 цаг 30 минутын орчимд эхнэртэйгээ 61-н гарам орж уулзчихаад буцаад явж байхад манай эхнэр Одончимэг над руу залгаад “Дэлгэрмаа залгаж байна, Эр-, Д ах нар хоорондоо зодолдоод байна гэнэ ээ” гэхээр нь би утсаа салгаад, шууд тухайн үед харуулд гарч байсан харуул хамгаалалтын ажилтан Амармөрөн рүү залгаад “ажилчдын байранд 2 хүн зодолдоод байна гэнэ, очоод шалгаадах” гэж хэлсэн ба төд удалгүй минутын дараа над руу Амармөрөн залгаад “Эр- хутгалуулсан байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 53-54х/,
- гэрч Ц.Амармөрөний: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би оройн 19 цагт ээлжээ хүлээж авсан. ...Ингээд 20:45 цагт ахлах ажилтан Нямдорж ажлын 99908927 дугаарт залгаж “ажилчдын байранд хүмүүс хоорондоо маргалдаад байх шиг байна, ороод шалгаад өгөөч” гэж ярьсан. Тэгэхээр нь би гараад ажилчдын байранд яваад очиход галч Эр- өөрийнхөө гэрийн довжоон дээрээ дээшээ харсан байдалтай хэвтэж байсан.
...Тэгээд би өөрийнхөө дугаараас 103-т залгаж түргэн дуудахад түргэн 21:10 цагт ирсэн. Мөн Нямдорж руу залгаж болсон хэргийн талаар хэлсэн. Эмнэлэг ирэх хүртэл Эр- бага зэргийн амьсгаатай байсан ба ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Ингээд Эр-ыг эмнэлэг ирээд аваад явсан ба удалгүй цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 57х/,
- гэрч Г.Алтантуяагийн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 61-н гармаас ажлаасаа буугаад Моносын уулзвар дээрээс талийгаач Эр-, мөн манай охин Сарнайцэцэг нар намайг тосоод гэртээ ирсэн. Тухайн үед манай гэрт том охин Сарнайцэцэг 2 хүүхэд, нөхөртэйгөө ирсэн байсан ба мөн Төв аймгийн Дэлгэрхаан сум руу манай дүү 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “гэр барина, найр хийнэ” гээд манай аав, ээж нар машинтай ирчихсэн, намайг авч явах гээд бэлэн байсан. Ингээд би хувцсаа солиод хөдөө явахаар 19 цагийн үед гэрээсээ гарсан. Намайг гарах үед гэрт талийгаач Эр-, манай охин нөхөр, 2 хүүхэдтэйгээ үлдсэн.
Тухайн үед талийгаач архи дарс уугаагүй эрүүл байсан ба надтай хамт гараад “дэлгүүр орж архи авна, Д ах архи захиад байна” гэж хэлсэн. Тэгээд хүнсний дэлгүүр орж 0.75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи нэг шилийг аваад гэр лүүгээ орсон. Би машиндаа суугаад хөдөө явсан. Ингээд Эмээлтэд явж байхад 21 цагийн үед болов уу манай охин Сарнайцэцэг над руу утсаар яриад “аавыг Д ах хутгалчихлаа, аав ухаан алдчихлаа, хурдан ирээ” гэж хэлэхээр нь Эмээлтийн тэндээс шууд буцаад Туул тосгоны эмнэлэг дээр 22 цагийн үед ирэхэд манай нөхөр Эр- хүлээн авахын өрөөнд нас барчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 69-70х/,
- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2189 дугаартай:
1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1/. Цээж, хэвлийн хатгагдаж зүсэгдсэн шарх: Хэвлийн баруун хэсэгт 9-р хавирганы өвчүүтэй бэхлэгдэх хэсгийг зүсэж хэвлийн хөндийг нэвтэрч өрцийг баруун урд хэсгээр гэмтээн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины дунд дэлбэнгийн 5-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх
2/ Цээж, хэвлийн хөндийн хурц цус алдалт 2000 мл, шокийн бөөр, дотор эрхтнүүдийн цус багадалт, амьсгал зүрх судасны дутагдал
3/ Хүнд зэргийн согтолт, нүүр, баруун мөр, тохойн зулгаралт.
Дүгнэлт:
1.2. Талийгаачийн цогцост хэвлийн зүүн талд хэвлийн хөндий рүү нэвтэрч гол судас, элэгний зүүн дэлбэн, өрц, чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /1000 мл/, элэгний задрал, цээжний өнгөц зүсэгдсэн шарх, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ, цээжний өнгөц шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ, баруун шууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Элэгний задрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Элэгний задрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжинд шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шуунд зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.6. Талийгаач нь элэг өөхлөлттэй байжээ.
7. Талийгаач нь дээрх хэвлийн хөндий рүү нэвтэрч чацархай, гол судас, өрц элэг гэмтээсэн шархны улмаас хэвлийн хөндийд цочмогоор цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ.
8. Талийгаачид 2020.10.18-ны өдрийн 06:40 цагийн үед цогцосны анхны үзлэг хийх үед нас бараад 8-10 цаг болсон гэж тэмдэглэгджээ.
9.10.11. Талийгаачийн цусанд 2.3 промилли, ходоодны шингэнд 2.8 промилли, шээсэнд 2.6 промилли, цөсөнд 2.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд димедрол илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.
12. Талийгаач нь АВО системээр В/III/ бүлгийн цустай байжээ” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 73-80х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12006 дугаартай:
1. С.Дийн биед баруун нүдний зовхи, хацар хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт. /хэргийн 1-р хавтас 92-93х/,
- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4201 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цамцны баруун ханцуйн болон баруун хажуу оёдлоор 489мм хэмжээтэй ханзарсан гэмтэл, 11х8 мм хэмжээтэй цоорсон гэмтэл, сорочкон цамцны энгэрийн дээрээсээ 2 дахь товч тасарсан гэмтэл, баруун суганы оёдлоор 80 мм хэмжээтэй ханзарсан гэмтэл, хөх өнгийн жинсэн өмдний урд талын хэсэгт халааны цахилгаан товчны доод ирмэгээс уулзвар оёдол хүртэл үргэлжилсэн 172 мм хэмжээтэй ханзарсан гэмтэл, ар талын хэсэгт 11х15 мм хэмжээтэй гэмтэл тус тус үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснуудад урагдалт, гэмтэл үүсээгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цамцанд үүссэн 489 мм, срочкон цамцанд үүссэн 80 мм, өмдөнд үүссэн 172 мм хэмжээтэй ханзарсан гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн ханзралтууд, бор өнгийн цамцанд үүссэн 11х8 мм хэмжээтэй цоорсон гэмтэл нь түлэгдэлтийн улмаас шинээр үүссэн цооролт, өмдөнд үүссэн 11х15 мм хэмжээтэй гэмтэл нь гогдож татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт байна.
Шинжилгээнд ирүүлсэн срочкон цамцанд үүссэн товч тасарсан гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр тасарсан болон шинэ, хуучин гэмтлийн аль нь болохыг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 114-120х/,
- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5796 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн хос пүүзэн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
2. Цэнхэр өнгийн жинсэн өмд дээрх цус АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна.
3. Хар өнгийн хос пүүзэн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.
4. Богино ханцуйтай цэнхэр өнгийн судалтай сорочкон, цахилгаантай энгэртэй бор өнгийн цамц, саарал өнгийн дотуур ноосон өмд, цэнхэр өнгийн судалтай хос оймсон дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 121-123х/,
- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5794 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон оруулгатай 11 см иштэй 20 см урттай эвхдэг хутган дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1-р хавтас 127-129х/,
- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5795 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ийн цус мэт зүйлийг шингээж авсан арчдас 1 ширхэг гэсэн гялгар уутанд хийсэн марль дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
2. ХГҮ-ийн цус мэт зүйлийг шингээж авсан арчидас 1 ширхэг гэсэн гялгар уутанд хийсэн марль дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1-р хавтас 131-133х/,
- шинжээч эмч М.Аригуунтөгсийг байцаасан тэмдэглэлд:
“...Талийгаач Ж.Эрын биед учирсан гол судас, элэгний зүүн дэлбэн, өрц чацархайг гэмтээсэн шарх нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Тухайн тохиолдолд дотор эрхтэнүүдэд олон тооны гэмтэл үүссэн нь талийгаачийг болон хэрэгт холбогдсон этгээд хоёр ямар нэгэн биеийн хөдөлгөөн хийсэн байх боломжтой. Мөн хүн амьсгалах үед өрц татагдаж байдаг, эсвэл хутгалж буй этгээд нь талийгаачийг хутгалаад биеэс нь хутгыг сугалж гаргахгүйгээр дотор нь хутгыг эргүүлэх хөдөлгөөн хийсэн байх боломжтой.
Уг шарх гэмтэл нь 9.5 см урттай, 1.8-2 см ажлын хэсгийн үзүүртэй, хутгаар үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед учирсан хэвлийн хөндийн цусан хураа, элэгний задрал гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Элэгний задрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Элэг задрах гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт өшиглөх, цохих зэргийг ойлгож болно. Учир нь хэвлий дотроо хөндий эрхтэнүүд агуулдаг. Өөрт гэмтэл авснаас хойш өвдөх цусан хураа нэмэгдсэнээр явж чадахгүй болох, цус алдалтын шоконд орох зэрэг шинж илэрнэ.
Талийгаачийн биед хэвлий хөндий рүү нэвтэрч гол судас, элэг, өрц, чацархайг гэмтээсэн шарх, элэг задрал, цээжний зүүн хэсгийн зүсэгдсэн шарх, баруун шууны зулгаралт гэмтлүүд учирсан байсан. Талийгаачийг өвтгөн шаналгах, зовоох байдал үүсгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, эмчилгээ хийсэн ч амь нас нь аврагдах боломжгүй юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 249-250х/,
- С.Дийн хохирогчоор өгсөн: “...2020 оны 10 сарын 17-ны өдөр манайд галчаар ажилладаг Эр-тай 18 цагийн орчимд байрладаг байрныхаа коридорт тааралдсан. Тухайн үед Эр- хадмуудаа гаргаж өгөөд явж байна гээд, би хажуугаар нь мэнд мэдээд зөрсөн. Тэгээд гэртээ ороод мах чанаад байж байтал Эр- нь 0.75 литрийн Хараа нэртэй архи авч манайд орж ирсэн. Би тухайн үед архи уугаагүй, гэртээ эрүүл байсан. Түүний авчирсан архийг бид хоёр хувааж уугаад байхад Эр- нь “тогооч Батчимэг та хоёр их орой буух юм, түүнийг дуудчих, хамт архи ууя” гэж хэлэхэд нь би “үгүй ээ” гэж хэлсэн. Тэгтэл “та хоёр учир ургуулдаг” гэхээр нь “хэн тэгж байгаа юм” гэхэд “хүмүүс яриад байна” гэж байсан. Тэгээд хоорондоо маргалдаад Эр- нь намайг миний зүүн чих орчимд цохисон. Бид барьцалдаж аваад манай гэрээс гараад тэдний гэрт нь орсон. Охин, хүргэн хоёр нь байсан ба намайг заамдаж байснаа тавиад шууд баруун нүд орчимд гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд намайг гэрээсээ гаргаад хаалга хаачихсан. Тэгэхээр нь би гэртээ ороод хутга аваад эргэж очсон юм. Миний биед учирсан хөнгөн гэмтлийг талийгаач надад учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 6-7х/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 1083 дугаартай:
1. С.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. С.Д нь сэтгэцийн өвчингүй байна.
3. С.Д нь хэрэг үйлдэх үед болон одоо, мөн хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
4. С.Д нь болсон үйл явдлыг бодитоор тусгах болон өөрийн үйлдлийг хянах чадвартай байна.
5. С.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. С.Д нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 87-88х/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эээс хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан зардлын талаарх баримтууд /хэргийн 1-р хавтас 202-221х/,
- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 40 дугаартай тогтоол /хэргийн 2-р хавтас 21х/,
- шүүгдэгч С.Дийн яллагдагчаар өгсөн: “...Тэдний гэрт охин Сарнай, нөхөртэйгөө хамт байсан. Талийгаач намайг заамдаж байснаа тавингуутаа баруун нүд орчимд гараараа 2-3 удаа цохиход миний нүд хөхөрсөн. Тэгэхэд тэдний хүү, охин хоёр нь салгаад, намайг гэрээсээ гаргаад хаалгаа хаасан. Тэгэхээр нь би гэрээсээ ширээн дээр байсан бор иштэй эвхэгддэг хутгыг аваад буцаж гараад Эр-ын гэрийн хаалганы бариулаас татахад хаалга онгойход охин нь үүдний босго дээр зогсож байсан.
Цаанаас Эр- “пизда минь” гээд орилоод, босож ирээд охин Сарнайгийн толгой дээгүүр гараараа саваад ороод ирсэн. Тэгэхээр нь би доогуур нь гэдэс орчимд нь баруун гартаа байсан хутгаараа хутгалсан. Тэгэхэд талийгаач хойшоо ухраад унасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 154-155х/,
- Мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа зөвшөөрч байгаа учир шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй. Талийгаач бид хоёр 2012 оноос хойш хамт ажиллаж байсан. Хэрэг болдог өдөр бид хоёр хамт архи ууж байхад амь хохирогч надад “Батчимэг гэх хүүхнийг дууд” гэхээр нь би дуудаагүй. Үүнээс болж уурлаад босож ирээд намайг зодсон. Энэ үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд би ширээн дээр байсан хутгыг аваад талийгаачийн гэрт очиход хаалга нь онгорхой байсан ба намайг ороход өөдөөс дайраад байсан. Би амь хохирогчийг айлгах гэж хутга авсан. Тэгээд коридорт байхад нь нэг удаа хэвлий тус газар нь хутгалсан, ямар нэг үг хэлээгүй шууд хутгалчихсан. Би гайгүй согтолттой байсан, гэхдээ болсон асуудлыг мэдээгүй. Одоо болсон асуудлыг санаж байгаа. Миний буруу, би талийгаачийн ар гэрийнхний нэхэмжилсэн мөнгийг өгсөн.” гэсэн мэдүүлэг зэрэг дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн шүүгдэгч С.Д нь амь хохирогч Ж.Эрыг хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалснаас хохирогч Ж.Эрын биед шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2189 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтлүүд учирч, тэрээр нас барсан ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.
Шүүгдэгч С.Д нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь, мөн хэргийн хохирогч Ж.Эр нь амь хохирох үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 1083 дугаартай шинжээчийн дүгнэлт, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2189 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 73-80х, 87-88х/ баримтуудаар тус тус нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Дийн иргэн Ж.Эрын хэвлий тус газарт нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт ирүүлснийг хуулийн үндэслэл бүхий гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хэргийн хохирогч, шүүгдэгч нар нь шалтаг шалтгаангүй архидан согтуурч, улмаар үл ялих зүйлээс болж маргаан үүсгэн, өөрсдийн зан байдлыг хянах чадваргүй, зүй бус ааш авир ааш гарган, амь хохирогч нь шүүгдэгчийг цохиж зодсон зохих буруутай үйлдэл нь уг гэмт гарах шалтгаан нөхцөл болжээ.
Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрх үндэслэлээр С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч С.Дийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасныг,
түүнчлэн хэргийн шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардалд 7.290.720 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь нөхөн төлсөн болох нь хууль ёсны төлөөлөгч Ж.Эээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Талийгаачийн оршуулгын ажилд зарцуулсан 7.300.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 74х/ баримтаар тус тус тогтоогдсон тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих өөр баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Д нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 93х/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 158х, 161-162х, 165-166х/ тус тус хэрэгт авагдсан ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагаврыг халсан бөгөөд “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж удаа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.
Хэргийн шүүгдэгч С.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг буюу амь хохирогчийн оршуулах ажиллагаатай холбоотой гарсан зардлыг нөхөн төлж барагдуулсан, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн харуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” ялын санал,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалаас: “...шүүгдэгч С.Д нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, 58 настай, эмчийн хяналтанд байж эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү.” гэсэн дүгнэлт санал тус тус гаргаж мэтгэлцсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн,
- мөн зүйл, хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэн хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч нөхөн төлөгдөх боломжгүй хүнд хохирол учирсан.
Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан 1 дэх хэсгийн 1.4-т заасан зохицуулалтыг журамлан хэрэглэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн шүүх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг буюу амь хохирогчийн оршуулах ажиллагаатай холбоотой гарсан зардлыг нөхөн төлж барагдуулсан, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн зэргийг эрүүгийн харуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, түүний өндөр настай байдал /58 настай/, артерийн даралт ихсэх өвчин 2-р зэрэг өвчний оноштой зэрэг хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дд 09 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.Д нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 216 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр /хэргийн 1-р хавтас 140х, 148х, 2-р хавтас 26х/ нийт 142 /нэг зуун дөчин хоёр/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн эвхэгддэг хутга 1 ширхэг, “Хараа” нэртэй 0.75 литрийн савлагаатай /тал архитай/ архины шил 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. П овогт С-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дд 09 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд оногдуулсан 09 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дийн цагдан хоригдсон нийт 142 /нэг зуун дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт С.Д нь 7.400.000 /долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эт нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “гомдол саналгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн эвхэгддэг хутга 1 ширхэг, “Хараа” нэртэй 0.75 литрийн савлагаатай /тал архитай/ архины шил 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг нь түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД
ШҮҮГЧИД Д.АЛТАНЖИГҮҮР
Д.ДОРЖСҮРЭН