| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0142/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/152 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/152
2021 03 10 2021/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Б-ын С, Б овогт Ч-ийн Т- нарт холбогдох эрүүгийн 21100 0168 0075 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, хохирогч/шүүгдэгч Б.С, хохирогч/шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Н.Нарансолонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Б-ын С /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар цэцэрлэгт хөгжмийн багш ажилтай, ам бүл 5, эх, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ч-ийн Т /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. Шүүгдэгч Б.С нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 6б дугаар байрны 77 тоотод Ч.Ттай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар болон ар нуруу, толгой хэсэг рүү нь гараараа цохих, хэвийн тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний биед нь “...тархи доргилт, дээд үүдэн нэг шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн сарвуунд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 6б дугаар байрны 77 тоотод Б.Стэй маргалдаж, улмаар нүүрийг маажих, гэдэс рүү нь цохих зэргээр зодож, түүний биед нь “...тархи доргилт, нүүрний зулгаралт, зүүн гуяны цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч Б.С, Ч.Т нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, тус бүр өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул хохирогч, шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтээ дэмжиж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Ч.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар Прокурорт гаргасан хүсэлтээ дэмжиж байна.” гэсэн мэдүүлэг,
3. Хохирогч Б.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл мөн байхгүй. Тухайн үед учирсан гэмтэл явцаараа эдгэрсэн.” гэсэн мэдүүлэг,
4. Хохирогч Ч.Таас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би Б.Стэй эвлэрсэн учир хэрэгт гаргасан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 21100 0168 0075 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Тын хохирогчоор өгсөн:
“...2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хурд хороололд найз Даваасүрэнгийн гэрт манай нөхөр Ганчөдөр бид хоёр зочилж ирсэн юм. Гэрт нь Даваасүрэнгийн найз нь гэх С хамт байж байсан. Ингээд бид нар хоол хийж идээд, “ганц пиво уух уу” гэхээр нь “тэгье” гээд Сийн хамт дэлгүүр орж 6 лаазтай пиво аваад гэрт нь буцаж ороход манай нөхөр унтаж байсан. Тэгээд надад авсан пивоноос хийгээд өгөхөөр нь би амсаад үзэхэд аймар хатуу санагдаад, уугаагүй асгасан. Тэгж байхад манай нөхөр сэрсэн ба авсан пивоноосоо хийж өгөөд бид 4 юм яриад сууж байхад С манай найз Даваасүрэнг манай нөхөртэй хардаад “ам руу нь орлоо, ухаан алдсан байна” гээд үг хаяаад эхэлсэн. Тэгэхэд манай нөхөр Стэй бага зэрэг маргаад “зүгээр байгаарай, тийм зүйл байхгүй шүү” гээд тоглоом шоглоом хийгээд өнгөрсөн. С нь Даваасүрэнг ариун цэврийн өрөө рүү оруулаад, мөн үүд рүү дагуулж яваад дарамтлаад байсан. Сийг хүрээд ир гэхээр нь манай нөхөр “чи яагаад эмэгтэй хүн дарамтлаад байгаа юм бэ, аятайхан эмэгтэй байна шүү дээ, бид хоёр яагаач үгүй, чи тоглоод байгаа юм уу” гээд байсан ба тэр хооронд С гарч пиво нэмж уугаад байсан. Тэгээд манай нөхөр 2 пиво уугаад буцаад унтсан. Би нөхрийнхөө хөлд нь суугаад Даваасүрэнтэй юм ярьж байхад С ариун цэврийн өрөө орчихоод гарч ирээд, “пизда минь аятайхан байгаарай” гээд шууд хүрч ирээд миний уруул хэсэг буюу шүд рүү цохиод, дахин миний баруун нүдний доод хэсэг рүү цохисон.
Би хойшоо саваад унахад Даваасүрэн “яаж байгаа юм бэ чи, наад хүн чинь ухаан алдсан байна” гэхэд “гайгүй л байна шүү дээ, худлаа баашилж маяглаж байгаа юм” гэсэн. Би сэргээд Сийг “яаж байгаа юм бэ” гэхэд миний дээрээс зууралдаад унахаар нь би өөдөөс нь түлхэхэд миний эрхий хурууг хазсан. Би орилж босоод цагдаа дуудах гээд утсаа аваад буруу хараад суусан чинь миний толгой, нуруу руу гараараа цохиод нүдээд байсан, хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна. Даваасүрэн тэрүүгээр юм цэвэрлэж байгаад хүрч ирээд Сийг салгасан. С Даваасүрэнг “явъя, наад хоёроо орхи. Цагдаа дуудчихлаа” гэхэд “чи яв, би гэртээ байна” гэж байсан. Миний эрхий хуруунаас хазсан, миний зүүн хөл гэмтээд гишгэж чадахгүй байгаа. Мөн толгой, хүзүү, нуруу их өвдөж байна. Миний баруун хацар хавдсан, баруун талын үүдэн шүд хөдөлгөөн орсон байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 05-06х, 08-09х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Сийн хохирогчоор өгсөн:
“...Т гэх эмэгтэй миний биед гэмтэл учруулсан. Би зүгээр байхад нь Тыг зодоогүй юм. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Т 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Даваасүрэнгийн гэрчээр өгсөн:
“...2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай ангийн эмэгтэй Т нь нөхөр Ганчөдөрийн хамт манай гэрт ирээд бид гурав хоол хийж идээд, мөн хөзөр тоглож сууж байгаад Сийг дуудсан. Тэгээд бид дөрөв пиво уусан, уг пивоноос би огт уугаагүй. Т, Ганчөдөр, С нар ууж байгаад Ганчөдөр нилээн согтоод унтаад өгсөн. Тэгэхэд Т, С хоёр хоорондоо маргалдаад байсан. С ариун цэврийн өрөө ороод, би гал тогоонд юм хийнгээ Ттай юм ярьж байхад С ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Тыг цохиод унагаасан. Би Сийг салгах гэж байхад Т босож ирээд тэр хоёр дахиад барьцалдаж авсан. Би тэр хоёрыг салгачихаад коридорт пивоны шил ууталж байхад Т цагдаа дуудах гээд утсаа аваад залгаж байх хооронд С араас нь очоод цохиод байсан. Би дахин очиж салгахад С тамхи татна гээд гараад явсан. ...Тэр хоёр хоорондоо барилцаж аваад цохилцоод байсан учир хэн нь хэнийг хаана хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 504 дугаартай:
1. Ч.Тын биед тархи доргилт, дээд үүдэн нэг шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн сарвуунд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг гарсан хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 21-22х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 532 дугаартай:
1. Б.Сийн биед тархи доргилт, нүүрний зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, алимны салстын цус хуралт, баруун бугалга, шуу, зүүн гуяны зулгаралт, цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь 2021.01.03-нд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 24-25х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Сийн яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би бусдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ Т нь мөн миний биед гэмтэл учруулсан. Т биеэ хамгаалж биш намайг хэл амаар доромжлоод элдэв муу үгээр хэлсэн. Тэгээд бид харилцан зодолдож, нэг нэгэндээ гэмтэл учруулсан. Т жүдо бөхөөр хичээллэдэг байсан.
Би тухайн үед хагалгаанд ороод удаагүй байсан бөгөөд миний хагалгаа хийсэн гэмтэл дээр цохиж гэмтээсэн. Т намайг “өнчин өрөөсөн, гуйлгачин, гэр хороололд амьдардаг” гэх зэрэг үгээр өдөж, надад агсан тавьж миний урдаас нулимж байсан. Би утсаар залгаж Таас уучлалт гуйсан. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 64х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 65х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 66х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 69х/, шүүгдэгч Б.Сээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 80х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Тын яллагдагчаар өгсөн:
“...Би хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй байна. Би тухайн үед өөрийгөө хамгаалсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 56х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 59х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 60х/, шүүгдэгч Ч.Таас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 79х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.С, Ч.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Ч.Т, Б.С нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон харилцан нэхэмжлэх зүйлгүй, гомдол маналгүй байдлаа тус тус илэрхийлэн хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар эвлэрэн хэлэлцсэн, улмаар нэр бүхий шүүгдэгч нараас холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 79-80х/ 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай “рокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, тэдгээрт хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулан Б.С, Ч.Т нарт холбогдох эрүүгийн 21100 0168 0075 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.С, Ч.Т нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1. Шүүгдэгч Б.С нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 6б дугаар байрны 77 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялиг зүйлээр шалтаглан согтуурхан Ч.Ттай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар болон ар нуруу, толгой хэсэг рүү нь гараараа цохих, хэвлий тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь “...тархи доргилт, дээд үүдэн нэг шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн сарвуунд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 6б дугаар байрны 77 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Стэй маргалдаж, улмаар түүний нүүрийг маажих, гэдэс рүү нь цохих зэргээр зодож, биед нь “...тархи доргилт, нүүрний зулгаралт, зүүн гуяны цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ч.Т /хэргийн 05-06х, 08-09х/, Б.С /хэргийн 14-15х/ нарын мэдүүлэг, гэрч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хэргийн 17х/,
- “...Ч.Тын биед тархи доргилт, дээд үүдэн нэг шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн сарвуунд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг гарсан хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 504 дугаартай дүгнэлт /хэргийн 21-22х/,
- “...Б.Сийн биед “тархи доргилт, нүүрний зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, алимны салстын цус хуралт, баруун бугалга, шуу, зүүн гуяны зулгаралт, цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь 2021.01.03-нд үүссэн байх боломжтой.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 532 дугаартай дүгнэлт /хэргийн 24-25х/ болон шүүгдэгч Б.С, Ч.Т нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн /хэргийн 36х, 46х/ мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Сийн биед учирсан “...тархи доргилт, нүүрний зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, алимны салстын цус хуралт, баруун бугалга, шуу, зүүн гуяны зулгаралт, цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ч.Т түүнийг цохиж зодсон,
хохирогч Ч.Тын биед учирсан “тархи доргилт, дээд үүдэн нэг шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн сарвуунд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Сийн түүнийг цохиж зодсон үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.
Нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С, Ч.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд нь тохирсон байх тул Б.С, Ч.Т нарыг “Хүний эрүүл мөндөд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Хэргийн шүүгдэгч Б.С, Ч.Т нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн тэдгээр нь хохирогчийн хувьд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцсэн” үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүх шүүгдэгч Б.С, Ч.Т нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Б.С, Ч.Т нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тус тус “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, харилцан эвлэрч учир зүйгээ олж ойлголцсон” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч Б.С, Ч.Т нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Ч.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 60 талд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.
Шүүгдэгч Б.С нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нь хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 69х/ баримтаар тогтоогдсон ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүгдэгч Б.С, Ч.Т нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдний хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Б.С, Ч.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.С, Ч.Т нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Б-ын С-, Б овогт Ч-ийн Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
- мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.С, Ч.Т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Б.С, Ч.Т нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.С, Ч.Т нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.С, Ч.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД