| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0148/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/157 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/157
2021 03 11 2021/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ы А-д холбогдох эрүүгийн 2016 2603 1602 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто машины засвар оношилгооны мэргэжилтэй, “Их хайрхан” ХХК-д авто инженер ажилтай, ам бүл 1, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Сүхбаатар дүүргийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 нэг хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- мөн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 40А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дүгээр зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ы А- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 106 дугаар байрны 19 тоотод С.Бг “дүү Оюунтөгөлдөрийг дарамталж, зодсон байна, гэр бүлийг минь доромжиллоо” гэж уурлан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “...тархины зүүн тал бөмбөлгийн дагз, чамархай, зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, дагз, дух, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гарын шуу, баруун хацар, дээд уруулд зулгаралт, шарх, доод үүдэн зүүн 1, баруун 1, 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруулын салстад язрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун гуя, хэвлийнд шарх, дагзны хуйх, баруун хөмсөг, духанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 539 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 заалт болон мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн 2016 2603 1602 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх ажиллагааг даруй буюу боломжит богино хугацаанд үргэлжлүүлэн явуулахаар тогтож шийдвэрлэснийг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Аы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 2016 2603 1602 дугаартай хэргээс:
1. Хэрэг учрал болсон гэх Хххх тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 08-16х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Бгийн хохирогчоор өгсөн:
“...2016 оны 11 дүгээр сарын 15-ны ...орой 23 цагийн үед Оюунтөгөлдөр лүү залгаад ярих гэхэд ах А авахаар нь “Оюунтөгөлдөр байна уу, ярих хэрэгтэй байна” гэхэд “чи ярьж яах гээд байгаа юм пизда минь” гээд бид хоёр хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгэхэд “чи хаана байгаа юм, чамайг ална” гэхээр нь “Дарь эхэд байна” гэж хэлээд утсаа салгасан. Үүнээс хойш 30-40 минутын дараа манай гэрийн хаалга дуугарсан ...хаалга тайлахад өөдөөс 2-3 хүн шууд ороод ирсэн ба эхлээд танилгүй хойшлоход А нь Тамираа гэх залуугийн хамтаар орж ирээд, нийлээд намайг зодоод үсдэж унагаад, газар дээрээс цохиж зодсон.
...Тамираа надад гар хүрээгүй, харин салгах гээд холдуулаад байсан юм. А намайг цохиход би согтуу байсан болохоор хөл дээрээ тогтож чадахгүй хойшоо унахдаа том өрөөний жижиг модон ширээний ирмэг хэсгийг толгойгоороо мөргөөд унасан.
Тэрнээс тархины зүүн тал бөмбөлөг, дагз, чамархай, зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархи доргилт гэмтэл учирсан байх гэж бодож байна. Харин бусад гэмтлийг А миний цээж, нүүр лүү өшиглөж учруулсан байх. Эмчилгээний зардалд нийт 5.0 сая төгрөг гарсан. А эхэндээ 1.0 сая төгрөг өгч, дараа нь дахин 4.0 сая төгрөг төлснөөр би хамрын хагалгаанд орсон. Эмчилгээний зардлыг бүгдийг нөхөн төлсөн, одоо надад нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28-30х, 31-32х, 33-34х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Соёл-Эрдэнийн гэрчээр өгсөн:
“...2016 оны 10 сарын сүүлээр байх Аы дүү Оюунтөгөлдөр “чи ажил хийх үү, айлд цэвэрлэгээ хийх үү” гэхээр нь би зөвшөөрөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны дотор байх айлд очиж цэвэрлэгээ хийж өгсөн. ...Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн орчим А над руу залгаад “чи Бгийн гэрийг мэддэг гэсэн, надад заагаад өгөөч, очиж ярилцах гэсэн юм” гэхээр нь гараад ...Сансарын туннел дээр байхад А Тамирын хамт ирээд авсан.
Тэгээд шууд Бгийн гэрийн нь гадаа очсон. ...Б хаалгаа онгойлгосон, би дотогшоо ороогүй Тамир, А хоёр гэр лүү нь яваад орсон. Тэгэхэд Б “яах гээд байгаа юм бэ, зайлцгаа” гэж хэлэхэд цаашаа түлхээд орохоор нь би араас нь орсон. А Бд “чамтай эр хүн шиг ярилцмаар байна” гэхэд Б “чамтай юугаа ярьдаг юм, зайл” гэж хэлсэн.
Б Ад “чи дүүгээ янхан гэдгийг мэдэх үү, дүүгийнхээ ал руу гараа чих, танай тэр Ганбаа чинь дүү, ээж хоёрыг чинь хүчинддэг” гэж хэлээд, энэ үгнээс болж А Бгийн нүүр орчим нь хэд хэдэн удаа цохисон, энэ үед Тамир салгах гэж оролдсон боловч тоохгүй байсан. Намайг гадаа байж бай гэхээр нь гараад зогсож байхад Тамираа “больцгоо” гээд орилоод байсан. ...Тэгээд гэрээс гарахад Бгийн баруун нүдний зовхи орчмоос нь цус гарч хавдсан байдалтай хавдсан байсан. ...Намайг харахад А Бгийн нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Тамир бол цохиогүй, салгах гэж оролдож байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 47-48х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Т.Чимэд-Очирыг байцаасан тэмдэглэлд:
“...Хурц ирмэгтэй зүйлд хутга, заазуур, шилний хэлтэрхий зэрэг хурц ирмэг бүхий зүйл хамаарна. Харин мохоо зүйлд гар, хөл, мод, чулуу, төмөр, аяга таваг зэрэг зориудаар ирлэж үзүүрлээгүй зүйлс хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 52-53х/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 15786 тоот актын:
1. С.Бгийн биед тархины зүүн тал бөмбөлгийн дагз, чамархай, зулай хэсгийн зөөлөн эдийн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, дагз, дух, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр гарын шуу, баруун хацар, дээд уруулд зулгаралт, шарх, доод үүдэн зүүн 1, баруун 1, 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруулын салстад язрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун гуя, хэвлийнд шарх, дагзны хуйх, баруун хөмсөг, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх баруун гуя, хэвлийнд үүссэн шарх гэмтэл нь хурц иртэй зүйлийн, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Доод үүдэн зүүн 1, баруун 1, 2-р шүдний булгарал гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө.” гэсэн дүгнэлт /хэргийн 22х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тамираагийн сэжигтнээр өгсөн:
“...Би тэр залууд гар хүрээгүй. Тэр хоёр хоорондоо зодолдоод байхаар нь салгаж байсан. А тэр залуугийн нүүр орчим нь 2-3 удаа цохиход газар унасан. Газар унахдаа тэр чигт нь нидрээд унасан, ширээн дээр байсан халуун сав, мөн “Экс” архины шил байсан нь хагарсан. Тэр залуу цээж нүцгэн, турсиктэй байсан болохоор газар унахдаа халуун сав болон архины шилэнд зүсэгдсэн. Мөн хөмсөг нь сэтрээд, баруун талын нүд нь хавдсан байсан. Хамраас нь цус гарч байсан. ...гар утсыг нь үзүүртэй хутгаар цохиод эвдчихсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 80-83х/,
7. Хохирогч С.Бгийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт /хэргийн 1-р хавтас 144-152х/,
8. “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Прокурорын 22 дугаар тогтоол /хэргийн 1-р хавтас 155х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Аы сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Бг гараараа цохиж, биед нь гэмтэл учруулсан. 3 жилийн өмнө хохирогчтой уулзаж, хохирол төлбөрийг мөнгөөр барагдуулсан, түүнээс хойш уулзаагүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 75-78х, 229-230х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 93х, 99х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 97х, 236х/, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 98х/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 1-р хавтас 100-101х/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 347 дугаар шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 40, 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 40А дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 129-131х, 132-133х, 135-136х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Аы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.А нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 106 дугаар байрны 19 тоотод С.Бг “өөрийн төрсөн дүү Б.Оюунтөгөлдөрийг дарамталж, зодсон, гэр бүлийг минь доромжиллоо” гэсэн тодорхой сэдэлттэй шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, С.Бгийн нүүрэн тус газар гараараа цохих, газарт унасан байхад нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний биед “...тархины зүүн тал бөмбөлгийн дагз, чамархай, зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, дагз, дух, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гарын шуу, баруун хацар, дээд уруулд зулгаралт, шарх, доод үүдэн зүүн 1, баруун 1, 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруулын салстад язрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун гуя, хэвлийнд шарх, дагзны хуйх, баруун хөмсөг, духанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан:
- хэрэг учрал болсон гэх Хххх тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 08-16х/,
- хохирогч С.Бгийн: “...2016 оны 11 дүгээр сарын 15-ны ...орой 23 цагийн үед Оюунтөгөлдөр лүү залгаад ярих гэхэд ах А авахаар нь “Оюунтөгөлдөр байна уу, ярих хэрэгтэй байна” гэхэд “чи ярьж яах гээд байгаа юм пизда минь” гээд бид хоёр хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгэхэд “чи хаана байгаа юм, чамайг ална” гэхээр нь “Дарь эхэд байна” гэж хэлээд утсаа салгасан. Үүнээс хойш 30-40 минутын дараа манай гэрийн хаалга дуугарсан ...хаалга тайлахад өөдөөс 2-3 хүн шууд ороод ирсэн ба эхлээд танилгүй хойшлоход А нь Тамираа гэх залуугийн хамтаар орж ирээд нийлээд намайг зодоод үсдэж унагаад, газар дээрээс цохиж зодсон.
...Тамираа надад гар хүрээгүй, харин салгах гээд холдуулаад байсан юм. А намайг цохиход би согтуу байсан болохоор хөл дээрээ тогтож чадахгүй хойшоо унахдаа том өрөөний жижиг модон ширээний ирмэг хэсгийг толгойгоороо мөргөөд унасан. Тэрнээс тархины зүүн тал бөмбөлөг, дагз, чамархай, зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархи доргилт гэмтэл учирсан байх гэж бодож байна. Харин бусад гэмтлийг А миний цээж, нүүр лүү өшиглөж учруулсан байх. Эмчилгээний зардалд нийт 5.0 сая төгрөг гарсан. А эхэндээ 1.0 сая төгрөг өгч, дараа нь дахин 4.0 сая төгрөг төлснөөр би хамрын хагалгаанд орсон. Эмчилгээний зардлыг бүгдийг нөхөн төлсөн, одоо надад нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28-30х, 31-32х, 33-34х/,
- гэрч Б.Соёл-Эрдэнийн: “...2016 оны 10 сарын сүүлээр байх Аы дүү Оюунтөгөлдөр “чи ажил хийх үү, айлд цэвэрлэгээ хийх үү” гэхээр нь би зөвшөөрөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны дотор байх айлд очиж цэвэрлэгээ хийж өгсөн. ...Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн орчим А над руу залгаад “чи Бгийн гэрийг мэддэг гэсэн, надад заагаад өгөөч. Очиж ярилцах гэсэн юм” гэхээр нь гараад ...Сансарын туннел дээр байхад А Тамирын хамт ирээд авсан. Тэгээд шууд Бгийн гэрийнх нь гадаа очсон. ...Б хаалга онгойлгосон, би дотогшоо ороогүй Тамир, А хоёр гэр лүү нь яваад орсон. Тэгэхэд Б “яах гээд байгаа юм бэ, зайлцгаа” гэж хэлэхэд цаашаа түлхээд орохоор нь араас нь орсон. А Бд “чамтай эр хүн шиг ярилцмаар байна” гэхэд Б “чамтай юугаа ярьдаг юм, зайл” гэж хэлсэн. Б Ад “чи дүүгээ янхан гэдгийг мэдэх үү, дүүгийнхээ ал руу гараа чих, танай тэр Ганбаа чинь дүү, ээж хоёрыг чинь хүчинддэг” гэж хэлээд, энэ үгнээс болж А Бгийн нүүр орчим нь хэд хэдэн удаа цохисон, энэ үед Тамир гэж оролдсон боловч тоохгүй байсан. Намайг гадаа байж бай гэхээр нь гараад зогсож байхад Тамираа больцгоо гээд орилоод байсан. ...Тэгээд гэрээс гарахад Бгийн баруун нүдний зовхи орчмоос нь цус гарч хавдсан байдалтай хавдсан байсан. ...Намайг харахад А Бгийн нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Тамир бол цохиогүй, салгах гэж оролдож байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 47-48х/,
- шинжээч эмч Т.Чимэд-Очирын: “...Хурц ирмэгтэй зүйлд хутга, заазуур, шилний хэлтэрхий зэрэг хурц ирмэг бүхий зүйл хамаарна. Харин мохоо зүйлд гар, хөл, мод, чулуу, төмөр, аяга таваг зэрэг зориудаар ирлэж үзүүрлээгүй зүйлс хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 52-53х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 15786 тоот актын:
1. С.Бгийн биед тархины зүүн тал бөмбөлгийн дагз, чамархай, зулай хэсгийн зөөлөн эдийн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, дагз, дух, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр гарын шуу, баруун хацар, дээд уруулд зулгаралт, шарх, доод үүдэн зүүн 1, баруун 1, 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруулын салстад язрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун гуя, хэвлийнд шарх, дагзны хуйх, баруун хөмсөг, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх баруун гуя, хэвлийнд үүссэн шарх гэмтэл нь хурц иртэй зүйлийн, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Доод үүдэн зүүн 1, баруун 1, 2-р шүдний булгарал гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө.” гэсэн дүгнэлт /хэргийн 22х/,
- сэжигтэн Б.Тамираагийн: “...Би тэр залууд гар хүрээгүй. Тэр хоёр хоорондоо зодолдоод байхаар нь салгаж байсан. А тэр залуугийн нүүр орчим нь 2-3 удаа цохиход газар унасан. Газар унахдаа тэр чигт нь нидрээд унасан, ширээн дээр байсан халуун сав, мөн “Экс” архины шил байсан нь хагарсан. Тэр залуу цээж нүцгэн, турсиктэй байсан болохоор газар унахдаа халуун сав болон архины шилэнд зүсэгдсэн. Мөн хөмсөг нь сэтрээд, баруун талын нүд нь хавдсан байсан. Хамраас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 80-83х/,
- хохирогч С.Бгийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт /хэргийн 1-р хавтас 144-152х/,
- шүүгдэгч Б.Аы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтас 75-78х, 229-230х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэмт хэрэг гарсан тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Харин хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үр дагавар үүссэн ба энэхүү зарчим нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тус тус зохицуулан тусгагдсан.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүн нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд шүүгдэгч Б.Аы хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь мөн зүйл ангид заасан тухайн гэмт хэргийн шинжид нийцсэн байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хууль буцаан хэрэглэх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Б.Аы гэмт үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял өөрчлөн сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.Бгийн биед учирсан “...тархины зүүн тал бөмбөлгийн дагз, чамархай, зулай хэсгийн зөөлөн эдийн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, дагз, дух, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр гарын шуу, баруун хацар, дээд уруулд зулгаралт, шарх, доод үүдэн зүүн 1, баруун 1, 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруулын салстад язрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун гуя, хэвлийнд шарх, дагзны хуйх, баруун хөмсөг, духанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч Б.А нь түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгой, хэвлий рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас үүссэн ба шүүгдэгчийн шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А нь хохирогч С.Бгийн түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгой, хэвлий рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.Аыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Хэргийн шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Тухайн хэргийн нөхцөлд хохирогч С.Бгийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Хэргийн хохирогч С.Б нь эмчилгээний зардалд тооцон нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн нь хэрэгт С.Бгийн хохирогчоор тогтоогдож өгсөн: “...Эмчилгээний зардалд нийт 5.0 сая төгрөг гарсан. А эхэндээ 1.0 сая төгрөг өгч, дараа нь дахин 4.0 сая төгрөг төлснөөр би хамрын хагалгаанд орсон. Эмчилгээний зардлыг бүгдийг нөхөн төлсөн, одоо надад нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй, гомдол санал байхгүй” гэсэн /хэргийн 1-р хавтас 33-34х/ мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий хохирол, хор уршгийн нөхөн төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь урьд хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 97х, 236х/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 347 дугаар шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 40, 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 40А дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар /хэргийн 1-р хавтас 129-131х, 132-133х, 135-136х/ баримтуудаар тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн төлбөрийг нөхөн төлж барагдуулсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ы А-ыг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүндэ мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Бд 5.000.000 /таван сая/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД