Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/191

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын Д.Н-д холбогдох эрүүгийн 2005031841707 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, ********* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, хүүхдийн хамт *********** дүүргийн 5 дугаар хороо, ********, ************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***************овогт ***************** Д.Н /РД: ***************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сий” нэртэй бааранд үйлчилж байсан иргэн Л.Н-ийн эзэмшлийн рэд ми нөт 8 про /Remi note 8 pro/ загварын гар утас, тоёота камри /Toyota camry/ автомашины ухаалаг /smart/ түлхүүр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль усаар хулгайлан авч 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч Л.Н-ийн:

“...2020 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сий” нэртэй бааранд үйлчлүүлсэн. Би өөрийн найз Л-ийн хамт ороод тухайн газраас 4 шилтэй калтэнберг нэртэй пиво аваад үйлчлүүлсэн. Манай найз Л тухайн газар орохдоо согтууруулах ундаа хэрэглээд нэлээн согтсон байдалтай явж байсан. Би тухайн газар ороод 2 шил пиво уусан. Тухайн газраар үйлчлүүлж байгаад гарах цаг нь болоод гарах гээд сандал дээр байсан өөрийн ноосон цамц, хар куртикээ аваад үзэхэд халаасанд нь байсан рэд ми нөт 8 про маркийн гар утас, бор савхин гэртэй тоёота камри маркийн автомашины смарт түлхүүр, бэлэн 150.000 төгрөг байхгүй болсон байсан. Хамгийн сүүлд тухайн баар руу ороод суудал дээр суухад миний цамцны халаасанд байсан. Хамгийн сүүлд тухайн баар руу ороод суудал дээр суухад миний цамцны халаасанд байсан. Тэгээд сүүлд тухайн газрын хяналтын камерыг шүүж үзэхэд манай ширээн дээр ирж суугаад Л-той юм яриад байсан эмэгтэй миний хувцасны халаасыг нэгжиж үзээд байгаа харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 17-19/,

Гэрч Б.Л-ын:

“...2020 оны 10 дугаар сарын 22-нд гадуур ажилтай танилуудтайгаа уулзаж сууж байгаад Л.Н-тэй хамт ажиллаж байсан болохоор уулзахаар тохирсон тэгээд бид хоёр уулзаад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сий” нэртэй бааранд ороод хамт хэд хэдэн пиво авч уусан би өмнө хүмүүстэй уулзахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн согтолттой байсан тухайн Л.Н-тэй уулзаад яаж юу болсноо сайн санахгүй байгаа. Тэгээд маргааш нь Л.Н над руу залгаад гар утас эд зүйлээ алдсан байна. Өөрт чинь байна уу, үзээд өг гэхээр нь би хайгаад олоогүй учир байхгүй байна гэдгээ хэлсэн тэгээд Л.Н надтай ирж уулзаад уг “Сий” баарны хяналтын камер шүүж үзэхэд тантай танил гээд байсан жаахан охин авсан байна бичлэг нь байгаа үзсэн уг охиныг таньдаг гэсэн биз дээ хэн хаана байдаг талаар асуусан би ямар охинтой уулзсан талаараа санахгүй тухайн орой би согтолт ихтэй байсан гэхдээ ширээн дээр Л.Н-Э-ээс өөр хүнтэй юм ярьж байснаа бага зэрэг санаанд ороод байсан тэгээд би Д.Н-д мэдэхгүй талаараа хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 56-57/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-10/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний дүгнэлт /хх 25-29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Н-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй. Харин хохирол төлбөрийн тухайд автомашины түлхүүрийг хохирогчид буцааж өгсөн тул машины түлхүүрийн үнэ болох 450.000 төгрөгийг хохирлын дүнгээс хасч, 710.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Н-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Н нь: 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сий” нэртэй бааранд үйлчилж байсан иргэн Л.Н-ийн эзэмшлийн рэд ми нөт 8 про /Remi note 8 pro/ загварын гар утас, тоёота камри /Toyota camry/ автомашины ухаалаг /smart/ түлхүүр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль усаар хулгайлан авч 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Л.Н-ийн “...халаасанд нь байсан рэд ми нөт 8 про маркийн гар утас, бор савхин гэртэй тоёота камри маркийн автомашины смарт түлхүүр, бэлэн 150.000 төгрөг байхгүй болсон байсан. Тэгээд сүүлд тухайн газрын хяналтын камерыг шүүж үзэхэд манай ширээн дээр ирж суугаад Лхагвадоржтой юм яриад байсан эмэгтэй миний хувцасны халаасыг нэгжиж үзээд байгаа харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Л-ын “...Л.Н- над руу залгаад гар утас эд зүйлээ алдсан байна. Өөрт чинь байна уу, үзээд өг гэхээр нь би хайгаад олоогүй, ...“Сий” баарны хяналтын камер шүүж үзэхэд тантай танил гээд байсан жаахан охин авсан байна бичлэг нь байгаа гэсэн, ...тухайн орой би согтолт ихтэй байсан гэхдээ ширээн дээр Л.Н-Эрдэнээс өөр хүнтэй юм ярьж байснаа бага зэрэг санаанд ороод байсан...” гэсэн мэдүүлэг,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

Шүүгдэгч Д.Н нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Н нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа бага хэмжээнээс дээш буюу 301.000 төгрөгөөс дээш 560.000 төгрөгийн үнэтэй гар утас, 450.000 төгрөгийн үнэтэй автомашины түлхүүр, бэлэн 150.000 төгрөг зэргийг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль
бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан
этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Н-д 1.160.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Н нь хохирогч Л.Н-ийн автомашины түлхүүрийг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул автомашины түлхүүрийн хохирол болох 450.000 төгрөгийг хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Д.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх талаар 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулсан ба, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны өмнө шүүгдэгч нь шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 710.000 төгрөгийг хохирогч Л.Н-ийн Хаан банкны 5042124986 тоот данс руу шилжүүлсэн байх тул шүүгдэгч Д.Н-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Д.Н нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Д.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй бөгөөд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улмаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Н нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй байна.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005031841707 дугаар хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ын Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Н-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 450.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

         

             

 

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ДАЛАЙХҮҮ