Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 124/2021/0003/З |
Дугаар | 221/МА2022/0638 |
Огноо | 2022-09-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2022/0638
М.У-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З
Нэхэмжлэгч М.У
Хариуцагч Увс аймгийн Дотоод аудитын хороо, Увс аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд Ё.М
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч М.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 124/2021/0003/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.У-с “... Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолын Орон нутгийн өмчийн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн
-1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлий 109.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч М.У-гийн “Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 тогтоолын Орон нутгийн өмчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Увс аймгийн Дотоод аудитын хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.9, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.У-г Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
3 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч М.У-ийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Увс аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаартай шийдвэр нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 87 дугаартай магадлал хүчин төгөлдөр байхад тухайн магадлалаас өөрөөр тайлбарласан нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа, шүүгч Л.Тунгалаг, шүүгч Ч.Цэрэн-Очир нар нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна.
3.2. Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр хуудасны эхний догол мөрөөс долоо дахь мөр хүртэл хэсэгт “... Төлөөлөн удирдах зөвлөл, зөвлөлийн даргын чиг үүрэгт хамааралтай байх тул уг үндэслэлээр М.У-г Орон нутгийн өмчийн газрын даргын хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна” гэжээ. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгяя Ц.З-ын шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, хариу тайлбар зэрэгт нэхэмжлэгч М.У-г Орон нутгийн өмчит аж ахуйн тогтолцоотой үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан тухай тайлбарлаад байхад хамааралгүй гэж шийдвэрлэж байгаа, худалдан авалт дээр анхаарах ёсгүй мэт тайлбарлаж өгсөн байна. Орон нутгийн өмчийн газрын дарга М.У-ийн ажлын байрны тодорхойлолтод удирдлагаар ханган ажиллах гол зорилтод шууд хамааралтай ажил байдаг ба нэхэмжлэгч М.У-ийн хариуцлагагүй, хяналт сул тавьж ажилласнаас өөрийн хамаарал бүхий ОНӨААТҮГ, сонгон шалгаруулалтаар хийгдсэн ажил, худалдан авалт, барилга байгууламж зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэрэг дээрх үйлдлүүд нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогддог.
3.3. Гэтэл шүүх 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 дугаартай тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гарга журам”-ын хоёрдугаар хэсгийн 2.2-д “албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно” гэж заасныг үндэслэл болгож тайлбар хийж, шүүхийн 14 дугаар бүхий шийдвэр гаргасан байна.
4. Шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон хэрэг, зөрчилд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 дугаартай тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2 дугаар хэсгийн 2.2-г баримтлан тайлбар хийсэн нь шүүхийн шийдвэр эцсийн байх зарчим зөрчигдөж, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй байх тул хуулийн зохицуулалт зөрчигдөхөд хүргэж байна.
4.1. Мөн шүүх “... Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, болзлыг хангасан эсэхийг харгалзалгүйгээр хариуцагч Увс аймгийн Засаг даргаас холбогдох захиргааны актаар М.У-д анх дээрх удирдах албан тушаалд томилсон эсэхэд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах, энэ үндэслэлээр түүнийг төрийн албанаас халах боломжгүй юм” гэжээ. Дөрвөн жил төрд ажилласан байвч уг албан тушаалын шаардлага хангахгүй байна. Төрийн албанд анх томилогдохдоо хууль зөрчиж томилогдсон учир зөвтгөх нь төрийн тэр тусмаа ажил олгогчийн үүрэг. Хэрэв хэн нэгэн хууль бусаар томилогдоод үүнийг нь зөвтгөхгүй байвал Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг болон Төрийн албаны тухай хуулинд заасан хууль дээдлэх зарчим алдагдах юм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд анх томилоход харгалзан үзэх шалгуур байна гэж шийдвэрийн 9 дүгээр хуудас 7 дугаар догол мөрний тухайн хэсэгт хуулийн зүйл заалтыг оруулсан атлаа тухайн хуудасны төгсгөлийн догол мөрний утгад шүүх хуулийг тайлбарлаж өгсөн нь эргэлзээтэй юм. Хуулийг тайлбарлахдаа хууль тогтоогчийн санаа, үндсэн эрх ашиг болон Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн агуулгаар нь тайлбарлах нь зүйтэй байна.
5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд Худалдан авах, орон нутгийн өмчийн газрын даргын хяналт сулаас мэдсэн ч мэдээгүй юм шиг харгалзан байсны улмаас хууль бус худалдан авалт, сонгон шалгаруулалтын улмаас 3 хэрэгт 12 хүн холбогдож 3 шатны шүүхээр ял шийтгүүлсэн шүүхийн тогтоол, магадлал хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. М.У Худалдан авах, Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байх үеийн холбогдолтой хууль бус үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөл баталсан ажлын байрны тодорхойлолт зэргийг зөрчсөн талаар удаа дараа тайлбар гаргасан тул Завхан аймаг дахт Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаартай шийдвэрийн заалт нэг бүрийг тайлбарлах нь илүүц байна.
5.1. Иймд Завхан аймаг дахь Сум дундын Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлий 109.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч М.У-ийн “Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын Орон нутгийн өмчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Увс аймгийн Дотоод аудитын хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул үлдэх шаардлагын хүрээнд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
3. Маргаан бүхий Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/112 дугаар захирамжаар Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай” 33 дугаар тогтоолоор зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж Орон нутгийн өмчийн газрын дарга ажилтай М.У-г ажлаас халсан, ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 37.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3 дахь заалтыг үндэслэсэн байна.
3.1. Маргаан бүхий актын үндэслэл болсон Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай” 33 дугаар тогтоол нь иргэн Б.Г-ын нэхэмжлэлээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар магадлалаар хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4. Нэхэмжлэгч М.У-ийн эрхэлж байсан Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 12 дугаар зүйлийн 12.1.8-д заасан аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтанд хамаарах тул түүнд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журам хэрэгжих учиртай. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч М.У-г удаа дараа сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн гэх үндэслэлээр ажлаас халаагүй, энэ талаар талууд маргаагүй гэж үзээд “Төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүйд тооцох үндэслэл”-д хамаарч буй эсэх талаар шүүх дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4.1. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн, маргаан бүхий акт болох Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/112 дугаар захирамжид заасан үндэслэлүүд нь /Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай 33 дугаар тогтоол/ ажлаас халах зөрчил гэж үзэхгүй. Аливаа төрлийн хариуцлага ногдуулахад холбогдох үндэслэл үйлчилнэ, иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг хариуцагчаас нотлох ёстой.
4.2. Хариуцагчаас маргаан бүхий актыг зөвтгөж, нэхэмжлэгчийг “... Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байх үедээ холбогдох хууль бус үйл ажиллагаа явуулсан, албаны эрх мэдлээ урвуулах гэмт хэрэг үйлдэж, улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолуудаар тогтоогдсон” гэж маргажээ. Аливаа нийтийн эрх ашиг, ашиг сонирхлын эсрэг зөрчилд, цаашилбал эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл үйлчлэхээр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд уг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хамаарахгүй гэж үзэхгүй, иймд нэхэмжлэгчид “нийтийн албан тушаалтан”-ынх нь хувьд нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох дээрх хуулиар хариуцлага оногдуулж буй энэ үндэслэээр маргаж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэхэд баримтлах зарчмыг хэрэглэх үндэслэлтэй ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан “... М.У-ийн хариуцлагагүй, хяналт сул тавьж ажилласнаас өөрийн хамаарал бүхий ОНӨААТҮГ, сонгон шалгаруулалтаар хийгдсэн ажил, худалдан авалт, барилга, байгууламж зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ... үйлдлүүд нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдоно... ” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг зөвтгөх боломжгүй байна.
4.3. Өөрөөр хэлбэл, Дотоод аудитын хорооны 33 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийг ажлаас халах Засаг даргын захирамжийн үндэслэл болсон, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутай эсэх нь тогтоогдвол М.У-г энэ үндэслэлээр үүрэгт ажлаас халах эрх хариуцагчид хуулиар олгогдсон эрх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно. Тодруулбал, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 137 дугаар шийтгэх тогтоол нь Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан Б.Г-той холбоотой, уг үйл баримт нь нэхэмжлэгч М.У-г ажлаас халсан захирамжаас хойш гарсан тул уг баримтыг Орон нутгийн өмчийн газрын дарга М.У-ийн сахилгын зөрчлөөр ажлаас халах үндэслэлийг нотолсон баримт гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.
5. Түүнчлэн хэрэгт авагдсан Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар магадлал, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолуудаар нэхэмжлэгч М.У-г Орон нутгийн өмчийн газрын даргын хяналт тавих үүргээ биелүүлээгүй болон зохих хяналтаа тавьж, арга зүйгээр хангаж ажиллаагүй гэж үзэхээргүй байна.
5.1. Дээрх шүүхийн шийдвэрүүд нь М.У-тэй шууд хамааралтай болох нь тогтоогдоогүй, тиймээс нэхэмжлэгчийг “албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахих зарчим”-ыг үл мөрдөж бусдад давуу байдал олгосон гэж үзэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхээр ял шийтгүүлсэн шүүхийн тогтоол, магадлал хэрэгт авагдсан, ... даргаар ажиллаж байх үеийн холбогдолтой хууль бус үйл ажиллагааг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
6. Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримт болон холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр маргаан бүхий актыг зөвтгөх боломжгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
7. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтад нэхэмжлэлийн дагалдах шаардлагыг шийдвэрлэхдээ найруулгын алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 118/ШШ2022/0014 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 3 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.У-ийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойших урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид нөхөн олгохыг хариуцагч Увс аймгийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН