Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 355

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Б.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Эрдэнэзаяа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 306 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар прокурорын эсэргүүцлээр Б.Т-т холбогдох 1706009920046 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Т, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл хх, хх дүүргийн хх дугаар хороо, хх дүгээр гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй,

1988 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,  

Б.Т- нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” худалдааны төвийн урд талын автомашины зогсоолын орчим иргэн Г.Б-ны хүрэмний халааснаас “Самсунг жи-7” загварын 650,000 төгрөгийн үнэ бүхий гар утас хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Т-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар дээрх заалтад заасан нөхцөл байдлыг хянана гэж заажээ.

Яллагдагч Б.Т- нь шүүх хуралдаанд “...би тухайн утсыг хулгай хийгээгүй, газраас олсон юм. Хулгай хийснээ хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж мэдүүллээ. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байх тул Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичих үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Т- нь хохирогч Г.Батбулганы гар утсыг хулгайлсан болох нь хохирогч болон гэрч Б.Эрхэмбилэг, П.Баярсайхан, Ж.Батзаяа нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримт, мөн Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сэжигтний цахим бүртгэлд бүртгэгдсэн байдал зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон байдаг бөгөөд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, шинээр нотлох баримт цуглуулах боломжгүй тул цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Тус эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа тул яллагдагч Б.Т- нь хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл шалтгаалан зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх журмаар шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх яллагдагч Б.Т-ийн “...би тухайн утсыг хулгай хийгээгүй, газраас олсон юм. Хулгай хийснээ хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн мэдүүлгийг үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Мөн шүүгчийн захирамжид ямар мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн яаж гүйцэтгэх, эсхүл хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явуулахыг тодорхой заагаагүй нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 306 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Б.Т-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хулгайлах/ гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байгаа үндэслэлээр яллагдагч Б.Т-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл шалтгаалан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн болох нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 122 дугаар яллах дүгнэлт /хх-ийн 100-101 тал/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулан яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл /хх-103 тал/ зэргээр тогтоогдож байна.  

 

Б.Т- нь мөрдөн байцаалтад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргаагүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан шүүгдэгчийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ хянадаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан...” үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б.Т-т холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 306 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ