Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Володя, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.Д,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Т.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Тын Дт холбогдох 2128000000001 дугаартай нэг хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ................ оны ............. дугаар сарын ..............-нд ............. аймаг, .............. суманд төрсөн, .............. настай, .............. боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ....... хамт Өмнөговь аймаг, .............. сум, ............. дүгээр баг, ..................... гэх газарт оршин суудаг, ял шийтгэлгүй, Г овогт Тын Д, регистрийн дугаар ..................;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Т.Д нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр баг, Цохион Усны 7-7 тоотод оршин суух М.Нгийн гэрт М.Мий цээжний зүүн тал, баруун шуунд хутгалж, биед нь цээжний зүүн тал цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун шуунд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би гэрээсээ гарсан. Тухайн үед би өвлийн тэмээн хүсэндээ явж байсан. 10-ны шөнө Чын гэх айлд очиж хоносон. Өглөө босоод явах гэж байтал Ч сум явах ажилтай сум явах уу? гэхээр нь би мотоцикльдоо бензин авах байсан учраас хамт сум явсан. Бензин аваад буцаж гарах гэж байхад Ч архи авъя гэхээр би тэгье гээд 1 шил архи, 1 том пиво авч гэрт ирж уусан. Н гэдэг айлд орсон байсан. Тухайн айлд орсноо би сайн санахгүй байгаа. М.Мтэй маргалдаж байсан хутгалснаа мэдэхгүй байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж  байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Гэмт үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Д гэм буруугийн талаарх саналдаа: Шүүгдэгч Д нь согтуугаар М.Мий биед хүрч санамсаргүй хүнд гэмтэл учруулсан гэж үзэж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мий мэдүүлэгт: “...Би 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад гэртээ байсан. Тэр үед манай найз Н уурхай руу ажилдаа явах гээд хөдөөнөөс ирлээ манайд хүрээд ирээч гэж утсаар дуудсан. Би удаагүй гэрээсээ гараад хойшоо яваад Нгийн гэрт ороход Нг нэг танихгүй согтуу хүн гэрийнх нь зүүн талд зодож байгаа байдалтай байсан намайг яг ороход Н цохиулсан байдалтай доошоо тонгойчихсон байсан. Намайг гэрт ороод гэрийн баруун талын сандал дээр суухад тэр залуу гэрийн зүүн талын буйдан дээр суусан миний суусан сандлын хажууд /доор/ сандал дээр нэг танихгүй согтуу хөх дээлтэй залуу байсан. Гэрийн зүүн талын буйдан дээр сууж байсан залуу нь энэ хэн юм яах гэж ирсэн юм гэж асуухад нь Н хажуунаас нь манай найз байгаа юм надаас утас авах гэж ирсэн гэж хэлээд надад гар утас өгсөн уг утсыг Нгийн нэгдүгээр ангийн дүүд нь би өгөх байсан ба би Нгийн компьютерийн процессорыг нь авах байсан. Намайг гэрийн баруун хойд талын сандал дээр сууснаас хойш зүүн талд сууж байсан залуу над руу муухай хараад байсан. Би тэр залуу руу харсан. Тэгэхэд тэр залуу чи яагаад над руу муухай хараад байна гэхэд нь би муухай харсан хүнийг яадаг юм бэ гэж хэлсэн. Тэр залуу сууж байгаад босоод шууд миний өөдөөс алхаад ирэхээр нь би сандал дээрээс босоход баруун гараараа миний зүүн далны доод хэсэгт цохих шиг л болсон /тухайн үед хутгалуулснаа мэдээгүй/ би тухайн үед гарыг нь барьж авах гэхэд тэр залуу дахиад над руу баруун гараараа цохих гэж байгаа юм шиг далайхаар нь би цааш нь 2 гараараа цээж рүү нь түлхсэн. Тэгэхэд миний баруун гарыг хутгаар зүссэн ба тэр залуу буйдангийн хойно арагшаа ухраад бөгсөөрөө газар унасан энэ үед Н араас наадах чинь хутгатай байна гээд намайг гэрийн хаалга хэсэг рүү түлхсэн би шууд Нгийн гэрээс гараад өөрийнхөө гэр рүү гүйж байхдаа өөрийгөө хутгалуулсан гэдгээ мэдсэн намайг гүйж байхад пүүр пүүр гээд хий орж байгаа юм шиг дуугарсан. Тэгээд би зүүн далны орчимд өвдөхөөр нь гараараа хүрч үзэхэд гар нойтон болоод шууд цус болсон би гэртээ ороод хутгалуулчихлаа цагдаа дуудаарай гэж хэлээд орныхоо хажууд очсон. Өмсөж явсан куртикээ тайлахад дотуураа өмсөж байсан цагаан өнгийн фудволк ар хэсэг нь цус болчихсон байсан. Тухайн үед ээж алчуураар миний хутгалуулсан газар дарсан би баруун талаар буйдангийнхаа хажууд хэвтсэн. Н миний араас манай гэрт орж ирсэн байсан удаагүй цагдаа нар манай гэрт ирээд эмнэлэг рүү залгаад тэгээд хутгалсан хүн нь хаана байна гээд Нг аваад гараад явсан. Эмч нар ирэхгүй болохоор нь манай гэрийнхэн намайг машиндаа аваад эмнэлэг рүү хүргэж ирсэн.” гэжээ /хх-69-70/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мий мэдүүлэгт: “...Надад одоо хохирол төлбөртэй холбоотой гомдол санал байхгүй байна. Миний эмчилгээний зардал нийтдээ 1,400,000 орчим төгрөг болсон. Үүнийг Дийн ээж нь төлж барагдуулсан.” гэжээ /хх-71/,

Гэрч М.Нгийн мэдүүлэгт: “...Би 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад Хуршуутаас машинтай ирсэн тэгээд гэрийнхээ гадаа буухад Д нь намайг харчхаад дуудсан. Би очиход Д нь согтуу байсан тэгээд өөрийн төрсөн эгчийн гэрт байсан бөгөөд манай хашаан дотор эгчийнх гэр байдаг юм. Тэгээд би гэр рүү нь ороход танихгүй нэг залуу байсан. Намайг өмнөө суулгах гээд хөлийнхөө хооронд заагаад энд суу гэхээр нь би сандал аваад хажууд нь суухад чи том гар юмуу гээд миний толгой руу нэг удаа мөргөсөн. Тэгээд аяганд архи хийгээд намайг уу гэж шахсан би тухайн үед Дт би одоо 19 цагаас Өсөх зоос руу ажилдаа явна архи уухгүй гэж хэлэхэд Д би зэвүүн гар шүү дээ /манай найз хөх хурган дээлтэй танихгүй залуу/ чамайг бол яаж ч магадгүй шүү наадхаа уу гэж хэлсэн. Би сэнжтэй аяганд хийсэн байсан архийг нь аваад уруулаа хүргээд өгөхөд Д нь чи голоод байна уу хөөе уу гэж хэлсэн. Би аргагүйн эрхэнд өгсөн архийг нь бүгдийг уугаад аягыг нь өгсөн. Би явлаа гэр рүүгээ хувцсаа бэлдэнэ гэж хэлээд гарч яваад хувцсаа бэлдсэн. Эмээгийнхээ гэр рүү нь орчхоод буцаад гэр рүүгээ ороход гэхэд Д нь нөгөө найзтайгаа хамт гэрийн үүдэнд орох гээд зогсож байсан. Би гэр рүү ороход чи чинь цэрэгт явсан уу ямар цолтой байлаа гэхэд нь би цэрэгт яваагүй гэсэн би хаана суух уу гэж Д нь надаас асуухаар нь дээшээ суу гээд би сандал авч өгөөд суулгасан. Би цүнхээ аваад явах гээд бэлдэхэд чи хаачих гээд байгаа юм чи манай найзыг дүлий гэж хэлсэн гэлүү одоо Бат- Эрдэнэ рүү залгаад дууд гэж хэлсэн. Би Бат-Эрдэнэ рүү залгаж хүрээд ир гэж хэлсэн тэрний дараа нь Д босч ирээд миний 2 гарыг өөрийнхөө гараар бариад тэгээд намайг 1 удаа мөргөхөөр нь би хойшоо ухраад гал тогооны шкафинд тулсан. Тэгэхэд дахиад намайг мөргөсөн. Гаднаас М орж ирэхэд Д миний гарыг тавиад гэрийн баруун талын буйдан дээр очиж суусан. Би тухайн зогсож байсан газраасаа яваад гар утсаа халааснаасаа гаргаж Мд өгсөн. Тэгээд компьютерийн процессороо Мд өгөх гээд утаснуудыг нь салгаад сууж байхад Д нь гэрийн баруун талын буйдан дээр сууж байгаад гэрийн зүүн талд сууж байсан М рүү хараад чи жоохон зэвүүн хараад байна уу гээд босоод М дээр очсон. Тэгэхэд нь зэвүүн харсан хүнийг яадаг юм гэж асуусан. Тэгэхэд нь тэр 2-луу харахад Д нь баруун гартаа эвхдэг хутга гаргаад барьчихсан биеийнхээ ард нуусан байдалтай байсан би хутга гэж хэлэхэд М рүү хутгатай гараараа далайсан. Тэгэхэд М нь хутга байна гэж мэдээгүй зүүн гараар хаасан. Тэгэхэд нь гарынх нь доогуур хутга ороод Мийг хутгалсан. Би шууд гүйж очоод Дийн 2 гарыг барьж аваад арагш нь шахсан тэгэхэд М хутгалуулснаа мэдээд шууд гэрээс гараад явчихсан би нөгөө залууд нь хандаж гаран дахь хутгыг нь аваарай гэж хэлсэн хөх хурган дээлтэй тэр залуу сууж байгаад босч ирээд шууд намайг цохиж газар унагаасан. Тэгээд би шууд босч гүйгээд гэрээсээ гараад машин тойроод зогсоход манай ах О нь машиныхаа хойд талд зогсож байсан. Би наана чинь хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Миний араас Д нь хутгатай гараараа далайгаад алнаа чамайг гээд над руу дайрсан тэгэхэд нь би дор байсан малтуурыг аваад өөдөөс нь шидчихээд Мий гэр рүү зугтсан Д нь хойноос хөөж байгаад үлдчихсэн. Тэгээд би Мий гэрт ороход М нь гэртээ доошоо хараад хэвтчихсэн юм ярихгүй байсан. Тэгээд удаагүй байж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд би цагдаа нарыг дагуулаад хэрэг болсон газар руу явсан. Дийн эгчийнх нь гэрт Бат-Эрдэнэ ирчихсэн байсан...” гэжээ /хх-72-73/,

Гэрч М.Нгийн мэдүүлэгт: “...Д хутгаар зүүн суган доод хэсэгт нэг удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан...М.М нь Т.Д рүү ямар нэгэн довтолсон үйлдэл хийсэн үү гэх асуултад:  Тийм зүйл хийгээгүй Д өөрөө хэрүүл өдөөд М дээр өөрөө хүрч очсон...” гэжээ. /хх-74/,

Гэрч И.Оын мэдүүлэгт: “...2020 оны 12 дугаар 11-ний өдрийн 19 цагийн орчимд болов уу /цагийн сайн мэдэхгүй байна/ Гурвантэс сумын төвд хадам Жавзангийн гэрээс гараад ирсэн, гэрийнх нь үүдэнд машинаа ухрааж тавиад мах буулгасан, машиныхаа хажууд гараад иртэл Н Отгоо ахаа Д хүн хутгалчихлаа гээд машины өмнүүр гүйсэн, би машины араар тойроод буруу талд нь гараад очих үед Нгийн гэрийн зүгээс Д машины хажууд хутга барьчихсан таарсан, юу болоод байгаа юм, яагаад байгаа юм чи гэж Дийг загнахад өмнө таарсан болгоныг ална шүү гэсэн. Н миний хажуугаар гүйгээд гарах үед Д араас нь очиход Н малтуур шиг юм барьчихсан Дийн гар руу цохиод эргээд зугатаагаад чигээрээ хашааны хаалгаар гараад зугатаасан. Би юу болоод байна та нар гэж хэлчхээд явж бие засчхаад ирэх үед Д Дэлгэрмөнхийн Чойжоо /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Чойжоо гэж гоёот багийн хүн юм/ хоёулаа юм яриад зогсож байсан. Юу ярьж байсныг сайн мэдэхгүй байна. Би тэр хоёрыг дагуулаад гэр рүү нь орсон, гэрт нь орох үед гэрийн сэнжтэй аяганд архи хийгээд тавьчихсан байсан. Нэг хоёр хуруу орчим архитай ерөөл нэртэй 750 граммын архины шил баганын хажууд тавьсан байсан. Надад архинаас өгөхөөр нь би сэржим өргөчхөөд удаагүй гараад явсан...” гэжээ. /хх-77-78/,

Гэрч Д.Чын мэдүүлэгт: “...Би 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 13 цагийн орчимд сумын төвд ирсэн. Би Гурвантэс сумын Гоёот багийн нутаг Хөх толгой гэх газарт өөрийн гэртээ байж байхад Д 12 сарын 10-ны орой манай гэрт ирж хоносон өглөө нь босоод хамт сумын төв орчхоод ирье гэж хэлсэн. Би хамт ирсэн. Би сумаас бензин авахаар хамт явсан юм. Сумын төвд ирээд МТ ШТС-д очиж Д мотоциклийнхоо банкыг дүүргээд сумын төвөөс урагш байдаг Торхон гэх буудалтай гуанзнаас 0.75 литрийн багтаамжтай 2 шил Ерөөл архи, 2.5 литрийн багтаамжтай 2 ширхэг Сэрүүн пиво авч Дийн эгчийнх гэрт очиж 2.5 литрийн пиво уугаад дараа нь нэг шил архиа задалж уусан. Д өөрийн найзындаа очно гээд товон гэр хороололд очиж нэг залуутай уулзчихаад удаагүй буцаад нөгөө гэрт ирсэн. Архиа уугаад байж байхад Д нь хашаа руу орж ирсэн нэг танихгүй залууг дуудаж гэртээ оруулж ирээд томроод чи манай найзыг зодож байгаа бол намайг зодчих гээд за ер нь энийг алчхаад явна гэж орж ирсэн залуу руу хутга барьчхаад томроод байсан. Би Дт хандаж чи наад хутга шөвгөө болио янз бүрийн асуудалд орох вий гэж хэлэхэд миний үгийг тоож байгаа шинж байгаагүй. Би архи аягалж байсан юм. Тэр орж ирсэн залууд архи хийж өг гэж Д хэлсэн би архи аягалж өгөхөд тэр залуу амсаад өгсөн. Д уурлаад чи нэг удаа уучих гэсэн тэгээд тэр залуу архийг уугаад аягыг надад өгсөн. Тэгээд гэрээс гараад хажуу айлд орж ирээд архи уусан залуугийн гэрт ороод суусан. Д нь нөгөө залуу руу дайраад ална шүү энэ тэр гээд заналхийлээд байсан. Тэгж байхад бас нэг танихгүй залуу гаднаас орж ирсэн. Д нь боож байсан залуугаа тавиад гэрийн зүүн талд байсан буйдан дээр суусан. Д нь тухайн үед сүүлд орж ирсэн залуу руу муухай хараад суугаад байсан. Тэгж байгаад чи яагаад муухай хараад байгаа юм гэж асуусан тэгэхэд муухай харсан хүнийг яадаг юм гээл эхэлсэн. Д гэрийн зүүн талд сууж байгаад миний дээр сууж байсан сүүлд орж ирсэн залуу руу дөхөөд очсон би босоод бүснийх нь араас нь татсан гэрийн эзэн залуу нь бас Дийг татах гээд ухас хийсэн. Тэгэхэд сүүлд орж ирсэн жоохон залуу миний өмнүүр хөлөнд ташигдаад зууралдсан гэнэт сүүлд орж ирсэн залуу гүйгээд гараад явчихсан. Тэгэхэд нь гэрийн эзэн залуу наадах чинь хүн хутгалчихлаа гэж орилсон. Би Дийн баруун гарын бугуй хэсгээс нь барьж авахад гартаа хутга барчихсан байсан. Би араас нь гэрээс гарахад гэрийн эзэн залуу хүн хутгалчихлаа цагдаа дуудна гэхэд Д чамайг ална гээд араас нь хөөсөн. Гэрийн эзэн залуу хашаанаасаа урагш гараад зугтаасан. Би Дийг аваад гэр рүү нь ороод байж байхад гаднаас Дийн найз нь гээд бас л жоохон залуу орж ирсэн. Тэр залуутай Д юм яриад сууж байхад удаагүй цагдаа нар ирсэн...Д нь эхэлж гэртээ дуудаж оруулж ирсэн залууг хажуудаа суулгаад томорч байгаад нүүр рүү 2 удаа мөргөсөн. Тэр залуу нь ажилтай явлаа гээд яарч байсан хийж өгсөн архийг уучхаад тэгээд гараад явсан араас нь Дтэй цуг гараад тэр залуугийн гэрт орсон тэр залууг Д гэрт нь бас барьж аваад заамдаж аваад бас л зодох гээд байсан. Тэгж байхад хутгалуулсан залуу орж ирсэн тэгээд Д хутгалсан...” гэжээ. /хх-80-81/,

Гэрч Б.Мын мэдүүлэгт: “...Мий эмчилгээний зардалд нийтдээ 1.400.000 төгрөгийн эмчилгээ хийгдсэн бөгөөд эм тарианы мөнгө хэрэглэж байгаа. Миний болон Мий зүгээс хохирол төлбөрийн талаар ямар нэгэн нэхэмжлэх зүйл одоогийн байдлаар байхгүй байна. Дийн ээж нь Мий хохирлын төлбөр болгож бэлнээр 800.000 төгрөг 12 сарын 14-ний өдөр өгсөн ба дараа нь 800.000 төгрөгөөр бодож нэг тэмээ манайд өгсөн. Тэгээд манай хүүгийн бие дээрдэж хурдан эдгэрч байна. Дийн ээж Дэлгэрцэцэг гэх хүнтэй тохиролцож нэг тооны тэмээ, 800.000 төгрөг нийтдээ 1.600.000 төгрөг өгсөн...” гэжээ /хх-83/,

Гэрч М.Ц мэдүүлэгт: “Би өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18:00 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах баг /2-р баг/ Цохион-Усын 5-8 тоотод байх гэртээ аав Б.М, ээж Д.Сансармаа, дүү М.М, М.Номин-Эрдэнэ нарын хамт байж байсан. 18:20 цагийн үед М.М “Би гарчихаад ирье” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд удалгүй ойролцоогоор 10 минутын дараа гэртээ эргэж орж ирээд “Цагдаа дууд” гэж хэлсэн. Юу болсон талаар би асуухад надад хариулахгүй байсан ба гадуур хувцсаа тайлтал. М.Мий зүүн суга хэсэг цус болчихсон байсан. Тэр үед би М.Мийг бусдад хутгалуулсан байна гэж мэдээд 85555791 дугаарын утсаар цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар манай гэрт ирсэн. Тэр үед Н манай гэрт ирээд цагдаа нарт “Би болсон асуудлыг мэдэж байгаа” гэж хэлээд хэрэг болсон газар руу дагуулаад явсан. Дараа нь эмнэлэг ирээд М.Мийг аваад явсан. Манай гэрийнхэн эмч нартай хамт Гурвантэс сумын эмнэлэгт очсон. Тэгээд эмч нар М.Мий биеийг үзсэнийхээ дараа Даланзадгад сумаас хагалгааны баг дуудсан. Хагалгааны баг ирэх хугацаанд эмч нар М.Мий биед цус сэлбэлт хийсэн. Учир нь М.М цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Хагалгааны баг 05:00 цагийн үед ирж М.Мий биед эмчилгээ хийж уушгинд нь гуурс тавьсан. Тэгээд биеийн байдал нь дээрдэхээр Даланзадгад суманд очиж гуурсаа авхуулж нарийн шинжилгээ өг гэж хэлсэн...” гэжээ. /хх-85-86/,

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...М.Мий биед цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. М.Мий биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ /хх-93-94/,

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хар хүрэмний ар талд 22х5мм, цагаан майкны ар талд 24мм шинэ зүсэгдэлт гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хүрэм болон майканд гарсан шинэ зүсэгдэлт нь харьцуулах загварт ирүүлсэн эвхэгддэг хутгаар гарсан байж болно. Шинжилгээнд ирүүлсэн хутга дээрээс бэхжүүлсэн утасны сэмэрдэс бүхий 2 хэсэг туузыг бэхжүүлэн дүгнэлтэнд хавсарган хүргүүлэв...” гэжээ /хх-98-99/,

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн “М.М” гэсэн хаягтай цус, "Д” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй. Ирүүлсэн цус нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийх дээжийн хэмжээнд хүрээгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна...” гэжээ /хх-105-106/,

2021 оны 01 дүгээр  сарын 14-ний өдрийн 4/21 дугаартай Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлтэд: “...Т овогтой Д нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Т овогтой Д нь болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Т овогтой Д нь хэрэг хариуцах чадвартай.” гэжээ. /хх-111-113/,

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Хар өнгийн куртик, цагаан өнгийн футболк дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. М.Мий гэх цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. Т.Дийн гэх цус нь 0/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэжээ /хх-115-116/,

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...М.Нгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ /хх-123-124/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-31/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-34/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41/,

Хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-46-53/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-54/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-55-66/,

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-126-133/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-135/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-146/,

Хилийн цэргийн төв архивын лавлагаа /хх-148/,

Өмнөговь аймгийн С сумын засаг даргын тодорхойлолт /хх-149/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-150/,

Банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-153-156/,

Сурагчийн хувийн хэрэг /хх-158-164/,

Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-165/,

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-167/,

Өвчний түүхийн хуулбар /хх-171-183/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-185-200/,

Хохирлын баримтын хуулбар /хх-202-206/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Дт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Дийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Дт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Т.Дийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул  Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Д нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд Өмнөговь аймаг Гурвантэс сум 4 дүгээр баг Цохион Усны 7-7 тоотод оршин суух М.Нгийн гэрт М.Мий цээжний зүүн тал, баруун шуунд хутгалж, биед нь цээжний зүүн тал цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун шуунд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мий “...Намайг гэрийн баруун хойд талын сандал дээр сууснаас хойш зүүн талд сууж байсан залуу над руу муухай хараад байсан. Би тэр залуу руу харсан. Тэгэхэд тэр залуу чи яагаад над руу муухай хараад байна гэхэд нь би муухай харсан хүнийг яадаг юм бэ гэж хэлсэн. Тэр залуу сууж байгаад босоод шууд миний өөдөөс алхаад ирэхээр нь би сандал дээрээс босоход баруун гараараа миний зүүн далны доод хэсэгт цохих шиг л болсон /тухайн үед хутгалуулснаа мэдээгүй/ би тухайн үед гарыг нь барьж авах гэхэд тэр залуу дахиад над руу баруун гараараа цохих гэж байгаа юм шиг далайхаар нь би цааш нь 2 гараараа цээж рүү нь түлхсэн. Тэгэхэд миний баруун гарыг хутгаар зүссэн ба тэр залуу буйдангийн хойно арагшаа ухраад бөгсөөрөө газар унасан энэ үед Н араас наадах чинь хутгатай байна гээд намайг гэрийн хаалга хэсэг рүү түлхсэн би шууд Нгийн гэрээс гараад өөрийнхөө гэр рүү гүйж байхдаа өөрийгөө хутгалуулсан гэдгээ мэдсэн намайг гүйж байхад пүр пүр гээд хий орж байгаа юм шиг дуугарсан. Тэгээд би зүүн далны орчимд өвдөхөөр нь гараараа хүрч үзэхэд гар нойтон болоод шууд цус болсон би гэртээ ороод хутгалуулчихлаа цагдаа дуудаарай гэж хэлсэн...эмч нар ирэхгүй болохоор нь манай гэрийнхэн намайг машиндаа аваад эмнэлэг рүү хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-69-70/, гэрч М.Нгийн “...Эмээгийнхээ гэр рүү нь орчхоод буцаад гэр рүүгээ ороход гэхэд Д нь нөгөө найзтайгаа хамт гэрийн үүдэнд орох гээд зогсож байсан...Д босч ирээд миний хоёр гарыг өөрийнхөө гараар бариад тэгээд намайг нэг удаа мөргөхөөр нь би хойшоо ухраад гал тогооны шкафинд тулсан. Тэгэхэд дахиад намайг мөргөсөн. Гаднаас М орж ирэхэд Д миний гарыг тавиад гэрийн баруун талын буйдан дээр очиж суусан. Би тухайн зогсож байсан газраасаа яваад гар утсаа халааснаасаа гаргаж Мд өгсөн. Тэгээд компьютерийн процессороо Мд өгөх гээд утаснуудыг нь салгаад сууж байхад Д нь гэрийн баруун талын буйдан дээр сууж байгаад гэрийн зүүн талд сууж байсан М рүү хараад чи жоохон зэвүүн хараад байна уу гээд босоод М дээр очсон. Тэгэхэд нь зэвүүн харсан хүнийг яадаг юм гэж асуусан. Тэгэхэд нь тэр хоёр руу харахад Д нь баруун гартаа эвхдэг хутга гаргаад барьчихсан биеийнхээ ард нуусан байдалтай байсан би хутга гэж хэлэхэд М рүү хутгатай гараараа далайсан. Тэгэхэд М нь хутга байна гэж мэдээгүй зүүн гараар хаасан. Тэгэхэд нь гарынх нь доогуур хутга ороод Мийг хутгалсан. Би шууд гүйж очоод Дийн хоёр гарыг барьж аваад арагш нь шахсан тэгэхэд М хутгалуулснаа мэдээд шууд гэрээс гараад явчихсан би нөгөө залууд нь хандаж гарт байгаа хутгыг нь аваарай гэж хэлсэн хөх хурган дээлтэй тэр залуу сууж байгаад босч ирээд шууд намайг цохиж газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-72-73/, гэрч М.Нгийн: “...Д хутгаар зүүн суган доод хэсэгт нэг удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан...М.М нь Т.Д рүү ямар нэгэн довтолсон үйлдэл хийгээгүй Д өөрөө хэрүүл өдөөд М дээр өөрөө хүрч очсон...” гэх мэдүүлэг /хх-74/, гэрч И.Оын: “...Н Отгоо ахаа Д хүн хутгалчихлаа гээд машины өмнүүр гүйсэн, би машины араар тойроод буруу талд нь гараад очих үед Нгийн гэрийн зүгээс Д машины хажууд хутга барьчихсан таарсан, юу болоод байгаа юм, яагаад байгаа юм чи гэж Дийг загнахад өмнө таарсан болгоныг ална шүү гэсэн...” гэх мэдүүлэг /хх-77-78/, гэрч Д.Чын “...Архиа уугаад байж байхад Д нь хашаа руу орж ирсэн нэг танихгүй залууг дуудаж гэртээ оруулж ирээд томроод чи манай найзыг зодож байгаа бол намайг зодчих гээд за ер нь энийг алчхаад явна гэж орж ирсэн залуу руу хутга барьчхаад томроод байсан. Би Дт хандаж чи наад хутга шөвгөө болио янз бүрийн асуудалд орох вий гэж хэлэхэд миний үгийг тоож байгаа шинж байгаагүй. Би архи аягалж байсан юм. Тэр орж ирсэн залууд архи хийж өг гэж Д хэлсэн би архи аягалж өгөхөд тэр залуу амсаад өгсөн. Д уурлаад чи нэг удаа уучих гэсэн тэгээд тэр залуу архийг уугаад аягыг надад өгсөн...Д нь нөгөө залуу руу дайраад ална шүү энэ тэр гээд заналхийлээд байсан...Д нь тухайн үед сүүлд орж ирсэн залуу руу муухай хараад суугаад байсан. Тэгж байгаад чи яагаад муухай хараад байгаа юм гэж асуусан тэгэхэд муухай харсан хүнийг яадаг юм гээл эхэлсэн. Д гэрийн зүүн талд сууж байгаад миний дээр сууж байсан сүүлд орж ирсэн залуу руу дөхөөд очсон би босоод бүснийх нь араас нь татсан гэрийн эзэн залуу нь бас Дийг татах гээд ухас хийсэн. Тэгэхэд сүүлд орж ирсэн жоохон залуу миний өмнүүр хөлөнд ташигдаад зууралдсан гэнэт сүүлд орж ирсэн залуу гүйгээд гараад явчихсан. Тэгэхэд нь гэрийн эзэн залуу наадах чинь хүн хутгалчихлаа гэж орилсон. Би Дийн баруун гарын бугуй хэсгээс нь барьж авахад гартаа хутга барчихсан байсан...Д нь эхэлж гэртээ дуудаж оруулж ирсэн залууг хажуудаа суулгаад томорч байгаад нүүр рүү 2 удаа мөргөсөн. Тэр залуу нь ажилтай явлаа гээд яарч байсан хийж өгсөн архийг уучхаад тэгээд гараад явсан араас нь Дтэй цуг гараад тэр залуугийн гэрт орсон тэр залууг Д гэрт нь бас барьж аваад заамдаж аваад бас л зодох гээд байсан. Тэгж байхад хутгалуулсан залуу орж ирсэн тэгээд Д хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-80-81/, гэрч М.Ц “...18:20 цагийн үед М.М “Би гарчихаад ирье” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд удалгүй ойролцоогоор 10 минутын дараа гэртээ эргэж орж ирээд “Цагдаа дууд” гэж хэлсэн. Юу болсон талаар би асуухад надад хариулахгүй байсан ба гадуур хувцсаа тайлтал. М.Мий зүүн суга хэсэг цус болчихсон байсан. Тэр үед би М.Мийг бусдад хутгалуулсан байна гэж мэдээд 85555791 дугаарын утсаар цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар манай гэрт ирсэн. Тэр үед Н манай гэрт ирээд цагдаа нарт “Би болсон асуудлыг мэдэж байгаа” гэж хэлээд хэрэг болсон газар руу дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-85-86/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-31/, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-93-94/ эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан эвхдэг хутга зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Дийн үйлдлийн улмаас хохирогч М.Мий эрүүл мэндэд амь насанд аюултай  хүнд гэмтэл учирсан болох нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн “...М.Мий биед цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. М.Мий биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр /хх-93-94/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Д гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 3.97 хувийн согтолттой байсан болох нь Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-130-131/, гэрч М.Н /хх-72-73,74/, гэрч И.О /хх-77-78/, гэрч Д.Ч /хх-80-81/  нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Т.Д нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн хувьд эрүүл болох нь  2021 оны 01 дүгээр  сарын 14-ний өдрийн 4/21 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтэд: “...Т овогтой Д нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Т овогтой Д нь болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Т овогтой Д нь хэрэг хариуцах чадвартай.” /хх-111-113/ гэх дүгнэлтээр  тогтоогдсон.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч М.Мийг  “над руу муухай харлаа” гэх үл ялих зүйлээс шалтаглан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.

 Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль ч байж болохоор хуульд тайлбарласан.

Шүүгдэгч Т.Д нь хутга хэрэглэн хохирогч М.Мий биед цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун шуунд шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-93-94/, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн “...Хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хар хүрэмний ар талд 22х5мм, цагаан майкны ар талд 24мм шинэ зүсэгдэлт гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хүрэм болон майканд гарсан шинэ зүсэгдэлт нь харьцуулах загварт ирүүлсэн эвхэгддэг хутгаар гарсан байж болно. Шинжилгээнд ирүүлсэн хутга дээрээс бэхжүүлсэн утасны сэмэрдэс бүхий 2 хэсэг туузыг бэхжүүлэн дүгнэлтэнд хавсарган хүргүүлэв...” гэх дүгнэлт /хх-98-99/, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн “...Хар өнгийн куртик, цагаан өнгийн футболк дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. М.Мий гэх цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. Т.Дийн гэх цус нь 0/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх /хх-115-116/ дүгнэлтүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-31/, Эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан эвхдэг хутга зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутгыг хүйтэн зэвсэг гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэдийн төлөөлөгч Б.Д гэм буруугийн талаарх саналдаа: Шүүгдэгч Д нь согтуугаар М.Мий биед санамсаргүй хүнд гэмтэл учруулсан гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Т.Д нь хутга буюу зэвсэг хэрэглэн хохирогч М.Мий эрүүл мэндэд халдаж хүнд хохирол учруулсан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан.

Шүүгдэгч Т.Д нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мий цээж, баруун шуунд хутгалж байгаа үйлдлийг хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан хэдий ч уг үйлдлээ хүсч үйлдэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Д өөрийн биедээ авч явсан хутгаа гартаа барьснаар хийх гэж буй үйлдлийн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож хор уршиг учрах нь зайлшгүйг эсхүл учрах боломжтойг мэдсэн хэр нь хор уршгийг хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна. Энэ нөхцөл байдал нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж согтолтын хувь, зэргээс үл шалтгаалах юм.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хуулиар хориглоогүй ч хэтрүүлэн хэрэглэж нийгэмд аюултай үйлдэл хийх нь хуульд нийцэхгүй үйлдэл гэж үзнэ.

 Шүүгдэгч Т.Д .............. ял шийтгэлгүй, 0168 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-135/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-146/, Хилийн цэргийн төв архивын лавлагаа /хх-148/, Өмнөговь аймгийн С сумын засаг даргын тодорхойлолт /хх-149/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-150/, Банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-153-156/, Сурагчийн хувийн хэрэг /хх-158-164/, Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-165/, хилийн цэргийн төв архивын албан бичиг /хх-147-148/, Өмнөговь аймаг С сумын засаг даргын тодорхойлолт, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-167/ зэрэг нотлох баримтаар хувийн байдал нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Дийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 1.600.000 төгрөг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Т.Дийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч Т.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Дийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Үндсэн хуульд заасан эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хааж үндсэн үүргээ биелүүлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Дт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвхдэг хутга, ногоон өнгөтэй бүс, хар өнгөтэй хутганы хуй, “Ерөөл” нэртэй архи 1 ширхэг, пиво 1 ширхэг, “Ерөөл” нэртэй архины шил, хар өнгийн куртик, цагаан өнгийн фудболкыг буцаан авах талаар оролцогчдоос санал гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Д цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мий биед амь насанд аюултай хүнд хохирол учирсан бөгөөд эмчилгээнд 1.400.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь гэрч Б.Мын мэдүүлэгт: “...хүү Мий эмчилгээнд нийт 1.400.000 төгрөгийн зардал гарсан. Т.Дийн ээж нь Мий хохирол төлбөрт 12 сарын 14-ний өдөр 800.000 төгрөг бэлэн өгсөн ба дараа нь 800.000 төгрөгт тооцож нэг тэмээ манайд өгсөн. Манай хүүгийн бие дээрдэж хурдан эдгэрч байна. Т.Дийн ээж Дэлгэрцэцэг гэх хүнтэй тохиролцож нэг тооны тэмээ 800.000 төгрөг нийтдээ 1.600.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-83/, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мий “...надад одоо хохирол төлбөртэй холбоотой гомдол санал байхгүй байна. Миний эмчилгээний зардал нийтдээ 1.400.000 орчим төгрөг болсон. Т.Дээс 1.600.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-71/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Дийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч М.Мий эрүүл мэндэд амь насанд аюултай гэмтэл учирсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М цаашид гарах эмчилгээтэй холбоотой иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарах тул цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “шүүгдэгч Т.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан юм уу, мөн Т.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ 3.97 хувийн согтолтой буюу хүнд зэргийн согтолтой байсан нь сэтгэцэд хэрхэн нөлөөлж болох вэ, хэрвээ сэтгэцэд нөлөөлж болохоор бол сэтгэцийн ой санамж, оюун ухаан, ухаан бодолд хэрхэн ямар байдлаар нөлөөлж болох вэ гэх асуумжийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх хүсэлтийг гаргаж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэрт хамааралтай юм” гэх дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан дээрх агуулга бүхий санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: 2021 оны 01 дүгээр  сарын 14-ний өдрийн 4/21 дугаартай Шүүх сэтгэц гэм судлалын: “...Т овогтой Д нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Т овогтой Д нь болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Т овогтой Д нь хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлт /хх-111-113/-ээр шүүгдэгч Т.Д нь хэргийн болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан талаар дүгнэсэн, мөн тус дүгнэлтийг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Д болон өмгөөлөгч Ц.Баярмаа нар танилцан санал хүсэлт гаргаагүй болох нь шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэлд тодорхойлогдсон байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр санал нэгдэж гаргасан байх тул нотлох баримтаар тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн эрх зүйд хүчтэй согтуурсан, мансуурсан байдлыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдалтай холбож тайлбарласан байх тул шүүгдэгчийн тухайд 3.97 хувийн хүчтэй согтолттой байх үеийн сэтгэцийн эмгэгийн байдлыг тогтоолгосноор хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хэлбэрт нөлөөлөх үндэслэл болохгүй юм гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Ийм үедээ гэмт хэрэг үйлдсэн хүн согтуурах, мансуурах донтох эмгэгтэй болох нь тогтоогдвол түүнд оногдуулсан ял дээр нэмж хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасан тул шүүгдэгч Т.Дийн эрх зүйн байдал дээрдэх үндэслэлгүй юм.  

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явууллаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Тын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч Т.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Д нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мд хохирол төлбөрт 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвхдэг хутга, ногоон өнгөтэй бүс, хар өнгөтэй хутганы хуй, “Ерөөл” нэртэй архи 1 ширхэг, пиво 1 ширхэг, “Ерөөл” нэртэй архины шил, хар өнгийн куртик, цагаан өнгийн фудболкыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М нь цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.    

8. Шүүгдэгч Т.Д цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Т.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Э.ОЮУН-ЭРДЭНЭ

    ШҮҮГЧИД                                            Б.ВОЛОДЯ

                                                                                                                              Г.БАТМӨНХ