| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2021/0035/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/36 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/36
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Т.Б,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Тгийн Бт холбогдох 2128000000007 дугаартай нэг хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ............... оны .......... дугаар сарын ..........-нд ............. төрсөн, эрэгтэй, ............... настай, ................. боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ................ оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Тгийн Б, регистрийн дугаар ..................;
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум 7 дугаар баг Оюутын 9-33 тоотод таарамжгүй харьцааны улмаас О.Иийн зүүн нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй...Торгуулийн ял оногдуулж өгнө үү ажил хийж төлөх боломжтой гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.И мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын 30-ны 17 цагийн үед гэртээ байж байхад манай найз Гантулга гаднаас ирсэн манай гэрт ирэхдээ 2.5 литрийн 2 ширхэг пиво бариад ирсэн. Бид хоёр тэр 2 пивыг хувааж уусан тэр үед гэрт манай 88 настай ээж Ц байсан. Бид хоёр юм ярьж сууж байгаа нөгөө хоёр пивыг уугаад дуусгасан. Пиво дуусахад Гантулга унтлаа гээд баруун орон дээр хэвтээд өгсөн. Би утсаараа хүнтэй ярих гэсэн чинь миний утас нэгжгүй болсон байсан учраас нэгж байна уу гэж ээжээс асуухад нэгж байхгүй гэсэн. Ээж баруун айл руу ороод нэгжинд явуулна гээд гэрээс гараад явсан удалгүй баруун айлын Быг нэгж аваад ирээч гээд гуйчихлаа яваад ирье гэж байна гэж хэлээд ороод ирсэн. Удалгүй ээжийн араас Б нэг залуугийн хамтаар манай гэрт ороод ирсэн. Би халаасанд байсан 5000 төгрөгийг гаргаж өгөөд нэгж аваад ир гээд өгсөн. Тэр хооронд Б бид хоёр муудалцсан. Тэгээд юу болсонг мэдэхгүй гэнэт Б миний хацар руу цохиод авсан. Миний толгой харанхуйлаад явчихсан. Би нэг хэсэг толгойгоо дарж сууж байгаад босоод ирсэн чинь Б нөгөө найзынхаа хамтаар явчихсан байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн араас нь эмнэлэг ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан юм. Эмнэлэгт очоод үзүүлсэн чинь миний зүүн хацарт 3 оёдол тавиад нүдний чинь судас тасарсан байна гэсэн гэжээ. /хх-7-8/,
Гэрч Д.Дгийн мэдүүлэгт: Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байхад манай хойд хашаанд байдаг Ц гэх эмээ манай гэрт орж ирээд хүүхдийн нүд гараад ирчихлээ хүүхдийн нүд хийгээд өгөөч гэсэн. Та юу яриад байгаа юм бэ яасан юу болсон юм бэ гэсэн чинь манай хүү Хүлэгийн нүдийг хүн цохчихлоо гэж хэлсэн. Та 103 дуудаач гэж хэлсэн чинь намайг дуудаад өг гэж хэлсэн. Би 103-т дуудлага өгсөн чинь 103-ийн жижүүр нь одоо хүн явууллаа та цагдаад мөн дуудлага өгчхөөрэй гэж хэлсний дагуу би Цагдаагийн газрын 7053102 дугаарт залгаж дуудлага өгсөн юм. Намайг дуудлага өгсөн дараагаар Ц эгч гэрээс гараад явсан ийм зүйл болсон юм гэжээ. /хх-9/,
Гэрч С.Цгийн мэдүүлэгт: Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би баруун хашаанд орж Быг дэлгүүр ороод цэнэглэгч аваад ир гэсэн. Гэртээ ороод ирсэн чинь Б миний араас гэрт ороод ирсэн. Тэр үед би 00 ороод ирсэн чинь Б гэрт байхгүй. И гэртээ цусандаа хутгалдаад сууж байсан. Яасан гэсэн Б цохичхоод явсан гэж хэлсэн. Би гэрээс гараад урд хашаанд орж айлын хүүхдээр цагдаа, эмнэлэгт дуудлага өгүүлсэн юм удаагүй эмнэлэг, цагдаа ирээд Иийг аваад явсан чинь Иийг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүл гэсний дагуу эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн юм гэжээ. /хх-10/,
Гэрч А.Б мэдүүлэгтээ: ...Иийн гэрт ороход И, Б бид хоёрт агсам тавиад та хоёр гөлгийг ална шүү гэх мэтээр хараагаад байсан...Т.Б, И хоёр гэрээс хамт гарсан би араас нь гараад очиход И гэрийн гадаа сууж байсан зүүн нүдний доод хэсгээс нь цус гарчихсан байсан. Т.Б намайг явъя гэсэн тэгээд бид хоёр тэдний хашаанаас гараад гэртээ орсон юм. Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд Т.Быг аваад явсан...гэжээ. /хх-13-14/
Гэрч Д.Тгийн мэдүүлэгт: Миний хүү Улаанбаатар хотод 1972 онд төрсөн бага насаа Улаанбаатар хотод өнгөрөөж байгаад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд манайх шилжиж очсоноор манай хүү Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сургуульд сурч бүрэн бус бунд боловсрол эзэмшээд Дархан хотод барилгын тэмст сураад тэндээсээ гарч Алтанбулаг сумын Алтанбулагийн сангийн аж ахуйд ажиллаж байгаад цэргийн албанд явж 1989-1990 онд цэргийн албыг Дорнод аймагт хаагаад цэргээс халагдаж ирээд Алтанбулаг суманд ажиллаж байгаад Батчимэг гэдэг хүүхэнтэй гэр бүл болж 2 хүүхдийн аав, ээж болон амьдарч байгаад 2007 онд байх Б, Батчимэг нар салсан учраас Б бид хоёр хамт амьдарч байгаад 2009 оны үед Б бид хоёр Өмнөговь аймагт ирсэн юм. Өмнөговь аймагт ирсэн дараагаар Б, Д гэдэг хүүхэнтэй гэр бүл болж одоог хүртэл амьдарч байгаа юм…Одоо Т.Б, Д нар Оюут 9-35 тоотод амьдарч байна энэ хоёр маш хүндрэлтэй амьдарч байна хоёулаа нийлээд их архи ууж байна. Мөн гаднаас архичид их цугларч архи ууцгааж байна. Т.Б, Д хоёр нийлж архи уугаад хоорондоо их муудалцана мөн хүүхдүүд нь Быг их гадуурхсан маягтай байдаг юм гэжээ. /хх-17/,
2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...О.Иийн биед зүүн нүдний алимны бүтэн цус хуралт, зүүн хацрын язарсан шарх гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас зүүн нүдний хараа буурч 0 болсон байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн нүдний гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварт 35 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хацрын язарсан шарх гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-20-21/,
Өмнөговь аймаг Даланзадгад сумын 7 дугаар багийн засаг даргын “Т овогтой Б /МА72101911/ нь Даланзадгад сум /хот/-ын Оюут 7 дугаар багийн Оюутын 9-35 тоотод ам бүл 5-уул оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-32/,
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Б.Ринчений нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-33/,
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-34/,
Хохирогч О.Ит 450.000 төгрөг төлсөн баримт /хх-35/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-37/,
Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-39-43/,
Өвчний түүх /хх-47-59/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Т.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Бын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ
Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг Оюутын 9-33 тоотод таарамжгүй харьцааны улмаас О.Иийн зүүн нүдэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Иийн “...2020 оны 12 дугаар сарын 30-ны 17 цагийн үед гэртээ байж байхад манай найз Гантулга гаднаас ирсэн манай гэрт ирэхдээ 2.5 литрийн 2 ширхэг пиво бариад ирсэн. Бид хоёр тэр 2 пивыг хувааж уусан тэр үед гэрт манай 88 настай ээж Ц байсан. Бид хоёр юм ярьж сууж байгаа нөгөө хоёр пивыг уугаад дуусгасан. Пиво дуусахад Гантулга унтлаа гээд баруун орон дээр хэвтээд өгсөн. Би утсаараа хүнтэй ярих гэсэн чинь миний утас нэгжгүй болсон байсан учраас нэгж байна уу гэж ээжээс асуухад нэгж байхгүй гэсэн. Ээж баруун айл руу ороод нэгжинд явуулна гээд гэрээс гараад явсан удалгүй баруун айлын Быг нэгж аваад ирээч гээд гуйчихлаа яваад ирье гэж байна гэж хэлээд ороод ирсэн. Удалгүй ээжийн араас Б нэг залуугийн хамтаар манай гэрт ороод ирсэн. Би халаасанд байсан 5000 төгрөгийг гаргаж өгөөд нэгж аваад ир гээд өгсөн. Тэр хооронд Б бид хоёр муудалцсан. Тэгээд юу болсонг мэдэхгүй гэнэт Б миний хацар руу цохиод авсан. Миний толгой харанхуйлаад явчихсан. Би нэг хэсэг толгойгоо дарж сууж байгаад босоод ирсэн чинь Б нөгөө найзынхаа хамтаар явчихсан байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн араас нь эмнэлэг ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан юм. Эмнэлэгт очоод үзүүлсэн чинь миний зүүн хацарт 3 оёдол тавиад нүдний чинь судас тасарсан байна гэсэн...” /хх-7-8/, гэрч Д.Дгийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байхад манай хойд хашаанд байдаг Ц гэх эмээ манай гэрт орж ирээд хүүхдийн нүд гараад ирчихлээ хүүхдийн нүд хийгээд өгөөч гэсэн. Та юу яриад байгаа юм бэ яасан юу болсон юм бэ гэсэн чинь манай хүү Хүлэгийн нүдийг хүн цохчихлоо гэж хэлсэн. Та 103 дуудаач гэж хэлсэн чинь намайг дуудаад өг гэж хэлсэн. Би 103-т дуудлага өгсөн чинь 103-ийн жижүүр нь одоо хүн явууллаа та цагдаад мөн дуудлага өгчхөөрэй гэж хэлсний дагуу би Цагдаагийн газрын 7053102 дугаарт залгаж дуудлага өгсөн юм. Намайг дуудлага өгсөн дараагаар Ц эгч гэрээс гараад явсан...” /хх-9/, гэрч С.Цгийн “...Б миний араас гэрт ороод ирсэн. Тэр үед би 00 ороод ирсэн чинь Б гэрт байхгүй. И гэртээ цусандаа хутгалдаад сууж байсан. Яасан гэсэн Б цохчхоод явсан гэж хэлсэн. Би гэрээс гараад урд хашаанд орж айлын хүүхдээр цагдаа, эмнэлэгт дуудлага өгүүлсэн юм удаагүй эмнэлэг, цагдаа ирээд Иийг аваад явсан чинь Иийг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүл гэсний дагуу эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн...” /хх-10/, гэрч А.Бын “...Иийн гэрт ороход И, Б бид хоёрт агсам тавиад та хоёр гөлгийг ална шүү гэх мэтээр хараагаад байсан...Т.Б, И хоёр гэрээс хамт гарсан би араас нь гараад очиход И гэрийн гадаа сууж байсан зүүн нүдний доод хэсгээс нь цус гарчихсан байсан. Т.Б намайг явъя гэсэн тэгээд бид хоёр тэдний хашаанаас гараад гэртээ орсон юм. Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд Т.Быг аваад явсан...” /хх-13-14/ гэх мэдүүлгүүд, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн “...О.Иийн биед зүүн нүдний алимны бүтэн цус хуралт, зүүн хацрын язарсан шарх гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас зүүн нүдний хараа буурч 0 болсон байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн нүдний гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварт 35 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хацрын язарсан шарх гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-20-21/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Бын үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Иийн эрүүл мэндэд зүүн нүдний хараа буурч 0 болсон хүнд гэмтэл учирсан болох нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн: “...О.Иийн биед зүүн нүдний алимны бүтэн цус хуралт, зүүн хацрын язарсан шарх гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас зүүн нүдний хараа буурч 0 болсон байна. Зүүн нүдний гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар 35 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хацрын язарсан шарх гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр /хх-20-21/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Т.Бын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогч О.Иийн зүүн нүд, хацарт цохиж нүдний хараагүй болгон хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь ...................... ял шийтгэлгүй болох нь Өмнөговь аймаг ................ тодорхойлолт /хх-32/, Сэлэнгэ аймгийн А сумын Б.Р-ий нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-33/, Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-34/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Бн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Т.Б нь шүүх хуралдаанд “торгуулийн ял оногдуулж өгнө үү?, ажил хийж төлөх боломжтой” гэх,
Улсын яллагч Л.Солонго шүүх хуралдаанд “Шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн зүгээс торгуулийн ял оногдуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах ялтай. Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрт 450.000 төгрөг төлсөн хэдий ч эрхэлсэн тодорхой ажилгүй учраас хорих ял оногдуулах санал гаргасан гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заажээ.
Иймд шүүх шүүгдэгч Т.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байх”-аар заасан тул шүүгдэгч Т.Бт оногдуулсан 11.000 нэгж нь 11.000.000 төгрөгтэй тэнцэхээр байна.
Шүүгдэгч Т.Бын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор эрүүгийн хуульд заасан.
Шүүгдэгч Т.Бын гэмт үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Иийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 450.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь түүний “Иийг Улаанбаатарт байхад нь 450.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-35/, хохирогч О.Иийн “гомдол саналгүй” гэх хүсэлт зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүх хохирогч О.Ит учирсан зүүн нүдний хараа 0 болсон хүнд гэмтэл, цаашид хагалгаанд орох шаардлагатай гэх гэмтлийн үлдэц хор уршгийн шинж, хохирогчийн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлгийг харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Бт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй хийсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Тгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ит эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.И нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ