Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/198

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Б.Чинзориг /тээвэр/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд,

иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Б,

шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Ш-д холбогдох эрүүгийн 2003005420026 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ********** аймгийн ************** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “**************” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр 2 хүүхдийн хамт ****************дүүргийн **************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ын Ш /РД: ************/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Ш нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10 цаг 00 минутын орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Барс” худалдааны төвийн хойд замд Хьюндай Портер маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Баттулгыг мөргөн, ослын улмаас О.Баттулгын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би өглөө гэрээсээ гараад ажил руугаа явж байсан бөгөөд гадаа цас орж байсан. Барс захын замаар явж байхад явган хүний гарцаар хүн гарч байхыг хараад тоормос гишгээд дуут дохио өгсөн боловч амжаагүй тэр хүнийг мөргөсөн. Машинаас буугаад тэр хүнийг босгох гэсэн боловч хажууд байсан хүмүүс босгоод хэрэггүй гэхээр нь түргэн тусламж дуудсан. Миний буруутай үйлдлээс болж осол гарсан. Цаашид хохирогчийн ар гэрт чадахаараа тусална...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Шүүгдэгч Г.Ш нь хохирол төлбөр барагдуулах талаар уулзаж утсаар ярихад ямар ядаргаатай юм бэ гээд байдаг. Хохирлын тухайд өмнө гаргасан нэхэмжлэлээс төлөгдөөгүй үлдсэн 1.310.815 төгрөг дээр нэмээд өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, амь хохирогч нь сарын 700.000 төгрөгийн цалинтай байсан, 65 нас хүртэл хөдөлмөр эрхлэх боломжтой байсан бөгөөд түүний 14 жилийн ажлын цалин болох 117.600.051 төгрөг, Буяны ажилд ном уншуулсны төлбөр 770.000 төгрөг, охин С-ийн аавыгаа сахисан хугацааны буюу 1 сарын цалин болох 750.000 төгрөг, нийт 124.120.051 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн насанд хүрээгүй буюу 13 настай, 9 настай 2 хүүхдэд үлдсэн тэдэнд Улаанбаатар хотын бүсчлэлээр тооцож тэжээгчээ алдсаны тэтгэмжийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-12/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн:

“...Ослын бичлэгийн он, сар, өдөр, цаг, минут, секунд нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 57 минут 11 секундээс эхэлж 09 цаг 57 минут 58 секундэд дуусаж байна. Бичлэгт Барс захын хойд зам харагдах ба явган зорчигч нар явган хүний гарцаар зас хөндлөн гарч байгаа харагдаж байна. Бичлэгийг 57 минут 22 секундэд хойноосоо урагш чиглэлтэй хоёр гартаа цагаан өнгийн тортой юм барьсан эрэгтэй хүн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа нь харагдаж байлаа. 57 минут 27 секундээс 57 минут 30 секундийн хооронд цагаан өнгийн бүхээгтэй Портер маркийн машинд хойноосоо урагшаа чиглэлд явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж байгаа бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл /хх 25/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-гийн:

“...Би талийгаач О.Б-ын эхнэр байгаа юм. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажилтай гээд гэрээсээ 08 цаг өнгөрч байхад гараад явсан. Манай талийгаач Барс зах дээр хувиараа ачигчаар 2004 оноос хойш ажиллаж байгаа. Тухайн өдөр 12 цаг үед осол ороод гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байна гэхээр нь яваад очиход тархины хагалгааны өрөөнд орсон байсан. Би 3 хоног гэмтлийн эмнэлэг дээр сахисан. 2 удаа хагалгаанд орсон. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаад 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ухаангүй гэртээ гарсан. Тэгээд 4 хоноод 2020 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг 27 минутад нас барсан...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ын:

“...Манай компанийн ажилтан зам тээврийн осол гарган хүний алтан амь хохироосонд харамсаж байна. Гэм буруугийн асуудал шүүхээр нэг мөр шийдэгдэхээр учруулсан хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэнэ...” гэсэн мэдүүлэг /хх 55/,

Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн:

“...Хьюндай Портер маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн улсын дугаарын гэрэл асахгүй, спидометр ажиллахгүй байгаа эвдрэл, гэмтэл ашиглалтын явцад үүссэн байх боломжтой. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат, АВЗ системтэй. Тоног төхөөрөмжөөр болон туршилтын жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангахгүй, хоёр дугаар тэнхлэгийн дугуйн ажлын тоормос зогсоогүй. Зогсоолын тоормос зогсоогүй...” гэсэн дүгнэлт /хх 122-126/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13245 дугаартай:

“...О.Б-ын биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 135-137/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай:

“...Талийгаачид шүүх эмнэлгийн цогцос шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, баруун зулай, чамархай, суурийн их далавч руу салаалсан хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх 103-110/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 01 дугаартай магадалгаа /хх 141/,

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны “Б” ХХК-д явуулсан албан тоот, “Б” ХХК-ийн итгэмжлэл олгох тухай албан бичиг /хх 53-54/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 30-31/,

Хохирол төлсөн баримтууд /хх 30-31/,

Амь хохирогч О.Б-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн хийсэн тэмдэглэл /хх 63/,

Шүүгдэгч Г.Ш-ийн “Б” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ /хх 155-157/,

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн шинээр гаргаж өгсөн 8 хуудас, шүүгдэгчийн өмгөөлөгчийн 19 хуудас нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Ш-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Г.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс явган зорчигч О.Б-ыг мөргөж, ослын улмаас О.Б-ын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Г.Ш нь гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар “Б” ХХК-ийн татсан нь үндэслэлтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад зардалд нэхэмжилсэн хохирлыг гаргуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсонд харамсаж байна. Компанийн зүгээс нотлох баримтын хэмжээнд тогтоогдсон хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Г.Ш нь хүний амь нас хохирсон гэм буруугийн асуудал дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Ш-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Г.Ш нь: 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10 цаг 00 минутын орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Барс” худалдааны төвийн хойд замд Хьюндай Портер маркийн 00-00 ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Б-ыг мөргөн, ослын улмаас О.Б-ын амь насыг хохироосон болох нь:   

- 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “...цагаан өнгийн бүхээгтэй Портер маркийн машинд хойноосоо урагшаа чиглэлд явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж байгаа бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-гийн “...Тухайн өдөр 12 цаг үед осол ороод гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байна гэхээр нь яваад очиход тархины хагалгааны өрөөнд орсон байсан. Би 3 хоног гэмтлийн эмнэлэг дээр сахисан. 2 удаа хагалгаанд орсон. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаад 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ухаангүй гэртээ гарсан. Тэгээд 4 хоноод 2020 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг 27 минутад нас барсан...” гэсэн мэдүүлэг,

- Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...Хьюндай Портер маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн улсын дугаарын гэрэл асахгүй, спидометр ажиллахгүй байгаа эвдрэл, гэмтэл ашиглалтын явцад үүссэн байх боломжтой. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат, АВЗ системтэй. Тоног төхөөрөмжөөр болон туршилтын жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангахгүй, хоёр дугаар тэнхлэгийн дугуйн ажлын тоормос зогсоогүй. Зогсоолын тоормос зогсоогүй...” гэсэн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13245 дугаартай “...О.Б-ын биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 01 дугаартай магадалгаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Мөн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардана.

Тус хэрэгт шүүгдэгч Г.Ш нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан буюу хүний амь нас хохирсон байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагч дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Ш-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

  • Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан бөгөөд тус зам тээврийн осол хэргийн улмаас иргэн О.Б-ын амь нас хохирсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор Хьюндай Портер маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч “Б” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан бөгөөд Г.Ш нь дээрх байгууллагад хэлцлийн үндсэн дээр ачигчаар ажил үүрэг гүйцэтгэж байсан, Г.Шийн ажил үүргээ гүйцэтгэх явцад зам тээврийн осол гаргаж бусдад учруулсан хохирлыг ажил олгогч нь хуульд заасны дагуу хариуцах үүрэг бүхий этгээд байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Ш нь иргэний хариуцагч “Б” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулж ачигчаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед ажилдаа явж байхдаа зам тээврийн осол хэрэг гаргажээ.

Шүүгдэгч Г.Ш-ийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас иргэн О.Б-ын амь нас хохирсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 4.764.315 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгснөөс 3.453.500 төгрөгийн хохирол төлөгдсөн байх тул үлдэх 1.310.815 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мд олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-гаас шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, амь хохирогч нь сарын 700.000 төгрөгийн цалинтай байсан, 65 нас хүртэл хөдөлмөр эрхлэх боломжтой байсан бөгөөд түүний 14 жилийн ажлын цалин болох 117.600.051 төгрөг, Буяны ажилд ном уншуулсны төлбөр 770.000 төгрөг, охин С-ийн аавыгаа сахисан хугацааны буюу 1 сарын цалин болох 750.000 төгрөг зэрэг нийт 124.120.051 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн насанд хүрээгүй амь хохирогчийн 2 хүүхдэд Улаанбаатар хотын бүсчлэлээр тооцож тэжээгчээ алдсаны тэтгэмжийг гэм буруутай этгээдүүдээс гаргуулахаар тус тус нэхэмжилсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх тул х
охирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлсөнд 5.000.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийн тухайд хохирогч нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 5.000.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 119.120.051 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Г.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Шүүхээс шүүгдэгч Г.Ш-ийг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн төлөөлөгч нараас хохирол төлбөр төлөх талаар завсарлага авсан боловч энэ хугацаанд хохирол төлбөр төлөх ажиллагаа хийгээгүй. Гэм буруугаа ойлгоогүй байх тул улсын яллагчийн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг дэмжихгүй байна. Шүүгдэгчид 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байсан” гэсэн дүгнэлтийг,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...“Б” ХХК-ийн зүгээс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 1.310.815 төгрөгийн хохирлыг төлөх болно. Шүүгдэгч Г.Ш-ийн хувьд байгууллагадаа нэр хүнд сайтай, ажилдаа сайн залуу. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тодорхой үнийн дүн дээр хохирол төлөх талаар ярилцсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа энэ бүгдийг харгалзаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Г.Ш нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр байхгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Г.Ш нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл
байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Ш-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хүний амь нас хохирсон байдал, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, улмаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.  

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2003005420026 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Г.Ш-ийн В, С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1148157 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүйг болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийг 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Б” ХХК-иас 1.310.815 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 119.120.051 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ш-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

         

        

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ