Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/173

 

 

 

 

 

    2021       03         15                                    2021/ШЦТ/173

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч О.Б,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Боржгон овогт О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111000160110 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, телефон нууц холбооны мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ажилладаг, ам бүл 6, эх, эгч, эгчийн хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 23-392а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржгон овогт О.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлт бичигдсэнээр/ яллагдагч О.Б  нь мэдээллийн технологи ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршин мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  О.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 18-наас 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант 23 дугаар гудамжны 392а тоот өөрийн гэрээсээ мэдээллийн технологи буюу фейсбүүкээр шууд бичлэг хийж, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техас” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан бусдаас нэг тоглолтын 10.000 төгрөгийг 500 гаруй удаа найз охин гэх Э.Маралмаагийн Хаан банкны 5890779742 дугаарын дансаар шилжүүлэн авч ашиг олсон  гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 21-ний хооронд фейсбүүкээр лайв хийж мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Зохион байгуулахдаа найз охин Маралмаагийн 5890779742 дугаартай дансыг ашигласан. Покер техас 6 хүн тоглох боломжтой 10 хүний 10.000 төгрөгөөр 6 хүн тус тус хөзөр дээр бооцоо тавьж газраас сөхөх 5 хөзөртэй. Өөрсдийн гарын модоо нийлүүлж аль илүү модтой 1 хүн ялж 50.000 хожно. Би нэг тоглолтоос 60.000 төгрөг олдог. Би ганцаараа зохион байгуулсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73х/,

- гэрч Ц.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хаан банкны 5131080163 дугаарын данс бол миний данс. Фейсбүүкээр цахим сүлжээнд лайв техас зохион байгуулж байхад нь би уг тоглоомыг тоглох зорилгоор данснаасаа мөнгө шилжүүлсэн. Би хөл хорионы үед гэртээ уйдаад фейсбүүкээр тоглосон. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 55х/,

- гэрч П.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хөл хорионы үед гэртээ фейсбүүк үзэж байхад орж ирээд азаа үз гэж байхаар нь азаа үзэх зорилгоор тоглосон. Техас тоглоом байсан. Азаа үзэж уйдаагаа гаргах гэж тоглосон. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 57х/,

 - гэрч Н.Наранбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Хаан банкны 599010933 дугаарын цалингийн данс ашигладаг. Миний энэ дансыг надаас өөр хүн ашигладаггүй. Хүмүүс цахимаар покер тоглоом тоглоод байхаар нь би сонирхоод уг тоглоомыг тоглож үзсэн юм. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цахимаар покер гэх тоглоомыг тоглох гээд 13 удаа тус бүр 10.000 төгрөг 5890779742 данс руу шилжүүлсэн. Тухайн данс эзэмшигч нь Э.Маралмаа гэж хүн байсан бөгөөд гүйлгээний утга хэсэгт өөрийн ашигладаг фейсбүүк хаягийн нэр болох Naranbayar Baagii гэдэг нэрийг бичээд шилжүүлдэг юм. Тухайн цахим тоглоомыг тоглоход 5890779742 данс руу 10.000 төгрөг хийгээд тэр мөнгөөрөө бусад тоглогч нартай бооцоо тавьж тоглодог юм. Тухайн дансанд хийсэн мөнгөө бооцоонд тавиад алдсан тохиолдолд дахин 5890779742 данс руу 10.000 төгрөг шилжүүлээд дахиад тоглох эрх авч тоглодог байсан. Тэгээд нэг өдөр 13 удаа мөнгө шилжүүлсэн юм. Би өөрөө тус тоглоомыг зохион байгуулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 61х/,

- Э.Маралмаагийн Хаан банкны 5890779742 дугаар дансны хуулга /хх-ийн 24-38х/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-51х/,

- Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг /хх-ийн 81х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг  хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Иймд шүүгдэгч О.Б мэдээллийн технологи буюу өөрийн фейсбүүк хаягаа  ашиглан шууд бичлэг хийж ашиг олох зорилгоор, “Техас” гэх нэртэй тоглоомыг хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршин мөрийтэй тоглоом зохион байгуулан ашиг олсон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өөрийнх нь  санал, түүний орлого олох боломж зэргийг шүүх харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржгон овогт О.Б мэдээллийн технологи ашиглан, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршин мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар О.Б торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.БАТГЭРЭЛ