Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/181

 

 

 

 

 

 

 

 

    2021        03          22                                    2021/ШЦТ/181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Н.Т,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тангад овогт Н.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111000000122 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, Контенер Хаус ХХК-д зургийн инженерээр ажилладаг, ам бүл 3, эх, эгчийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2/4 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 10-13 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Тангад овогтой Н.Т

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлт бичигдсэнээр/ яллагдагч Н.Т  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Н.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргоос Гандангийн уулзвар орох замд тээврийн хэрэгсэл дотор “толгой руу гараараа цохилоо” гэх шалтгаанаар хохирогч Г.Болорцэцэгийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж бие махбодид нь хамрын ясны хугарал, тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхины дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Н.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 18-19-ний шилжих шөнө өөрийн танил Мөнхзаяа ах, Болорцэцэг, Сарангэрэл, Уянга бид нар Нямка гэх манай найзын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах гэрт нь ууж, идэж сууцгаасан юм. Тэгээд байж байтал 03 цагийн үед санагдаж байна цагдаа нар дуудлагаар ирлээ гээд Нямкаг авч яваад бид нарыг тараасан юм. Бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор дуудлагын жолооч дуудаад Мөнхзаяа ахын тээврийн хэрэгсэл дотор сууж байтал Болорцэцэг намайг гэрт хүргээд өгчих гээд дахин дахин намайг хөдлөөдөх гээд байхаар нь би дуудлагын жолооч ирэхээр нь явъя гэж хэлтэл одоо цагдаа үлээлгэхгүй гээд уурлаад байхаар нь би чи явмаар байгаа юм бол такси бариад явчих гэтэл та 2 өөрсдөө авчирсан юм чинь өөрсдөө хүргэж өг гэхээр нь чи ямар амиа хичээсэн юм бэ? гэж хэлээд байж байтал дуудлагын жолооч хүрээд ирсэн юм. Ингээд дуудлагын жолооч ирэхээр нь би хойно Болорцэцэгийн хажууд нь суугаад хөдлөөд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Баянбүрдийн тойргоос Гандангийн уулзвар хүрэх замд мөнхзаяа ахын тээврийн хэрэгсэл дотор хэрэлдэж байтал миний толгой руу Болорцэцэг, Уянга нар гараараа цохиод байхаар нь би Болорцэцэгийг хэл амаар доромжилж байгаад одоо болиоч гэж хэлээд хойшоогоо толгойгоороо хүчтэй гэдийгээд Болорцэцэгийн хамар луу нь цохиж хамрыг нь хугалчихсан юм. Тэгээд бөөнөөрөө ГССҮТ-д очиж үзүүлтэл хамар нь хугарсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,

- хохирогч Г.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 04 цагийн орчим Нисдэг машин орчим байрлах Тэмүүжингийн найз болох Нямка гэх залуугийн гэрт Сарангэрэл, Уянга, Тэмүүжин, Тэмүүжингийн ах нь гэж танилцуулсан залуу бид нар Нямкагийн гэрт сууж байтал ойр орчмын нэг айл нь дуудлага өгсөн байсан юм. Тэгээд цагдаа нар ирээд Нямкаг авч яваад бид нарыг гэрлүүгээ яв гээд тараасан юм. Бид нар гэрээс гарч дуудлагын жолооч дуудаад хүлээж байхдаа би Тэмүүжинг “намайг нэгдүгээр хороололд хүргээд өгөөч” гэж хэлтэл Тэмүүжин надад “чи ямар амиа хичээсэн юм бэ? манай найзыг цагдаа нар аваад явчхаад байхад чи юм бодохгүй байна уу?” гэхээр нь “угаасаа цагдаагаас авч явж чадахгүй юм чинь гэр лүүгээ эртхэн харьмаар байна” гэж хэлтэл намайг гичий, янхан, эрэгтэй хүний дэвсгэр, нүх гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад бид нар Тэмүүжингийн ахын машинд суугаад 1 дүгээр хороолол орох гээд Баянбүрдийн тойргоос Гандангийн уулзвар хүртэл зам дагуу явж байтал Тэмүүжин ахиад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тэсэхээ болиод түүний толгой руу гараараа нэг удаа түлхтэл Тэмүүжин сууж байгаад толгойнхоо дагз хэсгээр миний хамар луу нэг удаа мөргөтөл миний хамраас цус гараад бид нар бөөндөө ГССҮТөв дээр очиж үзүүлтэл миний хамрыг хугарсан байна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9х/,

-гэрч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид нар гадаа Тэмүүжингийн машин дотор дуудлагын жолооч дуудчихаад хүлээгээд сууж байтал Болороо одоо гэр лүүгээ харьцгаая гээд Сарангэрэл бид хоёрыг такси бариад явъя гэтэл Тэмүүжин гэнэт Болороог “чи бол зүгээр нүх, би чам шиг хүнийг анх удаа харж байна, гичий, янхан” гэх зэргээр доромжилж байтал дуудлагын жолооч ирээд Тэмүүжин жолоочийн сандал дээрээс босоод хойд талын сандал дээр Сарангэрэл, Болороо бид гуравтай хамт суугаад Болороогийн хажууд суусан юм. Ингээд бид нар Москва хороолол орохоор Баянбүрдийн тойргоос Гандан орох уулзвар луу явж байтал Тэмүүжин машин хөдөлснөөс хойш Болороог хэл амаар доромжлоод байхаар нь Болороо тэвчилгүй “чи одоо ямар сонин юм бэ” гээд Тэмүүжингийн нүүр лүү гараараа түлхтэл Тэмүүжин “ёо пизда, миний ээж миний толгой руу хүрч байгаагүй шүү” гэж хэлээд хэсэг уурлаж, шүд амаа зууж байгаад албаар толгойгоороо Болороогийн хамар луу мөргөсөн. Тэгээд Болороогийн хамарнаас цус гараад бид нар гэмтэлд очиж үзүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/,

    • гэрч Т.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Болороо Тэмүүжинд одоо гэр лүүгээ харьцгаая Нямкаг гаргаж авч чадахгүй юм чинь гэж хэлтэл уурлаад Болорцэцэгийг гичий, янхан, нүх зэргээр доромжилж байтал дуудлагын жолооч ирсэн юм. Ингээд Баянбүрдийн тойргоос Гандан орох замд явж байтал Тэмүүжин Болороог дахин хэл амаар доромжлохоор нь Болороо Тэмүүжингийн толгойноос нь түлхтэл Тэмүүжин уурлаад Болороогийн хамар луу нь толгойны дагзаар хойшоогоо мөргөтөл Болороогийн хамраас их хэмжээний цус гарахаар нь бид нар ГССҮТ орж үзүүлтэл хамар нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,

-шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 894 дугаартай “...Г.Болорцэцэгийн биед хамрын ясны хугарал, тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхины дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.Тийг хохирогч Г.Болорцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас мөргөлдөж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Тангад овогт Н.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Тийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Н.Тийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.БАТГЭРЭЛ