| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0149/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/177 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/177
2021 03 16 2021/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
иргэдийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Балдан,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Духаар овогт Б.О холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2111000000023 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашины цахилгааны засварчин ажилтай. Ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 27 дугаар гудамжны 3376 тоотод оршин суух хаягтай. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Хэрэг хариуцах чадвартай, Духаар овогт Б.О
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.О нь хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 6 дугаар гудамжны 166 тоотод амь хохирогч Н.Алтансүхтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ “гуйлгачин, тахир дутуу хүн” гэж доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нуруун тус газарт нь 2 удаа хутгалж, амь насыг нь хохироосон гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
- шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...талийгаач нь намайг хэл амаар доромжлоод тахир дутуу, гуйлгачин, зайл гээд нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон болохоор тухайн үед халамцуу байсан болохоор нүдэнд хутга харагдахаар нь авч нуруу руу нь 2 удаа хутгалж амь насыг нь хохироосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 91-95х/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Балдангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд манай дүү Б.Ууганбаяртай нэг газар ажилладаг манай гэрийн ойролцоо байдаг гэдгээр нь таньдаг У.Энхжаргал гэх хүнээс утсаар мэдэж авсан. У.Энхжаргал нь надад хэлэхдээ таны ах Н.Алтансүх хүнд хутгалуулаад Гэмтэл согог судлалын үндэсний төврүү хүргэгдсэн гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19х/,
- гэрч У.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Алтансүх ахын гэрт орой 21 цагийн үед тамхи асуух гээд ороход гэрт нь Оюунбаатар, Алтансүх хоёр л байсан ... энэ хоёр Зүүнбаянгийн цэргийн ангид алба хаасан гэсэн тэгээд Алтансүх нь дээд оных нь цэрэг, Оюунбаатар нь доод оных нь цэрэг байсан гээд цэрийн амьдрал яриад хоорондоо маргалдаж байсан ... тэгээд жорлон орж шээчихээд ороод ирэхэд Оюунбаатар гартаа хутга барьчихсан Алтансүх ахын дээр нь гараад суучихсан хоорондоо зууралдаж байсан, тэгээд би хутгыг нь булааж авч цааш нь тавиур дээр тавиад тэр хоёрыг салгаад Алтансүх ахын өмсөж байсан подволкыг сөхөөд харахад далных нь хоёр талаас цус их гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,
- гэрч Б.Оюунболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би өөрийн төрсөн ах Б.Отай 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу хэрэг болохын урд өдөр уулзсан намайг гэртээ байхад гэрээр орж ирээд гараад явсан доогуур явж байгаад талийгаачийн гэр рүү явна гээд явсан. ...талийгаачтай бол сар гарны өмнө гэрт нь очиж түүнтэй уулзаж байсан хүнсний картыг нь авч түлш авах гээд орход талийгаач болон манай ах Б.О талийгаачийн төрсөн дүү Балдан нар цуг сууцгааж байсан тэгэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл хоорондоо юм яриад сууж байсан. Талийгаач болон манай ах хоёр хоорондоо их сүрхий миний найз гээд хэн хэн нь тэгж яриад л явж байдаг гэмгүй найз нөхдийн холбоотой харагдаж байдаг. Урьд өмнө нь хоорондоо маргаж зодоон цохион хийлээ гэж сонсогдож байгаагүй...” мэдүүлэг /хх-ийн 24-26х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 130 дугаартай “... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр нурууны баруун далны дотор талд, нугалмын хажуугийн шугамаар 1, 2 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн шарх, цээжний баруун хөндийн /1600 грамм/ цус алдалт, баруун мөрний гүн хатгагдсан шарх, үнхэлцэг хальсны цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй ... Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрсэн уушгийг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдаж нас баржээ ... талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ ... талийгаачид учирсан гэмтлүүд нь амьд даа үүсгэгдсэн байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 37-40х/,
- биологийн шинжилгээний хариу /хх-ийн 41-46х/,
- шинжээч эмч Т.Амартүвшиний мэдүүлэг /хх-ийн 47-49х/,
- криминалистикийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-67х/,
- өвчтөний түүх /хх-ийн 51-59х/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 43 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-80х/,
- гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн 4х/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-6х/,
- гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8х/,
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9х/,
- гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11х/,
- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Оыг өөрийн найз болох амь хохирогч Н.Алтансүхтэй хамт архидан согтуурч байх явцдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан улмаар шууд санаатайгаар амь хохирогчийг 2 удаа хутгалж алсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийг буруутай гэж үзэж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Балдан нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Оын ар гэрийн зүгээс 1.400.000 төгрөгийг өгсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.От ял шийтгэл оногдуулахдаа хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн 70 хувийн группт байдаг хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх зорилгоор 8 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “... шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг оногдуулж өгнө үү... ” гэсэн саналыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад: “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учиржээ. Хүний амь нас хохирсон хохирлыг нөхөн төлнө гэсэн ойлголт байхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон оруулган иштэй, эвхэгддэг, нийт урт 19 см, ажлын хэсгийн урт нь 9 см хэмжээтэй хутгыг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Духаар овогт Б.О хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Оын цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон оруулган иштэй, эвхэгддэг, нийт урт 19 см, ажлын хэсгийн урт нь 9 см хэмжээтэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ
ШҮҮГЧИД П.АРИУНБОЛД
Б.МӨНХБАЯР