| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/33 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/33
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Б.С,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Б-ийн С-д холбогдох 2128000250028 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ж овогт Б-ийн С /РД:КЮ0000000/
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эцэг Д.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед халдан, баруун хөмсөг, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.С-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед хойд эцэг архи ууж агсан тавьснаас болж хоорондоо маргалдсан. Бага зэргийн маргаан үүссэн. Одоо хоорондоо ярилцаж учраа олсон. Бие биеэсээ уучлалт гуйж дахиж ийм асуудал болохгүй гэж сайтар ярилцсаны үндсэн дээр учраа олсон байгаа.
Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр миний төрсөн өдөр болоод би 1 шил 1 литрийн Эдэн нэртэй архийг найз Өтай хамт багш нар эмнэлгийн орон сууцанд Өын гэрт нь хувааж уучихаад нэлээн согтоод гэртээ очиход манай дунд хүү С түлээ хагалаад байж байхаар нь би “С одоо ажил олж хийхгүй залхуу байна” гэх мэтээр согтуурхаж үглэсэн. Учир нь С ажил хийгээгүй 5-аас 6 жил компьютер тоглоод байгаа юм. Тэгээд би жаахан үглээд толгой тархи руу нь чичлээд гараа зангидаж байгаад толгой руу нь бага зэрэг цохьчихсон. Дахиад цохих гээд далайтал С намайг зөрүүлээд цохьчихсон. Нэг ухаан орсон чинь би эрүүлжүүлэхэд байсан. Миний баруун нүд хөхөрчихсөн хөмсөгнөөс бага зэрэг цус гарчихсан байсан. Түүнээс өөр ямар нэгэн зүйл бол болоогүй. Ер нь бол би л согтуугаараа агсан тавьж хүүхдээ цохиж байгаад би өөрөө гэмтсэн болохоос биш түүний буруу биш. Уг нь хэсгийн байцаагч Ц-т би шинжээч эмчид үзүүлэхгүй гэж хэлсэн боловч намайг заавал үзүүлэх ёстой гэсээр байгаад үзүүлсэн. Гадаа түлээний амбаарын гадна байхад цохьсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 08-09-р хуудас/
Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим би Цогжавхлан 2-т хүү Мтэй хүнсээ цуглуулаад явж байтал Марвелаас нэг хүн Г ах ажил хийлгэхгүй байна. Та хүрч ирээд аваатахаач гэж хэлэхээр нь би гэрээс хол явж байна гэж хэлтэл өө тийм үү гээд утсаа салгасан. Удалгүй ач охин Н эмээ та хурдан ирэхгүй бол өвөө С ахыг зодох гээд байна. Та хурдан хүрээд ир гэж хэлсэн. Гэрт орж очтол миний ач охин Н хүүхдээ тэвэрчихсэн уйлчихсан өвөө хашгичаад хүүхэд айлгаад байна гэчихсэн зогсож байсан. Надад “С аавыг гэрээс арай чүү гэж гаргалаа” гэж хэлсэн. Охин Н надад хэлэхдээ “С ахыг гал түлэх гээд бөхийгөөд сууж байхад өвөө гаднаас согтуу орж ирээд араас нь чамайг зодчих уу гээд гараа толгой руу нь 1 удаа нудраад авсан” гэж хэлсэн. Надад С ярихдаа “аав намайг гадаа юм хийгээд сууж байхад гаднаас согтуу орж ирээд Сээ чамайг би ална шүү гээд толгой руу цохьсон, мөн гэрт гал түлэх гээд сууж байхад гөлөг минь чамайг би ална шүү гэхээр нь би чимээгүй та цаанаа байж бай аав гэж хэлсэн чинь Г нь хэл амаар доромжилж ална хядна үзэх үү гэхээр нь би аавыг коридорт хаалга дэлгээд орилохоор нь гэрээс коридор руу гаргах гээд гэрээс арай чүү гаргасан. Г хүү Сийг боогоод авахаар нь аавыг нэг удаа цохиж байж салгалаа” гэж хэлсэн. Манай нөхөр Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд ар гэртээ агсан тавьж хүүхдүүд болон намайг айлган сүрдүүлж хэл амаар доромжилсны улмаас би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Б.С нь биеэ хамгаалахын тулд Д.Гийн бие эрх чөлөөнд халдсан. Д.Гийн бие эрх чөлөөнд бэртэл гэмтэл учирсан, баруун нүд нь хөхөрсөн. Д.Г нь гэр бүлийхнийгээ ална хядна, гичий, гөлөгнүүд гэсэн аль муу бүх үгийг хэлдэг. Д.Гийн ар гэртээ агсан тавьсан нь ганц удаагийн үйлдэл биш ээ. Олон жил агсан тавьж айлган зовоож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа. Д.Г нь гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гаднаас ирэхдээ 0.75 литрийн 1 шил Болор архи гаднаас барьж гэрт ирсэн байсан. Д.Г нь хүү Т.С-Эрдэнийг урьд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загнаж , зандарч, бие эрх чөлөөнд нь бага хэмжээгээр халдаж байсан. /хх-ийн 26-р хуудас/
Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар бүгдийг үнэн зөв ярьсан учраас надад дахин ярих шаардлага байхгүй. Миний төрсөн эцэг биш. Манай ээжийн хэлснээр намайг их бага байхад манай ээж А Гтой суусан болохоор миний бараг төрсөн эцгээс өөрцгүй. Би 10 жилээ төгсөөд Шанхай хотод Олон улсын худалдааны чиглэлээр их сургуульд сурч байгаад дундаас нь хаяад ирчихсэн. Би аавыг цохиход хаалга руу налж унасан. Тэр үедээ хаалга мөргөсөн ч байж магадгүй. Би яг сайн хараагүй учраас хэлж мэдэхгүй байна. Баруун талынх нь нүдний дээд талаас цус гараад сэтэрчихсэн байсан. /хх-ийн 41-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 519 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Гийн биед баруун хөмсөг, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Д.Гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-29-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 84 дугаартай тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/
Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47-р хуудас/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй хэдий ч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.
Улсын яллагч шүүгдэгч Б.С-ийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Батмөнхийн 2-0 тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эцэг Д.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед халдан, баруун хөмсөг, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, шүүгдэгч Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хүндрүүлэн хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр нь 6.1.1 бие махбодын хүчирхийлэл, 6.1.2 сэтгэл санааны хүчирхийлэл, 6.1.3 эдийн засгийн хүчирхийлэл, 6.1.4 бэлгийн хүчирхийллийн хэлбэртэй байна гэж хуульчилсан.
Хохирогч Д.Г нь шүүгдэгчийн хойд эцэг хэдий ч гэр бүлийн харилцаатай, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс хоорондоо зодолдсон тохиолдол бүр гэр бүлийн хүчирхийлэл биш юм.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.С-ийн хохирогч Д.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хэлбэрийг агуулаагүй буюу гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл хохирогч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хүүхдэд хүч хэрэглэсэн, сэтгэл санааны дарамт үзүүлсэн байдал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Л.Агийн мэдүүлэгт: аав намайг гадаа юм хийгээд сууж байхад гаднаас согтуу орж ирээд Сээ чамайг би ална шүү гээд толгой руу цохьсон, мөн гэрт гал түлэх гээд сууж байхад гөлөг минь чамайг би ална шүү гэхээр нь би чимээгүй та цаанаа байж бай аав гэж хэлсэн чинь Г нь хэл амаар доромжилж ална хядна үзэх үү гэхээр нь би аавыг коридорт хаалга дэлгээд орилохоор нь гэрээс коридор руу гаргах гээд гэрээс арай чүү гаргасан гэж хэлсэн. ...Д.Г нь гэр бүлийхнийгээ ална хядна, гичий, гөлөгнүүд гэсэн аль муу бүх үгийг хэлдэг. Д.Гийн ар гэртээ агсан тавьсан нь ганц удаагийн үйлдэл биш ээ. Олон жил агсан тавьж айлган зовоож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа... /хх-ийн 26-р хуудас/, хохирогч Д.Гийн мэдүүлэгт: ... Тэгээд би жаахан үглээд толгой тархи руу нь чичлээд гараа зангидаж байгаад толгой руу нь бага зэрэг цохьчихсон.... /хх-ийн 09-р хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.С-ийн эх Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хохирогчийн үйлдлийг таслан зогсоосон байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 519 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Гийн биед баруун хөмсөг, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Д.Гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-29-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогч Д.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 08-09-р хуудас/ гэх тул шүүгдэгч Б.С-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С-ийн хувийн байдал нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 84 дугаартай тодорхойлолтод: Б.С нь Даланзадгад сумын Далан 3 дугаар баг, 11-2-10 тоот хаягт ам бүл дөрвүүл оршин суудаг болно /хх-ийн 44-р хуудас/ гэснээр, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45-р хуудас/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбараар ерөнхий боловсролын сургууль төгссөн /хх-ийн 47-р хуудас/ гэснээр, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “Бүртгэгдээгүй” /хх-ийн 53-р хуудас/ гэснээр тус тус тодорхойлогдож байна.
Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Д.Г нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА