Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч, хохирогч: С.О, Б.М,

Өмгөөлөгч: Э.Дөлгөөн,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн С-ийн О, Т овгийн Б-ийн М нарт холбогдох 2128000000000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овогт С-ийн О, регистрийн дугаар КГ00000000000,

Монгол улсын иргэн, Т овогт Б-ийн М, регистрийн дугаар КГ00000000,

Шүүгдэгч Б.М нь сумын нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.О нь сумын нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.М, С.О нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.

Шүүгдэгч С.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.

Хохирогч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.

Хохирогч С.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө хөдөө гэрээсээ Гурвантэс сумын төвд ирсэн. Тэгээд Гурвантэс сумын Шугшаа гэр хорооллын 4-13 тоотод байх гэртээ очиж амарсан. Маргааш нь би гэрээ цэвэрлэж, хашаагаа засаж гэртээ цагийг өнгөрөөсөн. Орой 16 цагийн үед буцаад хөдөө гэррүүгээ явах гэж байхад миний ээжийн талын хамаатан У.Х- нь манайд ирж надтай уулзсан. У.Х нь суманд ирж бензин авчихаад хөдөө гэррүүгээ буцах гэж байсан. Тэр үед манай хашаанд байдаг С.О ах бас хөдөө гэррүүгээ явах гэж байсан тул У.Х, С.О бид нар хамт хөдөө явахаар болсон. Энэ үед У.Х замд гарахын өмнө пиво уух санаа гаргасан ба У.Х бид хоёр “Сувдан сондор” гэх дэлгүүрт очиж 1 ширхэг 2.5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво авч Шугшаа гэр хорооллын 4-13 тоотод эргэж очиж С.О ахыг аваад нар шингэх үеэр Гурвантэс сумын төвөөс баруун зүгт гарч хээр авсан пивоо хувааж ууцгааж юм ярьж суусан. Пиво талдаа орж байх үед С.О пивондоо халаад надад хандаж “Би чамайг хоёр цохих эрхтэй хүн шүү” гэж хэлээд миний баруун шанааруу цохьсон. Дараа нь дахиж миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэр үед нь би хариу үйлдэл хийгээгүй. Тэгтэл С.О миний зүүн хөмсөг рүү мөргөсөн. Миний зүүн хөмсөг шалбарч цус гарсан тул би зөрүүлж нүүррүү нь 2-3 удаа цохьсон. Энэ үед бид хоёртой хамт байсан У.Х бид хоёрыг салгасан. Удалгүй бид гурав хөдөө гэр рүүгээ явцгаасан. Би замдаа сумын төвд байх гэрийнхээ хаалгыг түгжээгүй орхисноо мартсан байсан тул эргэж сумруу явж Шугшаа гэр хорооллын 4-13 тоотод байх гэрийнхээ хаалгыг цоожилчхоод С.Оийн гэр рүү орох гэтэл гэр нь дотроосоо цоожтой байсан. Би гэртээ эргэж ороод утсаар хүнтэй ярьж байх үед С.Оийн эхнэр гэртээ ирээд надруу залгаж “Чи манай нөхрийг зодсон байна. Эмнэлэгт аваачиж үзүүл” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. С.О ах намайг сууж байх үед миний баруун шанаа руу хоёр удаа цохьсон. Тэгээд бид босож зууралдсан. Тэгтэл С.О ах миний нүүр рүү мөргөчихсөн. Миний зүүн хөмсөгнөөс цус гарахаар нь би зөрүүлээд нүүррүү нь 2-3 удаа цохьсон чинь С.О ах газар унасан. С.О ах газар унах үед би элэг рүү нь 1 удаа өшиглөсөн. У.Х бид хоёрыг салгасан тул дахиж зодолдоогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 36-р хуудас/

Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 01 сарын 14-ний өдөр Гурвантэс сумын төвд байх гэртээ байж байсан. Би тус өдрийн орой хөдөө гэррүүгээ буцах байсан. Тэгтэл 16:00 цагийн үед манай гэрт М, Х хоёр хүрээд ирсэн. Бид гурав юм ярьж байхад М ганц пиво ууцгаая гэж хэлээд дэлгүүр яваад 1 ширхэг 2.5 литрийн савалгаатай пиво аваад ирсэн. Авсан пивоо манай гэрт уух гээд байхаар нь би “манай эхнэр уурлаад байдаг юм аа. Сумын баруун захруу гарч уучихаад цаашаа гэр гэр рүүгээ явцгаая” гэж хэлсэн. Тэр хоёр миний саналыг зөвшөөрөөд бид сумын төвөөс баруун зүгт тал дээр гарч байгаад пиво хувааж ууцгааж янз бүрийн зүйл ярилцсан. Бид гурав авсан пивоо ууж дуусгаагүй байхад М намайг “Хашааныхаа хогийг цэвэрлэхгүй заваан бохир байна” гэж над руу авирлаад байсан. Би хариуд нь “Чи ингэж болохгүй” гэхэд намайг зодно цохино гээд байхаар нь би “би чамаас ах хүний хувьд чамд хэдэн үг хэлэх эрхтэй, бас чамайг ганц хоёр цохих эрхтэй” гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд Мгийн нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон. Дараа нь мөр хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Тухайн үед би Мг заамдсан байсан болохоор нүүррүү нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл М зөрүүлээд миний нүүррүү 2 удаа цохьсон. Х бид хоёрыг салгах үед би газар унасан. Намайг унаж байхад М миний цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид гурав салцгаасан. Манай хөдөө гэр рүү явдаг зам хүйтэн ширүүн салхитай байсан тул би эргээд сумын төв орсон. Намайг гэртээ ирэх үед Х хүрээд ирсэн. Би гэртээ ороод орон дээрээ гараад унтсан. Тэгтэл миний баруун эгэмний доор цээж хэсэг өвдөөд унтаж чадахгүй байсан. Тэр өвдөлт удах тусам илүү хүчтэй өвдөөд хөдлөхөд их зовиуртай байсан. Удалгүй миний эхнэр М.Х ажлаасаа ирээд намайг хараад цагдаа дуудсан. Миний нүүр хавдаж хөхөрсөн. Зүүн нүд хавдраасаа болж тагларсан. Бас Б.Мд өшиглүүлсний дараа миний цээж өвдөөд байсан. Би маргааш нь эмчид үзүүлэхэд намайг зүгээр байна гэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 33-р хуудас/

Гэрч М.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өнөөдөр буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр намайг ажил дээр байх үед нөхөр О маань надруу залгаад “Би Мтай зодолдсон. Эдний хашаанаас нүүцгээе” гэж хэлсэн. Би 22 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга дотор талаасаа түгжээтэй байсан. Тэгээд гэртээ хүргүүлж ирсэн машиндаа үлдээсэн зүйлээ авчихаад эргэж ирэхэд гэрийн хаалга онгойсон байсан. Би гэртээ ороход манай гэрт Х, О хоёр байж байсан. Х сэрүүн, миний нөхөр О унтаж байсан. Би Оийг сэрээх гэж оролдох үед О “ёоё үхлээ цээж өвдөөд байна” гэж хэлээд болохгүй байсан. Тэгэхээр нь Оийн царайг хартал нүүр нь хавдаад аймаар болчихсон байсан. Х надад болсон асуудлыг хэлсний дараа би М руу залгаад “Чи яасан гэж миний нөхрийг ингэж зодож байгаа юм бэ?” гэж хэлсэн. Удалгүй М манай гэр рүү ороод ирсэн. Тэгтэл О, М хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. /хх-ийн 15-р хуудас/

Гэрч У.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өнөөдөр буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр 17 цагийн үед би Гурвантэс сум руу бензин авахаар орж ирсэн. Тэгээд Мтай уулзсан. М надад хандан “Хоёулаа О ахтай очиж уулзъя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Отэй гэрт нь очиж уулзсан. М “би ганц юм олоод ирье” гэж хэлээд намайг дагуулаад явсан. Бид хоёр “Сувдан сондор” дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай пиво авсан. Бид гурав өөрсдийнхөө мотоциклтой Гурвантэс сумын баруун захруу тал дээр гарч байгаад пивоо хувааж ууцгаасан. Авсан пиво талдаа орж байх үед М, О хоёр хашааны асуудлаар хэрэлдээд эхэлсэн. Тэгээд О ах Мн нүүррүү нь хоёр удаа цохьсон. Тэр хоёр зодолдоод эхэлсэн. О ах Мн нүүрийг мөргөж хөмсгийг нь гэмтээсэн. М О ахын нүүр рүү 2-3 удаа цохьсон. Би тэр хоёрыг салгах гэж оролдсон боловч дийлээгүй. Тэгээд О ах хөл алдаад газар унаж байхад М цээжрүү нь өшиглөсөн. Би тэр хоёрыг салгасан. Дараа нь бид гурав харьцгаасан. Гадаа хүйтэн байсан тул би О ахын гэрт амрах санаатай гэрт нь очсон. Би О ахын гэрт орсны дараа О ах орон дээрээ гараад унтаад өгсөн. Удалгүй О ахын эхнэр нь гэртээ ирсэн. Тэгээд О ахыг босгох гэтэл О ах “Миний цээж өвдөөд хөдлөж чадахгүй байна” гэж хэлээд ёолоод эхэлсэн. Энэ үед би болсон асуудлыг О ахын эхнэр болох М.Хд хэлсэн. Тэгээд М.Х цагдаа дуудсан. /хх-ийн 17-р хуудас/

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 01 сарын 13-ны өдрийн орой Гурвантэс сумын төвөөс малын өвс тэжээл авах гэх орж ирсэн. Тэгээд сумын төвд байх гэртээ хоноод маргааш нь гэрээсээ бичиг баримтаа хайгаад олоогүй тул оройдоо буцаж хөдөө гэррүүгээ явахаар шийдсэн. Тус өдөр би гэртээ амарч байхад манай хашаа их хогтой бас хашаа хийсэн пошикны төмөр эвдэрсэн байсныг засаж өдрийн өнгөрүүлсэн. Орой 16 цагийн үед намайг гарах гэж байхад У.Х манай гэрт ирж надтай уулзсан. У.Х, С.О бид гурав садан төрлийн холбоотой хүмүүс байсан тул би У.Хг дагуулж С.Оийн гэрт очиж юм ярьсан. Тэр үед би анх пиво уух санааг гаргаж У.Хг дагуулж “Сувдан сондор” гэдэг дэлгүүрт очиж “Нийслэл” гэдэг нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво 1 ширхгийг авсан. Тэгээд С.Оийн гэрт эргэж ирэхэд С.О “Гэрт архи уухаар эхнэр уурлаад байдаг юм аа. Хэдүүлээ хээр гарч уугаад цаашаа гэр гэррүүгээ явцгаая” гэж хэлсэн. Тэр саналыг У.Х бид хоёр зөвшөөрч гурвуулаа тус тусын мотоциклоо унаад Гурвантэс сумын төвөөс баруун зүгт гарч тал дээр авсан пиво хувааж ууцгаасан. Тус пиво талдаа орж байх үед би С.О ахад хандан “Та хашаагаа цэвэрлэж, хогоо ачуулж бай. Их заваан сууцгааж байна шүү” гэж хэлтэл С.О ах “Би чамаас ах хүний хувьд хэдэн үг хэлэх эрхтэй бас чамайг хэд цохих эрхтэй шүү” гэж хэлээд миний нүүр рүү хоёр удаа цохиод энгэрээс минь заамдаж татаад зүүн хөмсөг рүү мөргөсөн. Миний хөсөг шалбарч цус гарсан тул миний уур хүрээд С.Оийн нүүр рүү 2-3 удаа цохиж зууралдсан. Энэ үед У.Х бид хоёрыг салгах гэж оролдож байхад С.О хөл алдаад унасан. Энэ үед би С.Оийн цээж рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд зодоон дууссан. У.Х бид хоёрыг салгасан тул бид дахиж зодолдоогүй. Тэр даруйдаа гэр гэррүүгээ явцгаасан. Би тэндээс хөдөө гэрийнхээ зүг хөдөлсөн ба сумын төв дэх гэрээ онгорхой орхисноо санаад буцаж сумын төврүү орж гэртээ ирсэн. Би гэрээ цоожилчхоод С.Оийн гэрт орох гэтэл дотроосоо цоожтой байсан тул өөрийнхөө гэртээ эргэж ороод хүнтэй утсаар ярьж байсан. Удалгүй С.Оийн эхнэр Х надруу залгаад “Чи миний нөхрийг зодож гэмтээсэн байна. Манайд ороод ир эмчид үзүүлж өг” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. /хх-ийн 52-53-р хуудас/

Шүүгдэгч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Гурвантэс сумын төвд ирж орой нь “Сувдан сондор” дэлгүүрт бараа буулгасан. Тэгээд сумын төвд байх гэртээ хоносон. Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ амарч байгаад үдээс хойш хөдөө гэррүүгээ буцах гэж байсан. Орой 16 цагийн үед манай гэрт хамаатны дүү нар болох М, Х нар ирцгээсэн. Бид ойрд уулзаагүй байсан тул хол ойрын сонин сайхан ярьж байхад М анх пиво уух санаа гаргасан. Удалгүй М, Х нар “нэг юм аваад ирье” гэж хэлээд гэрээс гараад явсан. М, Х нар эргэж ирэхдээ 1 ширхэг 2.5 литрийн савлагаатай “Нийслэл” гэдэг нэртэй пиво аваад ирсэн. Би тэр хоёрт хандаж “гэрт архи пиво уухаар эхнэр уурлаад байдаг юм. Хэдүүлээ хөдөө гарч пиво хувааж уучхаад салцгаая” гэж хэлсэн. Миний саналыг М, Х хоёр зөвшөөрсөн бид гурав өөрсдийнхөө мотоциклтой Гурвантэс сумын төвийн баруун захруу гарч тал дээр авсан пивоо хувааж ууцгаасан. Нар шингэсний дараа авсан пиво ууж дуусаагүй байхад М надад хандаж “та нар манай хашаанд заваан залхаг сууж байна” гэж хэрүүл өдөөд эхэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь “би хариад хашааг чинь цэвэрлээд өгнө. Чи ах дүү хүн байж эрүүлдээ энэ юмаа хэл. Би чамаас ах хүний хувьд үг хэлэх эрхтэй мөн чамайг нэг хоёр цохих эрхтэй” гэж хэлсэн. Тэгээд М надруу хэл амаар давшлаад байхаар нь миний уур хүрээд Мгийн нүүррүү нэг удаа цохьсон. Дараа нь би дахиж Мгийн мөррүү нэг цохиод цамцнаас нь заамдаж байгаад нэг удаа мөргөсөн. Тэгтэл М уурлаад надтай ноцолдож миний нүүррүү 2-3 удаа цохьсон. Энэ үед Х биднийг салгах гэж оролдсон ба намайг газар унах үед М миний цээжрүү өшиглөсөн. М бид хоёр салж зодолдохоо больсон. Бид гурвын уур амьсгал муудсан тул бид нар гэр гэртээ харихаар явцгаасан. Би хөдөө гэррүүгээ чиглээд баруун зүгрүү явж байхад өөдөөс хүйтэн салхи үлээгээд зам харагдахгүй байсан тул буцаж Гурвантэс сумын төвд байх гэртээ очсон. Намайг гэртээ ирэх үед Х бас “гадаа цаг уур муу байна” гээд хүрээд ирсэн. Би гэртээ ороод орон дээрээ гараад унтсан. Тэгээд миний баруун эгэмний доод тал хөндүүрлэж өвдөөд хөдөлж чадахгүй байсан. Орой 22 цагийн үед миний эхнэр Х гэрт ирээд миний зодуулсныг мэдээд Мг дуудаж дараа нь цагдаад дуудлага өгсөн. Би маргааш нь Гурвантэс сумын эрүүл мэндийн төвд очиж биеэ үзүүлэхэд эмч “нүүр чинь битүү хавдартай байна. Биеийн чинь бусад хэсэг зүгээр байна?” гэх хэлсэн. Би Мг түрүүлж цохиж, мөргөж зодоон хийсэндээ харамсаж байна. Одоо М бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би яллагдагчаар татсан. /хх-ийн 48-49-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.О-ийн биед нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 41-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.М-гийн биед зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 38-39-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 11-13-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61-р хуудас/

Гэрлэлт бүртгэлгүй эсэх лавлагаа /хх-ийн 62-р хуудас/

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тодорхойлолт /хх-ийн 72-р хуудас/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 73-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-75-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.О нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М-н үйлдлийн улмаас хохирогч С.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.О-ийн биед нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 41-р хуудас/ гэснээр,

Мөн шүүгдэгч С.О-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.М-гийн биед зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 38-39-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч С.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан ба хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснээр шүүгдэгч Б.М, С.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М, С.О нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.М-н хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 74-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолтод: “Батнасан овогтой М нь 1998 онд төрсөн, эрэгтэй, ам бүл 3, 2 дүүгийн хамт амьдардаг. Б.М нь Гурвантэс сумын Тост багт оршин суудаг нь үнэн болно. КГ98123111 регистрийн дугаартай /хх-ийн 64-р хуудас/ гэснээр,

Шүүгдэгч С.О-ийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 75-р хуудас/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тодорхойлолтод: Самбуу овогтой О нь 1994 онд төрсөн. Ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. С.О нь төлөв даруу зантай олон нийтийн ажилд идэвх санаачилгатай, багийн идэвхитэн залуучуудын нэг мөн. Регистрийн дугаар:КГ94102830 /хх-ийн 72-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.М, С.О нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.М, С.О нар нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, С.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, С.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т овогт Б-ийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.О, Б.М нар нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч С.О, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА