Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01619

 

Ж.Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00547 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1298 дугаар магадлалтай

Ж.Пгийн нэхэмжлэлтэй

“А” ХХК, Ч.М, Л.Ө нарт холбогдох

Ашигт малтмалын лицензийн төлбөрт төлсөн 6 006 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.М гэгч эмэгтэй намайг Л.Ө, н.Энх-Амгалан нартай газрын лиценз худалдан авах талаар зуучилж уулзуулсан. Тухайн үед Ч.М, Л.Ө хоёр бид найдвартай хүмүүс, гадагшаа явах гэж байгаа тул газраа зарж байгаа,та Ашигт малтмалын Ерөнхий газарт лицензийн мөнгийг төлөөд өгчих, удахгүй газраа зараад буцаагаад өгнө гэсний дагуу би өөрийн нөхөр С.Батчимэгийн юанийн данснаас юань авч төгрөг болгон солиулж Ч.Мын хамт Ашигт малтмалын Ерөнхий газарт очиж 6 006 950 төгрөгийг Ч.Мд өгч төлүүлсэн бөгөөд уг мөнгийг нэг сарын хугацаанд буцааж авах нөхцөлтэй зээлүүлсэн юм.

Улмаар хэсэг хугацааны дараа мөнгөө нэхтэл Л.Өийн эхнэр н.Энх-Амгалан нь мөнгийг чинь удаахгүй, бид газраа хятадуудад зарахаар болсон гэж хэлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл миний мөнгийг буцааж өгөөгүй.

Иймд Л.Ө болон “А” ХХК, Ч.М нараас 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр авсан 6 006 950 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу би ямар ч бичиг баримт бүрдүүлж, үйл ажиллагаа явуулаагүй ба нэхэмжлэгч талын тус шүүхэд гаргасан тайлбар бүгд худлаа. Би таньдаг найз нөхдийн журмаар Ж.П, түүний нөхөр С.Батчимэг, Л.Ө нарыг хооронд нь танилцуулсан. Ж.П, түүний нөхөр С.Батчимэг нарын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөртэй холбоотой мөнгөний асуудал надад хамаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Л.Ө нь “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тухайн компани нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Туулын тохой-1 нэртэй газар орших 1992 гектар талбай, Өлзий нуга-1 нэртэй газар орших 314 гектар газарт тус тус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн №-11083Х, №-11084Х дугаар бүхий лицензийг эзэмшдэг байсан юм. Дээрх тусгай зөвшөөрөл бүхий лицензүүд нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон.

Нэхэмжлэгч Ж.П нь “А” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий дээрх хоёр газарт 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны буюу нэг жилийн ашиглалтын төлбөрийг төлж тухайн газарт хамтран ажиллахаар амаар хэлцэл хийсэн. Талуудын хооронд хийсэн аман хэлцлийн дагуу нэхэмжлэгч Ж.П нь тусгай зөвшөөрлийн лицензийг авч тухайн жилийн төлбөрийг өөрөө Ашигт малтмалын ерөнхий газарт төлсөн. Уг төлбөрийг Ч.Мд өгсөн болон төлсөн талаар мэдэхгүй бөгөөд тухайн төлбөр төлсөн баримтыг үндэслэн дээрх лицензийг эх хувиар нь авах зөвшөөрлийн бичгийг олгодог. Тухайн зөвшөөрлийн бичгийн дагуу лицензүүдийг Ж.П нь эх хувиар нь хүлээн авч ашиглаж байсан ба лицензүүдийг хугацаа дууссаны дараа буюу 2015 оны 01 дүгээр сард буцааж өгсөн.

Нэхэмжлэгч Ж.П нь бүрэн хайгуул, шинжилгээ, судалгааны болон өрөмдлөгийн ажил хийгдсэн, алт олборлох бүрэн боломжтой газрыг лицензийн хамт биднээс хүлээж авсан байдаг бөгөөд тухайн жилийн төлбөрийг сайн дурын үндсэн дээр өөрөө төлсөн. Мөн №-11083Х, №-11084Х дугаар бүхий лицензүүд нь Л.Өийн хувийн өмч биш бөгөөд “А” ХХК нь эзэмшдэг тул лицензийн төлбөрт тушаасан гэх 6 006 950 төгрөгийг Л.Ө хариуцан төлөх үндэслэлгүй байна.

Иймд Ж.Пгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Пгээс шалтгаалан манай компанийн №11А083Х, №11084Х дугаар бүхий лицензүүд нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон. Ж.П нь манай компанийн дээрх 2 хайгуулын тусгай зөвшөөрлийн нэг жилийн ашиглалтын төлбөр 6 сая гаруй төгрөгийг төлж тухайн газарт хамтран ажиллахаар тохиролцсон.

Ж.П нь манай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр очиж хэсэг үйл ажиллагаа явуулж байсныг бид сүүлд мэдсэн. Манай компанийн 9 жилийн хугацаанд тасралтгүй төлбөр, тооцоог нь хийж мэргэжлийн боловсон хүчний зардал гаргаж, судалгаа шинжилгээ, өрөмдлөгийн ажил хийж байсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосны дараа буцааж өгсөнд гомдолтой байдаг. Нэхэмжлэгч нь төлбөрөө Ч.Мд өгсөн, Ч.М нь тушаасан гэж тайлбарладаг. Мөн уг мөнгийг нөхөр С.Батчимэгийн данснаас гарсан гэх боловч энэ нь 1 сарын өмнө гарсан мөнгө байх бөгөөд тэд эхнэр, нөхөр, дундын данс гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг мөнгийг 1 сарын хугацаатай зээлүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мөнгийг 1 сарын хугацаанд зээлүүлсэн бол 2014 оны 02 дугаар сарын 10-наас хойш шаардах эрх үүсэх юм. Шаардах эрх үүссэнээс хойш гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх тул дээрх төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэгч Ж.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00547 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар “А” ХХК-аас 6 006 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Л.Ө, Ч.М нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 061 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 111 061 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1298 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Алянсголд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Ж.Пгийн нэхэмжлэлтэй иргэн Ч.М, Л.Ө болон “А” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1298 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг бус, нэхэмжлэлийн үндэслэлээс өөр үндэслэлээр дүгнэлт гаргаж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ тайлбарлахаас татгалзаж ирсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан тул” хэмээн шаардлагаа тодорхойлсон болно. Хэрэв нэхэмжлэгчийн шаардлагын хууль зүйн үндэслэл шалгах буюу шаардах эрхтэй эсэхийг шалгавал зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн эсэхийг тогтоох ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;” гэж заасны дагуу 2014 оны 02 сарын 10-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ба нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тоолбол 3 жил 2 сар өнгөрч шаардах эрхгүй болсон болно.

Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.” гэж заасныг үндэслэн татгалзах эрхтэй талаар тайлбар гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч тал төлбөрийг Ч.М төлсөн гэж маргадаг нь төлбөрийг өөрөө төлсөн эсэхэд эргэлзээ үүсч байгаагаас гадна тухайн мөнгө нь өөрийнх нь мөнгө байсан эсэх нь нотлох баримтаар тогтоогддоггүй болно. Ж.Пгийн шаардаж буй 6 006 950 төгрөгийг төлснөөр “А” ХХК-д аливаа байдлаар ашигтай, эсхүл өр төлбөрөө төлүүлсэн, ашиг хонжоо олсон асуудал байхгүй ба Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлдөг боловч өөрөө ашиглаж дууссаны дараа Ж.П нь №11083Х, №11084Х лицензүүдийн хугацаа өнгөрсний дараа манайд буцааж өгсөн. Манай компани 9 жилийн хугацаанд тасралтгүй төлбөр, тооцоог нь хийж мэргэжлийн боловсон хүчний зардал гаргаж, судалгаа шинжилгээ, өрөмдлөгийн ажил хийж байсан, тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосны дараа буцааж өгсөнд гомдолтой байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэг нь зохигч талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тохиолдолд хэрэглэгдэх тул шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1298 тоот магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.П нь Ч.М, П.Өнөрхуяг, “А” ХХК-д холбогдуулан ашигт малтмалын лицензийн төлбөрт төлсөн 6 006 950 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “А” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Туулын тохой-1 нэртэй газар орших 1992 гектар талбай, мөн Өлзий нуга нэртэй газар орших 341 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 2 ширхэг лицензийг эзэмшдэг, дээрх хоёр лицензийн тусгай зөвшөөрлийн 2014-2015 оны төлбөр 6 006 950 төгрөгийг нэхэмжлэгч Ж.П төлсөн үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “А” ХХК-иас төлбөрийг гаргуулж, хариуцагч Ч.М, Л.Ө нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хэдийгээр Ж.П нь нэхэмжлэлийн шаардлагадаа дээрх төлбөр төлсөн мөнгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж тайлбарласан боловч мөнгө зээлж аваагүй гэх хариуцагч нарын тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, энэ талаар баримтгүй тул талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д “хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж ...төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэжээ.

Нэхэмжлэгч нь бусдын буюу “А” ХХК-ийн төлөх ёстой тусгай зөвшөөрлийн төлбөрийг түүний нэрийн өмнөөс төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул  бусдын өрийг сайн дураар, өөрөө мэдэж төлсөн, ийнхүү өрийг төлснөөр “А” ХХК тухайн жилийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн тул  нэхэмжлэгч нь төлсөн төлбөрөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1. дэх заалтыг зөрчөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үйл баримтад нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч “А” ХХК Ж.Птэй хамтран ажиллахаар амаар тохиролцсон, нэхэмжлэгч нь 2014 оны ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, тухайн жилд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газарт үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч хариу тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй тул шүүх хэрэгт цугларсан баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болжээ гэж үзлээ. 

Нэхэмжлэлд заасан 6 006 950 төгрөгийг Ч.М, Л.Ө нар хариуцах үндэслэлгүй тул тэдэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасны үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00547 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1298 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 100 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД