| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Г.Б,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ггийн Б-д холбогдох 2128000000000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овгийн Г-гийн Б, регистрийн дугаар КВ00000000,
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн Булган сумын төв Булган багийн Баян загийн 4-14 тоотод Н.Эын толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Б--ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй.
Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Булган сумын 4-р баг, сумын төвөөс баруун тийш 3 километрт манай гэр байдаг. 2021 оны 02 сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Г.Б хэдэн үхрээ тэжээхээр манайд ирчихээд хажуу гэрт манай дүү Огийнх руу ороход О бэлдсэн байсан цагаан сарын архиа гаргаж өгөөд Б гурвуулаа хувааж уусан. Тухайн үед 17 цаг болж байсан байх. Г, Б хоёр сум явлаа гэхээр нь би хамт явъя гээд машинд нь суугаад сумын төв рүү орж ирсэн. Орж ирээд шууд Бын гэрийн гадаа очсон. Би дэлгүүрээс архи авчихаад гэр рүү хүргээд өгчих гэж хэлсэн юм. Түүнээс болоод Б намайг гэр рүү хүргэж өгөхгүй, хүргэж өгөх бензин тос байхгүй гэж хэлсэн. Ингээд Б бид хоёр маргалдсан. Би уурандаа 2-3 удаа чулуу авч шидсэн. Тэгээд явах гээд Бын гэрийн урд талын нарийн гудамж руу орж явтал Б араас чулуу шидсэн. Толгойн ар хэсэгт оносон. Би чигээрээ яваад дүүгийнд оччихоод, шууд эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод 2 оёдол тавиулаад толгойгоо боолгочихоод гэртээ харьсан. Би Б-ыг намайг гэр рүү хүргээд өгчих гэснээс болоод л маргалдсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эгчийн хүүхэд байгаа юм. Нэхэмжлээд байх зүйл байхгүй. /хх-ийн 16-17-р хуудас/
Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 сарын 09-ний өдрийн үдээс хойш л байсан юм. Тэр өдөр Б-тай хамт сумаас баруун тийш ойрхон байдаг манай хадам ээжийнх рүү очиж хэдэн үхрээ тэжээх гээд явсан. Очингуутаа би машинаас буугаад малын хороо руу орсон. Б машинаас буугаад Эрдэнэ-Очир \О\-ынх руу орж байгаа харагдсан. Тэгээд би үхрээ тэжээх зуураа О-гийн гэр рүү ороод очиход Б, О, Э гурав тэдний гэрт нэг шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи уугаад сууцгааж байсан. Тэр архинаас надад нэг аягыг хийж өгсөн. Би уугаагүй. Тэгээд сууж байсан чинь Э хамт сум явна гэж хэлсэн. Би гэрээс гарч үхрээ тэжээж дуусчихаад Б, Э бид гурав сумын төв рүү хамт орж ирээд гэрийн гадаа ирж зогсоод би машинаасаа буугаад гэр рүү орсон. Тэр хоёр гэрийн гадаа үлдсэн. Намайг гэр рүү орсны дараа Э намайг гэр рүү хүргээд өг гэж Бад хэлсэн юм шиг байна лээ. Түүнээс болоод тэр хоёр хоорондоо маргалдаад Б, Э-г чулуугаар цохиод толгойг нь хагалчихлаа гэж хэлж орж ирсэн. Э нь өөрөө машины чинь шил цонхыг хагална гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд Э-г чулуугаар цохьсон гэж байсан. /хх-ийн 24-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 154 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Н.Э-ын биед толгойд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Н.Э-ын биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Э-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... /хх-ийн 28-р хуудас/
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Сумаас баруун урагш 3 километр гаруй газарт манай эмээгийнх байдаг юм. 2021 оны 02 сарын 09-ний өдөр 16 цагийн үед эмээгийнд аавынхаа хамт хэдэн үхрээ тэжээх гэж очсон. Тэгээд О ахынд орсон чинь О ах цагаан сарын архиа задлаад тэр архийг Э ах, О ах бид гурав хувааж уусан. Архиа уучихаад, үхрээ тэжээчихээд сумын төв рүү 17 цагийн үед Э ах, манай аав Г бид гурав орж ирсэн. Тэгсэн Э ах намайг буцаагаад гэр рүү хүргээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би “таныг хүргэж өгөх бензин тос байхгүй” гэсэн чинь уурлаад унаа машинаараа боож хаалаа гээд маргалдаад барилцаж авсан. Э ах гудамж руу орохдоо над руу чулуу шидээд байсан юм. Тэгэхээр нь би наанаас нь чулуу бариад гүйсэн чинь Э ах цаашаа гудамж руу орох гээд гүйхэд нь барьж явсан чулуугаа араас нь шидсэн чинь Э ахын толгойн ар хэсэгт нь оносон байсан. Тэгсэн Э ах над руу толгой хагалчихлаа гэж хэлж байсан. Би гэрт ороод ойр зуур юм хийж байгаад амарсан. Э ах анх сум руу орж ирэхдээ нэг шил архи аваад гэррүүгээ харина гэж орж ирчихээд, гэрийн гадаа ирэнгүүтээ буцаагаад гэр рүү хүргээд өг гэж хэлсэн. Тэгэхэд нь би “таныг хүргэж өгөх бензин тос байхгүй” гэж хэлснээс болоод маргалдсан. Бид хоёр маргалдаад салсан. ...Э ах мөнгө төгрөг гэж огт хэлээгүй. Би Э ахаас уучлаарай гээд уучлалт гуйсан. Тэгсэн Э ах надад гомдол байхгүй гэж хэлж байсан. /хх-ийн 39-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-11-р хуудас/
Булган сумын Булган багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаартай тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/
Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 42-р хуудас/
Иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн Булган сумын төв Булган багийн Баян загийн 4-14 тоотод Н.Э-ын толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 154 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Н.Э-ын биед толгойд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Н.Э-ын биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Э-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... /хх-ийн 28-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэснээр шүүгдэгч Г.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Б-ын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 45-р хуудас/ гэснээр, Иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43-р хуудас/, ерөнхий боловсролын сургууль төгссөн болох нь: Суурь боловсролын гэрчилгээний хуулбарт: “...Өмнөговь аймгийн Булган сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн улсын шалгалтын комиссын 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг үндэслэн суурь боловсролын гэрчилгээ олгов” /хх-ийн 42-р хуудас/ гэснээр, Булган сумын Булган багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаартай тодорхойлолтод: “Тус багийн иргэн Г овогтой Б нь ам бүл дөрвүүл амьдардаг нь үнэн болно” /хх-ийн 41-р хуудас/ гэснээр тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА