Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

  

   2021            03           18                                      2021/ШЦТ/176                                

                                                                                                                     

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш-ын Б-д холбогдох эрүүгийн 20100 2292 1060 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Мижиддорж, иргэдийн төлөөлөгч Б.Анарбилэг, хохирогч Б.Б, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан, тус шүүхийн нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдрах, хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ш-ын Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хххх тоотод хохирогч Б.Бтэй маргалдаж, хутга зэвсгийн чанартай зүйл ашиглан цээжин тус газарт нь нэг удаа хутгалан баруун нүдний зовхинд шарх, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.    

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж байна. Үлдсэн хохирлоо төлөх хүсэлттэй боловч надад одоогийн байдлаар төлбөрийн чадвар байхгүй. Архи ууснаас болж өдий наслахдаа ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг, 

2. Хохирогч Б.Ба-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа чөлөө авсан байж байгаад Бат ахтай таарсан. Тэгээд манайд архи авч ирээд уусан юм. Би биедээ гэмтэл аваад эмнэлэгт нийт 14 хоног хэвтсэн. Нэн түрүүнд хохирлоо барагдуулмаар байна. Одоо удахгүй нүдний хагалгаанд орох гэж байгаа. Би Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан зардлаа нэхэмжилсэн. Намайг эмнэлэгт байхад манай ээжийн дансаар 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. 1 дүгээр эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардлаа нэхэмжлээгүй. Хэрэгт авагдсан баримтаар үлдсэн хохирлын 2.070.600 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг, 

Эрүүгийн 20100 2292 1060 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг учрал болсон гэх хххх тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-15х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ийн хохирогчоор өгсөн:

“...Би Ш.Б гэх хүнийг олон жилийн өмнөөс мэднэ, манай байрны ах болохоор мэндтэй устай явдаг. Нийлж найзалдаг харилцаа бол байхгүй. Би 2020 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 06:00 цагт ажилдаа ирэхэд “өнөөдөр амраад хагас сайн өдөр ажилла” гэхээр нь ажлаасаа үйлдвэр комбинатад ирээд, төмөр зам руу эгчийн гэрт очиход хүнгүй байсан. Буцаж 17 цагийн үед байх Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 6а байранд хүний цүнх өгөх гэж ороход миний танихгүй 2-3 хүн байсан ба тэд архи ууж байсан. Би тэд нартай хамт байж байсан ба архи уугаагүй.

Тэгээд сууж байхад гаднаас Б, Бум хоёр жоохон халамцуу, нэг шил “Хараа” нэртэй архитай орж ирсэн. Бид нар авч ирсэн архийг нь хувааж ууж дуусгаад Б, Бум бид гурав харих гээд хамт алхаж байхад Б ах “дэлгүүр оръё” гэхээр нь хамт дэлгүүр орж нэг шил “Хараа” нэртэй 0.75 литрийн савлагаатай архи, нэг килограмм бууз авсан. Тооцоог нь Б ах охинтойгоо утсаар ярьж шилжүүлээд, “танай гэрт ороод буузаа жигнэж идэнгээ архиа уучихаад гаръя” гэхээр нь зөвшөөрөөд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нутгийн буян 35а-309 тоот гэртээ Б, Бум нартай хамт 21 цагийн үед ирсэн. Би буузаа жигнээд, бид гурав юм ярингаа архиа хувааж уусан. Тэр архиныхаа талд орж байхад Б ах согтоод над руу “намайг траншейн Б гэдэг, чи мэдэх үү” гээд агсан тавиад, гараа атгаад шанаа руу тулгаж түлхээд, мөн толгой илээд “ээ чааваас даа” гэх мэт зүйл яриад байхаар нь дургүйцээд Б ахын шилэн хүзүүнээс базаж байгаад “гэрээс гар” гээд гаргасан. Тэгээд гэрийн хаалганы хажууд гадаа бид хоёр бие биеэ заамдаад маргалдахад хутга гаргаж ирээд миний зүүн талын цээж хэсэгт хутгалаад, хутгаа сугалж аваагүй. Би өөрөө хутгыг сугалж авахад намайг гэр лүү татаж оруулаад үүдэнд хэвтүүлэхэд би юм дуугарч чадахгүй, амьсгалж чадахгүй байхад “чи муу баас, бацаан минь, хог чинь” гээд хутганыхаа ишээр баруун нүд рүү цохиод байсан. Тэгэхэд баруун нүдний хөмсгийг зүссэн. Тэгээд хутгыг хаалганы хажууд босгож тавиад гэрэл унтраагаад хаалга хаагаад яваад өгсөн. Тухайн үед Бум нилээн согтуу сууж байсан ба намайг хутгалсныг мэдээгүй. ...Гэрэл унтраасан байсан болохоор харанхуйд гараад явсан. ...Би үүдэнд босож байхдаа бүх хувцсаа тайлаад ор луугаа мөлхөж очиж хэвтээд толгойгоо алчуураар боож, цээжээ ороолтоор боосон. Ухаан алдаад буцаж сэрээд хэд хоног байснаа санахгүй байна, манай дүү түлхүүртэй болохоор гаднаас орж ирээд түргэн тусламж, цагдаа дуудсан. Би эмнэлэг дээр ирэхэд цус их алдсан учраас дусал хийлгээд маргааш нь хагалгаанд орсон.

...Эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна. Нийт баримтаар 2.435.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Ш.Б эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг ар гэрийнхэнд өгсөн байгаа, үлдэх 2.070.600 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид баруун нүд юм харахгүй, Нэгдүгээр эмнэлэгт нүдний хагалгаанд орно. Өмнөх цээжний хөндийн хагалгааг эдгээж байж хагалгаа хийнэ гэсэн. Хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна, баримтыг нь цуглуулж байгаад нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-23х, 25х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Г-ын гэрчээр өгсөн:

“...Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүрэгт эцэг, эхтэйгээ хамт байгаа бөгөөд ахын гэрт ирэн очин байдаг. Сая 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байхаа утас руу нь залгахад авахгүй байсан ба ажилтай байсан учир очиж чадахгүй явж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 03-ы өдөр ажлаасаа буугаад замаараа ахтай уулзах гээд 14 цагийн үед хххх тоот гэрт нь очсон. Надад түлхүүр нь байдаг болохоор дотогш ороход үүдний хэсэг, мөн хана цус болчихсон, Ба ах гудсан дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь очоод “юу болсон бэ” гэхэд “Баттай архи ууж байгаад гэрээсээ гаргах гээд хутга авсныг мэдээгүй байж байхад нүдэн дээр хутгалсан” гээд их дуу султай, олигтой сайн ярьж чадахгүй байсан учир түргэн тусламж болон Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Б-ийн зүүн талын цээжин хэсэгт шархтай, баруун нүдний хажууд шархтай, нүд нь хөхөрч хавдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-33х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Бум-гийн гэрчээр өгсөн:

“...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн шарын 5 байранд байдаг Сараагийн гэрт Бат, Ба, Ганаа бид нар нэг том “Хараа” архи аваад хувааж уусан. ...Миний санахаар бид нар архи ууж байхад Бат надад халаасандаа байсан хутгаа үзүүлсэн.

Тэгэхээр нь “та одоо хөгширч үхэх гэж байж наад хутга шөвгөө боль” гэхэд “за за ах нь мэдэж байна” гэсэн. ...хар иштэй хутга байсан, урт, богиныг нь хараагүй. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, нэг харахад Бат, Ба нар маргалдаж байсан, гэхдээ сүртэй юм болоогүй. ...Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Бат надтай “7 наран” дэлгүүрийн урд таараад “Гэмтэл рүү Ба дээр хамт очъё” гэхээр нь “яасан юм бэ” гэхэд “ах нь Ба-ийг хутгалчихсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12747 дугаартай:

1. Б.Б-ийн биед цээжний хөндийгөөр өрцийг гэмтээж хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж, хэвлийн гялтанг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт 600 мл, хөндлөн гэдэс, бага сэмжний няцрал, нарийн гэдэсний саажилт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, баруун нүдний алимны өөхөн эслэгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 44-46х/,

 

6. Хохирогч Б.Б-нийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт, эмчилгээ үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардлын баримтууд /хэргийн 78-87, 89-99х, 101-106х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Бын яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...Ба-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 9 байрны суурин дээр баригдсан байрны 309 тоот гэрт нь Ба, Бум бид гурав архи ууж байгаад би Батэй маргалдсан, юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан маргалдаж байхдаа гал тогооны тавилга дээр нь ил хутга байхаар нь аваад үүдний хаалганы хажууд Б-ийн цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан.

...Ба-ийн биед учирсан гэмтлийг би хутгалж учруулсан. Маргалдаж байхдаа нүд рүү цохиж барьсан байх.” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-65х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Шарын мэдүүлэг /хэргийн 41х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 118х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 119х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 120х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 123х/, Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 126-128х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хххх тоотод хохирогч Б.Ба-ийн гэрт бусадтай архидан согтуурч, тодорхой шалтаг шалтгаангүйгээр Б.Бтэй маргалдаж, цээжин тус газарт нь нэг удаа хутгалан, хутганы ишээр нүдэн тус газарт нь цохиж, биед нь “...цээжний хөндийгөөр өрцийг гэмтээж хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж, хэвлийн гялтанг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт 600 мл, хөндлөн гэдэс, бага сэмжний няцрал, нарийн гэдэсний саажилт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, баруун нүдний алимны өөхөн эслэгийн цус хуралт” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан:

- хэрэг учрал болсон гэх хххх тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-15х/,

- хохирогч Б.Ба-ийн: “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нутгийн буян 35а-309 тоот гэртээ Б, Бум нартай хамт 21 цагийн үед ирсэн. Би буузаа жигнээд, бид гурав юм ярингаа архиа хувааж уусан. Тэр архиныхаа талд орж байхад Б ах согтоод над руу “намайг траншейн Б гэдэг, чи мэдэх үү” гээд агсан тавиад, гараа атгаад шанаа руу тулгаж түлхээд, мөн толгой илээд “ээ чааваас даа” гэх мэт зүйл яриад байхаар нь дургүйцээд Б ахын шилэн хүзүүнээс базаж байгаад “гэрээс гар” гээд гаргасан. Тэгээд гэрийн хаалганы хажууд гадаа бид хоёр бие биеэ заамдаад маргалдахад хутга гаргаж ирээд миний зүүн талын цээж хэсэгт хутгалаад, хутгаа сугалж аваагүй. Би өөрөө хутгыг сугалж авахад намайг гэр лүү татаж оруулаад үүдэнд хэвтүүлэхэд би юм дуугарч чадахгүй, амьсгалж чадахгүй байхад “чи муу баас, бацаан минь, хог чинь” гээд хутганыхаа ишээр баруун нүд рүү цохиод байсан. Тэгэхэд баруун нүдний хөмсгийг зүссэн. Тэгээд хутгыг хаалганы хажууд босгож тавиад гэрэл унтраагаад хаалга хаагаад яваад өгсөн. Тухайн үед Бум нилээн согтуу сууж байсан ба намайг хутгалсныг мэдээгүй.

...Эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна. Нийт баримтаар 2.435.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Ш.Б эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг ар гэрийнхэнд өгсөн байгаа, үлдэх 2.070.600 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид баруун нүд юм харахгүй, Нэгдүгээр эмнэлэгт нүдний хагалгаанд орно. Өмнөх цээжний хөндийн хагалгааг эдгээж байж хагалгаа хийнэ гэсэн. Хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна, баримтыг нь цуглуулж байгаад нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-23х, 25х/,

- гэрч Л.Ганбатын: “...Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүрэгт эцэг эхтэйгээ хамт байгаа бөгөөд ахын гэрт ирэн очин байдаг. Сая 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байхаа утас руу нь залгахад авахгүй байсан ба ажилтай байсан учир очиж чадахгүй явж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 03-ы өдөр ажлаасаа буугаад замаараа ахтай уулзах гээд 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 35а байрны 309 тоот гэрт нь очсон. Надад түлхүүр нь байдаг болохоор дотогш ороход үүдний хэсэг, мөн хана цус болчихсон, Ба ах гудсан дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь очоод юу болсон бэ гэхэд “Баттай архи ууж байгаад гэрээсээ гаргах гээд хутга авсныг мэдэхгүй байж байхад нүдэн дээр хутгалсан” гээд их дуу султай, олигтой сайн ярьж чадахгүй байсан учир Түргэн тусламж болон Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Ба-ийн зүүн талын цээжин хэсэгт шархтай, баруун нүдний хажууд шархтай, нүд нь хөхөрч хавдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-33х/,

- гэрч Н.Бумгийн: “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн шарын 5 байранд байдаг Сараагийн гэрт Бат, Ба, Ганаа бид нар нэг том “Хараа” архи аваад хувааж уусан. ...Миний санахаар бид нар архи ууж байхад Бат надад халаасандаа байсан хутгаа үзүүлсэн. Тэгэхээр нь “та одоо хөгширч үхэх гэж байж наад хутга шөвгөө боль” гэхэд “за за ах нь мэдэж байна” гэсэн. ...хар иштэй хутга байсан, урт, богиныг нь хараагүй. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, нэг харахад Бат, Ба нар маргалдаж байсан, гэхдээ сүртэй юм болоогүй. ...Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Бат надтай “7 наран” дэлгүүрийн урд таараад “Гэмтэл рүү Ба дээр хамт очъё” гэхээр нь “яасан юм бэ” гэхэд “ах нь Ба-ийг хутгалчихсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12747 дугаартай:

1. Б.Ба-ийн биед цээжний хөндийгөөр өрцийг гэмтээж хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж, хэвлийн гялтанг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт 600 мл, хөндлөн гэдэс, бага сэмжний няцрал, нарийн гэдэсний саажилт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, баруун нүдний алимны өөхөн эслэгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 44-46х/,

- хохирогч Б.Ба-ийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт, эмчилгээ үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардлын баримтууд /хэргийн 78-87, 89-99х, 101-106х/ болон шүүгдэгч Ш.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 61-63х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч Б.Ба-ийн биед учирсан “...цээжний хөндийгөөр өрцийг гэмтээж хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж, хэвлийн гялтанг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт 600 мл, хөндлөн гэдэс, бага сэмжний няцрал, нарийн гэдэсний саажилт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, баруун нүдний алимны өөхөн эслэгийн цус хуралт” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч Ш.Б түүний цээжний гол хэсэгт нь хутгалсан, мөн хутганы ишээр нүдэн тус газарт нь цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Бын хохирогч Б.Ба-ийг хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хан-Уул дүүргийн прокуророос Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байна.

Хэргийн шүүгдэгч Ш.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ш.Быг “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Тухайн хэргийн нөхцөлд хохирогч Б.Ба-ийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь тухайн гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Хэргийн хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, шинжилгээ оношилгоо, хагалгааны зардлын 488.900 төгрөг, 1.226.800 төгрөг, толгой цээжний КТГ-ийн шинжилгээний 220.000 төгрөг, альбумин тариа авч хэрэглэсний 500.000 төгрөг, нийт баримттай гарсан зардлын 2.435.000 төгрөг,  мөн эмийн сангаас авсан эм тариа, боолтны баримтгүй гарсан гэх зардалд 135.600 төгрөг, бүгд 2.570.600 төгрөгийг нөхөн төлүүлэх /хэргийн 25х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ гомдлын шаардлага гаргасан ба шүүгдэгч Ш.Баас нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг нөхөн төлснийг хохирогч хүлээн авсан талаар мэдүүлсэн баримттай байна. /хэргийн 25х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Б.Бэс өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримттай гарсан эмчилгээ оношилгооны болон эм тариа худалдан авсан талаарх хэргийн 77-107 дугаар талд авагдсан баримт нотолгоог нэг бүрчлэн шинжлэн судлахад:

- ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлын 1.226.800 төгрөгөөс хувь хүн төлөх дүн 184.020 төгрөг, ЭМД-ын сангаас төлөгдсөн нь 1.042.780 төгрөг,

- шинжилгээ оношилгооны 488.900 төгрөгөөс хувь хүн төлсөн 122.225 төгрөг, ЭМД-ын сангаас нөхөн төлөгдсөн 366.675 төгрөг гэсэн баримттай байх тул ЭМД-ийн сангаас нөхөн төлөгдсөн 1.409.455 төгрөгийг хохирогчоос өөрөөс нь гарсан бодит зардал гэж үзэх боломжгүй юм.

Иймд хохирогчийн нэхэмжлэлээс ЭМД-ийн сангаас нөхөн төлөгдсөн 1.409.455 төгрөг, баримтаар нотлогдоогүй зардал 135.600 төгрөгийн шаардлагыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.  

Харин хохирогчоос гарсан эмчилгээ, эм тарианы зардалд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх баримт бүхий хохирлын дүн 1.026.245 төгрөг /хэргийн 105-106х/ болж байна. Үүнд: хохирогчийн “Лазер мед”  эмнэлэгт толгой, цээжний КТГ-ийн шинжилгээний 220.000 төгрөг, эмийн сангаас  альбумин  тариа 250.000 төгрөгөөр 2 удаа худалдан авсан үнэ 500.000 төгрөг, ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлын хувь хүн төлөх дүн 184.020 төгрөг болон 122.225 төгрөг тус тус орж тооцогдоно. 

Үүнээс шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн 500.000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 524.245 /таван зуун хорин дөрвөн мянга хоёр зуун дөчин тав/ төгрөгийг шүүгдэгч Ш.Баас гаргуулж, хохирогч Б.Бд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ба хохирогч нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Б нь урьд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 123х/, Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хэргийн 126-128х/ баримтуудаар тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Шүүгдэгч Ш.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Ш.Быг “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж,

улсын яллагчаас “шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутгийг зэвсэг болгон хэрэглэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд мөн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, уг хорих ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга “...шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн тодорхой хэсгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын хэмжээг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэсэн дүгнэлт, саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Дээрх нөхцөл байдалд үндэслэн шүүх, шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан, Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 06 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хуванцар иштэй, урт нь 13.5 см, ажлын хэсэг нь хар өнгийн дэвсгэртэй, урт нь 20.8 см, цагаан өнгийн цэгчилсэн хээтэй, өргөн нь 3.5 см хэмжээтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх нь зүйтэй. 

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                                     ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ш-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ш.Бд 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Бд оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Ш.Баас 524.245 /таван зуун хорин дөрвөн мянга хоёр зуун дөчин тав/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух, /РД: /, Б овогт Б-ийн Бад олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.545.055 /нэг таван зуун дөчин зургаан мянга гурван зуун тавин тав/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хуванцар иштэй, урт нь 13.5 см, ажлын хэсэг нь хар өнгийн дэвсгэртэй, урт нь 20.8 см, цагаан өнгийн цэгчилсэн хээтэй, өргөн нь 3.5 см хэмжээтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй. 

 

7. Энэ хэрэгт Ш.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД

                                                  

                                                    ШҮҮГЧИД                                         Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                                   Д.ДОРЖСҮРЭН