Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 122

 

 

 

2021         01         22                 2021/ШЦТ/122

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн би даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч Б.Ариунжаргал,

          шүүгдэгч Б.Х Ц.В, түүний өмгөөлөгч Г.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тугтан овогт Цэндийн Ванчинцэрэн, Цагаан тугтан овогт Баянсангийн Хосбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 03723 2730 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   1.Монгол Улсын иргэн, Ц.В, 1971 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Мянгат суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Улиастайн хэсэг, Шарын ам гэх хаягт оршин суух бүртгэлтэй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

2.Монгол Улсын иргэн, Б.Х, 1968 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Улиастайн хэсэг, 10 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсанн гавьяа шагналгүй,

Урьд Увс аймгийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.2 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, улмаар 1999 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.В, Б.Х нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улиастайн ферм” гэх газарт харилцан  зодолдож, улмаар харилцан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.В мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Хаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 3-7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Ванчинцэрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-13, 14-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10395 дугаар дүгнэлт /хх-н 19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10514 дугаар дүгнэлт /хх-н 21-22/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Хаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 48-49/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Хаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 60/, Б.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, Ц.Вгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 58/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.В, Б.Х нарын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улиастайн ферм” гэх газарт харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ц.В, Б.Х нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улиастайн ферм” гэх газарт харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хын хохирогчоор өгсөн... Ц.В гэх залуутай 0.5 литрийн архи хувааж уусан. Өмнө нь манай гэрт хулгай орж байсныг Ц.В хулгай хийсэн хүмүүст манай  гэрийг зааж өгсөн гэж надад хэлэхэд би уурлаад босож шанаа хэсэгт 1 удаа цохиход босож ирээд намайг боож аваад зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиод, цээжний баруун хэсэгт 1 удаа өвдөглөсөн. Тэгээд би Ц.Вгийн нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөж босоход Ц.В гэрээс гараад зугтаасан” гэх мэдүүлэг /хх-н 06-08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Вгийн хохирогчоор өгсөн: “... Хосбаяр нь согтуу “Чи хулгай хийсэн хүмүүст манай гэрийг зааж өгсөн” гээд надтай маргалдаж байгаад Хосбаяр миний хамар хэсэгт хоёр удаа гараараа цохиход миний хамраас цус их гараад тогтохгүй байхаар нь би доошоо тонгойход дахиж миний толгой хэсэгт архины шилээр 1 удаа хүчтэй цохисон. Түүний дараа би ухаан алдаж унаад сэрэхэд Хосбаярын гэрт байхаар нь би гэрээс гараад мориндоо мордоод гэртээ харьсан чинь манай эхнэр эмнэлэг дуудахад эмнэлэг ирэхгүй удаад байхаар нь би гэмтлийн эмнэлэг рүү хувийн машинаар очиж үзүүлэхэд миний хамар хугарсан, зүүн хацар шалбарсан байсан. Эмч миний хамрыг тэгшлээд, хоёр оёдол тавьсан.”  гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10395 дугаартай:

1.Б.Хын биед нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний зовхинд шарх, духанд зулгаралт, зүүн хөмсөг, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 19-20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10395 дугаартай:

1.Ц.Вгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, зулайн хуйх, эрүү, зүүн чихний дэлбэн, дээд уруулд зулгаралт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, дээд уруулд цус хуралт, уруулын салтсад язрал, баруун тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, эрүүнд цус хуралт, цээжинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 21-22/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Ц.Вгийн өгсөн: "...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. Одоо Хосбаяр бид хоёр харилцан тохиролцсон. Бид хоёр бие бизнээсээ уучлалт гуйсан. Мөн өөрийн хийсэн хэргээ хүлээж байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 51-53/,

Мөрдөн шалгах ажиллагааны үе д яллагдагч Б.Хын өгсөн:” ... Би хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Бид хоёр биенээсээ уучлалт гуйсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн өөрийн хийсэн хэргээ бүрэн хүлээж байгаа тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-н 48-50/, мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан биччгийн  нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Ц.В, Б.Х нар нь архи ууцгааж байхдаа “хулгай хийсэн хүмүүст манай гэрийг зааж өгсөн” асуудлаас олж хоорондоо маргалдаж харилцан зодолдох явцдаа бие биеийнхээ биед хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.В, Б.Х нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянаад Ц.В, Б.Х нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.В, Б.Х нарт ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Ц.В, Б.Х нар нь “ хэн алинаасаа хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэх хүсэлтээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Ц.В, Б.Х нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.В, Б.Х нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.В, Б.Х нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.В, Б.Х нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5 Ц.В, Б.Х нар  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ц.В, Б.Х нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.В, Б.Х нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.В, Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ПҮРЭВСҮРЭН