Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 136

 

2021         01         25                                2021/ШЦТ/136

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч Д.Ариунжаргал,

          хохирогч Б.Тэлмэн,

          шүүгдэгч С.С, Ч.П, тэдний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С, Ч.П нарт холбогдох эрүүгийн 2006 04150 2855 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.П,1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ 65а-41 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

   2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.С, 1990 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик мэргэжилтэй, Апу компанид оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 41а байрны 14 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.П, С.С нар бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 21-22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Арслантай гүүргийн зүүн талд Цэцэнхангай барилгын 6 давхарт иргэн Б.Тэлмэнг нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.П мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 09-ний орой Цэцэн хангай караокены үүдэнд зогсож байсан. Сайнбаяр Тэлмэн нар Гэр бүлийн асуудлаас болж зодолдсон, зодолдож байхад нь салгасан. Дахиад зодолдоогүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Тэлмэн мэдүүлэхдээ: Тухайн өдөр “Цэцэнхангай” буудлын гадаа манай ангийнхан тамхи татах гээд гарсан байсан. Ангийнхныг гадаа гарсан байх гэж бодоод араас нь гарахад ангийнхан байхгүй байсан учир нь гар утсаар ярьсан. Энэ 2 хоорондоо юм яриад зогсож байснаа шууд ирээд Сайнбаяр намайг цохисон. Яаж байгаа юм гэтэл хажуу талаас нь Пүрэвдорж орж ирээд цамцнаас татаад хажуу чирээд угзраад эхэлсэн. Би бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир шатнаас бариад тогтохыг хичээсэн ч гэсэн Пүрэвдорж миний гарыг салгаад үргэлжлүүлээд чирээд аваад явсан. Тэр хугацаанд Сайнбаяр хажуу талаас өшиглөөд явж байгаад “Цэцэн хангай” буудлын баруун талд 2 машины хажууд авчраад 2 талаас зодож эхэлсэн. Тухайн үед хүмүүс та нар болиоч, хүн аллаа гэж орилж байсныг санаж байна. Намайг зодож байх үед нь зүүн талд Пүрэвдорж, баруун талд Сайнбаяр зогсож байсан. Доошоо суугаад зодуулсан.  Тухайн үеийг сайн санахгүй байна. Удалгүй манай ангийн нэг охин гарч ирсэн. Тэгээд намайг “Цэцэн хангай” буудал руу аваад орсон. Тонгойсон байсан учир хэн нь яаж цохисон талаар сайн мэдэхгүй байна. Пүрэвдорж салгасан гэж худлаа яриад байна. Ямар нэгэн гомдол байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3-4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Тэлмэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5, 6-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11725 дугаар дүгнэлт /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар С.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8, 44-45/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ч.Поос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд  /хх-н 18-20/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21, 24/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.П, С.С нар бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 21-22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Арслантай гүүргийн зүүн талд Цэцэн хангай барилгын 6 давхарт иргэн Б.Тэлмэнг нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Ч.П, С.С нар бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 09-ний орой 21-22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Арслантай гүүргийн зүүн талд Цэцэн хангай барилгын 6 давхарт иргэн Б.Тэлмэнг нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Тэлмэнгийн  өгсөн... ганцаараа утсаар яриад зогсож байхад нэг хүн хойноос ирээд учиргүй толгой руу цохиж эхэлсэн тэгээд хажуу тийшээ харсан чинь Сайнбаяр гээд манай ангийн охин Марал-Эрдэнийн нөхөр байсан тэгээд яаж байна гээд хэлэх гэсэн чинь зүүн талаас өөр хүн цамцны урд талаас барьж байгаад чирээд эхэлсэн тэгээд харсан чинь  Уянга гээд манай ангийн нөхөр байсан тэгээд намайг чирч Цэцэн хангай барилгын  баруун тал руу чирч ороод зодсон, Пүүжээ гэдэг залуу нь намайг заамдаж булан руу чирсэн тэгээд Сайнбаяр толгой нуруу цээж руу цохиж өшиглөсөн зүүн талаас Пүүжээ бас өшиглөөд байсан  тэгээд байж байтал удалгүй манай ангийн хүүхдүүд гараад ирсэн тэгээд хэн гэдгийг нь мэдэхгүй байна. манай ангийн хүүхдүүдийн нэг нь намайг буцаад Цэцэн хангай барилга руу аваад орсон. Тэгээд намайг зодсон Пүүжээ Сайнбаяр хоёр эхнэртэйгээ хэрэлдээд үлдсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.” Гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11725 дугаартай:

1.Б.Тэлмэнгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хүзүү, зүүн эгэм, зүүн мөр, духны зүүн хэсэгт цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.Баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 11-12/,

Яллагдагч Ч.Пийн мөрдөн шалгах ажиллагааы үед өгсөн... Тэлмэн гэх залуу утсаараа яриад гарч ирсэн. Тэлмэн гэх залуу дээр Сайнбаяр очоод Тэлмэнг хоёулаа ийшлээд уулзья гэж хэлэхэд Тэлмэн үгүй гэж хэлсэн тэгээд Сайнбаяр ийшээ явья гэж хэлээд татахад Тэлмэн Сайнбаярыг духаараа 1 удаа мөргөсөн. Тэгээд Сайнбаяр Тэлмэн нар ноцолдоод Цэцэн хангай зочид буудлын баруун талын харанхуй хэсэг рүү орсон. Тэгээд би тэр хоёрыг очоод салгасан салгах үедээ Сайнбаярыг цааш нь түлхээд Тэлмэнгийн мөр хэсгээс баруун талд нь зогсож байгаад татаад салгасан. Тэгээд Тэлмэнгийн ангийн хүүхдүүд гараад ирсэн тэр үед Сайнбаяр эхнэртэйгээ цаана зогсож байсан. Тэр үед манай эхнэр мөн гарч ирээд намайг Тэлмэнтэй муудалцлаа гээд загнаад аваад явсан тэр явдлаас хойш болсон зүйлийг сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

Яллагдагч С.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай эхнэрийн ангийн залуу болох Тэлмэн нь тус зочид буудлын гадаа байсан. Тэгээд би Тэлмэн дээр очиход чи манай эхнэр лүү мессеж бичиж утсаар залгаж уулзахаа боль би чамд өмнө нь сануулж олон удаа хэлсэн ш дээ гэхэд Тэлмэн чамд хамаагүй гээд Тэлмэн намайг түлхээд шатнаас буулгасан. Тэгэхээр нь би Тэлмэнг хүнгүй харанхуй газар луу чирч ороод Тэлмэнгийн толгой тус газар буюу нүүр, дагз хэсэгт гараараа 4-5 удаа цохьсон тэр үед Пүрэвдорж бид хоёрыг салгаж болиулсан гэсэн” мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай гэж үнэлсэн болно.

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.С, Ч.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна гэж үзэв.

Иймд С.С, Ч.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11- д заасан бүлэглэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж ирүүлсэн үндэслэлтэй байх тул С.С, Ч.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч М.Төмөрцэцэг гаргасан саналдаа: “ шүүгдэгч Ч.Пийг зодоонд оролцоогүй харин салгасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Хохирогч Б.Тэлмэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс “араас нэг нь  намайг цохиход нь эргээд хартал манай ангийн Уянга гэдэг охины нөхөр байсан.Тэгтэл  Пүүжээ гэдэг залуу нь намайг заамдаж булан руу чирсэн тэгээд Сайнбаяр толгой нуруу цээж руу цохиж өшиглөсөн зүүн талаас Пүүжээ бас өшиглөөд байсан”  гэсэн мэдүүлгээс хохирогч Ч.Пийг шууд таньж мэдүүлэг өгсөн, үүнийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдаагүй, мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид олон тооны гэмтэл учирсан нь тогтоогдож байна. Иймд Ч.Пийг гэмт хэрэг оролцоогүй гэж үзэх боломжгүй байна.

Хохирогч Б.Тэлмэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт хавтаст хэрэгт хавсаргаж өгөөгүй ба хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч С.С, Ч.П нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар :

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч С.С, Ч.П нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  С.С, Ч.П нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

            

            1. С.С, Ч.П нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Сыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Пийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С, Ч.П нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.С, Ч.П нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.С, Ч.П нарт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол С.С, Ч.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН