Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/79

 

 

 

 

 

 

 

 

 

2021          01              26                                      79

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,                         

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбаатар,

            шүүгдэгч: У.Б, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа /1292/,

            шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар /0237/, Н.Оюунгэрэл /0211/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М,

Б нарт холбогдох эрүүгийн 2002 00134 0204 дугаар, 2 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, М,

 

            Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Б.

 

            Шүүгдэгч Б.М нь Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчин оёдол” гэх хаягтай газарт өөрийн найзууд болох Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Бая, Л.Б нарын хуулиар хориглосон “Мөрийтэй тоглоом тоглох” зөрчлийг илрүүлсэн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл тусгай хамгаалалтын газрын эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад У.Бд нөлөөлж, үйлдэгдсэн зөрчлийг холбогдох Цагдаагийн байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэлгүй, хураалгасан бэлэн мөнгө, читон, бичиг баримт зэргийг буцаан авсан,

            Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Бая, Л.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хариуцлага оногдуулалгүй давуу байдал болгосон,

 

  шүүгдэгч У.Б нь Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын эргүүл, хамгаалалтын офицерын албан үүрэг гүйцэтгэж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчин оёдол” гэх хаягтай газарт иргэн Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Бая, Л.Б нарын хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон зөрчлийг илрүүлж, харьяалах Цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулж шалгуулалгүй албан үүрэг, хуулийн дагуу олгогдсон бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй, Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Бая, Л.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хариуцлага оногдуулалгүй давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-У.Б мэдүүлэхдээ:

Намайг үсчинд орох үед М найзын нарынхаа хамт байсан, хоорондоо юм ярьж байсан ба тэд хөзөр тоглоогүй байсан. Хажууд нь үсчин ажиллаж байсан. Хэрэг болсон гэх үсчиний газар хааш, хаашаа 2 алхам буюу 2 х 2 метр газар байсан, тэнд мөрийтэй тоглох зай боломж байхгүй байсан. Мөн тэнд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулсан зүйл байгаагүй. Тухайн үед цагдаа Х мөнгөлөг өнгөтэй хайрцагтай зүйл олоод тэмдэглэл хөтөлж, үзлэг хийсэн нь үнэн. Тэнд байсан хүмүүсийн байдал, тэдний бичиг баримт зэргийг шалгахад мөрийтэй тоглосон зөрчил илрээгүй. Шалгалт хийж явах үед би ахалж байсан тул зөрчлийн хэрэг биш байна гэж үзсэн. Тухайн үед би зөрчил биш гэж үзээд бөөгнөрөл үүсгэсэн иргэдийн бичиг баримтыг шалгаж, буцаан өгсөн. Би зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх эрх, үүрэггүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.М мэдүүлэхдээ:

Тухайн үед намайг амралттай байхад оюутан үеийн найз С дуудсан. Надад бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Найзууд маань бүгд машинтай явж байсан тул би тэднээс хурааж авсан жолооны үнэмлэхүүдийг Бгаас нь авч найз нартаа өгсөн. Дараа нь мөнгөлөг хайрцагтай эд зүйлийг Бгаас буцааж авсан. Сд читоныг буцаан өгсөн. Зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад үүнийг шалгах боломжтой байсан. Яагаад зөрчлийн хэргийг шалгаж, арга хэмжээ аваагүй юм бэ. Хэргийг зөв шийдвэрлэнэ үү гэв.

            Мөрдөн байцаалтад гэрч-Э.У мэдүүлэхдээ:

            ...цагдаа нар гаднаас орж ирээд биднээс бичиг баримт, читон, 1 200 000 төгрөг зэргийг хураан авч, читоны хайрцагт хийж тэмдэглэл үйлдээд гарсан. Манай найз Мижээ уг цагдаа нарыг ахалж байсан ахмадыг таньдаг болохоор уулзаж байгаад бичиг баримтыг авч өгсөн. Бид нарыг Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ аваагүй, цагдаа нарт гомдолгүй, хураалгасан мөнгөө нэхэмжлэхгүй.       “...тухайн үед 1 200 000 төгрөг хураалгасан. Миний хувьд 300 000-400 000 төгрөгөөр тоглож байсан. Би найзуудынхаа хамт хууль бусаар мөрийтэй тоглоом тоглох зөрчил гаргасан болохоор мөнгөө нэхэмжлэхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 32-33, 217 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-С.С мэдүүлэхдээ:

            ...4-5 цагдаа нар бидний бичиг баримтыг шалгаад ширээн дээр байсан хөзөр, читон, бооцооны мөнгө зэргийг хурааж аваад гарах үед манай найз М тэр цагдаа нарыг ахалж байсан ахмад цолтой цагдааг таньж байхаар нь Мижээг бид нарын бичиг баримтыг аваад өгөөч гэж хэлэхэд Мижээ бид нарын бичиг баримтыг авч өгсөн. Тэгээд Мижээд хандаж ядаж читоныг нь авмаар байна гэхэд 10-аад хоногийн дараа читоныг аваад ирсэн, бэлэн мөнгө, тэмдэглэл зэрэг нь байгаагүй. Бид нарыг Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ аваагүй. Цагдаа нарт гомдолгүй, хураалгасан мөнгөө нэхэмжлэхгүй. “...миний хувьд 100 000 төгрөгөөр тоглож байсан. Би тухайн үед хураалгасан мөнгөө аваагүй. Би найзуудынхаа хамт хууль бус мөрийтэй тоглоом тоглох зөрчил гаргасан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 35-36, 218 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Ба мэдүүлэхдээ:

            ...манай цагдаа Х тэмдэглэл бичиж нийт 1 200 000 төгрөг, хөзөр, читон зэрэг эд зүйлийг хурааж аваад, ахмад Бд өгсөн. Мөн эд зүйл хүлээлгэж өгөөд зогсож байхад мөрийтэй тоглож байсан хүмүүсийн нэг нь У.Бд цагдаагийн үнэмлэх үзүүлээд адилхан төрийн алба хаагч байж гээд гуйгаад үлдсэн. Тэдгээр хүмүүст Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ аваагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 38-39 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-И.Ж мэдүүлэхдээ:

            ...Х эд зүйлс болох читон, хөзөр, мөнгө зэргийг тэмдэглэл үйлдээд читоны хайрцагт хийгээд ахмад Бд өгөөд, чиглэл рүүгээ явлаа гээд явсан. Тэдгээр хүмүүст Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ аваагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 41-42 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Х мэдүүлэхдээ:

            ...ахмад У.Б эд зүйл хурааж авах тэмдэглэл бич гээд би 1 200 000 төгрөг, читон, хөзөр зэргийг хурааж аваад, нэгнээр нь гарын үсэг зуруулаад читоны хайрцагт хийгээд Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс явахаар болоод ширээн дээрээс цүнхийг ахмад Б аваад гартал Мижээ гэх залуу ахмад Бтай уулзаад, “адилхан төрийн байгууллагад ажилладаг улсууд байна, цаашаа дүүрэг рүү өгөөд дэмий юм биш үү” гээд хоорондоо ярилцаад байсан. Тэгээд бид нар яваад ахмад У.Б, Мижээгийн хамт үлдсэн. Дээрх хүмүүс Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ аваагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 44-45 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.М мэдүүлэхдээ:

            “...5-6 хүн ширээн дээр хөзөр, читон зэргээр мөрийтэй тоглож байсан. Шалгалтын явцад Х тэмдэглэл үйлдсэн. Тэгээд тэндээс гараад ахмад Бд чиглэл рүүгээ явлаа гэж хэлээд явсан. Тухайн хүмүүст Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ аваагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 47-48 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.О мэдүүлэхдээ:

             “...Мижээ цагдаа нартай уулзахаар буугаад удалгүй 6-7 бичиг баримтыг гартаа бариад машинд орж ирсэн. Тэр үед Соёлоо, Мижээд хандан “ядаж читоныг авмаар байна, хүний юм байгаа юм, аваад өгөөч” гэхэд Мижээ боломжгүй байна, цаадуул чинь халгаахгүй байна гэсэн. Бид нарыг шалгах явцад хөзөр, читон, бэлэн мөнгө зэргийг хурааж авсан. Тэдгээр хүмүүс Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ аваагүй. Цагдаа нар гаднаас орж ирэхдээ Баянголын цагдаа байна гэж хэлсэн. Манай найз Мижээ ахалж байсан ахмадыг бол таньж байсан. Хураалгасан мөнгөө нэхэмжлэхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 50-51, 216 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Б мэдүүлэхдээ:

            ...тухайн үед 1 300 000 төгрөг хураалгасан байх гэж бодож байна. Тухайн үед цагдаад хураалгасан мөнгийг буцааж аваагүй. Би хууль бусаар мөрийтэй тоглоом тоглосон зөрчил гаргасан болохоор араас нь гомдол санал гаргаж нэхэмжилж яваагүй. Б.М над руу мөнгө шилжүүлээгүй. Би өөрийн дансны хуулгаа харж үзсэн, тийм гүйлгээ хийгдээгүй. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.М над руу утсаар яриад “би чиний данс руу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн гээд Авлигатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг авахаар нь хэлчихлээ, чи надаас дансаар мөнгө авсан гээд хэлчих” гэсэн агуулгатай юм ярьсан. Би хариуд нь надад ямар нэгэн асуудалгүй бол тэгье гэж хэлсэн, надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 219-220 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Б.Бая мэдүүлэхдээ:

            ... тухайн үед 1 200 000-1 300 000 орчим төгрөг хураалгасан. Миний хувьд 100 000 төгрөгөөр тоглож байсан. Би хураалгасан мөнгөө буцааж авсан асуудал байхгүй. М хураалгасан мөнгийг буцааж авч өгсөн асуудал байхгүй, улсын орлого болгоод авчихдаг байх гэж бодсон. Би тухайн асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 1  дүгээр хавтас, 221 дүгээр хуудас)

 

             Мөрдөн байцаалтад гэрч-Л.Б мэдүүлэхдээ:

             ...тухайн үед 1 200 000 орчим төгрөг тэмдэглэл үйлдэж хурааж авч байсан. Би 70 000-80 000 төгрөгөөр тоглож байсан. Би хураалгасан мөнгөө буцааж аваагүй. Бид нарт М хураалгасан мөнгийг цагдаа нар аваад явчихдаг гэж хэлсэн. Бид нарыг цагдаагийн байгууллага дуудаж шалгасан асуудал байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэжээ (хэргийн 1  дүгээр хавтас, 222 дугаар хуудас)

 

            Эргүүл хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаа ахлах ахлагч М.Х 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд:

            20 000 төгрөг 51 ширхэг, 10 000  төгрөг 28 ширхэг, мөрийтэй тоглоомын хясаа , шоо 3 ширхэг, мөнгөлөг чемодан зэрэг зүйлийг түр хураан авлаа гэжээ. (хэргийн 1  дүгээр хавтас, 165 дугаар хуудас)

 

             Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2304 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

            ...2. Шинжилгээнд ирүүлсэн А4 хэмжээтэй дөрвөлжин шугамтай дэвтрийн гол цаасан дээр “Түр хураан авсан тэмдэглэл” гэсэн гар бичмэл баримтын зүүн доод бичигдсэн шинжилж буй гар бичвэр нь Б.Мгийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна гэжээ. (хэргийн 1  дүгээр хавтас, 241 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Б.М эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 1  дүгээр хавтас, 188 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            У.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 1  дүгээр хавтас, 187 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Б.М нь Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчин оёдол” гэх хаягтай газарт өөрийн найзууд болох Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Бая, Л.Б нарын хуулиар хориглосон “Мөрийтэй тоглоом тоглох” зөрчлийг илрүүлсэн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл тусгай хамгаалалтын газрын эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад У.Бд нөлөөлж, үйлдэгдсэн зөрчлийг холбогдох Цагдаагийн байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэлгүй, хураалгасан бэлэн мөнгө, читон, бичиг баримт зэргийг буцаан авсан, Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Бая, Л.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хариуцлага оногдуулалгүй давуу байдал болгосон,

 

шүүгдэгч У.Б нь Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын эргүүл, хамгаалалтын офицерын албан үүрэг гүйцэтгэж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчин оёдол” гэх хаягтай газарт иргэн Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Бая, Л.Б нарын хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон зөрчлийг илрүүлж, харьяалах Цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулж шалгуулалгүй албан үүрэг, хуулийн дагуу олгогдсон бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй, Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Бая, Л.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хариуцлага оногдуулалгүй давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь

гэрч Э.Уын

            ...цагдаа нар гаднаас орж ирээд биднээс бичиг баримт, читон, 1 200 000 төгрөг зэргийг хураан авч, читоны хайрцагт хийж тэмдэглэл үйлдээд гарсан. Манай найз Мижээ уг цагдаа нарыг ахалж байсан ахмадыг таньдаг болохоор уулзаж байгаад бичиг баримтыг авч өгсөн. Бид нарыг Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ аваагүй, цагдаа нарт гомдолгүй, хураалгасан мөнгөө нэхэмжлэхгүй. “...тухайн үед 1 200 000 төгрөг хураалгасан. Миний хувьд 300 000-400 000 төгрөгөөр тоглож байсан. Би найзуудынхаа хамт хууль бусаар мөрийтэй тоглоом тоглох зөрчил гаргасан болохоор мөнгөө нэхэмжлэхгүй,

 

            гэрч С.Соёл-Эрдэнийн

...4-5 цагдаа нар бидний бичиг баримтыг шалгаад ширээн дээр байсан хөзөр, читон, бооцооны мөнгө зэргийг хурааж аваад гарах үед манай найз М тэр цагдаа нарыг ахалж байсан ахмад цолтой цагдааг таньж байхаар нь Мижээг бид нарын бичиг баримтыг аваад өгөөч гэж хэлэхэд Мижээ бид нарын бичиг баримтыг авч өгсөн. Тэгээд Мижээд хандаж ядаж читоныг нь авмаар байна гэхэд 10-аад хоногийн дараа читоныг аваад ирсэн, бэлэн мөнгө, тэмдэглэл зэрэг нь байгаагүй. Бид нарыг Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ аваагүй. Цагдаа нарт гомдолгүй, хураалгасан мөнгөө нэхэмжлэхгүй. Миний хувьд 100 000 төгрөгөөр тоглож байсан. Би тухайн үед хураалгасан мөнгөө аваагүй. Би найзуудынхаа хамт хууль бус мөрийтэй тоглоом тоглох зөрчил гаргасан,

 

гэрч Т.Баын

            ...манай цагдаа Х тэмдэглэл бичиж нийт 1 200 000 төгрөг, хөзөр, читон зэрэг эд зүйлийг хурааж аваад ахмад Бд өгсөн. Мөн эд зүйл хүлээлгэж өгөөд зогсож байхад мөрийтэй тоглож байсан хүмүүсийн нэг нь У.Бд цагдаагийн үнэмлэх үзүүлээд адилхан төрийн алба хаагч байж гээд гуйгаад үлдсэн,

 

гэрч И.Жын

            ...Х эд зүйлс болох читон, хөзөр, мөнгө зэргийг тэмдэглэл үйлдээд читоны хайрцагт хийгээд ахмад Бд өгөөд, чиглэл рүүгээ явлаа гээд явсан. Тэдгээр хүмүүст Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ аваагүй,

 

гэрч М.Хын

            ...ахмад У.Б эд зүйл хурааж авах тэмдэглэл бич гээд би 1 200 000 төгрөг, читон, хөзөр зэргийг хурааж аваад нэгнээр нь гарын үсэг зуруулаад читоны хайрцагт хийгээд Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс явахаар болоод ширээн дээрээс цүнхийг ахмад Б аваад гартал Мижээ гэх залуу ахмад Бтай уулзаад, адилхан төрийн байгууллагад ажилладаг улсууд байна, цаашаа дүүрэг рүү өгөөд дэмий юм биш үү гээд хоорондоо ярилцаад байсан. Тэгээд бид нар яваад ахмад У.Б, Мижээгийн хамт үлдсэн. Дээрх хүмүүст Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ аваагүй,

 

гэрч М.Мын

            ...5-6 хүн ширээн дээр хөзөр, читон зэргээр мөрийтэй тоглож байсан. Шалгалтын явцад Х тэмдэглэл үйлдсэн. Тэгээд тэндээс гараад ахмад Бд чиглэл рүүгээ явлаа гэж хэлээд явсан,

 

гэрч Т.Оийн

             ...Мижээ цагдаа нартай уулзахаар буугаад удалгүй 6-7 бичиг баримтыг гартаа бариад машинд орж ирсэн. Тэр үед Соёлоо Мижээд хандан ядаж читоныг авмаар байна, хүний юм байгаа юм, аваад өгөөч гэхэд Мижээ боломжгүй байна, цаадуул чинь халгаахгүй байна гэсэн. Бид нарыг шалгах явцад хөзөр, читон, бэлэн мөнгө зэргийг хурааж авсан. Тэдгээр хүмүүс Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ аваагүй. Цагдаа нар гаднаас орж ирэхдээ Баянголын цагдаа байна гэж хэлсэн. Манай найз Мижээ ахалж байсан ахмадыг бол таньж байсан,

 

            гэрч Ц.Бийн 

            ...тухайн үед 1 300 000 төгрөг хураалгасан байх гэж бодож байна. Тухайн үед цагдаад хураалгасан мөнгийг буцааж аваагүй. Би хууль бусаар мөрийтэй тоглоом тоглосон зөрчил гаргасан болохоор араас нь гомдол санал гаргаж нэхэмжилж яваагүй. Б.М над руу мөнгө шилжүүлээгүй. Би өөрийн дансны хуулгаа харж үзсэн тийм гүйлгээ хийгдээгүй. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.М над руу утсаар яриад “би чиний данс руу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн гээд Авлигатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг авахаар нь хэлчихлээ, чи надаас дансаар мөнгө авсан гээд хэлчих” гэсэн агуулгатай юм ярьсан. Би хариуд нь надад ямар нэгэн асуудалгүй бол тэгье гэж хэлсэн,

            гэрч Б.Баяын

            “...Миний хувьд 100 000 төгрөгөөр тоглож байсан. Би хураалгасан мөнгөө буцааж авсан асуудал байхгүй. М хураалгасан мөнгийг буцааж авч өгсөн асуудал байхгүй, улсын орлого болгоод авчихдаг байх гэж бодсон. Би тухайн асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй,

 

             гэрч Л.Бгийн

             “...Би 70 000-80 000 төгрөгөөр тоглож байсан. Би хураалгасан мөнгөө буцааж аваагүй. Бид нарт М хураалгасан мөнгийг цагдаа нар аваад явчихдаг гэж хэлсэн. Бид нарыг цагдаагийн байгууллага дуудаж шалгасан асуудал байхгүй гэсэн мэдүүлгүүдээр,

 

            20 000 төгрөг 51 ширхэг, 10 000  төгрөг 28 ширхэг, мөрийтэй тоглоомын хясаа , шоо 3 ширхэг, мөнгөлөг чемодан зэрэг зүйлийг түр хураан авлаа гэсэн Эргүүл хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаа ахлах ахлагч М.Хын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл,

 

            Шинжилгээнд ирүүлсэн А4 хэмжээтэй дөрвөлжин шугамтай дэвтрийн гол цаасан дээр “Түр хураан авсан тэмдэглэл” гэсэн гар бичмэл баримтын зүүн доод бичигдсэн шинжилж буй гар бичвэр нь Б.Мгийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2304 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

            Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.М, У.Б нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн үйл баримттай тохирч байх тул прокуророос  шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хянан шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Мг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон,

 

Бг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасны дагуу энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5 400 000 төгрөгөөр торгох,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар У.Бгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.М, У.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

 

            2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчин оёдол” гэх хаягтай газраас цагдаа Хын хураан авсан 1 200 000 төгрөгийг У.Б, Б.Мд өгсөн тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Мгаас 1 200 000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Мг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон,

 

            Бг  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5 400 000 төгрөгөөр торгох,

 

            У.Бгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5 400 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М, У.Б нар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэдэнд ял оногдуулсан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Мгаас 1 200 000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус  дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М, У.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН