Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

2021             02            05                                    108

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго,

шүүгдэгч: Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цид холбогдох эрүүгийн 2005030080056 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан инженерийн мэргэжилтэй, н Ц,

 

Шүүгдэгч Н.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн автобусны буудал орчимд автомашин дотор хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг нь мэдсээр байж хохирогч П.Згийн нүүр хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохиж, түүний биед дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх, баруун дээд 2-3 дугаар шүдний угийн буйлны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц мэдүүлэхдээ:

Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч З бид хоёр 5 сар орчим хамт амьдарсан. Түүний биед учирсан гэмтлийг би баруун гараараа цохиж учруулсан. Хохирогч Зг жирэмсэн гэдийг би тухайн үед мэдэж байсан. Одоо бид хоёр холбоогүй байгаа. Улсын яллагчтай 700 000 төгрөгийн торгуулийн ялыг сайн дураар тохирсон. Энэ торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлж барагдуулна. Хохирлын хувьд хохирогч надаас хохирол нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.З мэдүүлэхдээ:

Би Н.Цтай найзлаад 2 жил гаран болж байгаа. 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн үед Н.Ц миний гар утас руу “хоёулаа салъя” гэсэн мессеж бичсэн. Тэгэхээр нь би хариуд нь “тэгье” гэж хэлсэн. Би орой 18 цагийн үед хичээлээ тараад эгч Болортуяа руу явах гэж байхад Н.Ц над руу залгаад “чи хаана байна” гэж асуусан, би “гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр байна” гэж хэлсэн. 20 цагийн үед Н.Ц миний байгаа газар болох Баянгол дүүргийн 7 дугаар хорооны гэмтлийн автобусны буудал дээр ирсэн. Би түүний машинд суугаад явж байгаад өөрийн төрсөн эгч Болортуяатай уулзах гэж байгаагаа хэлэхэд намайг эгчтэй уулзуулахгүй гэж хэлээд буулгахгүй авч явах гээд байхаар нь би жолооны хүрднээс нь бага зэрэг татахад Ц зүүн гараараа миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Би уйлаад эгч Болортуяа руу залгаж, “та хаана байна” гэж асуусан чинь эгч би 21-ийн автобусны буудал дээр байна гэхээр нь би Цаар эгч дээр хүргүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирсэн. Бид хоёр 5 сар хамт амьдарсан. Одоо тусдаа байгаа. Ц надтай хамт амьдарч байхдаа ганц нэг цохиж байсан. Би бие давхар болоод 5 сар болж байна. Хэрэг гарсны дараа ургаа ЭХО-д үзүүлэхэд хэвийн байна гэж хэлсэн. Миний биед одоо ямар нэгэн зовуурь байхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 25, 27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч Н.Э мэдүүлэхдээ:

П.Згийн биед учирсан дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх, баруун дээд 2-3 дугаар шүдний угийн буйлны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь үр зулбахад нөлөөлсөн эсэхийг шууд тогтоох боломжгүй. Үр зулбахад олон төрлийн шалтгаан байдаг. Гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаан байна гэжээ. (хэргийн 37-38, 41-42 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11240 тоот дүгнэлтэд:

1. П.Згийн биед дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх, баруун дээд 2-3 дугаар шүдний угийн буйлны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Зүүн нүдний дээд зовхины цус хуралт нь тухайн цаг хугацаанд үүсээгүй хуучин гэмтэл байна. Дээрх бусад гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 48 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 59 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн автобусны буудал орчимд автомашин дотор хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг нь мэдсээр байж хохирогч П.Згийн нүүр хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохиж, түүний биед дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх, баруун дээд 2-3 дугаар шүдний угийн буйлны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Згийн мэдүүлэг, шинжээч Н.Эгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11240 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Н.Цийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Цийг хүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Цийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Н.Цид даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Ц цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Цид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН