Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

 

 

 

 

     Т.О, О.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Х.Еркебуланы бичсэн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 19 дугаартай прокурорын эсэргүүцлээр Т.О, О.Э нарт холбогдох эрүүгийн 201701000134 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овогт О.О, 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймагт төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Нийслэлийн 16 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../,

Т овогт Т.О, 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чингис Хаан” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 368 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 359 дүгээр шүүгчийн захирамжаар 1 жил 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 602 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 112 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 2 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн /РД:....../,

Өсвөр насны шүүгдэгч О.Э нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабиноль”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалж, улмаар 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 184 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн,

Шүүгдэгч Т.О нь 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 184 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта9-тетрагидроканнабиноль”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Оөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу сэтгэцэт нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, өсвөр насны шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч Т.Оөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Т.Оөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэжээ.

Прокурор Х.Еркебуланы бичсэн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай прокурорын эсэргүүцэлд: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд өсвөр насны шүүгдэгч О.Эг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг, Т.Оийг сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Оөд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Т.Оөд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх, үндэслэл журам”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан байхад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Оөд хорих ял оногдуулж тэнссэн нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар болон давж заалдах гомдол гаргасан эсэхийг хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Э нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабиноль”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалж, улмаар 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 184 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн,

Шүүгдэгч Т.О нь 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 184 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта9-тетрагидроканнабиноль”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Б.Т: "...манай охин хар тамхины хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар би мэдэж байгаа. Хэргийн талаар охиноосоо асуухад Эрдэнэт хотын Жаргалант суманд өвөө, эмээ дээрээ байх үедээ гадуур гарч дэлгүүр орчихоод явж байхад нь хажуугаар өнгөрсөн хоёр танихгүй хүн “энэ хар тамхины ургамал байна шүү дээ” гээд яриад зогсож байх үед нь яриаг нь сонсоод сонирхоод маргааш нь очиж ганцаараа түүсэн гэж байсан. Ингээд найз нартаа сонирхуулахаар авч ирээд найз нар нь хэрэглэсэн юм шиг байна лээ. Манай охин өөрөө тухайн хар тамхины төрлийн ургамлаас хэрэглээгүй гэж байсан..." /хх-43-44/,

гэрч Т.М: “...манай дүү цагдаагийн байгууллагад ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар мэдэж байгаа. Би энэ хэргийн талаар дүүгээсээ асуухад манай төрсөн эгч Тогоочийн Мөнхтуулын нэр дээр байдаг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны 184 тоот байранд хүн байхгүй түрээслэж байсан хүмүүс нь гарсан, эзэнгүй байх үед Оийн таньдаг дүү Лхагвасүрэн нь “танай байранд очиж шивээс хийлгэе” гэж гуйгаад шивээсээ хийлгэхээр очоод хамт архи, пиво хэрэглэж байх үед нь хамт байсан хүмүүс нь хар тамхины төрлийн ургамал татахаар нь сонирхоод нэг татсан гэж байсан. Тухайн татсан өвсийг тэнд байсан охин авч ирсэн гэж байсан...” /хх-47-48/,

гэрч Б.О: “...би түүний ээж Г төрсөн эгч байгаа юм. Зуны амралтаараа ирж амарсан. Манайд 10 гаруй хоног болсон. Би Ог ургамал түүсэн талаар огт мэдэхгүй. Манайх 1996 оноос хойш ямар ч байсан 20 гаруй жил болж байгаа. Ийм ургамал ургадаг талаар огт мэдэхгүй, ямар ургамал байдаг талаар би мэдэхгүй. О.Эг яаж мэдсэн талаар ч би мэдэхгүй. Энэ ургамлыг устгуулах талаар мэдэж авлаа...” /хх-212/,

өсвөр насны шүүгдэгч О.Эгийн: "...би энэ өвсийг Орхон аймгийн Жаргалант сумын Улаан толгой багт оршин суух ээжийн эгч О гэрийн хашаанаас олж авсан. Энэ тэр нутагт элбэг ургадаг юм шиг байна лээ. Би тухайн үед хоорондоо ярьж байсан хоёр хүний ярианаас сонсоод тэгээд сонирхолдоо хөтлөгдөөд багахан хэмжээгээр түүж авсан байсан юм. Тэрнээс биш манай эгч хашаандаа тэр өвсийг ямар нэгэн санаа зорилготойгоор тариалаад байдаггүй юм. Би тэр хоорондоо ярилцаж байсан хоёр хүнийг огт танихгүй, мэдэхгүй, өмнө нь харж байгаагүй юм. Тэр өвс нь тод ногоон өнгөтэй, хэдэн салаатай өвс байсан юм. Тэр үед би энэ зүйлийг хуулиар хориглосон байсан эсэхийг мэдээгүй, өөрийгөө тухайн үед гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг ойлгоогүй..." /хх-202-203/,

шүүгдэгч Т.Оийн: “... Би тухайн өвс гээд татаад байсан зүйлийг авч явж байсныг, мөн энэ зүйл нь хуулиар хориотой байсан гэдгийг мэдээгүй байсан. Би гэртээ таних, танихгүй хүн оруулсандаа гэмшиж байна. Тэр байр миний төрсөн эгч Т.М өмчлөлийнх бөгөөд тэрээр 2015 онд гадаад буюу Австрали улс руу ажиллахаар явсан. Байрны гэрчилгээ нь өөрт нь байгаа. Явахдаа байрны түлхүүрийг надад үлдээгээд явсан ба би тэрнийг нь хүмүүст түрээслэдэг юм...” хх-/208-209/ гэх мэдүүлгүүд болон

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №6207 тоот акт /хх-56-59/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд /хх-232-233, 234-235/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/,

Мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-12-17/,

Хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-18/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22,24,26,28,30,32/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-162,170/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 165/, шүүгдэгч нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-127/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-128-131,134-136, 151-152/, өсвөр насны шүүгдэгч О.Эгийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-154/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-215-216/, хувийн байдлыг тогтоосон баримт /хх-221/, хохирлын баримт /хх-32-38/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-248-249/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.О, О.Э нарын үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч О.Эд шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон, хууль зөрчөөгүй байна.

Харин анхан шатны  шүүх шүүгдэгч Т.Оөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Т.Оөд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр  заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаас харахад “гэмт хэрэг үйлдсэн хүнд 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх”-р заасан байх бөгөөд “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан ялыг тэнсэх” талаар ойлголт уг хуульд байхгүй байна.

Иймээс “шүүгдэгч Т.Оөд  хорих ял оногдуулж  тэнссэн нь үндэслэлгүй” гэж үзсэн прокурор Х.Еркебуланы бичсэн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцэлийг хүлээн авч, шүүгдэгч Т.Оөд хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтуудыг хүчингүй болгон, зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

“2” дахь заалтын “...Шүүгдэгч Т.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг

 “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Т.Оийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай...” гэж өөрчлөн,

 “3” дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр...” ,

“4” дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар Т.Оөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоосугай...” гэснийг тус тус хүчингүй болгон, Тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

О.ЧУЛУУНЦЭЦЭГ