Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1204

 

 

Т.Цогбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00541 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Цогбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Цогбаяр нь эхнэр Э.Ариунцэцэгийн хамт 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр "Транскапитал ББСБ" ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Ү-2203001579 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 4 хороолол, 8 дугаар байрны 57 тоотод оршин суух 3 өрөө байрыг тавьсан. "Транскапитал" ББСБ-ын зүгээс нэхэмжлэл гаргаж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3189 тоот шүүхийн шийдвэрээр 54 260 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 11/483 тоот тогтоол албадан дуудлага худалдаа 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт болох тухай мэдэгдлийг хүлээн авсан байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан тул дуудлага худалдаа явагдаагүй. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр огноолсон 3/36500 тоот мэдэгдлийг шуудангийн 28 дугаар салбараас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан. Мэдэгдэлд ....албадан дуудлага худалдаа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагт явагдах тоот ирсэн. Энэ талаар тодруулахад анхны албадан дуудлага худалдаа явагдсан байрыг хүн аваагүй гэсэн. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй, хариуцагч нарт ердийн боломжит хугацааны өмнө албадан дуудлага худалдаанд мэдэгдээгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, албадан дуудлага худалдаанд оролцох эрхээ эдэлж чадаагүй.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу 10 сарын өмнөх үнэлгээний компанийн тогтоосон үнээр тооцож албадан дуудлага худалдаанд оруулсан. Төлбөр төлөгчийн орон сууцыг зах зээлийн үнээр үнэлээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсан анхны дуудлага худалдааг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасныг шийдвэрлээгүй байхад дараагийн дуудлага худалдааг зарласан байсан. Ахлах шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 01 дүгээр сард хариуг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага бол 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг нараас 54 829 250 төгрөгийг гаргуулж "Транскапитал" ББСБ-д олгох шүүхийн шийдвэртэй хэрэгт талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй. Барьцаа хөрөнгийг үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 125 000 000 төгрөгөөр үнэлсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 85 000 000 төгрөгөөр үнэлж нийтэд мэдээлсэн. Нэхэмжлэгч Т.Цогбаяр нь үнэлгээнд гомдол гаргасан. Нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3307 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1225 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1019 тоот тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иргэний хуульд заасны дагуу зах зээлийн үнэ болох 125 000 000 төгрөгийн 70 хувь буюу 87 500 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь бюу 62 500 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус оруулахад үнийн санал ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр оруулах зарыг 14 хоногийн өмнө 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Үндэсний шуудан сонины 217 тоот дугаартай сонинд мэдээлсэн. Э.Ариунцэцэг, Т.Цогбаяр нар нь дуудлага худалдааны талаар мэдээгүй, мэдээлэл өгөөгүй гэж байна. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс авахуулж мэдээллийг баталгаат шуудангаар явуулсан, хүлээлгэж өгсөн талаар тэмдэглэл үйлдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрсдөө над руу утсаар ярьж мэдсэн. Орон нутгийн зах зээлийн үнэлгээнд гомдол гаргаад 3 шатаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй хугацаа авах гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 4 хороолол, 8 дугаар байр, 57 тоот 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Цогбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Цогбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батболд нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “холбогдох хууль тогтоомжид заасан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ” гэх үндэслэлийг оруулж анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн буюу нэхэмжлэл гаргах үеэс 10 сарын өмнөх үнэлгээг баримтлан дуудлага худалдааны үнийг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгохыг хүссэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мөн энэ талаар хэлсэн боловч анхан шатны шүүх хэрэгсэж үзээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдалгүй орхигдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ гэснийг анхан шатны шүүх хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт анхны албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ гэснийг зөрчсөн талаар оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Т.Цогбаяр нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3189 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 883 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 783 дугаар тогтоолоор Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг нараас 54 260 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 429 250 төгрөгийг тус тус гаргуулан “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагад олгож шийдвэрлэсэн байна.                             /хх-6-18 дугаар тал/

 

Уг шийдвэрийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4213 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2015/12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоот, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2016/01 тоот тогтоолоор хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байна.                                                                                /хх-83, 85, 100 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд өмчлөгч С.Дашпунцаг, Т.Түмэнбаяр нар 200 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч Т.Цогбаяр, Э.Ариунцэцэг нар 200 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Транскапитал ББСБ” ХХК нь өмчлөгч болон төлбөр төлөгч нарын үнэлгээг зөвшөөрөхгүй үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 26 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж, шинжээч нь уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 125 000 000 төгрөгөөр тодорхойлсон ба 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.                                                                                    /хх 70-77, 78-80, 86,90 дүгээр тал/

 

            Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоот, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ болох 125 000 000 төгрөгийн 70 хувь буюу 87 500 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/483 тоот тогтоолыг нэхэмжлэгч Т.Цогбаярт албадан дуудлага худалдаа болохоос өмнө дуудлага худалдаанд оролцох эрхээ эдлэх боломжит хугацааны өмнө хүргүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаанд оролцож, өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхолоо хамгаалах боломжийг шийдвэр гүйцэтгэгч нь олгоогүй гэж үзнэ.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байр, 57 тоот 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хуульд нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн буюу нэхэмжлэл гаргахаас 10 сарын өмнөх үнэлгээг баримтлан дуудлага худалдааны үнийг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгохыг хүссэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад энэ талаар хэлсэн боловч анхан шатны шүүх хэрэгсэж үзээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдалгүй орхигдуулсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00541 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ