Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0724

 

 

 

                           “С” ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,

Нэхэмжлэгч: “С” ХХК,

Хариуцагч: Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ц, Х.Б нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн НА-20210000072 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”,

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Э.Баттулга, хариуцагч Ч.Ц, Х.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 119/2022/0016/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С” ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ц, Х.Б нарт холбогдууланТатварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн НА-20210000072 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ц, Х.Б нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн НА-20210000072 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас “нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3-т заасан төлбөр /нөхөн татвар, торгууль, алданги/-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2 дахь заалтаар: “Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 12 дугаар зүйлийн 12.2, 32 дугаар зүйлийн 32.2.2, 35 дугаар зүйлийн 35.6, 35.10, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 41.10.3, 42 дугаар зүйлийн 42.1, 73 дугаар зүйлийн 73.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1.5, Татварын ерөнхий хууль /2008-05-20-ны өдрийн хуулийн 2015-12-04 өдрийн өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006-06-29/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019-03-22/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Зөрчлийн тухай хууль /2017-05-11-ний өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22-ны өдрийн хүчингүй болсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, мөн зүйлийн 4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ц, Х.Б нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн НА-20210000072 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1, 2-т заасан төлбөр /нөхөн татвар, торгууль, алданги/-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 119/ШШ2022/0029 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

            3.2. Орхон аймаг дахь “С” ХХК нь гадаад дотоод худалдаа зуучлалын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2011008133 дугаар гэрчилгээ, регистрийн 4374118 дугаартайгаар тасралтгүй 15 дахь жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл Орхон аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар манай компанийн 2019-2020 онуудад “Э.Ү” ТӨҮГ-тай хийсэн гэрээний дагуу барилгын материалын худалдан авалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичилттэйн дээр “Х.Н” ХХК-ийг эрсдэлд суурилсан компани гэж үзээд “С” ХХК-д 2021 оны 12 дугаар сарын эхээр шалгалт орж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/ хяналт шалгалтыг хийж 156.828.655 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн НА-20210000072 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын акт тавьснаар хуульд заасан журмын дагуу уг актыг хүчингүй болгуулахаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэт нэг талын барьж шийдвэр гаргасны зэрэгцээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг огт зөрчигдөөгүй гэсэн дүгнэлтийг хийсэн явдалд маш их гомдолтой байна.

           3.3. Нэхэмжлэгч хууль зүйн дагуу “Э.Ү” ТӨҮГ-иас зарласан тендерт ялж богино хугацаанд бараагаа нийлүүлэх гэрээтэй учир Улаанбаатар хот дахь барилгын материалын бөөний худалдаа эрхэлдэг “Х.Н” ХХК-тай бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу бараагаа авч гэрээ ёсоор “Э.Ү” ТӨҮГ-д гэрээнд заасан хугацаанд бараагаа нийлүүлсэн. Нэхэмжлэгч дан ганц “Х.Н” ХХК-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж тэр компаниасаа бараагаа бүгдийг нь авсан. Харин “Х-А”, “Н.М.М.Г”, “Н.М.М” ХХК-иудтай огт харьцаагүй, тэр компаниас ямар нэгэн бараа материал аваагүй, “С” ХХК-д ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг “Х.Н” ХХК-иас ирүүлсэн баримт юм. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ч нэхэмжлэгч ярьсан бөгөөд үүнийг гэрчлүүлэхийн тулд “Х.Н” ХХК-ийн захирал Д.Бийг шүүх хуралдаан оролцуулсан.

            3.4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 33-д “мөн компаниудын “С” ХХК-д олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй болох нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02/1580 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан мэдээллээр тогтоогдсон бөгөөд Д.Бийн мэдүүлгээр давхар нотлогдож байна” гэсэн дүгнэлтийг дан ганц хариуцагчийн эрх ашгийн төлөө хийлээ. Татварын ерөнхий газраас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн 02/1580 дугаар албан бичигт “ “Х.Н” ХХК нь хий бичилт хийсэн эрсдэлтэй татвар төлөгчийн жагсаалтад байхгүй болохыг дурдъя” гэсэн агуулгатай 7 хуудас материал хавсарган ирүүлсэн байхад бодит дүгнэлт хийсэнгүй. Дээрх гурван компанитай нэхэмжлэгч огт эрх зүйн харилцаанд ороогүй байхад эрх зүйн харилцаанд орсон, “Х.Н” ХХК хариуцлагаа хүлээх учиртай байхад бусдын өмнөөс хариуцлага хүлээлгэж байгаа явдал нь зүйд нийцэхгүй байна.

            3.5. Шүүх татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн НА-20210000072 дугаартай “С” ХХК-ийн санхүүгийн баримтад 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/ хяналт шалгалтыг хийж 156.828.655 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон “Нөхөн ногдуулалтын акт”-ын актын хууль зүйн үндэслэлүүдийн талаар бодит дүгнэлтийг хийсэнгүй. Актын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэсэн дүгнэлтийг шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-д “Татварын хяналт шалгалт хийх томилолтод хяналт шалгалтыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүлэхээр заасан байх бөгөөд хяналт шалгалтад хамрагдах хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж заасан нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна” гэжээ. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 73.2-т “Хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусна” гэжээ. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татвар нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах, хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх” гэжээ. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тоолох тул 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх хугацаагаа тооцох учиртай бөгөөд сүүлийн хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолохоор байхад юуны учир шүүх үндэслэлгүйгээр үгүйсгэж “С” ХХК-ийн санхүүгийн баримтын 2019-2020 онуудын баримтат акт тогтоосон явдал нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг хийнэ вэ?

            3.6. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 25-д “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Аж ахуйн нэгж байгууллага,нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө” гэсэн заалтыг үндэслэхдээ тухайн заалтын аккруэл гэдэг үгийн утгыг /анхан шатны баримт бүрдүүлэх/-тэй холбож ойлгосон бололтой. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан,эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг” хэлнэ гэжээ. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “тайлан болон анхан шатны баримтаа архивлах”, 13 дугаар зүйлийн 13.1-д “тайлангаа үнэн зөв гаргах”, 14 дүгээр зүйлийн 14.3-д “Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ” гэх мэт нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын тухай болон нягтлан бодох бүртгэл хөтлөх талаар дүгнэлт хийж байгаа явдал нь маргааны зүйлээс хэт хальсан маргааны зүйлд хамааралгүй асуудлуудын талаар дүгнэлт хийжээ.

            3.7. Маргааны гол зүйл нь “С” ХХК нь тайлангаа цахимаар гаргасан тухай болон гаргасан тайлан нь хий бичилттэй /Эрсдэлд суурилсан/ гэсэн агуулгатай маргаан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж байгууллага энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй”, 9.2-т “Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авсан харилцагч санхүүгийн байгууллага нь дараах үүрэг хүлээнэ” гэжээ. “С” ХХК-ийн 2019, 2020 оны санхүүгийн цахим тайлангуудыг тухайн хуулийн этгээдийг хариуцсан байцаагч шалгаж байх үүрэгтэй бөгөөд тайланг нь алдаатай гэж үзвэл зөвлөмж хүргүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт хийхгүй дан ганц нэхэмжлэгчийг анхан шатны баримтуудаа хяналт шалгалтыг хийж байх явцад байцаагч нарт гаргаж өгөөгүй учир байцаагч нарыг буруутгах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийлээ. /маргааны гол зүйл нь бараа худалдан авсан эсэх татвар төлсөн эсэх маргааны талаар дүгнэлт хийх учиртай/

            3.8. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 20-д “Татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт хийх үед “С” ХХК нь санхүүгийн анхан шатны баримтуудаа гаргаж өгөөгүй” “Х-А” ХХК, “Х.Н” ХХК, “Н.М.М.Г” ХХК, “Н.М.М” ХХК-иудаас бодит худалдан авалт хийсэн гэдэг нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй гэж үзэж, нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар торгууль, алданги тооцсон нь хууль зөрчөөгүй гэж үзлээ” гэжээ. Шүүх хариуцагчийн хариу тайлбарт хөтлөгдөн дүгнэлт хийхийн оронд нөхөн ногдуулалтын актын үндэслэл, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан бодит дүгнэлт хийх учиртай. Тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаартай албан бичгийн хариу болох Татварын ерөнхий газрын дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхболдын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02/1580 дугаартай албан бичгээр “Х.Н” ХХК нь “эрсдэлтэй татвар төлөгчийн жагсаалтад байхгүй болохыг дурдъя” гэсэн агуулгатай хариу ирүүлсэн тоот, “Э.Ү” ТӨҮГ-тай 2019 оны 11 дүгээр сард байгуулсан 2019/14-40 489 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, “Х.Н” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд ирүүлсэн тайлбар, уг тайлбарт “С” ХХК-ийг бараа худалдан авалт хийсэн болох, гэрээнд заасан зарим бараа нь байхгүй байсан учир өөр компаниудаас авч өгсөн ч тэр компаниуд нь зөрчилтэй учир И баримтууд нь буцаагдсан учир гэрээнийхээ дагуу “Х.Н” ХХК хариуцлагаа үүрээд өөрийн компанийнхаа нэрээр баримт нөхөж өгсөн болохоо тайлбарлаж ирүүлсний зэрэгцээ өөрөө шүүх хуралд өөрийн биеэр оролцож энэ тухайгаа тайлбарласан байхад дээрх нотлох баримтуудыг шүүх нотлох баримтаас хасаагүй атлаа яаж үнэлсэн болох нь тодорхойгүй байх юм.

            3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтуудад шүүхийн шийдвэр нийцсэнгүй. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн татварын цахим санд авагдсан “Х.Н” ХХК-иас 400.300.000 төгрөгийн худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд тус шүүхийн шаардсанаар “Х.Н” ХХК-иас ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд Орхон аймгийн Татварын хэлтсээс тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн “Х.Н” ХХК-иас “С” ХХК-д өгсөн 400.300.000 төгрөгийн барааны худалдан авалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг шүүх яаж үнэлсэн нь тодорхой бус байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасанчлан “Нотлох баримтыг гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэжээ. Дээрх падаануудыг шүүх нэхэмжлэгч, хариуцагч гэрч нараас өөрийн санаачилгаар албан тоотоор гаргуулж авсан. Дээрх 400.300.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг бүгд татварын сайтаас хэвлэн гаргаж ирсэн байхад юуны учир огт үнэлэхгүй орхино вэ?

            3.10. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2-т “татвар ногдох орлого орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ үнийг ня-бо бүртгэл тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэжээ. Хуулийн дээрх заалтаас харахад энэ зүйл заалтад заасан зөрчил гаргаагүй бөгөөд 2019/14-40 дугаартай “Худалдах, худалдан авах тухай” гэрээгээр “Э.Ү” ТӨҮГ-д барилгын засварын материал /металл хийц. БҮ-ийн ХАА-хашааны материал/ зэрэг нийт 405.800.032 төгрөгийн өртөг бүхий 27 нэр төрлийн бараа нийлүүлэх 60 хоногийн хугацаатай гэрээний дагуу 2019-2020 оны хооронд худалдан авалтыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Х.Н” ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хамтран ажиллах гэрээг хоёр тал 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, уг гэрээнийхээ дагуу бараа материалаа нэмэгдсэн өртгийн албан татвартай нь худалдаж аваад худалдан авагч тал буюу “Э.Ү” ТӨҮГ-д бараагаа нийлүүлсэн болох нь гэрээ болон гэрээний биелэлтийг дүгнэсэн протоколуудаар нотлогдож байгаа.

           3.11. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 119/ШШ2022/0029 дүгээр шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Ч.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хзул давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд: “...

            4.1. Шийдвэрийн 19-д “гэрээний дагуу барааг нийлүүлэхдээ “С” ХХК нь “Х-А” ХХК, “Х.Н” ХХК, “Н.М.М.Г” ХХК, “Н.М.М” ХХК- иудаас худалдан авалт хийж уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд төлөх албан татвараас хасаж тооцон мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд оруулан тооцсон нь тайлангуудаар тус тус тогтоогдож байна” гэж шүүх шийдвэрээ үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгч гомдолдоо зөвхөн “Х.Н” ХХК-тай гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нотлогдоогүй.

           4.2. Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 02/1580 дугаар албан бичгийн хавсралтуудад бичигдсэн аж ахуйн нэгжүүд (“Х-А” ХХК, “Н.М.М.Г” ХХК, “Н.М.М” ХХК)-ийн падаан буюу нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг гаргах эрхийг “эхлэх огноо” гэсэн цэсэд заасан огноогоор хаасныг баримтжуулж байгаа болно. Хий бичилт хийж буй компаниудын нэрсийг Татварын ерөнхий газар гаргасан бөгөөд тус эрсдэлийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулж падаан буюу төлбөрийн баримт гаргах эрхийг хасаж байгаа. Тус тайлбарыг хуралдааны явцад тодорхой тайлбарласан. “Х.Н” ХХК-ийн захирал, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Б мэдүүлэгтээ “дээрх компаниудаас худалдан авалт хийсэн гэх бөгөөд худалдан авалт нь худалдан авсан болон борлуулсан талуудын хооронд баримтаар нотлох ёстой байтал “С” ХХК-д шууд баримт бичсэн гэж мэдүүлсэн, мөн татварын ерөнхий хууль шинэчлэгдсэнээс хойш хяналт шалгалтад ороогүй” гэж мэдүүлсэн зэргээс хий бичилттэй баримт үйлдээгүй гэдгийг нотлоогүй. Татварын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг нь Татварын удирдлагын нэгдсэн системийн цэсэд падаан буюу төлбөрийн баримт гаргах эрхийг тухайн цаг хугацаагаар хаасан гэдгийг харуулж байгаа бөгөөд хуурамч баримт үйлдээгүй гэдгийг нотлоогүй.

           4.3. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 4 жил бөгөөд 6 дугаар зүйлийн 6.1.28-д зааснаар татварын жил тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг заасан бөгөөд хяналт шалгалтад санхүүгийн тайлангийн дууссан жилээс урагш 4 жил буюу 2017-2020 онуудыг хамруулсан хууль зүйн үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгч талын томилолт үүссэн хугацаанаас өмнөх 4 жилийг хамруулах гэдэг ёстой гэж тайлбарласныг шүүх хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэсэн.

           4.4. Татварын хууль, тогтоомжид зааснаар татварын төлөгч тайлангаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй бөгөөд эрсдэлгүй татварын төлөгчийн хяналт шалгалтад хамруулахгүй харин эрсдэлтэй татварын төлөгчийг хяналт шалгалтад хамруулахаар хуульчилсан. Санхүүгийн тайланг бус татварын тайланг татварын алба хүлээн авдаг бөгөөд тайлангийн үнэн зөв байдал болон анхан шатны баримтын бүрдүүлэлтийг тайлагнаж буй компани хариуцах бөгөөд татварын тайланг тайлагнаснаар хүлээн авдаг тул шүүх хуульд заагаагүй татварын үүрэгт дүгнэлт хийх шаардлагагүй болно.

           4.5. “С” ХХК нь санхүүгийн анхан шатны баримтаа хадгалаагүй, байхгүй тул хяналт шалгалтын явцад гаргаж өгөөгүй. “Х.Н” ХХК-иас санхүүгийн баримтаа гаргаж авч өгөх байсан учир гэж шүүх хуралдаанд “С” ХХК нь тайлбарладаг бөгөөд шүүх шийдвэрийн 25-д хууль зүйн үндэслэл бүхий тайлбарлаж шийдвэрлэсэн.

           4.6. Иймд Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 119/ШШ2022/0029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч С” ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ц, Х.Б нарт холбогдууланТатварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн НА-20210000072 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргаж байгаа, НА-20210000072 тоот нөхөн ногдуулалтын актаар “С” ХХК-ийг 107,330,909.44 төгрөгийн нөхөн татвар, 32,199,272.83 төгрөгийн торгууль, 17,298,473.38 төгрөгийн алданги, нийт 156,828,655.65 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон, уг актыг эс зөвшөөрч “С” ХХК-иас гаргасан гомдлыг Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүлээн авахаас татгалзсан байна.

            3.2. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн НА-20210000072 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас “нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 3-д заасан төлбөр /нөхөн татвар, торгууль, алданги/-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тул анхан шатны шүүх актын 1, 2 дахь заалтаар төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн эсэхийг хянаж хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгчээс ийнхүү шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            3.3. Маргаан бүхий актын 1 дэх заалтаар “ С” ХХК нь 2019 онд 117,181,819.00 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан төсөвт төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2-т тус тус заасныг зөрчсөн гэж,

2 дахь заалтаар “ “С” ХХК нь 2020 онд 341,140,910.00 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулсан төсөвт төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа бууруулсан нь  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д заасныг зөрчсөн, мөн “Х-А” ХХК, “Х.Н” ХХК, “Н.М.М.Г” ХХК, “Н.М.М” ХХК-иудаас нийт 458,322,729.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “НӨАТ-тай үнээр худалдан авсан дотоодын бараа ажил үйлчилгээ” хэсэгт тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д тус тус заасныг зөрчсөн” гэж үзжээ.

            3.4. Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.28-д зааснаар тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг “татварын жил” гэж ойлгоно.

3.5. Татварын улсын байцаагч нар 20211003495 дугаартай томилолтын дагуу “С” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/ хяналт шалгалтыг хийж, 2019, 2020 оны зөрчилд нөхөн татвар ногдуулж торгууль, алданги тооцсон нь дээрх хуульд заасан хугацаанд багтаж байх тул ийнхүү төлбөр ногдуулсан нь хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ. Иймд нэхэмжлэгчийн “... сүүлийн хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолох учиртай байхад 2019-2020 онуудын баримтад акт тогтоосон нь хуульд нийцээгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал”,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй”, 16.1.1-д “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал”, 13 дугаар зүйлийн 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж ямар тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй байх талаар тодорхой хуульчилсан. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т зааснаар албан татвар суутган төлөгч бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгохоор байна.

3.7. Нэхэмжлэгч “... дан ганц “Х.Н” ХХК-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж тэр компаниасаа бараагаа бүгдийг нь авсан. Харин “Х-А” ХХК, “Н.М.М.Г” ХХК, “Н.М.М” ХХК-иудтай огт харьцаагүй, тэр компаниас ямар нэгэн бараа материал аваагүй, “С” ХХК-д ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг “Х.Н” ХХК-иас ирүүлсэн баримт, ... нэр бүхий компаниудтай эрх зүйн харилцаанд ороогүй байхад эрх зүйн харилцаанд орсон “Х.Н” ХХК хариуцлагаа хүлээх учиртай... “Х.Н” ХХК “С” ХХК-ийг бараа худалдан авалт хийсэн болох, гэрээнд заасан зарим бараа нь байхгүй байсан учир өөр компаниудаас авч өгсөн ч тэр компаниуд нь зөрчилтэй учир И баримтууд нь буцаагдсан, гэрээнийхээ дагуу “Х.Н” ХХК хариуцлагаа үүрээд өөрийн компанийнхаа нэрээр баримт нөхөж өгсөн болохоо тайлбарласан, ... 2019-2020 оны хооронд худалдан авалтыг “Х.Н” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бараа материалаа НӨАТ-тай нь худалдаж аваад “Э.Ү” ТӨҮГ-т бараагаа нийлүүлсэн болох нь гэрээ болон гэрээний биелэлтийг дүгнэсэн протоколуудаар нотлогдож байгаа, ... “Х.Н” ХХК-иас “С” ХХК-д өгсөн 400,300,000 төгрөгийн барааны худалдан авалт хийсэн НӨАТ-ын падаануудыг шүүх яаж үнэлсэн нь тодорхой бус” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй.

3.8. Учир нь “С” ХХК нь “Э.Ү” ТӨҮГ-тай 405,800,076.22 төгрөгийн “Бараа нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан, уг  гэрээний дагуу барааг нийлүүлэхдээ “С” ХХК нь “Х-А” ХХК, “Х.Н” ХХК, “Н.М.М.Г” ХХК, “Н.М.М” ХХК-иудаас худалдан авалт хийсэн гэж уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд төлөх албан татвараас хасч тооцон, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардалд оруулан тооцсон, “Х-А” ХХК, “Х.Н” ХХК, “Н.М.М.Г” ХХК, “Н.М.М” ХХК-иуд нь “С” ХХК-д бараа борлуулсан гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгасан боловч “С” ХХК нь хяналт шалгалтын үеэр бодит худалдан авалт хийсэн болохоо анхан шатны баримтаар нотолж чадаагүй байна.

3.9. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч тайлангаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй, тайлангийн үнэн зөв байдлыг тухайн татвар төлөгч өөрөө хариуцаж, нотлох үүрэгтэй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг анхан шатны баримт бүрдүүлэх, журналд бичих, дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, ажил, гүйлгээний мэдээ гаргах, санхүүгийн тайлан гаргах зэрэг дарааллаар гүйцэтгэх бөгөөд “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог нэрлэнэ. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болох бөгөөд 13.7-д зааснаар анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглохоор хуульчилсан.

3.10. Нэхэмжлэгчээс хяналт шалгалтын явцад өөрт байх ёстой анхан шатны баримтууд, “Х.Н” ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээ, 400,300,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ зэргийг улсын байцаагч нарт гаргаж өгөөгүй тул хариуцагч нар ийнхүү төлбөр ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх маргаан бүхий актыг тухайн цаг хугацаа, нөхцөл байдал, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гаргасан эсэхийг хянана.

3.11. Товчхондоо, “С” ХХК нь нэр бүхий компаниудаас худалдан авалт хийсэн гэж, уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд төлөх албан татвараас хасч тооцон, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардалд оруулан тооцсон байх боловч тус компани нь бодит худалдан авалт хийсэн болох нь анхан шатны баримтаар нотлогдоогүй, гэрч “Х.Н” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд “... энэ 3 компанитай “С” ХХК гэрээ хийгээгүй, харилцагч компаниудаас би падаан бичүүлсэн” гэж мэдүүлсэн зэрэг үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн татвараа хасч тооцсон зөрчлийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН