Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01620

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01141 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1306 дугаар магадлалтай

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Т” ХХК-д холбогдох

Гэрээнээс татгалзсантай холбоотой 12 621 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хандгайт болон Найрамдалд байрлах 2 орон сууцны барилгын вакум цонхны ажил гүйцэтгүүлэхээр “Т” ХХК-тай мөн өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаатай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь төлбөрийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гэрээт ажлыг гүйцэтгэж, захиалагч талд нийлүүлж өгөх үүрэг хүлээсэн бөгөөд захиалагчийн хувьд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 14 121 000 төгрөгийг гүйцэтгэгчийн данс руу шилжүүлэх үүрэг хүлээсэн, манай компани үүргээ 100 хувь биелүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй тул захиалагч талаас шилжүүлсэн 14 120 000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл гүйцэтгэгч компани болох “Т” ХХК-ийн захирал М.Саруул 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр бичгээр баталгаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагч “Т” ХХК-иас 12 621 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай компани гэрээний үүргээ биелүүлж вакум цонхыг суурилуулахаар авч очсон боловч хүлээн авалгүй буцаасан. Манай компани цонхыг сайн хийж угсарсан, материалыг захиулж авчруулсан зэргээр зардал гаргасан бөгөөд энэ зардал нь урьдчилгаа төлбөрт тооцогдсон гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01141 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Түмэн цагаан” ХХК-иас 12 621 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 216 890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 216 890 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1306 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01141 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 217 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1298 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Манай компани тодорхой хэмжээгээр ажил хийж гүйцэтгэсэн, үүнийг нөгөө тал ч мэднэ. Тийм учраас 2 621 000 төгрөгийн ажил хийсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэж, процессын алдаа гаргасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 621 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Түмэн цагаан” ХХК-д холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-нээс татгалзсантай холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн 14 120 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 12 621 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, урьдчилгаа төлбөр нь гэрээний дагуу хийсэн ажилд зарцуулагдсан гэж маргажээ.

Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч “Түмэн цагаан” ХХК нь 80 434 мкв хэмжээний вакум цонх, хаалгыг “Х” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Хандгайт, Сонгинохайрхан дүүргийн Найрамдалд барьж буй барилгад нийлүүлж, суурилуулах, захиалагч “Х” ХХК ажлын хөлс 23 543 929.88 төгрөгийг гэрээгээр тохирсон графикийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Гэрээний дагуу захиалагч урьдчилгаа 14 121 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэгчид төлсөн, гүйцэтгэгч төлбөрийг авснаас хойш 7 хоногт гэрээт ажлыг гүйцэтгэж, захиалагчид нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул захиалагч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардсан, гүйцэтгэгч 1 500 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг өгөөгүй үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ...гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан бөгөөд “...талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д заажээ.

Гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр захиалагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй ба Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар “...аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...харилцан буцааж өгөх үүрэгтэй” үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар нэмэлт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн  хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

Гэрээний дагуу тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн боловч захиалагч хүлээж аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 2 621 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар үндэслэлээ нотлох, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1306 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56 900 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД