Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/127

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

өсвөр насны шүүгдэгч: Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ,

тэдний өмгөөлөгч Ө.Учрал /2780/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 2005033900092 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 2 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Б.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 224 тоотод хохирогч Д.Птай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Д.Пийн үснээс зулгаах, толгой руу нь цохих зэргээр биед нь халдаж, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, баруун хацар, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч манай гэрт архи уугаад агсам тавьж, манай дүүг цохисон байсан. Үүнээс болж хохирогчтой маргасан. Хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хүний биед халдаж болохгүй гэдгийг ойлгосон. Хохирогчид манай ээж 300 000 төгрөгийн хохирол төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч - мэдүүлэхдээ:

Б.Б нь өсвөр насны хүүхэд, төлөв даруу зан ааштай, урд өмнө ял шийтгүүлж байгаагүй. Ээждээ тусалж, дүү нараа асарч гэр бүлдээ тус нэмэр болдог. Манай байгууллагын зүгээс Б.Бд цаашид хяналт тавьж, сэтгэл зүйчээс зөвлөгөө өгч ажиллана гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Д.П мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай найз Н гэх хүн намайг дуудаад би гэрт яваад орсон. Тэгээд гэрт нь ороод сууж байтал 100 грамм архи аваад ирээч гээд намайг гаргаад 0.5 литрийн архи аваад хамт уугаад сууж байхад гаднаас Нгийн охин Б орж ирээд ээжийгээ архи уулаа гээд загнаад маргаад байхаар нь би өөрийн охин шигээ санаад, уг охиныг загнаад чи ээжийгээ асарсангүй гэж хэлсэн. Гэтэл үгийн зөрүүгүй Б намайг үсдээд миний үснээс зулгаагаад, миний нүүр рүү цохисон. Маргалдаж байгаад намайг гэрээс чирээд гаргасан.

Хохирлын мөнгө 300 000 төгрөг авсан. Б.Бтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 18, 69 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч -Б.И мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн үед би ажлаа тараад Гранд плазагаас гараад явж байтал манай ээж 80335995 дугаарын утаснаас залгаад “ээжийг нь аллаа гээд орилоод, Н эгчийнд чинь байна, хүүхдүүд нь намайг зодоод байна” гээд утас нь тасарчихсан. Тэгээд би Гранд плазагийн гаднаас такси бариад хорооллын 29 дүгээр байрны гадна очиход манай дүү ирчихсэн, ээжтэй хамт орцны гадна байсан. Ээжийн найз Н өнөөдөр манай ээжийг гэртээ дуудаад хоол, унд хийж өгөөд нэг 0.5 литрийн архи хуваагаад уугаад байж байтал гаднаас Нараа эгчийн том охин нь найз залуутайгаа хамт орж ирээд “гэрт архи уулаа, архичид гээд орилоод найз залуу руугаа наад архичдаа зод, ал гээд байсан” гэж ээж надад хэлсэн. Тэгээд ээжийг Нараа эгчийн охин үсдээд, өшиглөөд, алнаа гэж дайраад найз залуу нь бас нүүр рүү нь өшиглөж зодсон байна гэжээ. (хэргийн 37-38, 23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч -Н.Н мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз Пийг өөрийн гэртээ хүрээд ирээч гээд 17 цагийн үед дуудсан. Харин ирэхэд нь архи аваарай гээд 10 000 төгрөг шилжүүлээд П манайд ганцаараа ирсэн. Ингээд бид хоёр манай гэр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29-224 тоотод байхдаа уг нэг шил 0.5 литрийн Хараа архи уугаад сууж байгаад би ядраад унтаад өгсөн. Харин П дахин архи аваад уусан. Манай охин Б гэртээ ирээд Пийг ээж тантай явж байгаад хөлөө гэмтээсэн гээд гар гэсэн боловч гарахгүй болохоор нь чирээд түлхэж гаргаад, гутлыг нь хойноос нь шидээд гэрт байхдаа маргалдаж, хоорондоо зодолдсон байсан. Би ядраад юу болсныг мэдээгүй, цагдаа ирснийг ч мэдээгүй. Би сүүлд юу болсон талаар охин Бгаас асуухад гэрээс яв гээд харин П гарахгүй байснаас болж маргалдсан гэж байсан гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ив мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн үед Б бид хоёр Багшийн дээд дээр уулзаад бид хоёр ном аваад таксигаар гэрт нь хүргэж өгөн. Гэрт нь очоод хаалгыг нь дүү нь тайлаад ороход гэрээс нь архи ихээр үнэртэж байсан. Б түрүүлээд өрөө рүү ороод ээж архи уучихсан байгаа юм уу, та энд юу хийж байгаа юм гээд нэг эмэгтэй хүнтэй маргалдаад байсан. Тэгээд хэрэлдэж байгаад уг эмэгтэй Бг хэл амаар доромжлоод байхаар нь би очиход хоорондоо үсдэлцээд бие биенийгээ өшиглөөд байхаар нь би салгах гээд Бг “болиоч чи, настай хүнийг” гээд араас нь татахад уг эмэгтэй орон дээр суугаад, би Бг болиулаад хамт зогсож байсан. Ингээд уг согтуу эмэгтэй хэл амаар доромжлоод, би чамайг хүүхдээрээ алуулна гээд утсаараа хүн рүү мөн цагдаа руу залгасан. Харин Б ээжийг өвчтэй байхад архи уулгалаа гээд хоорондоо маргалдаад байсан. Удалгүй дахин маргалдаад хоорондоо үснээсээ зулгаалцаад байхаар нь би уг эмэгтэйг араас нь цээжээр нь тэврээд гадагшаа орцонд гаргаад, хаалга хаагаад орхисон. Уг эмэгтэй хаалга нүдээд орилоод байсан. Тэгээд Б гэртээ үлдээд би шууд гэр рүүгээ харьсан. Б уг эмэгтэйтэй маргалдаад зодолдсоны дараа Бгийн үс нь сэгсийгээд, өмсөж байсан цамц нь урагдчихсан, бугуй гар нь хөхөрчихсөн байсан. Харин уг эмэгтэйн уруулаас нь цус гараад, жаахан сэтэрчихсэн, үс нь сэгсийчихсэн байсан. Б болон уг эмэгтэй маргалдахдаа бие биеийнхээ үснээс зулгаагаад гэрт байсан шкафын хажуугаар хамт унах болон газарт унаад хоорондоо үсдэлцэж байхдаа гараараа доороос нь өлгөж цохиод байсан гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12914 тоот дүгнэлтэд:

1. Д.Пийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, баруун хацар, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 63 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 224 тоотод хохирогч Д.Птай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Д.Пийн үснээс зулгаах, толгой руу нь цохих зэргээр биед нь халдаж, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, баруун хацар, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.П, гэрч Б.И, Н.Н, Б.Ив нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12914 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй, шүүгдэгчийн ээж Н нь хохирогчид 300 000 төгрөг төлсөн тул Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, 17 настай, ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн 11б ангид сурдаг, өсвөр насны хүүхэд зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялаас чөлөөлөх дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Өсвөр насны шүүгдэгч Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН