| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0152/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/147 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/147
2021 03 03 2021/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч К.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Ад холбогдох эрүүгийн 2009000000963 дугаартай хэргийг 2021 оны 02 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-211б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч К.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 17-ноос 2020 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байрлах Баянбулаг нэртэй газрын орчим хохирогч Х.Ербаглантай “бусадтай маргаан өрнүүллээ” гэх шалтгаанаар хоорондоо маргалдах явцдаа зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1, зүүн дээд 2 дугаар шүдний эмтрэл, дээд, доод уруулын дотор салст, зүүн завжны салстын цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч К.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Эрүүгийн 2009000000963 дугаартай хэргээс:
Шүүгдэгч К.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчим 5 шарын автобусны буудал дээр Ербагланг гарч ирсэн надтай цуг Ариука гэх эмэгтэй цуг явсан. Нөгөө машинд Халиунаа, Ербаглан нар нэг машинтай Баянбулаг гээд Шаргаморьтын тийшээ явахад байдаг зуслангийн тэнд урсдаг голын хажууд очсон. Бид нар 1 шил 0,75 литр, 10 лааз пиво авч ирснээ уугаад би согтоод машиндаа унтчихсан байсан. Тэгтэл найз Халиунаа намайг сэрээгээд “Ербаглан, Билгүүн хоёр хоорондоо маргалдаад байна” гэж хэлэхээр нь би гарч очсон... Над руу дайраад байхаар нь Ербагланыг зодчихсон. Гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Тэр үед машины хаалга онгойлгоод Ербаглан газар унасан тэгэхээр нь машинаас бууж очоод баруун мөр хэсэгт нь 2 өшиглөсөн. Ербагланы биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Хохирогч Х.Ербаглан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед найз Аманбек над руу залгаад уулзахаар болсон. Буудал дээр зогсож байсан машин дотор Аманбек түүний найз охин Халиунаа нар сууж байсан. Бид нарын араас Аманбекийн найз Билгүүн нарыг дагаад явсан. Бид нар “Баянбулаг” гэх газар руу явж очоод 10 лаазтай пиво бид нар ууж байгаад Аманбекийн найз Билгүүн намайг яс үндсээр доромжлоод байсан. Тэгээд босож ирээд намайг барьж аваад хоолойноос боогоод газар унагаасан. Тэр үед Аманбек миний дээр байсан Билгүүнийг салгаж босгоод надад хандаж “түлш иддэг биз дээ” гээд миний нүүрэн тус газар 4-5 удаа цохиод газар унагааж нэлээн хэдэн удаа толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Би босч зугтаагаад зам дээр гарч ирээд такси бариад цагдаа дээр ирсэн. Найз Аманбекийн ажилладаг уурхайд түлш нийлүүлдэг ажил хийдэг. “Түлшнээс иддэг биз дээ” гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Гэмтлийг манай найз Аманбек нь 4 удаа баруун гараараа миний нүүрэн тус газар цохиж, намайг газар унагааж толгой хэсэгт 3 удаа өшиглөж миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Тухайн үед тархины зураг авхуулсан өөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, найз Аманбек нь миний тархины зураг авхуулсан мөнгийг тухайн үед эмнэлгээр цуг явж гаргаж өгсөн... Бид хоёр эвлэрсэн хохирлын маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
Гэрч Г.Билгүүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 18-ны 22 цагийн орчим 5 шарын автобусны буудал дээр байж байхад Ербаглан гарч ирсэн. Надтай Ариука гэх эмэгтэй цуг явсан. Нөгөө машинд Халиунаа, Аманбек, Ербаглан нар нэг машинтай Шарга морьтод байрлах Баянбулаг гэх газрын зүүн талаар урсдаг горхины хажууд очсон. Бид нар 1 шил архи, 10 лааз пиво авчирснаа уусан. Ербаглан над руу үг хаяад бид хоёр маргалдаад Ербагланыг над руу дайраад байхаар нь би Ербагланы цамцнаас барьж байгаад газар унагаагаад найз Аманбекийг дуудсан. Удалгүй Аманбекийг ирэхээр нь би Ербагланы цамцнаас нь тавиад боссон. Аманбек бид хоёр дээр ирээд Ербагланд хандаж “та нар яагаад намайг хүндэлдэггүй юм бэ” гэж хэлэхэд найз Ербаглан найз Аманбекийн өөдөөс “чи яах юм” гээд энэ хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Аманбек найз Ербагланыг зүүн баруун гараараа толгой нүүр , шанаа хэсэгт нь нэлээн хэдэн удаа цохисон. Бас газар унагааж байгаад хөлөөрөө цээж, толгой хэсэгт 2 удаа дэвсэх үед Аманбек, Ербаглан хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Халиун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчим 5 шарын автобусны буудал дээр Ариука, Билгүүн, Аманбек, Ербаглан бид нар уулзаад тэндээсээ хөдлөөд би машинд унтаад өгсөн. Сэрэхэд Баянбулаг гэх амралтын газрын хажуугаар урсдаг голын хажууд ирсэн. Намайг сэрэхэд цуг очсон залуучууд архи уугаад дуусаж байсан. Найз Билгүүн хамт ирсэн Ербаглантай маргалдаж байсан. Би Аманбект хандаж “чи гараач цаадуул чинь муудалцаад байна” гэхэд Аманбек машинаас буугаад явсан. Ербаглан болон Билгүүн нар дээр очоод тэр хоёрт очоод хандаж “болиоч уусан идсэнээ шингээхгүй арчаагүй юм бэ” гэхэд найз Билгүүн машиндаа суухаар явсан. Тэр үед Ербаглан гэх хүн найз Аманбек рүү “чи найзыгаа өмөөрлөө ахынхаа талд орсонгүй” гээд уурлаад дайраад байсан. Тэгсэн чинь Аманбек 4 удаа гараараа цохиод авахаар нь Ербагланыг найз Аманбек нь машин руу дагуулаад машинд суусан. Удалгүй тэр хоёр машинаас бууж ирээд Ербагланыг машинаас буулгаад 2 удаа өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7143 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Х.Ербагланы биед баруун нүдний зовхинд цус хуралт,зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, дээд, доод уруулын дотор салст, зүүн завьжны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 22-23 дугаар хуудас /,
Шүүгдэгч К.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч К.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 17-ноос 2020 оны 6 дугаар сарын 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байрлах “Баянбулаг” нэртэй газрын орчим хохирогч Х.Ербаглантай “бусадтай маргаан өрнүүллээ” гэх шалтгаанаар хоорондоо маргалдах явцдаа зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1, зүүн дээд 2 дугаар шүдний эмтрэл, дээд, доод уруулын дотор салст, зүүн завьжны салстын цус хуралт” гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Х.Ербагланы “...Аманбек нь 4 удаа баруун гараараа миний нүүрэн тус газар цохиж, намайг газар унагааж толгой хэсэгт 3 удаа өшиглөж миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Билгүүний “...Аманбек найз Ербагланыг зүүн баруун гараараа толгой нүүр, шанаа хэсэгт нь нэлээн хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Халиуны “...Ербаглан гэх хүн найз Аманбек рүү “чи найзыгаа өмөөрлөө ахынхаа талд орсонгүй” гээд уурлаад дайраад байсан. Тэгсэн чинь Аманбек 4 удаа гараараа цохиод авахаар нь Ербагланыг найз Аманбек нь машин руу дагуулаад машинд суусан. Удалгүй тэр хоёр машинаас бууж ирээд Ербагланыг машинаас буулгаад 2 удаа өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7143 дугаартай дүгнэлт /Х.Ербагланы биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон/,
Шүүгдэгч К.Аийн “...Над руу дайраад байхаар нь Ербагланыг зодчихсон. Гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогч Х.Ербаглантай маргалдаж биед нь хүч хэрэглэсэн талаар мэдүүлсэн, гэрч, хохирогч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн болон хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч К.Аийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
К.А нь хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож Х.Ербагланыг цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Х.Ербагланы биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна.
Прокуророос К.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, нотлох баримтын бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүх шүүгдэгч К.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ербагланаас “...эмчилгээний төлбөрийг өгч гомдол барагдуулсан тул цаашид гомдол санал байхгүй....” хүсэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч К.Аийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд К.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч К.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч К.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ат оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч К.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН