Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/138

 

 

 

 

 

 

 

 

  2021           2           26                                      138

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                  

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго /томилолтоор/,

хохирогч: Ж.Э,

шүүгдэгч: Д.Ц, түүний өмгөөлөгч А.Цэндзаяа /2774/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цд холбогдох эрүүгийн 2105000000030 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1954 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кино механикч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, сард 350 000 төгрөгийн тэтгэвэр авдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүү, зээ охины хамт,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 217 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т зааснаар хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 762 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Ц.

 

Шүүгдэгч Д.Ц нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 39 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Эг байнга буюу 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан,

2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан,

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зодсоны улмаас биед нь тархи доргилт, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан,

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин зодсоны улмаас биед  нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, нуруу, бугалгад цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, байнга зодож, харгис хэрцгий харьцан, догшин авирлаж тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Ц мэдүүлэхдээ:

Би Ж.Этай 1982 онд гэр бүл болсон. Манай эхнэр дээд боловсролтой. Би эдийн засгийн хувьд эхнэрээсээ хараат байдаг. Надад тамхины мөнгө ч өгдөггүй. Эхнэр намайг байнга зоддог, би биеэ л хамгаалсан. Гар руу шанагаар цохиход нь би хаагаад түлхсэн. Гэтэл тэр хальтирч унахад үсэндээ зүүсэн хавчаар нь толгойг нь цоо хатгасан. Харин би гартаа зөөлөн эдийн гэмтэл авсан. 9 дүгээр сараас хойш гараа шаруулсан. Би эдийн засгаараа боомилуулдаг, эрх чөлөөгүй байдаг. Архи уудаг нь миний буруу болохоор би цагдаад хандаж чаддаггүй. Би эхнэрээсээ уучлалт гуйхгүй. Энэ хүний дарамтад би 20, 30 жил болж байна. Би тэтгэвэртээ гарсан өндөр настан, гэр орноо байнга цэврэлдэг. Би хүн л юм чинь эрх чөлөөгөө эдлэхийг хүсдэг. Намайг гэрээс хөөхөд очих газаргүй гадаа хонож байхад цагдаагаас ирээд бариад аваад явчихдаг. Би тэтгэврийнхээ 10 хувийг зээ охиндоо зарцуулдаг. Тэтгэврээ би эхнэртээ өгдөг. Сүүлд Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхээс 500 000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Торгуулийн мөнгө төлөх гэж 2 сарын тэтгэврийн зээл аваад эхнэртээ өгсөн. Энэ торгуулийн мөнгийг эхнэр тушаах ёстой байсан. Надад баримт байхгүй. Дараа нь би тамхины мөнгө гуйхаар өгдөггүй. “100 граммын мөнгө өгчих” гэж хэлээд маргаан үүсдэг, хамгийн сүүлд би 37 хоног баривчилгаанд явсан. Мөн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шатар тоглож байгаад хүнтэй маргаж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан. Энэ торгуулийн мөнгийг эхнэртээ өгсөн, надад мөнгө байхгүй. Би ханилсан ханиа хөөж байгаагүй, тэр намайг хөөж туудаг. Корона гээд хөдөө явж болохгүй байна. Тэрнээс биш миний ах, дүү нар хөдөө байгаа, тийшээ явмаар санагддаг ч явж чадахгүй байна. Би гэрийн үйлчлэгч, энэ айлын барлаг, зарц шиг нь л байдаг. Миний зээ охиныг 6 сартай байхад эх нь надад орхичхоод Швед явсан. Би 13 нас хүртэл нь охиноо хүн болгосон. Урьд нь 10 хоног, 7 хоног, 20 хоногийн баривчилгаанд явсан. Сургалтад суусан. Тэгээд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь эхнэр хүүхдэдээ чанга үг хэлж болохгүй, зөнгөөр нь байлга, хий гэснийг нь хийгээд байж бай гэж ойлгосон. Би гомдлоо тайлахын тулд архи уучихдаг, уухаараа агсан тавьчихдаг. Тэгээд дараа нь эхнэрээсээ уучлалт гуйгаад эвлэрч байсан. Би архи уухаараа эхнэрээсээ уучлалт гуйснаа мартчихдаг. Одоо бид 2 зөрчилдөөд байгаа юм байхгүй. Аль болох эвлэрээд хөдөө гарч амьдардаг юм бил үү гэж бодож байгаа. Манай том хүү маань эхнэрийн СӨХ-ны лифтчин, камер хянах ажилтай, дараагийн охин маань Солонгос хэлний багш, дараагийн охин Швед улсад байгаа, бага охин маань Унгарт тэтгэлгээр 2 жил сурахаар явсан. Энэ хавар ирнэ. Би хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ж.Э мэдүүлэхдээ:

Би Д.Цтой 38 жил ханилж байна. Бага балчир байхаасаа ханилсан гэж бодоод зөндөө их тэсэж, тэвчиж ирсэн. Одоо нөхрийнхөө ааш араншингаас айж байна. Боловсролын ялгаа байдаг юм уу, яадаг юм намайг огт ойлгодоггүй. Би сэтгэл санааны хүнд байдалтай байна. Түүний ааш араншингийн талаар бид ярилцаад эвлэрдэг ч энэ хүн эргэж хараад мартдаг. Энэ амьдралд маань нөхөр хүний оролцоо зөндөө байсан. Архи дарс уугаад ирэхэд нь тэсээд тэвчдэг байсан. Залуу байхад болдог байж, харин одоо бол надад чадал алга. Архи уухаараа маш ихээр намайг доромжилж, хараадаг. Архи уусан үедээ энэ хүн нойргүй болчихдог, тэгээд шөнө унтуулдаггүй. Манай байрны СӨХ намайг СӨХ-ны захирлаар ажиллаад өгөөч гэж гуйсан болохоор би давхар ажиллаж эхэлсэн. Гэтэл энэ хүнээс болж нэр хүндгүй болсон. Согтуу байхаараа хэлэх хэлэхгүй үгээр намайг доромжилдог. Байрны хүмүүс намайг “та нөхрөө захирч чадахгүй байж яаж дарга хийдэг юм бэ” гэж үл хүндэтгэж ханддаг болсон. Би Нийслэлийн мэргэжлийн хяналтад олон жил ажилласан, ажиллаж байх хугацаандаа амьдралын төлөө, архичин нөхөртэй гэж хэлүүлэхгүйн тулд маш их зүтгэсэн. Энэ хүн маш их тавьтиргүй зантай. Ийм зангаасаа болж хамт олонтой байж чаддаггүй болохоороо ажил хийдэггүй. Намайг элдэв муухайгаар доромжилдог “гудас”, “дэвсгэр”, “горшонк”, “төрийн бөөс, түрийвчний янхан”, “чиний төрийн шагнал авдаг гэж юу байдаг юм, дэвсгэр болж авсан биз” гэх мэтээр маш муухайгаар доромжилдог. Зурагтаа чангалчхаад унтуулдаггүй, “багасгаад үз” гэхээр толгой дээр ирээд чарлаад унтуулдаггүй, бүүр сүүлдээ хөл гар руу цохиод байдаг. Тэгээд ганцхан намайг доромжлохгүй, байраар гарч орж байгаа бүх хүнийг доромжилдог. Эмэгтэй хүмүүсийг нь “янхан, банзал”, эрэгтэй хүмүүсийг нь мөн хэлэх хэлэхгүйгээр хэлдэг. Энэ хүнтэй хүмүүс нийлэхээ байгаад зугтаадаг. Би тэр үйлдлээс нь ичдэг. Архи уусаар байгаад ийм тэнэг болчихсон. Намайг байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж, байнга дарамталдаг. Эрүүлдээ их сайхан ааштай, мөн цагдаа харахаараа сайхан зантай, архи уухаараа л араатан болчихдог. Би энэ хүнийг 2 удаа шар хадны мэдрэлийн тасагт хэвтүүлэн эмчлүүлж байсан. Хүүхдүүдээ ч дарамталж өсгөсөн, одоо ач, зээгээ дарамталж байна. Миний дунд охин Швед улсад байгаа ба тэндээс залгаад уйлдаг. Зээ охиныг маань “хар тамхичин болчхов” гэж хэлэх хэлэхгүй үгээр дарамталж, хар буруу мессежийг өгдөг. Манай нөхөр 1995 оноос хойш ажил хийгээгүй.. Архи уугаад ороод ирэхээр нь би охиноо аваад зугтаагаад гардаг. Согтуу ороод ирэхэд нь чичирдэг, анхаарал төвлөрч чаддаггүй тийм л байдалтай байдаг. Уг нь өдий насанд үр хүүхдээ халамжлаад ач, зээгээ өсгөөд сууж байх ёстой нас шүү дээ. Гэтэл тийм биш. Би энэ хүнээс эмчилгээний зардал, хохирол нэхэмжилсэн зүйлгүй. Тэтгэврээ өөрөө авчихдаг. Тэтгэврээ аваад архидаад алга болдог. Би эдийн засгийн хувьд боосон юм байхгүй. Тэтгэврээ аваад гудамжинд архидаад тасарчихсан, татаад уначихсан байхад нь Баянголын цагдаагаас олсон байсан. Гэр бүлээ би өдий болтол тэжээсэн. Гэр орны ажил хий гэж би шаардаагүй. Гэр орны ажил хийвэл би баярладаг, гэтэл ганц нэг юм хийхээрээ насаараа гэрийн ажил хийсэн юм шиг л ярьдаг. Миний хийсэн бүх насны хөдөлмөрийг үнэлдэггүй. Энэ хүн эдийн засгийн маш их зарлагатай хүн. Тэтгэврээ авчхаад дээрээс нь дахиад мөнгө нэхдэг. Цын сүүлд шийтгүүлсэн торгуулийн мөнгийг шүүхийн шийдвэрийн хүн над руу утасдаад 120.000 төгрөгийг нь төлчхөөч гэж хэлсэн. Үлдсэн төгрөгийг Д.Ц өөрөө төлнө гэсэн. Ц тэтгэврээ цувуулж 20 000, 30 000 төгрөгөөр нь аваад архи уучихсан. 500 000 төгрөгийн торгуулийн мөнгийг төлөх мөнгө надад байхгүй. Бусад мөнгөө цувуулж аваад дууссан. Надад баримт нь байгаа. Тодорхой хугацаанд архинаас нь хөндийрүүлмээр байна. Том хүү маань аавтайгаа харьцахаа байсан. “Аавыгаа зодсон хэрэгт орно, та нар өөрсдөө учраа ол” гэж хэлээд зөрөөд гараад явчихдаг. Охин өрөөндөө орчихдог. Манай гэр бүлд гэр бүлийн дулаан уур амьсгал байх үедээ байдаг. Аль болох аятайхан байлгах гэж хичээдэг, даанч архи уухаараа хүн биш болчихдог. Миний гоо сайханд гэмтэл учруулсан, нүүр дэх сорив одоо хэр нь арилаагүй байна. Дал, нуруу гээд гэмтэл байгаа. Архи дарс уухаар нь тайван амгалан амьдрах ямар ч арга байхгүй, ажил хийлээ гэж дарамтална, архи ууж дарамтална, сэтгэл зүйгээр дарамтална, бие эрхтэн гэмтээнэ. Хүний хань байж ингэж болдог юм уу, би үнэхээр гомдолтой байгаа гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.М мэдүүлэхдээ:

Манай аав Д.Ц нь 1992 оноос хойш архины цагаан солио гэсэн оноштой сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Байнга архи уудаг, ганцаараа байхдаа өөрөө өөртэйгөө ярина, орцонд шууд бэлэг эрхтнээ гаргаж шээдэг, орцоор орж гарч байгаа хүмүүсийг хэл амаар доромжилдог, Тыг гэрээсээ хөөдөг, надад хүртэл гар хүрч байсан тохиолдол байдаг. Нэлээн олон удаа баривчлагдаж, архины эмчилгээнд явуулж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сард Тыг гэрт байхад нь толгой руу нь цохиж, гэдэс рүү өшиглөсөн байсан. Тэр асуудлыг цагдаа дуудаж мэдэгдсэн бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд 2020 оны 11 дүгээр сард ээж Ж.Эгийн толгой руу сандлаар цохиж гэмтээсэн. Энэ асуудал одоо Амартүвшин байцаагч дээр шалгагдаж байгаа. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хувьд би 41 дүгээр байрандаа лифт, холбооны чиглэлээр хариуцсан ажлаа хийгээд явж байсан бөгөөд контортоо сууж байхад утас дугарсан ба над руу Т уйлсан байдалтай, хурдан ороод ирээч ээ, эмээг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би гэр рүү орсон бөгөөд Т хаалга онгойлгохоор нь би Тыг аав зодож байна гэж ойлгоод Тыг гэрээс авч гараад хаалгаа хаагаад конторын өрөөнд оруулахад Т “та эмээ рүү орооч ээ, эмээг аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргээд гэр рүү орох гэтэл хаалга түгжигдсэн байсан бөгөөд нүдээд байхад хаалга онгойлгож өгөхгүй байсан. Тэгээд ээж хаалга онгойлгож өгсөн. Ээж зүүн гар нь хөхөрсөн, зүүн нүд, нуруу нь хөхөрсөн байдалтай байсан.

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр би байрны гадаа явж байхад манай дүү Т нэг найзтайгаа хамт зогсож байсан. Тэгээд манай дүү надад “намайг гадаа тоглож байхад эмээ авраарай гээд дугарахаар нь гэртээ гүйгээд ортол эмээгийн толгойг өвөө хагалчихсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд байж байна” гээд зогсож байсан гэжээ. (хэргийн  7-8, 86-87 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-О.Т мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сард өвөө эмээтэй хэрэлдэж байхдаа толгойд нь сандлаар цохисон бөгөөд эмээ цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Өвөө урьд нь олон удаа баривчилгаанд явж байсан бөгөөд огт хүмүүждэггүй. Өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өвөө бид хоёр гэртээ өдөржингөө хамт байсан бөгөөд гэрт ах Ганзул, эгч Мөнх-Өлзий хоёр 12 цагт ирээд 13 цагт явсан. Тэгээд өвөө гаднаас Даашка гэж дууддаг ахыг оруулж ирээд тэр хоёр эмнэлгийн спирт найруулж ууж согтсон. Даашка нь 16 цагийн орчим ирсэн бөгөөд цаг орчим болоод гараад явсан. Өвөөд өдөржин гэртээ ямар ч ажил хийгээгүй бөгөөд намайг л гэр орон цэвэрлэ гээд загнаад байсан. Тэгээд эмээ 18 цагийн орчим ирсэн бөгөөд эмээд цай унд өгчхөөд би угаалгын өрөөнд ороод үсээ угааж байхад гэнэт л өвөө эмээ хоёр том өрөөнд хоорондоо хэрэлдээд ноцолдоод эхэлсэн. Тэгээд эмээ Тоо цагдаа дуудаарай гэж орилсон. Би угаалгын өрөөнөөс гарах үед өвөө гартаа урт шалны мод барьсан, түүгээрээ эмээгийн толгой, нуруунд нь цохиод байсан. Байрны коридорт шалан дээр ус асгасан байсан бөгөөд би тэр хоёрын хэрүүл маргаанаас нь айгаад хамт амьдардаг М ахын өрөөнд ороод хаалгыг нь хаасан байсан. Энэ үед эмээ угаалгын өрөөнд орсон байхад өвөө араас нь очиж угаалгын өрөөний хаалгыг нүдээд байсан. Тэгээд би утсаараа М ах руу залгаад гэрт хурдан ир гэж дуудсан бөгөөд эмээ угаалгын өрөөнөөс гараад коридорт байхдаа цагдаа дуудсан. Удалгүй М ах орж ирээд намайг өрөөнөөс гаргасан бөгөөд өвөө миний араас хөөгөөд намайг цохих гээд байсан.  М намайг гэрээс гаргаад орц руу оруулсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй.

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрийн гадаа тоглож байгаад гэрийн цонхны хажуугаар өнгөрөхөд эмээ Э уйлаад байх шиг чимээ гараад “аллаа” гээд орилоод би гэрт ороод харахад өвөө Ц эмээ Эг хананд шахаад толгойг нь мушгичихсан юм шиг байдалтай байсан. Эмээ намайг цагдаа дууд гэхэд өвөө зүгээр зүгээр гээд өөрөө тавиад цагдаа дуудлаа гэсэн чинь гараад явчихсан байсан. Эмээгийн үсний хавчаар хугарсан байдалтай толины урд байсан. Эмээг толгой руу нь цохисон юм шиг байна лээ. Эмээгийн толгой хавдсан байсан. Эмээ надад өвөө чинь намайг сандлаар цохисон гэж хэлсэн гэжээ. (хэргийн 59 дүгээр хуудас)

 

         Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Ж.Эгийн биеийн зүүн гарын булчин хэсэгт 13х6 см хэмжээтэй улайсан, зүүн далны хэсэгт 6х13 см хэмжээтэй хөхөрч улайсан, мөн мөрөвчний хэсэгт 1х1 см хэмжээтэй хөхөрч улайсан, мөрөвчний доод хэсэгт 1х1 хэмжээтэй улайсан байх ба нурууны дээд хэсэгт баруун далны хажуу хэсэг болон баруун далны хэсэгт мөн хөхөрч улайсан байв. Мөн зүүн нүдний хэсэгт шалбарч улайсан байх ба 5х6 см хэмжээтэй хөхөрч улайн хавдсан шинжтэй байв гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 435 дугаар дүгнэлтэд:

1. Ж.Эгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, нуруу, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  (хэргийн  17 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10333 дугаар дүгнэлтэд:

1. Ж.Эгийн биед тархи доргилт, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 65 дугаар хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1215 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Ц нь одоогоор Архины шалтгаант бие хүний төрх үйлийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.

2. Уг өвчин нь архийг удаан хугацаанд хэрэглэх үед үүсдэг сэтгэцийн архаг олдмол өвчин юм.

3. Д.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

4. Д.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

5. Д.Ц нь Архины шалтгаант бие хүний, төрх үйлийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

6. Д.Ц нь сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд f10.2 архины идэвхтэй хараат байдал  өвчний учир хэвтэн эмчлүүлж байсан баримт мэдээлэл байна.

7. Д.Ц нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. (хэргийн 119-120 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Ц нь Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 217 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т зааснаар хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 762 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 127 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Д.Ц нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 39 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, хохирогч  Ж.Эг байнга буюу

2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө тус тус зодож, харгис хэрцгий харьцсан,

 

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зодсоны улмаас биед нь тархи доргилт, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зодож, биед  нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, нуруу, бугалгад цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Ж.Э, гэрч Ц.М, насанд хүрээгүй гэрч О.Т нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10333, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 435 дугаар дүгнэлтүүд,

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 500, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 763,  2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 802 дугаар шийтгэвэр зэрэг хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр  нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Ж.Э нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой зардлыг нотлох баримтаар гаргаагүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Д.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар  Д.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих жилийн хугацаагаар хорих ял дээр

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 40 /дөч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх хорих ялыг 1 жил 40 хоногийн хугацаагаар тогтоолоо.

 

 Д.Ц нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 762 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг эдлээгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/1058 тоот албан бичгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 45-д зааснаар уг ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 33 /гучин гурав/ хоногийн хорих ялаар солих үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Д.Цд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял дээр дээрх байдлаар сольсон 33 хоног   буюу 1 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Цыг үргэлжилсэн үйлдлээр

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Цыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар  Д.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ял дээр

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 40 /дөч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх хорих ялыг 1 жил 40 хоногийн хугацаагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Цд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 762 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаас биелэгдээгүй 500 000 төгрөгөөр торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 33 /гучин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Д.Цд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял дээр дээрх байдлаар сольсон 33 хоног   буюу 1 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Цд оногдуулсан 1 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус  дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Цд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Л.ОЮУН