Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

2021             02            26                                      139

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго,

шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 2005030600028 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, Б.

 

Шүүгдэгч Н.Б нь 2020 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Кензо” бааранд хохирогч Б.Уийг өшиглөж, нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж, түүний биед баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, бэлгийн их уруул, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол санаатай учруулсан,

 мөн тухайн цаг хугацаанд хохирогч О.Нын толгойн тус газар лаазтай ундааны саваар цохиж, түүний биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

Тухайн үед хохирогч Б.Уийг цохих  болсон шалтгаан нь тэр намайг хүнтэй андуураад над руу дайраад, хөлөөрөө намайг өшиглөөд байхаар нь хаасан. Харин хохирогч Нын хувьд санаандгүй юм болсон. Түүн рүү ундааны лааз шидсэн чинь оночихсон байсан. Эмэгтэй хүний толгой тус газарт гараараа цохиж, өшиглөсөндөө гэмшиж байна. Санаатай тэгээгүй, ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Цаашдаа ийм үйлдэл дахин гаргахгүй. Хохирогч О.Нт 300 000 төгрөг, Б.Ут 315 000 төгрөгийг тус тус төлж, хохирлын мөнгийг дансаар шилжүүлсэн. Хохирогч нар цаашид дахин эмчилгээ хийлгэн хохирол нэхэмжилбэл төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Н мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед ажлын газрынхаа Сувдаа, Ариунхэрлэн, Сараа, Ц, У нарын хамт “Кензо” бааранд орсон. Би баарнаас тамхи татах гээд гараад буцаад ороод иртэл нэг танихгүй залуутай Сувдаа, Ариунхэрлэн, Сараа, Ц, У нар маргалдаад зогсож байсан. Тэгтэл нэг танихгүй /бордуу өнгийн футболктой/ залуу миний толгойн тус газар лаазтай коланы саваар цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад эхэлсэн. Тэр танихгүй залуу намайг цохисон чинь У намайг өмөөрөөд яаж байгаа юм гэтэл тэр залуу Уийг цохих шиг болсон. Би хаана нь яг юугаар цохисныг нь хараагүй. Толгойноос цус гараад байсан болохоор шууд тамхины өрөө рүү орсон гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.У мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед ажлын газрынхаа Сувдаа, Ариунхэрлэн, Сараа, Ц, Н нартай хамт “Кензо” бааранд орсон. Бид нэг нэг шил пиво аваад сууж байтал Сувдаа хэсэг бүлэг үл таних хүмүүстэй маргалдаад байхаар нь бид хэд Сувдааг өмөөрөөд, маргалдаад зогсож байтал баарны 2 хамгаалагч ирж салгасан. Тэгтэл нэг танихгүй залуу бид хэдийн маргаан дундуур орж ирээд Нын толгойн тус газарт лаазтай коланы саваар цохичихсон. Тэр үед баарны нэг хамгаалагч миний хоёр гарын бугуйнаас бариад зогсож байтал тэр танихгүй залуу намайг өшиглөөд, нүүр рүү нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд баарны хамгаалагч бид хэдийг салгаад манай найз нар цагдаад дуудлага өгсөн.

Миний бие Н.Бгаас 315 000 төгрөгийн хохирлоо бүрэн авсан. Гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 10, 72 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Б.Ц мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 07-ны 21 цагийн үед Баянгол дүүрэгт байдаг “Кензо” бааранд найз Сувдаа, Н, Хэрлэн, У бид зургуулаа орсон. Тэгээд удалгүй манай нэг нягтлан баарны гадна ирж надаас бичиг баримт авсан. Би баарнаас ганцаараа гараад нягтланд бичиг баримт өгөөд буцаад баар руу ортол бааранд бүжгийн талбайд бөөн зодоон болж байсан. Би юунаас болж зодоон болсныг мэдэхгүй. Цагдаагийн хэлтэст хамт явж байсан У, Н хоёр хүнд зодуулсан гээд хамт ирсэн гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11688 тоот дүгнэлтэд:

1. Б.Уийн биед баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, бэлгийн их уруул, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун дал, бэлгийн их уруул, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11696 тоот дүгнэлтэд:

1. Л.Нын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 62 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Б нь 2020 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Кензо” бааранд хохирогч Б.Уийг өшиглөж, нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж, түүний биед баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, бэлгийн их уруул, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол санаатай учруулсан,

 мөн тухайн цаг хугацаанд хохирогч О.Нын толгойн тус газар лаазтай ундааны саваар цохиж, түүний биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.У, О.Н нарын мэдүүлэг, гэрч Б.Цгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11688, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11696 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.У нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 376 400 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргасан бөгөөд Н.Бгаас 315 000 төгрөгийн хохирлоо бүрэн авсан гэж,

хохирогч О.Н нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд Н.Бгаас 300 000 төгрөг авсан. Гомдол саналгүй гэж тус тус мэдүүлсэн тул Н.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Бг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Бг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Н.Бд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН