Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

 

2021            02           26                                      140

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

шүүгдэгч: П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 2105000230036 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 2 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт

урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, М.

 

Шүүгдэгч П.М нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны 2-1 тоотод хохирогч С.Оийг зодож, биед нь хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн шанаанд цус хуралт, дээд, доод уруул, уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язрал, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, тохой, баруун шуу, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- П.М мэдүүлэхдээ:

Тухайн үед бид архи уугаад сууж байхад С.О миний гэр бүлийн асуудлыг хөндөөд байсан. Үүнээс болоод бид маргалдсан. Хохирогч бид 2 сургуулийн найз нөхөд. Тийм болохоор гэрт нь очиж түүнээс уучлалт гуйж, хохиролд 2 000 000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архинаас болж ийм асуудал гарсан. Цаашдаа дахин ийм алдаа гаргахгүй. Архины халуунд ийм үйлдэл гаргасан байна. Би 3 дугаар сарын 10-ны өдрөөс мэргэжлийн ажилдаа орох гэж байгаа. Цаашдаа ажил хийгээд эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарна, ажил хийж торгуулийн мөнгийг төлж дуусгана. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Энэ торгуулийн ялыг 3 жилийн график гарган төлүүлэхээр шийдсэн ба энэ хугацаанаас одоо 1 жил 6 сар өнгөрсөн. Одоогийн байдлаар дээрх 10 000 000 төгрөгөөс 5 сая орчим төгрөгийг төлсөн байгаа. Улсын яллагчтай 800 000 төгрөгөөр торгох ялаар тохирсон. Би 3 удаа алдлаа. Цаашдаа дахин ийм алдаа гаргахгүй хичээх болно. Ирээдүйн амьдарлаа сайн сайхнаар харж, зорилго тавьсан. Иймд надад торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.О мэдүүлэхдээ:

2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол  дүүргийн 2 дугаар хороонд байрлах 67 дугаар байрны 2-1 тоотод М болон хоёр найз, Пүрэвмаа нарын хамт байсан. Бид бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. М бид хоёр өөрсдийн хувийн амьдралын талаар ярьж байсан. Тэгээд муудалцаж эхэлсэн ба М намайг буйдан дээр түлхэж унагаад, нүүрэн тус газар хоёр гараараа ээлжлээд цохиод, хоёр гар руу өшиглөөд зодоод байсан. Намайг М маш аймар зодоод байсан тул түүний нэг өндөр найз О, Анхаа хоёр М болиулсан. Тэгээд цагдаа дуудсан. Би бүгдээрээ байж бай гээд хаалга хаагаад зогсож байсан чинь М намайг холдуулаад гараад явсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 7 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.А мэдүүлэхдээ:

2020 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 03 цагийн үед О, М бид гурав О болон түүний эгч хоёрыг Модны хоёрт байдаг “Аянчин” зочид буудлын хажуугаас очиж авсан. Биднийг очиж авахад С.О болон түүний эгч согтуу байсан. Тэгээд С.О машинд суусныхаа дараа хоёроос гурван удаа гарч бөөлжсөн. Тэр үедээ өөрөө хөл алдаад газарт унаад байсан. Тэгээд С.Оийн эгч нь дахиад архи ууя гээд М 0.5 литр Хараа архи хоёр ширхэг, 1.25 литрийн кола ундааг 3, 4 дүгээр хорооллын эцсээс хүнээс авсан. Уух зүйлээ аваад Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67 дугаар байрны 2-1 тоотод тавуулаа орсон. Эхний 0.5 литрийн архийг О, М нар хувааж уугаад дуусах үед Оийн эгч буйдан дээр унтаад өгсөн. Хоёр дахь 0.5 литрийн архийг О, М, О нар хувааж уугаад дуусах үед О, М, О нар тамхи татах гээд гадагш гарсан ба би араас нь бас хамт тамхи татах гээд гарсан. Тамхи татаж дуусаад М бид хоёр түрүүлж орж ирсэн. Араас О, О нар орж ирсэн. Ингээд О Мөнхтулгын нүүрэн тус газарт хоёроос гурван удаа өшиглөж цохисон. М болиоч гээд цааш түлхэх үед гэдрэгээ шалан дээр савж унасан. Босож ирээд дахин дайрсан ба би болиулах гээд оролдсон. Тэгсэн намайг бас зодох гэж дайраад байхаар  нь Оийг сандал дээр суулгасан. Шинээн дээр байсан шилтэй усыг М руу шидсэн боловч хананд онож хагарсан. Тэр хоёр зууралдаад байж байхад би дахин болиулах гээд сандал дээр суулгах үед О Мөнхтулгын нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн. М тэсэлгүй босож ирээд Оийг хоёроос гурван удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон. О цагдаа дуудна гээд дуудлага өгч байх үед М гараад явсан. Тэгээд О түүний эгч, М, О нар гараад явсан бөгөөд би үлдсэн. Цаашаа юу болсныг мэдэхгүй гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.О мэдүүлэхдээ:

2020 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Анхаа гээд найзтайгаа байж байхад Мөөгий залгаад Төмөр зам дээр ирж Мөөгийтэй уулзахад О гээд охин залгасан. Очиж уулзаад Модны хоёрын голын замд тэр хоёр гарч ирсэн. Тэгээд бид тав байж байгаад тэр хоёр очих газаргүй гээд Анхаагийн ажил руу явсан. Оийн эгч архи ууя гээд байсан. Нэгдүгээр хорооллын тэндээс очиж архи авсан. Хараа нэртэй 0.5 литрийн хоёр ширхэг авсан. О нь согтуу байсан бөгөөд машинаас буугаад бөөлжих үедээ хөл алдаж унаад байсан. Анхаагийн ажил дээр ирээд архи уусан. Тамхи татаад ороод ирсэн чинь Мөөгий түрүүлж орж ирээд суусан байсан. Тэгээд О гаднаас орж ирээд Мөөгийгийн нүүрэн тус газарт өшиглөж цохисон. Мөөгий босож ирээд Оийг шалан дээр түлхэж унагахад О устай шил шидээд хана онож хагалсан. Тэгээд Мөөгий тэсэлгүй босож ирээд нүүрэн тус газар нь гараараа хоёроос гурван удаа цохисон. Мөөгий тэгээд шууд гараад явсан. Би харих гээд явсан ба цаашаа юу болсныг мэдэхгүй гэжээ. (хэргийн 34-35 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ш.У мэдүүлэхдээ:

2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Мөөгий манайд хамт байсан. Манайд 2-3 хоносон. Мөөгий тэр өдөр гэрээ гараагүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 02-ны 03:00 цагийн үед Атай уулзана гээд намайг унтаж байхад сэрээгээд, босож хаалгаа цоожлоорой, би гарчхаад ирье” гээд гараад явсан. Тэгээд би хаалгаа түгжээд унтсан. Өглөө унтаж байхад 07:00 цагийн үед орж ирсэн. Зүүн хөмсөг сэтэрсэн, баруун гараас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Орж ирээд унтсан. Би юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа гэжээ. (хэргийн 38-39 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13359 дугаартай дүгнэлтэд:

1. С.Оийн биед хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн шанаанд цус хуралт, дээд, доод уруул, уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язрал, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, тохой, баруун шуу, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

П.М нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 86 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч П.М нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны 2-1 тоотод хохирогч С.Оийг зодож, биед нь хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн шанаанд цус хуралт, дээд, доод уруул, уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язрал, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, тохой, баруун шуу, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.О, гэрч М.А, Х.О, Ш.У нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13359 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас П.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч С.О нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримт гаргаагүй, “ямар нэгэн гомдол саналгүй, П.М нь хохирлыг бүрэн барагдуулсан” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор П.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаас 5 000 000 төгрөгийн торгуулийн ялыг эдлээгүй байх бөгөөд уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоосон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дугаар зүйлд зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 5 000 000 төгрөгийн торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, П.М нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.М 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан П.Мд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 5 000 000 төгрөгийн торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг П.Мд даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН