Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

 

    2021        3            02                                       147  

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг, 

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Э.Чулуунцэцэг /1487/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бт холбогдох эрүүгийн 2103000000035 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны 21 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” худалдааны төвийн урд талын явган хүний гарц дээр “Тоёота Приус” загварын 54-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Ц, Б.О нарыг мөргөж, Б.Оюун-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би 2018 онд жолооч болсон. Түүнээс хойш тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон. Би явган хүний гарц дөхсөн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах байсан ч хасаагүй нь миний буруу. Хохирогч Б.Од 910 000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Цд 449 800 төгрөгийн хохирол тус тус төлж, уучлалт гуйсан. Уг тээврийн хэрэгсэл маань манай ахын машин байсан. Хохирогч нар цаашид эмчилгээ хийлгээд гарсан зардлаа нэхэмжилбэл төлнө. Улсын яллагчтай 700 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураар тохирсон. Уг торгуулийн ялыг ойрын хугацаанд төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Б.О мэдүүлэхдээ:

Миний зүүн эгэм яс зөрүүтэй хугарсан, тархи доргисон, толгой хавантай, зүүн ташаа хэсэгт хөндүүртэй гэмтэлтэй, шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Тухайн үед улаан гэрлэн дохиогоор зам хөндлөн гарсан. Замаар машин байхгүй, гайгүй болохоор нь гарчихсан юм. Гомдолтой байна. Нэг сар ажлаа хийж чадахгүй болсон. Түүний хөлс болох 800 000 төгрөг, томогафид харуулсан 130 000 төгрөг, цаашид бүтэн биеийн имра зураг авхуулмаар байна. Түүний төлбөр болох 540 000 төгрөг, нийт 1 470 000 төгрөг нэхэмжилж байна.

Миний бие эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрт Б.Бтай харилцан тохиролцож, Хас банкны 5003312693 тоот дансаар 750 000 төгрөг авсан. Цаашид Б.Баас хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Бид эвлэрч, тохиролцсон. Шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 23, 139 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Д.Ц мэдүүлэхдээ:

Миний толгой баруун талдаа хагарсан, цээж хөндүүрлээд байгаа, зүүн хөлний шилбэ хэсгээр хөхөрсөн, баруун гуя хөндүүртэй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Санал, хүсэлтгүй. Би тухайн үед улаан гэрэл дохиогоор гарсан. Замаар машин байхгүй болохоор нь гарчихсан юм. Томографид харуулсан мөнгө болох 100 000 төгрөг, тан ууж байгаа ба түүний мөнгө 30 000 төгрөг, нийлээд 130 000 төгрөг одоогоор гараад байна. Цаашид толгойндоо эмчилгээ, цээжиндээ шарлага хийлгэх шаардлагатай байгаа.

Б.Баас 400 000 төгрөг Хаан банкны 5845498485 дугаарын дансаар авсан. Бид эвлэрч тохиролцсон. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ. (хэргийн 62, 141 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Б.М мэдүүлэхдээ:

Миний нэр дээр Тоёота Приус загварын 54-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед би нагац дүү Бын хамт Нарангийн голд байх охиныхоо гэрт очсон юм. Тэгээд тэндээ хоол унд идэж байгаад би хонохоор болсон чинь Б гэртээ харина гэхээр нь би өөрийн эзэмшлийн Тоёота Приус загварын 54-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг орой 21 цагийн үед өгөөд, өглөө хүрээд ир гээд явуулсан. Тэгээд өглөө нь Б руу залгаад машин яасан гэсэн чинь өчигдөр орой гэр рүүгээ харьж яваад хүн шүргэчихсэн, тэгээд машиныг журмын хашаанд оруулсан байгаа гэж хэлсэн. Ослын улмаас урд салхины шил хагарсан гэсэн. Би хараагүй байгаа. Хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Ослын улмаас бусдад учруулсан хохиролд 200 000 гаруй төгрөгөөр эм тариа авч өгсөн. Автомашинд учирсан хохиролтой холбоотой Бт ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хэргийн 58 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.О мэдүүлэхдээ:

2021 оны 01 дүгээр сарын 188-ны орой 21 цагийн үед ажлаа тараад гэртээ харих гээд Баянгол дүүргийн нутаг, ТБД Андууд худалдааны төвийн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд гэрэл дохиотой явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд ногоон гэрэл дохио асахыг хүлээгээд зогсож байхад миний хажууд 2 эмэгтэй ирээд явган хүний улаан гэрэл асаж байхад богино куртиктэй эмэгтэй нь нөгөө эмэгтэйгээ татсаар байгаад гаръя гаръя гээд шууд зам гараад явсан. Тэгсэн ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлээр явж байсан цонхоороо гэрлээрээ гараач гэж хэлсэн. Тэр машин чиглэлээ өөрчлөөд хажуугаар нь гараад явсан. Тэгээд нөгөө хоёр эмэгтэй цаашаа яваад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан автомашинд мөргүүлсэн. Би ногоон гэрлээ хүлээж байх зуураа түргэнд дуудлага өгөөд, явган хүний ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гараад мөргүүлсэн хүн дээр очиход нэг нь газар хэвтсэн, хаанаас нь мэдэхгүй цус гарчихсан, хажууд нь нөгөө эмэгтэй нь сууж байсан. Тэгээд би цагдаад бас дуудлага өгөөд байж байхад түргэн ирээд нөгөө хоёр эмэгтэйг аваад явахаар нь би цаашаа явсан. Явган зорчигч нар согтуу байгаа нь илтэд мэдэгдэж байсан. Мөргөсөн машины жолооч мөн энэ хоёр согтуу байна гэж байсан. Жолооч эрүү байсан. Хоёр охины нэг нь буюу газар хэвтээд цус гарчихсан байсан эмэгтэй нь нэлээн согтуу байсан гэжээ. (хэргийн 75 дугаар хуудас)

 

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Бичлэг эхлэхэд явган зорчигч нар замын ертөнцийн зүгээр хойд хэсэгт зогсож байгаад бага зэрэг ертөнцийн зүгээр баруун тийш алхаж, гэрэл дохиотой явган хүний гарц дээр ирээд такси барих гээд гар өргөж зогсож байгаад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд гэрэл дохиотой явган хүний гарцаар хоёулаа зэрэгцээд сугадсан байдалтай, явган хүний гэрэл дохио улаан гэрэл асаж байхад гарцаар гарч эхлэв. Гарцаар зам хөндлөн гарч явсаар байгаад замын ертөнцийн зүгээр баруун зүүн чиглэлийн 2 дугаар эгнээнд ирэх үед тухайн эгнээгээр баруунаас зүүн чиглэлд хөдөлгөөнд оролцож байсан автомашин явган зорчигч нарыг бичлэгийн 38 дахь секундэд мөргөхөд явган зорчигч нар замын 1, 2 дугаар эгнээний голд газарт унаж автомашин замын 1 дүгээр эгнээнд зогсов гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 897 тоот дүгнэлтэд:

1. Б.Оюун-Эрдэнийн биед зүүн эгэм ясны хугарал, хуйхны зулгаралт, баруун хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.   

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 83 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 905 тоот дүгнэлтэд:

1. Д.Цгийн биед дагз, хуйх, баруун чихний дэлбэнгийн шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 88 дугаар хуудас)

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай магадалгаанд:

1. Тоёота приус 54-74 УНҮ улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь “Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Д.Ц, Б.О  нар нь “Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.7 “хөдөлгөөний зохицуулалттай хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүнд зориулсан гэрэл дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэг рүү орох бөгөөд зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 8.21-д заасныг баримтална. Явган зорчигчид зориулсан гэрэл дохио байхгүй бол явах чигийн өөдөөс хандан байрласан, зэрэгцээ хөдөлгөөн тээврийн хэрэгсэлд зориулсан гэрэл дохиог удирдлага болгоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. (хэргийн 102 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 114 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны 21 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” худалдааны төвийн урд талын явган хүний гарц дээр “Тоёота Приус” загварын 54-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Ц, Б.О нарыг мөргөж, хохирогч Б.Оюун-Эрдэнийн эрүүл мэндэд зүүн эгэм ясны хугарал, хуйхны зулгаралт, баруун хацрын цус хуралт бүхий хүндэвтэр,

иргэний нэхэмжлэгч Д.Цгийн эрүүл мэндэд дагз, хуйх, баруун чихний дэлбэнгийн шарх, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.О, иргэний нэхэмжлэгч Д.Ц, гэрч Т.О, иргэний хариуцагч Б.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 897, 905 тоот дүгнэлтүүд, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай магадалгаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, түргэн тусламжийн дуудлагын хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.О нь “миний бие эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрт Б.Бтай харилцан тохиролцож, Хас банкны 5003312693 тоот дансаар 750 000 төгрөг авсан. Цаашид Б.Баас хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Бид эвлэрч, тохиролцсон. Шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг,

иргэний нэхэмжлэгч Д.Ц нь Б.Баас 400 000 төгрөг Хаан банкны 5845498485 дугаарын дансаар авсан. Бид эвлэрч тохиролцсон. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Б.Б нь хохирогч Б.Од нийт 910 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цд нийт 449 800 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Б.О, иргэний нэхэмжлэгч Д.Ц нар нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болох 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Бт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.О, Д.Ц нар нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН