Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Энхмэнд,

шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Б.Оюунбилэг,

хохирогч Д.Бын өмгөөлөгч Б.Зулбаяр,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.От холбогдох эрүүгийн 1807000770015 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Э. О, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймаг, Гурванбаян суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:...../,

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шулмасын ам” гэх нүүрсний уурхайн амрах гэрт “дүүг дээрэлхлээ” гэх шалтгаанаар бусадтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хохирогч Д.Быг зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл зэрэг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар  хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тагтаа овогт Энхтайваны Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.От 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.От 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.От мэдэгдэж, Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Бод 190 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Э.Оаас 7 500 000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бод олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс хохирогч Д.Бын хагалгааны төлбөрт нэхэмжилсэн 7 500 000 төгрөгийг шүүгдэгч Э.Оаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь хохирогч Д.Б нь хагалгаанд орсон гэх 7 500 000 төгрөгийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй, ойлгомжгүй байхад шүүх шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Хохирогч Д.Б нь хаана, ямар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орсон нь тодорхойгүй эмнэлгийн өвчтний түүхийг шүүхэд ирүүлээгүй. Зөвхөн кассын орлогын ордер, бэлэн мөнгөний  орлогын баримтыг шүүхэд өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5 000 000 төгрөг “хагалгааны төлбөр” гэсэн кассын орлогын ордер №132 дугаар баримт нь ямар эмнэлгийн ямар хагалгааны төлбөр болох нь тодорхойгүй мөнгө тушаагч н.Хонгорзул, мөнгө хүлээн авсан н.Тунгалаг гэсэн гарын үсэгтэй баримт, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “хагалгааны үлдэгдэл төлбөр” 2 500 000 төгрөг гэсэн бэлэн мөнгөний орлогын баримт №179 дүгээр баримт нь хэний, юуны хагалгааны төлбөр болох нь тодорхойгүй мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй, мөнгө тушаагч н.Тунгалаг гэсэн гарын үсэгтэй баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй байна. Хохирогчийн хагалгаанд орсон төлбөрийн талаар гаргаж өгсөн 2 баримт болох кассын орлогын ордер 132 дугаар баримт дээр мөнгө тушаагч н.Хонгорзул, мөнгө хүлээн авсан н.Тунгалаг гэж гарын үсэг зурсан байхад бэлэн мөнгөний орлогын баримт 179 дүгээр баримтан дээр хүлээн авсан хүний гарын үсэггүй мөнгө тушаагч н.Тунгалаг гэж гарын үсэг зурсан, нэг байгууллагын 2 баримт хоорондоо зөрүүтэй байгааг шүүх анхаарч дүгнэлт өгч чадаагүй тул Э.Оаас хохирогч Д.Бын хагалгааны төлбөрт 7 500 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Бын өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогчийн ар гэрийнхэн уг хагалгааны төлбөрийг хашаа, байшингаа барьцаанд тавьж зээл авч байж төлсөн. Харин анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн хөлсийг гаргуулаагүй нь өмгөөлөгчийн гаргаж өгсөн банкны баримтын хуулга дутмагаас болсон. Өмгөөлөгчийн зардлыг нэмж гаргуулах боломжтой гэж үзэж байна...” гэв.

Прокурор Б.Энхмэнд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс уг хэргийг бүрэн нотлогдсон, тогтоогдсон гэж дүгнэсэн байна. Мөнгө тушаасан баримтан дээр мөнгө хүлээн авсан, мөнгө хүлээлгэн өгсөн гэдэг дээр буруу газар нь гарын үсэг зурсанд байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шулмасын ам” гэх нүүрсний уурхайн амрах гэрт “дүүг дээрэлхлээ” гэх шалтгаанаар бусадтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хохирогч Д.Быг зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл зэрэг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бын: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шулмасын ам” гэх уурхай дээр эгчийнхээ 34-85 УНМ улсын дугаартай “Портер” загварын машинтай нүүрс ачих гээд уурхай дээр машинаа том хучлагаар бүтээгээд байж байтал хажуу талд зогсож байсан автомашин ухрах үйлдэл хийж байгаад миний автомашины хучлаган дээр гараад зогсчихсон. Чи миний хучлаган дээр гараад зогсчихлоо машинаа ухраачих гээд нөгөө машиныг ухраалгасан чинь Пүрэвбаатар нь огцом урагшлаад хучлага татагдаж ханзарч би хучлаган дээр гишгэсэн байсан тул хойшоо савж унасан. Би уурлаад нөгөө автомашин дээр очтол цонхоо нээхээр нь “чи хучлага ураад намайг унагаачихлаа”  гээд нөгөө залууг шилнээс татаж гаргаад загнасан чинь Пүрэвбаатар гэх хүүхэд түнтэгнээд чимээгүй байж байснаа цаашаа гүйгээд явчихсан. Тэгээд би уг уурхайд байдаг гэрт ороод дулаацаад сууж байтал Пүрэвбаатарын ах О гэх залуу орж ирээд “чи хүүхэд дээрэлхдэг хэн бэ” гээд үгийн зөрүүгүй миний нүд, нүүрлүү газар унагаж байгаад цохиод авсан. Намайг нэг удаа өшиглөж зодсон ба тухайн үед уурхайд байсан хүмүүс бид нарыг салгасан юм. Миний биед учирсан гэмтлүүдийг надад О дангаараа учруулсан. О тухайн үед эхлээд намайг гараа зангидаж байгаад нүүр лүү 2-3 удаа цохиод газар унагасан ба би нүүрээ гараараа халхлаад хэвтэхэд толгойн хажуу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” /хх 5/,

гэрч О.П: “...О ах Б гэх залуу дээр очоод “чи муу яагаад дүү дээрэлхээд байгаа юм бэ” гээд шууд нүүр лүү нь гараа атгаж байгаад цохисон, тэгтэл нөгөөдөх нь биеэ хамгаалаад өөдөөс нь цохисон энэ үед О ах 2-3 удаа гараа атгаж байгаад Быг цохисон...” /хх 12-13/,

шүүгдэгч Э.Оын: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Шулмасын ам” гэх уурхай дээр нүүрс ачихаар өөрийн хамаатны П, П эхнэр нартай хамт ирсэн. Бид гурав уурхай дээр 20 цаг өнгөрч байхад очоод би өөрийнхөө автомашинтай өөр тийшээ явчихаад ирсэн чинь манай дүү П уйлчихсан, жирэмсэн эхнэр нь айгаад салгалчихсан байхаар нь “юу болов” гээд айх гайхах зэрэгцээд асуусан чинь уурхай дээр байнга хэл үг гаргаад оочер дараалал зөрчөөд байдаг Б гэх залуу манай дүүг дээрэлхэж зодсон гэхээр нь би хаана байгааг нь асуугаад уурхайн гэр лүү орсон чинь Б, М гэх залуутай юм яриад сууж байхаар нь би Быг “чи яахаараа дүү дээрэлхээд байдаг юм” гэсэн чинь миний бүтээлгийг урахаар нь боомилсон юм гэхээр нь “чи муу бүтээлгэнээс болж ингээд байхдаа яадаг юм” гээд бид хоёр барилцаж авсан тэгтэл өөдөөс Б улам өрвөлзөөд асаад намайг бас зодчих гээд байгаа бололтой бид хоёр биеэрээ түлхэлцсэн тэгсэн чинь Мягмар бид хоёрыг боль гээд салгаад би чимээгүй болчихсон байсан чинь Б өөрөө гүйж ирээд түлхэж бариад байхаар нь уурандаа би нүүр лүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон тэгтэл М, манай дүү П хоёр салгасан юм...” /хх 43-44/ гэх мэдүүлгүүд болон

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/96 дугаар: “...1. Д.Бын биед зүүн нүдний ухайрхайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх 27/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Оын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Э.От ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, тухайн зүйл, хэсэгт заасан торгуулийн ялыг хамгийн доод хэмжээ буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ял  оногдуулж, хохирогчид учирсан хохирол болох 7 500 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдолдоо  “...хохирогч Д.Бын хагалгааны төлбөрт 7 500 000 төгрөг  төлсөн нь үндэслэл муутай, Эм Би Жи Мед эмнэлэгт мөнгө тушаасан 2 баримт дээр мөнгө хүлээн авагч, болон мөнгө тушаагчийн нэр нь “Тунгалаг” гэж бичигдсэн нь ойлгомжгүй” байгааг дурджээ.

Хохирогч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр №132 дугаартай “Эм Би Жи Мед” ХХК-д хагалгааны төлбөрт 5 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №179 дугаартай “Эм Би Жи Мед” ХХК-д хагалгааны төлбөрийн үлдэгдэл 2 500 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

Эм Би Жи Мед эмнэлгийн мөнгө хүлээн авагч нь “Тунгалаг” гэгч хүн байсан байх бөгөөд 2018 оны 2 сарын 14-ны өдөр хагалгааны үлдэгдэл төлбөр 2 500 000 төгрөг хүлээн авахдаа мөнгө тушаах бланкны “мөнгө тушаагч” гэсний ард андуурч гарын үсэг зурсан байна. Үүний өмнө 5 000 000 төгрөг тушаасан баримтанд “мөнгө хүлээн авагч”  гэж “Тунгалаг” нь гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх хохирогчийн зөвхөн хагалгаа хийсэн зардлыг хохиролд тооцон гаргуулж, цаашид гарсан болон гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг заажээ.

Шүүхээс хохирлыг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан “хохирогч Д.Бын хагалгааны төлбөр гэх 7 500 000 төгрөг гаргуулсан заалтыг хүчингүй” болгохыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ