Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0340/З |
Дугаар | 221/МА2022/0728 |
Огноо | 2022-11-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2022/0728
Ц.С-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ч.Н,
Нэхэмжлэгч: Ц.С,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Ж.Э,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжийн Ж.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 657 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2022/0340/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.С нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжийн Ж.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 657 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С-ын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжийн Ж.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ч.Н нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шүүх: “...Иргэнээс хуульд заасан журмын дагуу холбогдох баримтаа бүрдүүлэн гаргасан хүсэлтийг үндэслэн түүнд газар эзэмших эрх олгох асуудлыг шийдвэрлэх бөгөөд газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31.3-д заасан шаардлагыг хангах учиртай, энэ маргааны тухайд нэхэмжлэгч Ц.С-ыг газар эзэмших хүсэлт гаргахаас өмнө иргэн Ж.Э зохих журмын дагуу өргөдлөө гаргасан, уг газар нь бусдын эзэмших эрх бүхий газартай давхцалгүй байсан нь тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй ...нэхэмжлэгч Ц.С нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн З дугаар гудамж, ** тоот хаягт хадам ээж Б.Тийн хаягт амьдарч байсан нь тогтоогдож байх хэдий ч энэ нь Ж.Эт 3 дугаар гудамжны **Б тоот хаягт орших газрыг олгосон захирамжтай маргаж буй үйл баримтад төдийлөн ач холбогдолтой гэж үзэхээргүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргаж буй газар болох Эмнэлгийн 3 дугаар гудамж, **Б тоот хаягт 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь тогтоогдоогүй...” хэмээн дүгнэж, гуравдагч этгээдийн шунахайн сэдэлтэй, хариуцагч байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг хангалттай, бүрэн дүүрэн тогтоогоогүй, хууль зөрчсөн үйлдлийг хаацайлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.2. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгааныг товч тайлбарлавал, иргэн би гэр бүлийн гишүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг-3 гудамж, *** тоот хаягт байрлах 587 м.кв талбайтай газарт 2001 оноос хойш өдийг хүртэл буюу 21 жил гаруйн хугацаанд амьдарч байгаа. Миний бие өөрийн амьдарч байгаа газрын эзэмших, цаашлаад өмчлөх эрхийг баталгаажуулах зорилгоор оршин суугаа хороо, дүүргийн Газрын албанд удаа дараа хандаж байсан боловч тухай бүрд “...орц, гарц гаргах шаардлагатай...” гэх шалтгаанаар надад татгалзсан хариу өгч байсан. Улмаар 2020 онд хороо, газрын албаны холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, тэдний зөвшөөрөл, зөвлөгөөний дагуу орц, гарц гаргах ажлыг хөрш айлуудтайгаа зөвшилцөж, зохих зөвшөөрлийг нь авч, хийж дууссаны дараа дахин 2022 оны 05 дугаар сард дүүргийн Газрын албанд хандаж, холбогдох баримт бичиг, материалуудыг бүрдүүлэн өгөхөд Газрын албаны газар зохион байгуулагч хүлээн авч, “...бүрдэл хангагдсан байна, 6 сарын дараа шийдвэр гарна. Тэр үед ирж аваарай...” гэсэн хариу өгсөн атлаа манай гэр бүлийн амьдарч буй газрыг бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, Б.Төөс миний 21 жил гаруйн хугацаанд амьдарсан газрын хөрш залгаа буюу ** тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг худалдаж авсан Ж.Эт гомдолд дурдаж буй **** тоот хаягт байрлах 587 м.кв талбайтай газрыг эзэмшүүлэх шийдвэрийг Баянзүрх дүүргийн Засаг дарга 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар гаргажээ. Өөрөөр хэлбэл, би Ж.Эыг Б.Төөс 2019 оны 04 дүгээр сард ** тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг худалдаж авахаас өмнө Газрын албанд **** тоот хаягт байрлах 587 м.кв талбайтай газрын асуудлаар удаа дараа өргөдөл, хүсэлтээ өгч хандаж байсан байхад өөрийн худалдаж авсан ** тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газартаа ч оршин сууж, амьдардаггүй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 14 дүгээр байр, *тоотод байнга оршин суудаг Ж.Эт маш шуурхай маргаан бүхий газрыг, гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дүүргийн Засаг даргын дээрх захирамжаар миний 21 жил гаруй хугацаанд амьдарсан, өдгөө ч амьдарч байгаа газрыг Ж.Эт эзэмшүүлж шийдвэрлэсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчихийн сацуу уг газраас өөр хөрөнгөгүй би гудамжинд гарах нөхцөл бүрдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр сонголтгүй боллоо.
3.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжтай танилцсан тухайд. Өмнө дурдсанчлан дүүргийн Газрын албанд маргаан бүхий газрын асуудлаар дахин хандаж, зохих баримт бичиг, материалуудыг бүрдүүлэн өгөхөд холбогдох байгууллага, албан тушаалтны зүгээс уг газрыг бусдад эзэмшүүлэх шийдвэр гарсан талаар надад ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, миний хүсэлтийг хүлээж авахаас ч татгалзаагүй. Энэ талаар хожим буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2022/02990 дүгээр захирамжаар Ж.Эын надад холбогдох “...хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх...” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/Ш32022/04926 дугаар захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцаж, анх олж мэдсэн. Сүүлд судлахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхийг хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх зохицуулалттай байсан. Улмаар ийнхүү мэдсэн даруйдаа хуульд заасан хугацааны дотор дүүргийн Засаг даргад гомдол, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээр өгүүлсэн Ж.Эын нэхэмжлэлтэй надад холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01260 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж...”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/00961 дүгээр магадлалаар “...шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж...”, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/Ш32022/18918 дугаар захирамжаар “...иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн.
3.4. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр манай гэр бүл маргаан бүхий газарт 21 жил гаруйн хугацаанд амьдарсан, өдгөө ч амьдарч буй нь хангалттай нотлогдоно. Тухайлбал, 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, Статистикийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “...С оноос хойш амьдарч байна...” гэх тодорхойлолт, бүртгэж, хөтөлсөн “Хүн ам, өрхийн ... нь тус хороонд 2001 бүртгэлийн дэвтэр”-үүд, мөн манайхтай олон жил хөрш зэргэлдээ амьдарч байгаа, одоо ч амьдарч буй гэрчүүдээс “...намайг ямар байдлаар таних, маргаан бүхий газарт хэзээнээс амьдарч байгаа, гэрийн буурийг хэдийд засаж, янзалсан...” зэрэг нөхцөл байдлуудыг тодруулж асуухад “2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрч Р.З “...Ц.Стай хөрш. 2004 оноос эхлээд одоог хүртэл. Намайг хороонд орж ирэхэд л тэнд амьдарч байсан. Одоог хүртэл тэндээ амьдарч байгаа Ц.С гэрээ бариад амьдардаг байсан. Хаалганы доод булан, нэг бол нөгөө талдаа буудаг байсан. Тэнд буурь байдаг...”, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч Б.Ё “...Зүүн талд нь байдаг. Манай хамар хашаа юм ... Өөрөө бол зун байдаггүй. Өвөл байдаг. Хүүхдүүд нь заримдаа байгаад заримдаа эмээгийнхээ хашаанд... тэгээд байдаг. Өвөлд нь заримдаа барьчихна. Заримдаа гэрээ хураачихдаг байсан ... 2002 оноос хойш юм. Байнга оршин сууж амьдарч байгаа. 2013 онд зассан ... Зуны үед энэ хүн хөдөө гадаа ажилтай. Өвөл нь бол барьчихдаг. Ер нь хүүхдүүд нь бол байнга байж байсан ... Энэ хүн бол тэр наана 20 жил амьдарсан...”, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрч Б.Т “...Юу гэж хамтад нь зарах вэ дээ. Тухайн үед нь манай гэр бариатай хэвээр байсан. Би тийм илүү газар огт өгөөгүй. Ц.С амьдарч байсан. Манайх ч бас амьдарч байсан. 15 жил амьдарч байгаа...” гэх мэдүүлгээр тогтоогддог.
Харин гуравдагч этгээд Ж.Эын хувьд эзэмшиж байгаа газартаа оршин сууж, амьдардаггүй, орц, гарцаа бодитоор шийдэж хашаа татаагүй, газар эзэмших хүсэлтээ ч өөрөө илэрхийлж гаргаагүй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байнга оршин суудаг, газраа зориулалт (гэр бүлийн хамтын хэрэгцээнд)-ын дагуу ашигладаггүй этгээд. Үүнийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болсон шүүх хуралдааны явцад гаргасан “...Манай нөхрийн дүү нар амьдарч байгаа...” гэх тайлбар, Баянзүрх дүүргийн Газрын албанд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Сын гаргасан “Миний бие С ** тоотод орших хашааныхаа хойд хэсгийн газрыг өөрийн нөхөр ... Эын нэр дээр сунгаж авах хүсэлтэй байна...” гэх өргөдөл, анхан шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/6528 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаас “...Гуравдагч этгээд Ж.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа би 2019 оны 9 сард хандан **Б тоот гэсэн хаягийг шинээр бий болгосон гэжээ. Иймд уг хэргийг хянан шийдвэрлэхэд гуравдагч этгээд Ж.Э ... **Б тоот хаягийг aвax хүсэлтийг хэзээ гаргаж байсан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбоотой баримт шаардлагатай байх тул... шүүхэд ирүүлнэ үү” гэж нотлох баримт шаардсаны хариуд хорооны Засаг дарга 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 137 тоот албан бичгээр “Танай байгууллагаас ирүүлсэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/6528 дугаартай албан бичгийн хүрээнд хүргүүлэх нотлох баримт байхгүй байна...” гэх зэргээс тодорхой харж болно.
3.5. Өөрийн амьдарч байгаа газрын эзэмших, цаашлаад өмчлөх эрхийг баталгаажуулаагүй байсан шалтгааны тухайд. Манай ойролцоох айлуудын хувьд газрын эзэмших, өмчлөх эрхээ баталгаажуулсан айл тун цөөн бөгөөд миний амьдарч байгаа газрын зэргэлдээ (залгаа) орших Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг-3 гудамж, ** тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг Б.Т 2016 онд хууль ёсоор өмчилсөн. Энэ үеэс эхлэн би зорилгоор оршин суугаа хороо, дүүргийн Газрын албанд удаа дараа хандаж байсан боловч тухай бүр “...орц, гарц гаргах шаардлагатай...” гэх шалтгаанаар надад татгалзсан хариу өгч байсан. Маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргахаас өмнө орц, гарцыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байсан болохыг гуравдагч этгээдийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан “өөрсдийн өмчлөлийн хашаа байшингийнхаа хойд талын газрыг эзэмших хүсэлтэйгээр 2019 оны 07, 8 сард дүүргийн Газрын албан дээр очиж уулзахад уг газарт орц, гарц байхгүй учраас эзэмших боломжгүй, харин та нар орц гарцынхаа асуудлыг шийдээд, ... ирвэл болохгүй зүйл байхгүй гэж Газрын албаны зохион байгуулагч хэлсэн. Ингээд бид нар газар эзэмших асуудлаа хөөцөлдөхөөр болж хамгийн тулгамдсан асуудал болох орц, гарц гаргахын тулд өөрсдийн худалдаж авсан ** тоот хашаа байшингийн газар болох ... 700 м.кв талбайтай газраас 77 м.кв газрыг Ж.Э би өөрийн өмчлөлийн газар болгон ... шилжүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ ....-г ... гарган авч одоо байгаа маргаан бүхий газарт орц гарц гаргасан...” гэх тайлбар, түүний өмгөөлөгчийн зүгээс ч шүүх хуралдаанд оролцох явцдаа гуравдагч этгээдтэй адил агуулга бүхий тайлбар хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаагаас мөн гэрч О.Хадбаатар (Газар зохион байгуулагч)-ын мэдүүлгээс харж болно.
3.6. Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг хангалттай, бүрэн дүүрэн тогтоогоогүй тухайд. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2-т “...Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа болон хээрийн судалгаа хийх...” талаар тусгажээ. Гэтэл хариуцсан газар зохион байгуулагч О.Х-ын хувьд гуравдагч этгээдийн хүсэлтийг шийдвэрлэхдээ хууль болон журмын дээрх болоод бусад заалтыг бүрэн хэрэгжүүлж, газар дээр нь биечлэн очиж танилцаагүй, орц, гарцаа бодитоор гаргаж, хашаа татсан эсэх, хүсэлт гаргагчаас өөр этгээд амьдарч байгаа эсэхийг нягталж, шалгаж, хянаагүй тухайгаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэр бээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Газар дээр нь очоогүй...” гэж хэлдэг.
3.7. Эвлэрэл ба газар санал болгосон гэх тухайд. Миний бие өөрийн олон жил амьдарсан газраа авч үлдэх үүднээс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдааны үед үүссэн маргаан, үл ойлголцлыг харилцан буулт хийж, хэн алиныхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, хохироохгүй байдлаар шийдвэрлэх арга замыг хайж, ойлголцох санал гаргасан ба уг шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсон. Гуравдагч этгээдтэй шүүх хуралдаан хойшилсны дараа газар дээр уулзаж “...гэрийн буурьтай хэсгээ авч үлдэх буюу маргаан бүхий газраа тэнцүү (50%, 50%) хувааж авах хүсэлт тавьсан...” гэтэл энэ саналыг гуравдагч этгээд хүлээж авахаас татгалзаж, өчүүхэн бага газрыг миний мэдэл шилжүүлэх, гэрийн бууриа дахин шинээр засаж, өөр тийм нь шилжүүл гэсэн учир эвлэрэл үр дүнд хүрээгүй. Өмнөх хэсгүүдэд өгүүлсэнчлэн би иргэний хэргийн шүүхэд хянагдаж байсан хэргийн материалтай танилцаж, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээр болсныг олж мэдсэний дараа дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтнуудтай биеэр очиж уулзаж, миний материалыг хүлээж аваад, удахгүй захирамж гарна гэж байсан атлаа яагаад бусдад газрыг эзэмшүүлэхээр болсныг тодруулахад тэд “...алдаа гарчээ. Та хүсвэл шүүхээр яваад захирамжийг хүчингүй болгуулчих эсхүл өөр газар зааж өгье...” гэсэн. Энэ талаар гэрч О.Х“...Хуучин олон жил байсан. Настай хүн байна гээд нэг газар санал болгосон” гэж мэдүүлдэг. Тухайн зааж өгсөн гэх газарт очиж үзэхэд шинээр хашаа татах, тог цахилгаан шийдэх, мөн бусад байдлаар засаж, тохижуулах шаардлагатай газар байсан. Цаашлаад надад ирээдүйд эзэмшүүлэх шийдвэрийг баттай гаргаж өгөх эсэх нь эргэлзээтэй байсан.
3.8. Нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс үүдэж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байгаа тул үүссэн нөхцөл байдлын талаар аль болох тодорхой, дэлгэрэнгүй гомдолдоо дурдахыг хичээлээ. Эрхэм шүүгчид та бүхнийг асуудлыг нухацтай хянаж, шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Ц.С нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжийн Ж.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, А/209 дүгээр захирамжаар Ж.Эт Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Эмнэлгийн 3-**б тоот хаягт байрлах 587 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
3.2. Нэхэмжлэгчээс “... миний бие маргаан бүхий газарт гэр бүлээрээ 21 жил гаруй хугацаанд амьдарсан, одоо ч амьдарч байгаа, энэ талаар гэрчүүд нотолно, Ж.Эыг Б.Төөс ** тоот хаягт байршилтай газрыг худалдаж авахаас өмнө **б тоот хаягт байрлах газрыг эзэмшихээр хүсэлтээ удаа дараа өгч байсан боловч тухай бүр орц, гарц шаардлагатай гэх шалтгаанаар татгалзсан хариу өгч байсан атлаа Ж.Эт газрыг эзэмшүүлсэн, Ж.Э уг газартаа амьдардаггүй, орц, гарцаа бодитоор шийдэж хашаа татаагүй, газар эзэмших хүсэлтээ ч өөрөө гаргаагүй, газраа зориулалтын дагуу ашигладаггүй, хариуцагч бодит байдалд газар дээр өөр этгээд амьдарч байгаа эсэх, орц, гарцаа гаргаж хашаа татсан эсэхийг газар дээр нь орчиж нягталж шалгаагүй, анхан шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн” гэх зэрэг үндэслэлүүдээр тайлбарлан гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.3. Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргах бөгөөд 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой.
3.4. Ц.С нь /гуравдагч этгээд Ж.Эын эхнэр/ 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Б.Төөс /Ц.С-ын хадам эх/ Эмнэлэг 3 гудамж, ** тоот хаягт байрлах 700 м.кв газрыг худалдаж авсан, улмаар уг газрын 77 м.кв газрыг Ж.Эт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдаж, Ж.Э нь “2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасан, түүний эхнэр Ц.Саас ** тоотод орших хашааныхаа хойд хэсгийн газрыг өөрийн нөхөр Ж.Эын нэр дээр сунгаж авахаар хүсэлтээ холбогдох баримтуудын хамт тус дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар уламжлан Газар зохион байгуулалтын албанд гаргасан, хорооны Засаг дарга “Ж.Э нь Эмнэлгийн 3-**б тоотод давхцалгүй тул энэ тоотыг олгох” гэж тодорхойлсон, энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
3.5. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Хэрэгт Ц.С нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар Ж.Эт газар эзэмшүүлэхээс өмнө Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон бусад холбогдох захиргааны байгууллагад маргаан бүхий **б тоот хаягт байрших газрыг эзэмшихээр аливаа байдлаар бичгээр хүсэлт гаргаж, шийдвэрлүүлсэн, эсхүл тодорхой байдлаар хариу авсан талаарх баримт авагдаагүй, энэ талаарх баримтаа нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, энэ үйл баримтаа нотлохоор шүүхэд хүсэлт гаргаагүй, ийнхүү хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Түүнчлэн гуравдагч этгээдээс “... 2019 онд газрыг худалдаж авахад нэхэмжлэгч амьдарч байгаагүй, гэрийн буурь байгаагүй, сүүлд газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар хөөцөлдөж байхад гэрээ барьсан, өөр этгээд амьдарч байгаагүй, хашааг сунгах боломжтой гэж газраа зарсан, шүүх хуралдаанд нэхэмжлэгч “... 2019 онд гэрээ барьсан” гэж хэлсэн” гэж тайлбарлажээ.
3.6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр, 27.4-д зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.
3.7. Гэтэл нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй бөгөөд гуравдагч этгээд Ж.Эаас өмнө газар эзэмших хүсэлтээ хууль, журамд заасны дагуу гаргасан болох нь дээрх байдлаар тогтоогдохгүй байх тул А/209 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Иймд зөвхөн “... хариуцагч маргаан бүхий газар дээр очиж уг газарт өөр этгээд амьдарч байгаа эсэхийг нягтлаагүй, нэхэмжлэгч уг газарт амьдарч байсан” гэх тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдэд хууль журмын дагуу газар эзэмших эрх олгосон А/209 дүгээр захирамжийн Ж.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна.
4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 657 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ч.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН