Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 487

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.М,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “МИАТ хувьцаат компаниас надад олгож байсан 2000-2003 оны хоорондох хоолны мөнгийг 1998-2003 оны хоорондох таван жилийн /60 сар/ цалингийн нийлбэрт нэмж оруулан тооцож, анхны тогтоосон тэтгэврийг өөрчлөн шинэчлэн тогтоолгох, хоолны мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, уг хэлтсийн үйл ажиллагааны татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын хэлтэс нь 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврийг бага, дутуу тогтоосон тул 1998-2003 оны хоорондох таван жилийн /60 сар/ цалингийн тодорхойлолтоор дундаж цалин 580,130 төгрөг /Засгийн газрын 1999 оны 157 дугаар тогтоолоор индексжүүлсэн/ сарын тэтгэврийг 468,704 төгрөгөөс 541,704 төгрөг болгож тогтоохыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1942 онд төрсөн. 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 61 насандаа тэтгэврээ тогтоолгосон. Би хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд 36 жил 2 сар ажилласан. Би тэтгэврээ хөнгөлттэй нөхцөлөөр тогтоолгохоор байсан юм. Учир нь 2004 оны Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тогтоолоор ажил мэргэжлийн жагсаалтыг баталсан. Энэ тогтоолын 11 дүгээр зүйлд заасанд хамаарч байсан тул тэтгэврийн хөнгөлттэй нөхцөлөөр тогтоолгох тухай хүсэлтээ 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Нисэх загварын төв байгууллагын даргад өгсөн. Энэ нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Манай байгууллагын дарга надад та хортой нөхцөлд 36 жил ажилласан гэж хэлсэн. Тухайн үед Нийгмийн даатгалын хэлтэс 2004 оны Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тогтоолыг хүчингүй болсон гэж хэлээд тэтгэвэр тогтоож өгөөгүй юм. Би 2013 оноос Иргэний хэрэг, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр хянан хэлэлцсэн. Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж дүгнэсэн. Хоолны мөнгөний тухайд бол 2003 онд манай байгууллага надад миний ажиллаж байсан байгууллага тодорхойлолт хийж өгсөн. “МИАТ” ХХК-ийн Санхүүгийн хэлтсээс надад хоолны мөнгө гэж 2000-2003 онуудын хооронд 1.400.274 төгрөг олгодог байсан. Тухайн үед ажиллаж байсан улсын байцаагч хоолны мөнгийг тэтгэвэрт нэмж тооцдог тухай хууль тогтоомж байдаггүй гэж хэлээд тогтоож өгөөгүй.  Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сард батлагдсан “Даатгуулагчийн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж тогтоох хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджийг тодорхойлох журам” гэсэн тогтоол батлагдсан. Энэ тогтоол одоо ч гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Уг тогтоолын 2 дугаар зүйлийн 2Б-д “хөдөлмөрийн хүнд, хортой болон халуун, газрын доор нөхцөлд  хууль тогтоомжийн дагуу олгож байгаа бүх төрлийн нэмэгдлийг оруулж тооцно” 3 дугаар зүйлд “нийгмийн даатгалын шимтгэл оногдох хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого түүний бүрэлдэхүүнд дараах орлогыг оруулан тооцно” 3 дугаар зүйлийн 3е-д “аж ахуй нэгж, байгууллагаас ажилчиддаа байр, орон сууц, унаа хоол, түлээ нүүрсний үнийн талаар үзүүлж буй хөнгөлөлт зэрэг хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлогыг оруулан тооцно гэсэн зохицуулалт бий. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч миний тэтгэврийг тогтоохдоо дээрх тогтоолын заалтыг үндэслээгүй байдаг. Миний бие Баянзүрх дүүрэгт 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргээс шилжиж ирсэн. Ингээд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдлөө бичиж өгөхөд Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж өргөдлийг маань үндэслэлгүй, таны тэтгэврийг зөв тогтоосон гэж дүгнэсэн. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон юм. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч иргэний хэргийн харьяаллын бус байна гэсэн шүүгчийн захирамж гарсан. Би 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж тэтгэврээ тогтоолгохдоо 1998-2003 онуудын хооронд 5 жилийн цалингийн дунджаар тооцуулсан. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс намайг тэтгэврийн төрд нь шимтгэл төлсөн хугацаа 36 жил 1 сар гэсэн нь үндэслэлгүй би 36 жил 2 сар шимтгэл төлсөн. Сарын хөдөлмөрийн дундаж хөлс 109,547 төгрөг гэсэн байдаг. Үүнийг алдаатай тооцсон ба сарын тэтгэврийн хэмжээг 75,587 гэж тогтоосон. Энэ тэтгэврийг би 2003-2007 онуудыг дуустал авсан. Би 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оныг дуустал “Хадгаламж” банкнаас тэтгэврээ авч байсан. Ингээд Сонгинохайрхан дүүрэгт шилжиж очсон. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс миний тэтгэврийг тогтоохдоо ноцтой зөрчил гаргасан. Учир нь миний тэтгэврийн дэвтрийн дугаар 217,779. Би 2003 онд гарын үсэг зурж авч байсан тэтгэврийн дэвтрийг ямар ч үндэслэлгүйгээр 2007 оны 11 дүгээр сард сольсон. Дэвтэр дээрх номерийг нь гараар бичээд шинэ дэвтэр олгосон. Хоолны мөнгийг маань нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэсэн үндэслэлээр тэтгэвэр дээр нэмж тооцоогүй. “МИАТ” ХК-ийн Санхүүгийн хэлтсийн даргатай очиж уулзахад “Та олон жил ажилласан мэдэж байна. Таны хоолны мөнгийг нэмж олгоход татгалзах зүйл байхгүй. Харин таны хүсэлтийг удирдах газрын дарга нар шийдвэрлэнэ. Удирдлагууд зөвшөөрвөл олгоход бэлэн байна” гэж хэлсэн. Ингээд би Хан-Уул болон Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдлөө өгсөн. Сүүлд би 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нотлох баримтаа гаргаж өгөөд хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн. Би 1999 оны 07 дугаар сард ээлжийн амралтын мөнгө 207,998 төгрөг авсан. Тухайн үед манай нягтлан бодогч 204,498 төгрөг гэж миний цалингийн тодорхойлолтыг бичиж өгсөн ба 3000 төгрөгөөр дутуу бодсон. Миний тэтгэврийг 3000 төгрөгөө дутуу бодож өгсөн. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс миний тэтгэврийг 3000 төгрөгөөр дутуу бодож тогтоосон. Яагаад гэвэл миний Нийгмийн даатгалын дэвтэр дээр 207,498 төгрөг гэж бичигдсэн байгааг тулгаж шалгах ёстой байсан. Нягтлан бодогчийн өөр нэг алдаа бол 207,498 төгрөгийг 2 хуваагаад бодсон. Нийлбэрээр нь бичсэн учраас хязгаарлалт хийсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 157 дугаар тогтоолын дагуу миний 1998-2003 оны цалингийн нийлбэрийг гаргасан. Дээрх тогтоолоор 09-11 дүгээр сарын цалинг 1.1-ээр үржүүлж тэтгэвэр нэмэгдүүлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл цалингийн итгэлцүүрээр бодоогүй учраас 30,230 төгрөгийн зөрүү гарсан. Засгийн газрын 2012 оны “Цалингийн итгэлцүүрийн шинэчлэн батлах тухай” тогтоол батлагдсан. Энэ тогтоолын дагуу засаад индексжүүлсэн цалингийн нийлбэрийг 959,314 төгрөг гээд хассан дүн байгаа. Уг нь бол 964,314 төгрөг гэж бодогдох ёстой. Мөн би 1999 оны 07 дугаар сарын цалин 152,048 төгрөг авч байсан. Гэтэл үүнийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс бодохдоо 120,000 төгрөгөөр хязгаарлалт хийсэн байдаг. 1999-2003 онуудын хооронд авч байсан амралтын мөнгөнд хязгаарлалт хийсэн. Жишээ нь: 2002 оны 06 дугаар сард 247,500 төгрөгөөр тооцож цалингийн доод хэмжээгээр хязгаарлалт хийсэн байсан. Хязгаарлалт хийгдэхээр бага тогтоогдох нь аргагүй. Би тэтгэвэр тогтоох аргаар нь бодож үзэхэд тэтгэвэр маань 6,768,087 төгрөг гарч байна. Үүнийг 60-д хуваавал 112,801 төгрөг болох ба энэ дүнг 69 хувиар үржүүлбэл 77,832 төгрөг болж байгаа.

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор цалингийн итгэлцүүрээр миний тэтгэврийг өөрчлөн тогтоосон мөртлөө огт нэмэгдээгүй багасгасан байсан. Засгийн газрын 1999 оны 157 дугаар тогтоолоор бодоогүй. Яагаад гэвэл 1998 оны 09-12 дугаар саруудын цалин 1.1-ээр үржүүлж бодоогүй орхисон тул зөрүү гарсан. Засгийн газрын 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор баталсан Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөнө. Өөрөөр хэлбэл энэ итгэлцүүрээр бодвол миний тэтгэвэр дээр 75,577 төгрөгийг нэмэх ёстой. Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолд зааснаар 15 хувиар нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Энэ тогтоолыг 2004 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Дээрх 75,577 төгрөгийг 15 хувиар бодохоор 86,925 төгрөг болно. Засгийн газар 2012 оны 150 дугаар тогтоолоор цалин, тэтгэвэр, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг дээд хэмжээг тооцохдоо 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж тогтоосон. Үүнийг Монгол Улсын Их Хурлын 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоор цалингийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж тооц гэсэн байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тооцож гаргахдаа хязгаарлалт хийсэн. Цалинг хязгаарлах ёсгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хязгаарлаж миний тэтгэврийг тогтоосон. 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид “ажилтан” гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ” гэж заасан байгаа. Мөн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цагийн үндсэн цалин /хөлс/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглоно” гэж заасныг хариуцагч байгууллагаас зөрчиж миний тэтгэврийг тогтоосон” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй санал зөрүүтэй байна. Иргэн Д.М нь анх 2003 онд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр тэтгэврээ тогтоолгож, 2008 оны 04 сараас 07 сарыг дуустал Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврээ авч эхэлсэн. 2012 оноос хойших тэтгэврийг манай байгууллага хариуцаж олгож байгаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан цалин, хөдөлмөрийн хөлсний дунджийг тодорхойлох гэж тайлбартаа хэлж байгаа нэхэмжлэгчийн зөв. Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг тодорхойлох тухай журмын 1 дүгээр хавсралтад даатгуулагчийн хоолны мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, тэтгэвэр бодож цалин хөлсийг тогтооно гэж заасан байгаа. Д.М гуайн хоолны мөнгө цалин хөлсөнд орж тооцогдохгүй байгаа шалтгаан нь аж ахуй нэгжүүд ажилчдын хоолны мөнгөнөөс шимтгэл тооцдоггүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бус харин “МИАТ” ТӨХК болон Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг хариуцагчаар татах ёстой байсан. Учир нь манай байгууллага “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагааг шалгах, акт тавих эрх бүхий этгээд биш. Харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хамаардаг, тайлан тооцоогоо шилжүүлдэг. Тиймээс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагааг шалгаж, зөрчил илэрвэл улсын байцаагч акт үйлдэн, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ёстой. Дээрх байгууллагаас нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн тохиолдолд манайх тэтгэврийг нь өөрчлөн олгох боломжтой. Тэтгэврийг тооцохдоо цалин хязгаарласан гэж нэхэмжлэгч тайлбартаа хэлсэн. Нэхэмжлэгч сая миний цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хязгаарлаагүй дээд хэмжээгээр нь хязгаарлалт тогтоосон юм. Яагаад хязгаарлалт тогтоох болсон гэвэл Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 10 дугаар зүйлд “Засгийн газраас тухайн үед тогтоон мөрдүүлж байгаа даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс илүү гарсан хөдөлмөрийн хөлс орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй” гэж заасан байдаг. Дээрх заалтын дагуу иргэнээс хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс илүү гарсан орлогод шимтгэл суутгаж тооцохгүй. Суутгаагүй учраас Д.Мт тэтгэврийн зөрүү үүссэн. Нэхэмжлэгч үүнийг “МИАТ” ТӨХК болон Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очоод дараа сарын цалин болон ээлжийн амралтын мөнгө байсан гэдгийг сар сард нь тооцуулаад, шимтгэлийг нь хязгаарлуулахгүйгээр зөв тайлагнавал нэхэмжлэгчийн ээлжийн амралтын мөнгийг нь өөрчлөх боломжтой. Тийм учраас манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчид энэ асуудлаа Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн авч байсан хоолны мөнгийг цалинд нь оруулж шимтгэл төлөөгүй нь ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй учраас энэхүү маргаан гарсан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн буруутай үйлдлээс болж иргэн хохирсон тул Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч хариуцах ёстой” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагаа анх “Нийгмийн даатгалын хэлтэс нь 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврийг бага, дутуу тогтоосон тул 1998-2003 оны хоорондох таван жилийн /60 сар/ цалингийн тодорхойлолтоор дундаж цалин 580,130 төгрөг /Засгийн газрын 1999 оны 157 дугаар тогтоолоор индексжүүлсэн/ сарын тэтгэврийг 518,804 тогтоохыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэж тодорхойлж байсан бол шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад энэ шаардлагаа “...468,704 төгрөгөөс 541,704 төгрөг болгож тогтоолгох” гэж тодруулсан болно.

1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага болох “Нислэгийн цаг уурын төвд ажилласан 2000-2003 оны цалингаас хоолны мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх, энэ хугацааны нөхөн төлөгдсөн шимтгэлийг 1998-2003 оны цалингаар тогтоосон тэтгэвэрт дахин тооцон оруулж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, ийнхүү тэтгэвэр нэмэхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох” гэх агуулгаар маргадаг ба харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “..ажил олгогч хоолны мөнгөнөөс шимтгэл төлөөгүй тул тэтгэвэр төлөх цалинд оруулж тооцох үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.Мд Нислэгийн цаг уурын төвөөс 2000 оны 06 дугаар сараас 2003 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд хоолны мөнгө олгож байсан болох нь “Нислэгийн цаг уурын төвийн цаг уурын инженер ажилтай Д овогтой Мын 2000-2003 онд авч байсан хоолны мөнгөний тодорхойлолт”-оор тогтоогдож байна. 

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дунджийг тодорхойлох журам”-ын 3-т “Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого, түүний бүрэлдэхүүнд дараахь орлогыг оруулан тооцно”, 3-ийн е-д “аж ахуйн нэгж байгууллагаас ажиллагчдынхаа ...хоол, ...үнийн талаар үзүүлж буй хөнгөлөлт зэрэг хөдөлмөрийн хөлстэй адилтгах бусад орлого” гэж тус тус заасан байгаагаас үзвэл Нислэгийн цаг уурын төвөөс нэхэмжлэгч Д.Мын цалин түүнтэй адилгах орлогын бүрэлдэхүүнд “2000 оны 06 дугаар сараас 2003 оны 07 дугаар сарыг дуустал” хугацаанд нэхэмжлэгчид олгосон хоолны мөнгийг оруулан тооцож, хоолны мөнгийг нэмсэн цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр байна. 

Гэвч ажил олгогч байгууллага болох “Нислэгийн цаг уурын төв” нь дээрх хугацааны туршид олгосон хоолны мөнгийг нэхэмжлэгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцоогүй буюу нэхэмжлэгчийн хоолны мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг”, 4-т “нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг”, 7-д “шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг” ойлгоно гэж тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-ийн 1, 2-т зааснаар даатгуулагчийн болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс тус тус нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрээс бүрдэхээр байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэгч Д.М нь “албан журмаар даатгуулагч” байх ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, 4-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч ... гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байгаагаас үзвэл нэхэмжлэгч Д.Мд олгосон хоолны мөнгийг түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцох, улмаар хоолны мөнгийг оруулан тооцсон орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэг нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил олгогч байгууллага болох “МИАТ” ТӨХК, Нислэгийн цаг уурын төвийн нягтлан бодогчийн хуульд зааснаар хүлээсэн үүрэг байна.

Гэтэл нэхэмжлэгч Д.М нь Нислэгийн цаг уурын төвөөс өөрийнх нь өндөр насны тэтгэвэр тогтоох цалингийн дундаж онуудад хамаарах буюу 2000 оны 06 дугаар сарын 2003 оны 07 дугаар сарыг дуустал хугацааны хоолны мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл тооцох цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцоогүй буюу нийгмийн даатгалын дэвтэрт цалин хөлс орлогыг тодорхойлон бичихдээ хоолны мөнгийг хасаж бичсэн ажил олгогч түүний ажилтны буруутай үйлдлийг Нийгмийн даатгалын байгууллагад хамаатуулан маргаж, үүнийгээ “Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан журамд “...нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс илүү гарсан хөдөлмөрийн хөлс, орлогод даатгалын шимтгэл ногдуулахгүй” гэж зааснаар нийгмийн даатгалын байгууллагаар хоолны мөнгийг 1998-2003 оны цалингийн нийлбэрт нэмж оруулан тооцох ёстой” гэх агуулгаар тайлбарлан маргасан нь үндэслэлгүй байна. 

Учир нь дээрх журмын заалтыг Засгийн газраас тухайн цаг хугацаанд тогтоон мөрдүүлж байсан даатгуулагчийн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс илүү цалин хөлс, орлого олсон тохиолдолд дээд хэмжээнээс илүү гарсан орлогод шимтгэл ногдуулахгүй байхаар ойлгох бөгөөд энэ нь нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн буюу хоолны мөнгийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцоогүй үйл баримттай хамааралгүй байх ба өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлсэн зохицуулалт гэж ойлгохоор байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд “ажил олгогчийн шимтгэл төлөх үүрэг”-ийг хуульчилсан байх ба мөн зүйлийн 1-ийн 1-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 1-ийн 2-т “шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх” гэж тус тус заасныг зөрчин нэхэмжлэгч Д.Мын 2000 оны 06 дугаар сарын 2003 оны 07 дугаар сарыг дуустал хугацааны хоолны мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл тооцох цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцоогүй, улмаар хоолны мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь түүний ажил олгогч болох “МИАТ” ТӨХК, Нислэгийн цаг уурын төвийн буруутай үйл ажиллагаа байхад Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн “МИАТ” ТӨХК-иас надад олгож байсан 2000-2003 оны хоорондох хоолны мөнгийг 1998-2003 оны хоорондох таван жилийн /60 сар/ цалингийн нийлбэрт нэмж оруулан тооцож, анхны тогтоосон тэтгэврийг өөрчлөн шинэчлэн тогтоолгох, хоолны мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, уг хэлтсийн үйл ажиллагааны татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “МИАТ” ТӨХК-иар нэхэмжлэгч Д.М хоолны мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн тохиолдолд тэтгэвэр тогтоох 5 жилийн цалинд оруулан, тэтгэврийг өөрчлөх боломжтой” гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч нь “...сарын тэтгэвэр 541,704 төгрөгөөр тогтоолгохыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “тэтгэврийг Засгийн газрын тогтоолын дагуу итгэлцүүрээр индексжүүлж бодоогүй, миний тооцоолсноор анх 94,154 төгрөгөөр тогтоох байсныг 93,444 төгрөг гэж бага тогтоосон” гэх агуулгаар маргаж байна.

Шүүхээс нэхэмжлэгч Д.Мын тэтгэвэр тогтоолтын хуудсанд хавсаргасан цалингийн тодорхойлолтод 1999 оны 07 дугаар сарын цалинг 207,498 төгрөг гэж тэмдэглэгдсэн байх ба 1999 оны 07 дугаар сарын 207,498 төгрөгийн цалинг нягтлан бодогч 3000 төгрөгөөр дутуу, алдаатай бичсэн гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Тэрээр дээрх үндэслэлтэй холбогдуулан тэтгэврийн хэмжээ нэмэгдэх бүрт миний тэтгэвэр дутуу бодогдсон гэж маргасан ба анх нэхэмжлэгчид 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 75,585 төгрөгөөр тэтгэвэр тогтоосноос хойш нийт 5 удаа тэтгэврийг шинэчлэн тогтоосон байна. Нэхэмжлэгчээс хамгийн сүүлийн буюу 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас”-д миний анхны тэтгэврийг 94,175 төгрөгөөр тогтоосныг баталгаажуулсан буюу нийгмийн даатгалын хэлтэс анхнаасаа миний тэтгэврийг 75,585 төгрөгөөр тогтоосон нь буруу гэж маргасан нь үндэслэлгүй байна. 

Учир нь шүүхээс нэхэмжлэгчийн №217779 дугаартай “Тэтгэврийн хувийн хэрэг”-ийг хариуцагчаас эх хувиар нь шаардан авч шүүх хуралдаанд шинжлэн судалсан ба 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн буюу хамгийн сүүлийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас”-ны зүүн дээд өнцөгт дарсан улаан тамга бүхий “БАТЛАМЖ”-д “Дугаар 661,232, Таны тэтгэвэр тогтоолтыг шалгаж “БАТАЛГААЖУУЛАВ”, шалгасан байцаагч, гарын үсэг гэх хэсэгт Ж.Г гэж гараар бичэн, огноог 2017 оны 02 сарын 15 өдөр гэжээ. Энэ “Батламж” гэх тэмдэглэгээний талаар хариуцагчийн төлөөлөгчөөс “2017 оны 1-4 сарыг дуустал улсын хэмжээнд тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоолтыг шалгаж баталгаажуулсан, ингээд үнэн зөв гээд баталж тэмдэглэгээ хийсэн” гэж тайлбарладаг бөгөөд энэхүү батламж гэсэн улаан тамга бүхий дардасд “94,154 төгрөгөөр баталгаажуулав” гэсэн ямар нэг тэмдэглэгээ байхгүй байна.

Иймээс “анх миний тэтгэвэр 94,175 төгрөгөөр тогтоогдсон, нийгмийн даатгалаас надад дутуу тэтгэвэр өгч байсан, анх дутуу тогтоосноос хохирсон” гэх агуулгаар марган, тэтгэврээ 541,704 төгрөгөөр тогтоохыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийг 2 дахь удаагийн Тэтгэвэр тогтоолтын хуудсаар тэтгэврийн хэмжээ нь “93,444” төгрөгөөр тогтоосон гэж тэмдэглэснийг ташаа ойлгон маргасан гэж үзэх үндэслэлтэй. 

Хариуцагчаас нэхэмжлэгч Д.Мын тэтгэврийг анх 94,175 төгрөгөөр тогтоох байсан гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын хэлтэс нь 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврийг бага, дутуу тогтоосон тул 1998-2003 оны хоорондох таван жилийн /60 сар/ цалингийн тодорхойлолтоор дундаж цалин 580,130 төгрөг /Засгийн газрын 1999 оны 157 дугаар тогтоолоор индексжүүлсэн/ сарын тэтгэвэр 468,704 төгрөгөөс 541,704 төгрөгөөр тогтоолгохыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага хангагдах үндэслэлгүй байна.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-ийн 2, 16 дугаар зүйлийн 1, 4, 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “МИАТ хувьцаат компаниас надад олгож байсан 2000-2003 оны хоорондох хоолны мөнгийг 1998-2003 оны хоорондох таван жилийн /60 сар/ цалингийн нийлбэрт нэмж оруулан тооцож, анхны тогтоосон тэтгэврийг өөрчлөн шинэчлэн тогтоолгох, хоолны мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, уг хэлтсийн үйл ажиллагааны татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын хэлтэс нь 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврийг бага, дутуу тогтоосон тул 1998-2003 оны хоорондох таван жилийн /60 сар/ цалингийн тодорхойлолтоор дундаж цалин 580,130 төгрөг /Засгийн газрын 1999 оны 157 дугаар тогтоолоор индексжүүлсэн/ сарын тэтгэвэр 468,704 төгрөгөөс 541,704 төгрөг болгож тогтоохыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            С.ОТГОНТУЯА