Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/172

 

 

 

 

 

 

 

 

2021              3            12                                    172

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бөд холбогдох эрүүгийн 2005039260107 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б.

 

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2020 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9 дүгээр гудамжны 178 тоотод хэрүүл, маргааны улмаас иргэн Э.Чыг өшиглөж, зодон эрүүл мэндэд  нь баруун зулай, хуйханд няцарсан шарх, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Д.Б мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өглөөний 10 цагаас 12 цаг хүртэл Э.Ч болон түүний найз Э нар намайг хүрээд ир гээд залгасан. Би завгүй байна гэж хэлсэн боловч хүрээд ир гээд байсан. Ч өөрөө намайг дуудчих гэж найздаа хэлсэн байна лээ. Би 13-14 цагийн үед очсон ба урд шөнө нь тэд нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би өөрийнхөө уудаг пивыг аваачиж уусан юм. Ч утас бичиг баримтаа хаясан гээд Эийн утсаар залгасан байсан. Би тэр хоёрын авсан пивыг нь уудаггүй тул өөрийнхөө уудаг пивоо авч очсон. Тэдний гэр нэг ортой тул Э өөрөө орон дээрээ унтсан. Ч бид 2 газраар унтах гэж хэвтсэн. Тэгээд угаасаа бид хоёр хэл яриа таарахгүй байсан. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаад, Ч намайг доромжлоод байхаар нь түүнтэй хэрэлдсэн чинь намайг цохисон. Тэгээд тэр намайг цохих гэж байгаад эрчиндээ өөрөө унасан. Би тэндээс зугтааж гэртээ хариад хоносон. Маргааш нь над руу “би чамайг чадна даа” гэж утсаар залгасан. Мөрдөн байцаалтын шатанд би тухай бүрд нь мэдүүлгээ өгөөд явсан. Би уулзаж ярилцах гээд чадаагүй. Би Чын биед хүрээгүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг би учруулаагүй. Хохирогч надтай уулзаагүй, ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Би цагдаа, прокурорын шатанд уулзах гээд ирээгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Ч мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 22-нд найз Эийн гэрт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9-178 тоотод очоод байж байгаад Э бид хоёр гарч хоол идээд гэрт нь буцаж орсон. Тэгэхэд Эийн хамт ажиллаж байсан гэх Б гэж залуу Э рүү уулзъя гээд залгаад байна гэсэн. Тэгээд Эийн гэрт нь Б гэх залуу 2.5 литрийн том 3 пиво, лимонтой 0.5 литрийн пиво гурвыг авч ирээд би лимонтой пиво уусан. Харин Б Э хоёр том пиво хувааж уусан. Тэгээд дахин Б гарч 2.5 литрийн пиво авч ирээд хувааж уусан. Тэгээд би газар унтах гээд хэвтэж байсан. Харин Э орон дээрээ Бтэй хамт сууж байсан. Гэтэл Б надтай унтах гээд байхаар нь би үгүй гэхэд намайг өшиглөөд зодсон. Тэгэхэд миний толгойноос цус гарсан. Тэгээд Б гараад явсан ба юмаа мартсан байна гээд буцаж ирээд миний гэдэс хэсэгт өшиглөөд гараад явсан. Тэр үед Э сэрж, миний толгойн цусыг цэвэрлэж өгөөд цагдаа, эмнэлэг дуудсан. Надад учирсан гэмтлийг Б гэх залуу хамт унтсангүй гээд зодож, учруулсан. Гомдол, саналгүй гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Э.Э мэдүүлэхдээ:

...21 цагийн үед хоёр том пиво аваад орж ирээд, бид гурав хувааж уусан. Би маргааш нь ажилтай гээд гэрлээ унтраагаад унтах гээд хэвтсэн. Б над руу юунаас болсныг мэдэхгүй дайраад байсан. Тэгэхээр нь би утасныхаа гэрлийг асаах гэсэн боловч чадахгүй байсан тул бичлэг хийгээд утсаа дэрэн доороо тавьчихсан. Тэгсэн удалгүй Чыг өшиглөж байгаа юм шиг чимээ гараад байсан. Б гарч яваад удалгүй иргэж орж ирээд Чыг өшиглөөд байх чимээ гарсан. Би зодоод байгааг нь мэдсэн боловч толгой эргээд босож чадахгүй байсан. Дахиж орж ирээд зодохоор нь тэсэлгүй босоод, гэрэл асаахад Б гараад явсан байсан. Гэтэл Чын толгойны баруун талаас цус гарч байхаар нь цагдаа дуудаад бас түргэн дуудсан. Ч бид хоёр түргэний машинытай хамт гэмтлийн эмнэлэг ороод Чын толгойд 3 оёдол тавиулсан гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 11023 тоот дүгнэлтэд:

1. Э.Чын биед баруун зулайн хуйханд няцарсан шарх, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9 дүгээр гудамжны 178 тоотод “хамт унтсангүй” гэх шалтгааны улмаас хохирогч Э.Чыг өшиглөж, зодон эрүүл мэндэд нь баруун зулай, хуйханд няцарсан шарх, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Э.Ч, гэрч Э.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 11023 дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Бөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь “би Э.Чыг зодоогүй, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй ” гэж маргаж байх боловч

 

шинжээчийн ...Э.Чын биед баруун зулайн хуйханд няцарсан шарх, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

 

Хохирогч Э.Чын ...Б надтай унтах гээд байхаар нь би үгүй гэхэд намайг өшиглөөд зодсон. Тэгэхэд миний толгойноос цус гарсан. Тэгээд Б гараад явсан ба юмаа мартсан байна гээд буцаж ирээд миний гэдэс хэсэгт өшиглөөд гараад явсан. Тэр үед Э сэрж, миний толгойн цусыг цэвэрлэж өгөөд цагдаа, эмнэлэг дуудсан. Надад учирсан гэмтлийг Б гэх залуу хамт унтсангүй гээд зодож, учруулсан гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Эийн “удалгүй Чыг өшиглөж байгаа юм шиг чимээ гараад байсан. Б гарч яваад удалгүй иргэж орж ирээд Чыг өшиглөөд байх чимээ гарсан. Би зодоод байгааг нь мэдсэн боловч толгой эргээд босож чадахгүй байсан. Дахиж орж ирээд зодохоор нь тэсэлгүй босож ирээд гэрэл асаахад Б гараад явсан байсан. Гэтэл Чын толгойны баруун талаас цус гарч байхаар нь цагдаа дуудаад бас түргэн дуудсан. Ч бид хоёр түргэний машинытай хамт гэмтлийн эмнэлэг ороод Чын толгойд 3 оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

 

Хохирогч Э.Ч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй тул Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Э.Ч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.Бөд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Бөд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Э.Ч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН