Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/173

 

 

 

 

 

 

 

 

2021            3             12                                        173

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Тэмүүжин,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч: Ж.Г, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /1697/ нарыг оролцуулж,тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Гд холбогдох эрүүгийн 2102000000025 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино телевизийн зураглаач мэргэжилтэй, Г

 

Шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 41 дүгээр байрны 4 дүгээр орцны гадна подвалд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 79.6337 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.Г мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Найзаасаа энэ өвс гэх зүйлийн талаар сонссон. Тухайн үед буюу 10 сард миний хувьд хүнд үе байсан. Нойр хүрэхгүй, ажилдаа стресстэй  байсан. Гэхдээ энэ нөхцөл байдал нь мансууруулах бодисыг хэрэглэх шалтгаан биш гэдийг ойлгож байна. Миний хувьд хууль мэдэхгүйгээс болж алдаа гаргасандаа харамсаж байна. Дахиж ийм хэрэгт  холбогдохгүй гэж амлаж байна. Би тухайн өвс гэх Шарын гол руу явдаг замын уулзвар дээрээс замын унаанд сууж явахдаа олж авсан бөгөөд ганцаараа олж авсан. Би эрүүгийн гэмт хэрэг болно гэдгийг мэдээгүй. Би ээжийгээ асардаг, өөр харж хандах хүнгүй болохоор ганц удаа боломж өгнө үү гэв.

            2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 1  дүгээр хороо, 41 дүгээр байрны ертөнцийн зүгээр урд талын баруун тийш харсан бор төмөр хаалгатай подвал байх ба хаалгаар ороход урд хананд улаан өнгийн буйдан байх ба паркетан шалтай байв. Тухайн подвалд 5 хаалга бүхий өрөө байх ба нэгдүгээр буюу ертөнцийн зүгээр урд талын шаргал өнгийн модон хаалгыг үл хөдлөх цэгээр авч, Самсунг wine гар утсаар бичлэг хийж Ж.Гд хандаж мансууруулах бодис байгаа эсэхийг асууж, сайн дураар гаргаж өгөх талаар тайлбарлахад “би сайн дураар гаргаж өгье” гэж хариулан хойд хананд байх гал тогооны тавилгаас цэнхэр өнгийн цамцанд ороосон өвс мэт зүйлийг гаргаж өгөв. Өөр газарт дахин байгаа гэж хаалганы дээд талын хөвөө модон дээр байх цаасанд хуйлсан өвс мэт зүйлийг гаргаж өгөв.

Хойд хананд байх хоолны шүүгээний баруун хаалганд байх цэнхэр өнгийн футболк байх ба дотор нь өвс мэт ургамал байв. Ургамлыг албаны цахилгаан жин дээр жинлэхэд цэвэр жин 77.5 грамм /зоплок түгжээ бүхий уутны хамт/ хаалганы дээр хөвөө мод байх ба цаасанд ороосон өвс мэт зүйл байх ба гар утсаар зураг авч, зиплок түгжээ бүхий уутанд бичлэг хийж тус өвс мэт зүйлийг хийв. Албаны цахилгаан жин дээр жинлэхэд зиплок түгжээ бүхий уутны хамт 6.5 грамм байв. Шинжилгээнд хүргүүлэх зорилгоор 1, 2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий өвс мэт  зүйл, өвс гэх зүйлийг хийсэн цэнхэр өнгийн футболк 1 ширхэг тэмдэглэлийн дэвтрийн цаас зэргийг түр хураан авав гэжээ. (хэргийн 6 дугаар хуудас)

 

2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд:

-ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/,

...Ж.Г нь 6 төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос ТНС төрлийн бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 579 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Г УП 88081198” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Г УП 88081198” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/ илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/  нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно гэжээ. (хэргийн 57 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 577 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн футболкноос авсан ургамал мэт зүйл, ар талын хэсэг нь бохирлогдсон цэнхэр өнгөтэй футболк, цагаан өнгөтэй, бичиглэлтэй цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн футболкноос авсан ургамал мэт зүйл, ар талын хэсэг нь бохирлогдсон цэнхэр өнгөтэй футболк тус бүрээс Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

Цагаан өнгөтэй бичиглэлтэй цааснаас НҮБ-ын 1971 оны ‘Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай’ конвенцын  жагсаалтад багтсан бодис илрэхгүй байна.

3. Шинжилгээнд илэрсэн Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны ‘Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай’ конвенцын  жагсаалтад багтдаг болно.

4.5. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 77.3 грамм, цэвэр жинг нь 75.1 грамм, шинжилгээнд дээж авч, 74.4 грамм болов.

“2” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 6.3 грамм цэвэр жин нь 4.2 грамм байв. Цэнхэр өнгөтэй футболкноос авсан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0.4125 грамм, дээж авч үлдсэн жин  нь 0,3337 грамм болов гэжээ. (хэргийн 61-62 дугаар хуудас)

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 34 тоот дүгнэлтэд:

1. Ж.Г нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Ж.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ж.Г нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ж.Г сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Ж.Г нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын  хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна.

6. Ж.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ (хавтаст хэргийн 68 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 95 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

             Шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 41 дүгээр байрны 4 дүгээр орцны гадна подвалд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 79.6337 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 579, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 577 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгасан, Нийслэлийн прокурорын газраас Ж.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд шүүгдэгчийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа

№1 гэж дугаарласан гялгар уутны хамт 80.1 грамм, цэвэр жин 74.4 грамм, №2 гэж дугаарласан гялгар уутны хамт 6.2 грамм, цэвэр жин 4.2 грамм, цэнхэр өнгийн футболкноос авсан 0.3337 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Гд хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

            3. Ж.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Ж.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Ж.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа

№1 гэж дугаарласан гялгар уутны хамт 80.1 грамм, цэвэр жин 74.4 грамм, №2 гэж дугаарласан гялгар уутны хамт 6.2 грамм, цэвэр жин 4.2 грамм, цэнхэр өнгийн футболкноос авсан 0.3337 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, сиди 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гд хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН