Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

 

    2021        3            15                                           176

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго, 

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа,

шүүгдэгч: Б.Ц,

иргэний хариуцагч: А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бөртэ овогт Баасанжавын Цт холбогдох эрүүгийн 2103000080037 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ц.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урд талын автобусны буудал дээр “Блюбус” ХХК-ийн өмчлөлийн “Хюьдай Аеро Сити” загварын 71-32 УБУ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 12.6-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: д/зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох” гэсэн заалтуудыг зөрчиж, огцом тоормосолсны улмаас тус тээврийн хэрэгслээр зорчиж байсан зорчигч З.С унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Ц мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг. Би нийтийн тээврийн хэрэгсэл болох автобусыг 1994 оноос хойш жолоодож байгаа. Тухайн зам тээврийн осол гарах үед хохирогч миний хажууд зогсож байсан юм. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн. Ажилгүй байсны 3 сарын цалин нэхэмжилснийг даатгалаас төлнө. Даатгалд хандсан боловч шүүхийн шийдвэр шаардлагатай гээд одоогоор шийдэж өгөөгүй байгаа. Хохирогч уг гэмтэлтэй холбоотой хойшид эмчилгээ хийлгэх юм бол хохирлыг төлж барагдуулна. Анхаарал болгоомжгүй байдлаас болж осол гаргасан. Цаашид дахин ийм алдаа гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч-А.О мэдүүлэхдээ:

Манай компани “Номин” даатгалын компанитай 100 хувийн гэрээтэй ажилладаг. Хохирогч ажилгүй байсан хугацааны цалин гэж 3 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүхийн шийдвэр гарсны дараа даатгалаас бүрэн төлнө. Бидний хувьд маргах зүйлгүй. Цаашдаа бид жолоочийг ажиллах нөхцөл боломжоор хангаж, жолооч өөрийн цалингаараа хохирол төлбөрийг барагдуулахад дэмжлэг болно. Б.Ц нь урьд зам тээврийн осол гаргаж байгаагүй, манай байгууллагын сайн жолооч нарын нэг юм гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- З.С мэдүүлэхдээ:

Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг өнгөрч байхад гурав дугаар эмнэлгийн автобусны буудлаас хотын төв рүү явах гээд автобусны буудал дээр зогсож байтал Алтантариа Махимпекс гэсэн хаягтай автобус ирээд зогссон. Тэгэхээр нь би автобусны урд хаалгаар ороод картаа уншуулаад зогсож байтал гэнэт автобусны тааз харагдаад хойшоо унах шиг болсон. Нэг мэдэхэд би өөрөө сонин зовуурьтай дугарч байсан. Би өөрийгөө яагаад ингэж дугарч байгаа юм бол гэж бодсон. Амьсгаа авах гэтэл амьсгаа авч чадахгүй давчдаад байсан. Тэгтэл автобусны жолооч босооч гээд орилж байсан. Би 2-3 удаа босох гэж зүтгээд чадаагүй. Тэгээд босож чадахгүй байна гэж хэлтэл жолооч намайг дахин дахин босооч гээд орилж байсан. Намайг хоёр хүн босгох гэж татаад босгож чадаагүй. Нөгөө хоёр хүн миний суганаас өргөөд сандал дээр суулгахад миний нуруу өвдөөд би тонгойж суусан. Би босож, сууж чадахгүй байна, эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлтэл жолооч намайг өөрөө дууд гэж хэлсэн. Тэгээд би хажууд байсан хүнээс миний цүнхнээс утас аваад өгөөч гэж гуйхад нэг эмэгтэй миний утсыг авч өгсөн. Би өөрөө 102 болон 103 руу дуудлага өгсөн. Жолооч намайг чамайг тэвэрч сандал дээр суулгах юм уу гэж загнасан. Удалгүй эмнэлгийн машинтай эмч ирээд намайг үзээд гэмтлийн эмнэлэг рүү хүргэсэн. Эмнэлэгт очоод үзүүлэхэд нуруу хугарч, няцарсан байна гэж хэлсэн. Тэгээд намайг эмч багадаа 3 сар хэвтрийн дэглэм барь, хөл дээрээ боссон ч хүнд юм өргөж болохгүй, огцом цээжээрээ эргэж болохгүй, маш сайн гам барь гэж хэлсэн. Би одоо босож чадахгүй, хэвтэрт хүний асаргаанд байна. Миний бие байнгын өвдөж, зовуурилж өвчин намдаах эм хэрэглэж байна. Би гомдолтой байна. Зам тээврийн ослын улмаас миний биед учирсан хохирол, эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Мөн ажил хийх хөдөлмөрийн чадвараа алдсан тул ажилгүй байх хугацааны 3 сарын цалингаа нэхэмжилж байна. Миний эмчилгээний зардалд жолооч нийт 700 000 төгрөгийн хохирол өгсөн гэжээ. (хэргийн 23-24, 26 дугаар хуудас)

 

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2 минут 37 секунд бичлэг байв. Бичлэгийн 15 секундэд автобус буудал дээр зогсож, урд талын хаалгаа онгойлгож байв. Бичлэгийн 26 секундэд цагаан малгайтай хүн автобусанд орж ирж байв. Бичлэгийн 28 секундэд автобус хаалгаа хаагаад хөдөлж байв. Бичлэгийн 31 секундэд автобус тоормос гишгэн зогсож, 33 секундэд цагаан малгайтай зорчигч хойшоогоо автобусны шат руу унаж байгаа нь дүрслэгдэв. Уг бичлэгийн 35 секундээс 1 минут 52 секундийн хооронд цагаан малгайтай зорчигч автобусны шатан дээр хэвтэж байгаа нь дүрслэгдсэн байв. 2 минут 10 секундэд цагаан малгайтай зорчигч автобусны шатан дээрээс хоёр хүнээр татуулж босож ирэв гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 тоот дүгнэлтэд:

1. З.Сын биед сээрний th12 нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)

 

  Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаартай магадалгаанд:

  1. Aero city загварын 71-32 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Баасанжавын Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 12.6 Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Загд овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна гэжээ. (хэргийн 68 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 80 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урд талын автобусны буудал дээр “Блюбус” ХХК-ийн өмчлөлийн “Хюьдай Аеро Сити” загварын 71-32 УБУ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 12.6-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: д/зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох” гэсэн заалтуудыг зөрчиж, огцом тоормосолсны улмаас тус тээврийн хэрэгслээр зорчиж байсан хохирогч З.С унаж, эрүүл мэндэд нь сээрний th12 нугалмын шахагдсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.С, иргэний хариуцагч А.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаартай магадалгаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Б.Цт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч З.С өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар 696 850 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Ц 700 000 төгрөг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Түүнчлэн хохирогч З.С нь тус ослын улмаас ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин болох 3 000 000 төгрөгийг нэхэмжилсэн ба Олонлог ЭГЗЭ сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолтоор сарын 1 000 000 төгрөгийн цалинтай болох нь тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч А.О нь 3 000 000 төгрөгийг хохирогчид төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрч байх тул иргэний хариуцагчаас 3 000 000 төгрөг гаргуулж, хохирогч З.Сд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч З.С нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Цыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Цыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Цт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар “Блюбус” ХХК-аас 3 000 000 төгрөг гаргуулж, хохирогч З.Сд олгосугай.

 

6. Хохирогч З.С нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН