Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 365

 

 

 

 

 

 

 

  2021        03           19                                  2021/ШЦТ/365

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 2106 00000 0124 дугаар хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, маникюрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж, ах дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлгийн 5-329 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 870 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Э.М,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Э.М нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө Баянзүрх дүүгийн 17 дугаар хороо эмнэлгийн гудамжинд хохирогч А.Мөрөнтэй маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Мөрөнгийн мэдүүлэг /хх-04-06/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №472 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-12-13/, яллагдагч Э.Мгийн өгсөн мэдүүлэг /хх-23-25/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Э.М нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө Баянзүрх дүүгийн 17 дугаар хороо эмнэлгийн гудамжинд хохирогч А.Мөрөнтэй маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Мөрөнгийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн орчим найз Энхбаяр, Баяржавхлан, М нарын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны гудамжинд найз Энхбаярын гэрийн гадна миний өөрийн 60-76 УНХ улсын дугаартай машин дотор пиво уугаад сууж байсан. Тэгтэл алаг тэрэгтэй 2 цагдаа ирээд бид нарыг машинд пиво уусан гээд торгох гээд цагдаатай маргалдасан. Тэгээд нөгөө цагдаа торгоод Энхбаяр бид хоёр буугаад Энхбаярын гэрт ирэхэд М ирчихсэн байсан. Тэгэхээр нь М хандаад хүн аятайхан яриад салах гэж байхад хажуунаас орж ирээд олон юм яриад байх юм дуугүй байхгүй яасан юм гээд цааш түлхсэн. Тэгтэл М босож ирээд цагдаадаа торгуулчихсан уу гээд хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд намайг Энхбаярын гэрийн үүдэнд мөргөсөн. Гадаа гараад М намайг мөргөөд доошоо тонгойгоод өшиглөөд мөргөөд байсан...” /хх-4-6/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №472 дугаартай “...А.Мөрөнгийн биед тархи доргилт, хамрын нурууны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-12-13/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Мгийн “...Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсан байгаа хөнгөн ял оногдуулж өгнө үү...” /хх-23-25/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.М нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө Баянзүрх дүүгийн 17 дугаар хороо эмнэлгийн гудамжинд хохирогч А.Мөрөнтэй маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь Э.М нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.М нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Э.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА