| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2021/0279/Э |
| Дугаар | 358 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 358
2021 03 18 2021/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Өсвөр насны шүүгдэгч П.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Пүрэвхорлоо, түүний өмгөөлөгч С.Батсүх нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бт холбогдох эрүүгийн 2006 03264 0059 дугаар хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, 31 дүгээр сургуулийн 11б ангид суралцдаг, ам бүл 2, аавын хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 87 дугаар байрны 5 тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор П.Бт ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, П.Б,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч П.Б нь 2020 оны 08 дугаар сарын 01-ны орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр 104 дүгээр байрны гадна иргэн Б.Ганчимэгийг “орцны гадна тамхи татлаа, шүлсээ өөдөөс хаялаа жоохон юм байж” гэж хэлэх үед нь эсэргүүцэж улмаар түүний нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-08-09/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-14-15/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-16-19/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ганчимэгийн мэдүүлэг /хх-31-32/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №8903 дугаартай дүгнэлт /хх-41-42/, өсвөр насны яллагдагч П.Бийн мэдүүлэг /хх-56/, П.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч П.Б нь 2020 оны 08 дугаар сарын 01-ны орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр 104 дүгээр байрны гадна иргэн Б.Ганчимэгийг “орцны гадна тамхи татлаа, шүлсээ өөдөөс хаялаа жоохон юм байж” гэж хэлэх үед нь эсэргүүцэж улмаар түүний нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-8-9/,
Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганчимэгийн “...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн орой 20 цаг өнгөрч байх үед би хүүхдээ салхилуулаад гэрлүүгээ орж байхад манай орцны гадаа шатан дээр нилээн хэдэн хүүхдүүд тамхи татаад миний өдөөс пүү гээд шүлсээ хаясан. Тэгэхээр нь над руу тамхиа үлээгээд шүлсээ хаясан хүүхдийг “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь тэр хүүхэд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэр хүүхдүүд бүгдээрээ насанд хүрээгүй жоохон хүүхдүүд харагдсан. Тэгэхээр нь би жоохон юм байж юу гээд байгаа юм бэ гэсэн чинь тэр хүүхэд шууд миний зүүн талын нүд хэсэг рүү толгойгоороо аймар хүчтэй мөргөсөн. Тэгээд би ухаан манараад бараг унангаа алдсан чинь хойно зогсож байсан нэг охин намайг яасан бэ эгчээ гээд түшээд авсан. Гадаа зогсож байгаад хүүхдээрээ нөхрөө дуудуулсан. Тэгээд бид 3 гэртээ ороод, нөхөр тэр хүүхдийг тэр хавиар хайж, хүүхдүүдээс асууж байгаад олсон. Цагдаа нар ирэхээр нь манай нөхөр цагдаа нарт учрыг нь тайлбарлаж хэлээд нөгөө хүүхдийг цагдаа нар аваад явсан гэсэн. Буржгар үстэй, эрэгтэй хүүхэд байсан. Миний зүүн талын нүд хөхрөөд, цагаан нь улаан болоод хавдсан. Хамрын яс хөндүүрлээд хавдчихсан байсан...” /хх-31-32/ гэх мэдүүлэг,
Шүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №8903 дугаартай “Б.Ганчимэгийн биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-41-42/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч П.Бийн “...Би он сар өдрийг сайн санахгүй байна. Би Хоме ланд хотхоны тэнд оройхон тийшээ би найзуудтайгаа уулзаадюм ярингаа тамхи татаад шүлсээ хаясан. Тэгсэн чинь нэг намхандуу хүүхдээ тэвэрсэн эгч над дээр ирээд янз бүрээр хэл амаар доромжлоод байсан. Тэр эгч намайг пизда гэж хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь би гэнэт уур хүрээд тэр эгчийн дух хавьцаа нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгээд би байрныхаа тэнд байдаг Кинг донг гээд хотхоны тэнд очоод сандал дээр очоод тайвширах гээд суусан. Тэгээд араас манай найзууд ирээд юу болсон гээд бид нар ярилцаад сууж байх үед нэг ах над дээр ирээд чи Билгүүнээ мөн биз дээ гээд намайг авч явах гээд чирээд байсан. Бас миний гарыг мушгиад газар хэвтүүлсэн. Тэгсэн чинь тэр ахын хажууд нэг нохойтой ах байсан тэгснээ би чамайг нохойд хазуулж чадна гээд байсан. Тэгэхээр нь би найз руугаа цагдаа дууд гэж хашгарсан. Тэгсэн чинь тэр ах цагдаа дуудчихсан байна лээ. Тэгдээ цагдаа нар ирээд би машинд нь суугаад тэгээд цагдаагийн газарт ирсэн...” /хх-55-56/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь насанд хүрээгүй шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд өсвөр насны шүүгдэгч П.Б нь 2020 оны 08 дугаар сарын 01-ны орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр 104 дүгээр байрны гадна иргэн Б.Ганчимэгийг “орцны гадна тамхи татлаа, шүлсээ өөдөөс хаялаа жоохон юм байж” гэж хэлэх үед нь эсэргүүцэж улмаар түүний нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Өсвөр насны шүүгдэгч П.Б нь бусдад төлөх төлбөргүй.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт: хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалтад : энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг нөхөн төлсөн зэргийг харгалзан ялаас чөлөөлөх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж заажээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч П.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хор уршгийн шинж чанар багатай, тэрээр учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж дүгнэлт өгсөн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч хувийн байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Бт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Прокурор 450.000 төгрөгөөр торгох ялыг санал болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөлд байхгүй ялын төрөл тул шүүгдэгчид торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Өсвөр насны шүүгдэгч П.Б нь энэ гэмт хэргийг үйлдсэнээс 3 долоо хоногийн дараа Орхон аймагт хулгайлах гэмт хэрэг үйлдэн энэ шийтгэх тогтоол гарахаас өмнө 2021 оны 3 дугаар сарын 1-нд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгүүлсэн байх ба түүнд энэ шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх оногдуулж, уг ялаас түүнийг чөлөөлсөн тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэх зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй байна.
Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалт, 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэх тогтоол хүүлийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч П.Бийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт авсан албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан 1 жилийн хугацаанд түүнийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг Х.Пүрэвхорлоод тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан 1 жилийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч П.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч П.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА