Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/309

 

 

 

 

 

 

 

 

  2021        03          10                                  2021/ШЦТ/309

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Г-т холбогдох эрүүгийн 2106 00366 0282 дугаартай хэргийг шүүх 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Сассир ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж 4 дүгээр байрны 107 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Г.Г.

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

        Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 30-ны шөнийн 2 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таям Таур /Time tower/ хотхоны 217 дугаар байрны 82 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Эгшиглэнтэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний хоолойг гараараа боож, нүүрэн тус болон гар хэсэгт цохиж, газар түлхэж унагасны улмаас Б.Эгшиглэнгийн биед тархи доргилт, 2 өвдөг, 2 гарын сарвуу, бугуйнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, 2 гарын сарвуу, бугуйны зөөлөн эдийн няцрал гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/, хохирогч Б.Эгшиглэнгийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 1174 дугаартай дүгнэлт /хх-18-19/, Г.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-28-29/, шүүгдэгч Г.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-39, 41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 30-ны шөнийн 2 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таям Таур /Time tower/ хотхоны 217 дугаар байрны 82 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Эгшиглэнтэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний хоолойг гараараа боож, нүүрэн тус болон гар хэсэгт цохиж, газар түлхэж унагасны улмаас Б.Эгшиглэнгийн биед тархи доргилт, 2 өвдөг, 2 гарын сарвуу, бугуйнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, 2 гарын сарвуу, бугуйны зөөлөн эдийн няцрал гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эгшиглэнгийн өгсөн “2021 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Тайм Тауэр хотхон 217-82 тоот гэртээ ирсэн. ....би Ганзоригт чамайг ингэж хуурч явдаг талаар ээжид чинь хэлнэ гэсэн чинь Ганзориг хэвтэж байснаа босож ирээд миний хоолойг боогоод, нүүр лүү алгадаад, намайг хүчтэй түлхэж унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд Ганзоригт чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Ганзориг цагдаа дууд, өөрийнхөө ахыг дууд гэж хэлээд намайг мангасдаж шал руу түлхэж унагаачаад хувцасаа өмсөөд гарах гээд байсан. ...нөхөр Ганзориг гарч явах гэхээр нь би хувцаснаас нь зулгаагаад байж байтал Ганзориг миний 2 гар луу олон удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 1174 дугаартай:

 1.”... Б.Эгшиглэнгийн биед тархи доргилт, 2 өвдөг, 2 гарын сарвуу, бугуйнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, 2 гарын сарвуу, бугуйны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...миний уур хүрээд Эгшиглэнг дээрээсээ шал руу түлхэн унагаагаад, босоод хувцасаа өмсөөд гарах гэсэн чинь миний хувцаснаас зулгаагаад байхаар нь Эгшиглэнгийн гарлуу 2-3 удаа цохиод гарыг нь тавиулаад гэрээсээ гарч яваад түүнээс хойш Эгшиглэнтэй уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх-28-29/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/,

         Шүүгдэгч Г.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/,

Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-39, 41/ зэрэг болно.

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

Иймд Г.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 30-ны шөнийн 2 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таям Таур /Time tower/ хотхоны 217 дугаар байрны 82 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Эгшиглэнтэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний хоолойг гараараа боож, нүүрэн тус болон гар хэсэгт цохиж, газар түлхэж унагасны улмаас Б.Эгшиглэнгийн биед тархи доргилт, 2 өвдөг, 2 гарын сарвуу, бугуйнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, 2 гарын сарвуу, бугуйны зөөлөн эдийн няцрал гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн энэ гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрх байдлаар шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч Б.Эгшиглэн нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Г.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 37.1 дүгээр, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Г-ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

          5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Г.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС