Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1239

 

“Арвис Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00691 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Арвис Интернэшнл” ХХК,

Хариуцагч “Петровис” ХХК-д холбогдох,

 

Гүйцэтгэсэн ажлын төсөв нэмэгдсэнтэй холбоотой 533 980 006 төгрөгийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Пүрэвдаваагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Пүрэвдаваа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Насанжаргал,  

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний төлөөлөгч Ё.Пүрэвдаваа, өмгөөлөгч Б.Билгүүн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Арвис Интернэшнл” ХХК нь “Петорвис” ХХК-тай 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай” 2012/6/56 дугаартай оффисын 1 575 м.кв талбай бүхий барилга угсралтын ажлыг 1 401 750 000 төгрөгөөр, операторын байрны 175 м.кв талбай бүхий барилга угсралтын ажлыг 130 000 000 төгрөгөөр, агуулахын 305.5 м.кв талбай бүхий барилга угсралтын ажлыг 224 400 000 төгрөгөөр, гадна фасадыг өнгөлгөөний тоосго болгож өөрчлөхөд нэмэлт 90 308 153 төгрөг, нийт 1 846 458 153 төгрөгийн ажил хийх гэрээг байгуулсан.

Ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үед барилгын зураг төсөв батлагдаагүй, Хятад улсад хийлгэсэн зураг төсвийг Монгол хэл рүү орчуулсан зураг дээр төсөв нь ерөнхий байдлаар хийгдсэн байсан ба манай талаас зураг төсвөө баталгаажуулах тухай санал хэлж байсан боловч ажлын явцад нэмэлт өөрчлөлт, тодотгол хийх байдлаар ажлаа хийлгэж дуусгамаар байна, гол нь хугацаа бага байна гэсэн үндэслэлээр манай талд тайлбар өгч байсан учир энэ барилгын ажлыг гэрээ байгуулж хийж гүйцэтгэж эхэлсэн.

Барилгын ажил гүйцэтгэлийн явцад захиалагч нь гэрээний 2.2-т заасан заалтыг зөрчин 2012 оны 9 дүгээр сараас санхүүжилтээ зогсоож, барилгыг батлагдаагүй зураг төслөөр барьж эхэлсэн, явцын дунд зургаас өөр барилга барьсан, зарим материалыг үнэтэй материал болгож өөрчилсөн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан гэрээнд заасан төсөв хэтэрч, зөрүү гарсан. Мөн үүнд нөлөөлсөн зүйл бол ажил гүйцэтгэлийн явцад захиалагч тал дур мэдэн төсөвт тусгагдсанаас илүү үнэ өртгөөр материалуудыг өөрсдөө худалдан авсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг дуусгасан.

Барилгын ажлын гүйцэтгэлийн явцад оффисын 1 575 м.кв талбай бүхий барилга угсралтын ажлыг 1 634 33,885 төгрөг, операторын байрны 175 м.кв талбай бүхий барилга угсралтын ажлыг 350 450 157 төгрөг, агуулахын 305,5 м.кв талбай бүхий барилга угсралтын ажлыг 395 654 117 төгрөг, нийт барилгын зардал 2 380 438 159 төгрөг болсон. Мэргэжлийн байгууллагаар ажил гүйцэтгэлийн төсвийг шалгуулахад анх гэрээнд тусгасан дүнгээс 533 980 006 төгрөгийн зөрүү гарсан. Бид барилгын ажлын төсөв нэмэгдэж байгаа талаар хариуцагч талд удаа дараагийн албан бичгээр мэдэгдэж, энэ талаар Н.Насанжаргал захиралд хэлж байсан ч үндсэн төлбөрөөс илүү мөнгө шийдэж өгөөгүй.

Хариуцагч тал гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлсөн боловч Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан үүргээ захиалагч тал биелүүлээгүйгээс батлагдаагүй барилгын зураг төслөөр ажил гүйцэтгэх гэрээ хийсний улмаас анхны төсөв, ажлын гүйцэтгэлийн төсөв зөрүү гарч гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг дуусгасан. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч буюу хариуцагч талаас гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл үнэ болох 533 980 006 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Насанжаргал, Б.Гантулга, өмгөөлөгч Б.Мөнхбат нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг талууд өөрсдөө тохиролцож, 1 846 458 153 төгрөг байхаар тогтож, оффисын 1 575 м.кв талбайтай, операторын 175 м.кв талбайтай, агуулахын 305.5 м.кв талбайтай барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Барилгын ажлын 1 м.кв-ыг ойролцоогоор 890 000 төгрөгөөр барьж өгье гэдэг саналыг нэхэмжлэгч тавьсаны дагуу тус компанийн н.Ариунжаргал гэдэг төсөвчнөөр гаргуулсан дээрх үнээр тохиролцсон. Манайх гэрээгээр тохирсон ажлын хөлсийг бүхэлд нь төлж барагдуулсан.

Барилгын ажлын явцад оффисын барилгын хийц өөрчлөгдөж, 3 давхар байсныг суурьтай 2 давхар барилга болгон өөрчилсөн боловч анх тохиролцсон хэмжээнээс өөрчлөгдөөгүй, м.кв-ын хэмжээ нэмэгдээгүй байхад илүү зардал гарсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй бол захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалт Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт байгаа. Гэвч нэхэмжлэгч тал 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдөр л нэг удаа операторын байрны барилгын ажлын явцад дахин нэг давхрын зардалтай ажил нэмэгдэж байгааг харилцан тохиролцох шаардлагатай байна гэх агуулгатай 84 тоот албан бичгийг манайд ирүүлснээс өөрөөр төсвийн хэмжээ нэмэгдэх талаар мэдэгдэж байгаагүй.

Нэхэмжлэгчээс манайд ирүүлсэн гэх албан бичгүүдийг сүүлд хэрэгт гаргаж өгсөн боловч эдгээрийг манайх хүлээж аваагүй, хүлээлгэж өгсөн гэдгээ ч нэхэмжлэгч нотолж чадахгүй. Энэ хэрэгт зориулж л бүрдүүлсэн баримт гэж үзэж байна. Иймд бодитой тохирсноос өөр илүү үнийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрэв тухайн цаг хугацаандаа нэхэмжлэгч тал гэрээний үнэ нэмэгдэхээр байгаа талаар манайд мэдэгдсэн бол манай компани тэр хэмжээнд нь гэрээг дуусгавар болгох, эсхүл нэмэгдэж байгаа төсвийн хэмжээг судалж, гэрээнд өөрчлөлт оруулах замаар ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх зэрэг сонголтын аль нэгийг хийх байсан. Гэвч манайд сонголт хийх боломж олголгүйгээр их зардалтай ажил хийсэн гэж баримт бүрдүүлээд мөнгө авна гэж байгааг хариуцагчийн хувьд зөвшөөрөхгүй.

Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлагаас чухам юуны учир ажил гүйцэтгэлийн төсөв нэмэгдэх болсон нь тодорхой харагдахгүй, бүхэл дүнгээр л нийт ажлын төсвийн хэмжээ ихэссэн гэж тайлбарлаж, өөрийн гаргасан зардлаа төсөвчин гэх хүнээр нэг дүн гаргуулж, тэр хэмжээгээр хэмжээд түүндээ үндэслэн хариуцагчаас мөнгө шаардаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Барилгын зураг нь Монгол Улсын барилгын норм, нормативд нийцсэн, орчуулагдсан зураг болох нь тогтоогдсон бөгөөд энэ зургийн дагуу баригдсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авсан тул үүнээс үүдэн төсөв нэмэгдсэн гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэлийн төсвийн хэмжээ нэмэгдэх талаар захиалагч буюу хариуцагчид огт мэдэгдээгүй, гарсан гэх зардлын хэмжээгээ бодит баримтад үндэслэн тогтоогоогүй, нэмэгдсэн гэх зардлаа баримтаар нотлоогүй, ажлын хэмжээ гэрээгээр тохиролцсон хэмжээнээс нэмэгдээгүй зэрэг нөхцөлд байдалд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Петровис” ХХК-иас ажил гүйцэтгэлийн төсөв нэмэгдсэнээс дутуу төлөгдсөн 533 980 006 төгрөг гаргуулахыг хүссэн “Арвис Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Арвис Интернэшнл” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 886 350 төгрөгөөс 2 827 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 58 500 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Арвис Интернэшнл” ХХК-иас 23 820 000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээ, төслийн компаниудын консерциумд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Пүрэвдаваа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч тал 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр операторын байрны барилгын ажлын явцад дахин нэг давхрын зардалтай ажил нэмэгдэж байгааг тохиролцох шаардлагатай байна гэсэн агуулгатай 84 тоот албан бичиг, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 91/А дугаартай албан бичиг, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 117 дугаартай албан бичгүүдийг тус тус хүргүүлж байсан. Эдгээр албан бичгүүдээр уг ажил гүйцэтгэх төсөв нэмэгдэхээр байгааг мэдэгдэж байсныг шүүх нэхэмжлэгч төсөв нэмэгдэхийг нэн даруй мэдэгдээгүй, мөн зарим албан бичгүүдийг хариуцагчид хүлээлгэн өгснөө нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нөгөө талаасаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу хариуцагч мөн дээрх албан бичгүүдийг хүлээн аваагүй гэдгээ нотлох үүрэгтэй атал нотлоогүй байхад хэт нэг талыг шүүх барьсан. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... ажлын үнийг ажил гүйцэтгэгч тодорхойлж, төсвийн хэмжээг захиалагчид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн тохиолдлыг талуудын тохиролцоо гэж үзэх ...ажил гүйцэтгэгчийн зохиосон төсөв өөрчлөгдөх нь захиалагчийн хүсэл зоригтой холбоогүй бол төсвийн илүү гарсан хэсгийг захиалагч нэмж төлөх үүрэг хүлээхгүй ...” гэж дурьджээ. Уг ажлын гүйцэтгэх төсвийг гэрээ байгуулах үед хариуцагч тал буюу “Петровис Трейдинг” ХХК-ийн төсөвчин Г.Алтансувд гүйцэтгэсэн бөгөөд тэр төсвөөр гэрээний дүн тодорхойлогдсон. Үүнийг урьд хийгдсэн бүх шүүх хуралдаанд хэлж байсан бөгөөд мөн Улсын Дээд шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хариу тайлбарыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргахдаа мөн дурьдаж байсан. Төсөвчин Г.Алтансувд нь “Петровис” ХХК-ийн хяналтын инженер О.Сундуй, Г.Мөнх-Эрдэнэ нартай хамтран ажилладаг тэдний санаачилгаар хийгдсэн төсөв юм.

Энэ барилга нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартаас давсан чанартай баригдсан бол түүний төсөв мөн тэр хэмжээгээр нэмэгдэж, мөн шүүх нэгэнт барилгын ажлын зураг өөрчлөгдөн баригдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа үүнтэй холбогдон гүйцэтгэх ажил нэмэгдсэн гэдгийг үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. Ажлын хэмжээ болон барилгын талбайн хэмжээ хоёрыг ижил ойлголт гэж дүгнэсэн нь буруу юм. Эдгээр нь тус тусдаа 2 өөр ойлголт бөгөөд ажлын хэмжээ барилгын хэмжээтэй шууд хамааралгүй бөгөөд ажлын хэмжээ нь барилгын хийц, шийдэлтэй холбоотой юм. Хийгдэх ажлын хэмжээ болон орох материал ажлын хөлс зэргийг тогтоосон норм дүрмийг баримтлан тооцож барилгын төсөв зохиогддог. Хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлт үүнийг нотолсон гэж үзнэ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох 533 980 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг зохигчдын маргааны үйл баримтад хамааралтай талаас нь дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “Арвис интернэшнл” ХХК нь “Петровис” ХХК-д холбогдуулан  ажил гүйцэтгэх явцад бодит зардал төлөвлөсөн хэмжээнээс давж, нэмж 533 980 006 төгрөгийг ажил гүйцэтгэгчээс гаргаж, барилгын ажлыг дуусгасан гэж, уг зардлыг захиалагчаар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хоорондын 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх 2012/6/56 дугаартай гэрээгээр захиалагч “Петровис” ХХК-ийн захиалгаар ажил гүйцэтгэгч “Арвис интернэшнл” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд оффисын 1 575 м.кв талбай бүхий барилга угсралтын ажлыг 1 401 750 000 төгрөгөөр, операторын байрны 175 м.кв талбай бүхий барилга угсралтын ажлыг 130 000 000 төгрөгөөр, агуулахын 305.5 м.кв талбай бүхий барилга угсралтын ажлыг 224 400 000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, гадна фасадыг өнгөлгөөний тоосго болгон өөрчлөх ажлыг 90 308 153 төгрөгийн зардал нэмэгдэн нийт 1 846 458 153 төгрөгийн ажлыг ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хүлээлгэн өгөх, захиалагч хэлэлцэн тохирсон хөлсийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх үүргийг тус тус хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Ажил гүйцэтгэгч “Арвис интернэшнл” ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг захиалагч “Петровис” ХХК хүлээн авч 1 846 458 153 төгрөгийн ажлын хөлс төлсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй.

Харин ажил гүйцэтгэх явцад шаардагдах төсвийн хэмжээ төлөвлөснөөс нэмэгдэж, гэрээнд заасан ажлын хөлс хүрэлцээгүй, нэмэлт зардал гарсныг захиалагч төлөх ёстой гэх ажил гүйцэтгэгчийн шаардлагатай холбоотойгоор төсвийн хэмжээ бодитойгоор нэмэгдсэн эсэх, захиалагчаас нэмэлт зардал шаардах эрх ажил гүйцэтгэгчид үүссэн эсэх талаар талууд маргажээ.

Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэхийг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсгээр ажил гүйцэтгэгчид үүрэг болгосон, харин төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол хөлс төлөхөөс татгалзах эрхийг мөн зүйлийн 345.4 дэх хэсгээр захиалагчид олгожээ.

Эдгээр хуулийн заалтын агуулгаас үзвэл ажил гүйцэтгэгч нь төсөв нэмэгдэхээр бол ямар үндэслэл, шаардлагаар ямар ажлыг гүйцэтгэхэд хэдий хэмжээний зардал нэмж шаардагдаж байгааг тодорхойлон, энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэж, харин захиалагч нь мэдэгдлийг хүлээн авч танилцсанаар төсөв нэмэгдэж байгаа нь бодитой эсэх, ийнхүү зардал нэмэгдэх нь захиалагчийн хүсэл зоригт нийцэх эсэхээс хамааран нэмэгдэл зардлыг хариуцах, эсхүл татгалзах эрхтэйг зохицуулсан байна.

Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч “Арвис интернэшнл” ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр албан бичгээр операторын байрны зураг өөрчлөгдөж, нэг давхрын ажлын зардал нэмэгдэж байгаа тухай захиалагчид мэдэгдсэн гэх боловч зардал нэмэгдэх болсон үндэслэл, шаардлага, ажлын үнэ хэрхэн нэмэгдсэн тухай тооцооллыг хамтад нь хүргүүлсэн баримтгүй байна. /хх2-164, 165/

Мөн төсвийн хэмжээ нэмэгдэж байгааг “Петровис” ХХК-д мэдэгдсэн гэж 2012 оны 12 дугаар сарын 7, 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгийг нэхэмжлэгч тал гаргасныг хариуцагч хүлээн аваагүй гэж үгүйсгэсэн тул нэхэмжлэгч нь уг мэдэгдлийг хүлээлгэн өгснөө нотлох үүрэгтэй боловч энэ талаарх  баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Түүнчлэн захиалагч “Петровис” ХХК-аас ажил гүйцэтгэгч “Арвис интернэшнл” ХХК-д 2012 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн албан бичгээр шаардлага хүргүүлэхдээ барилга тус бүрээр гүйцэтгэлийн акт үйлдэж, баталгаажуулахыг шаардсан нь хэрэгт авагджээ. /хх2-166/

Дээрх бичгийн баримтуудыг харьцуулан үзвэл гэрээний хугацаанд гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх явцад ажил гүйцэтгэгчээс гүйцэтгэсэн ажлын хэмжээ, зардлын талаар тухай бүр захиалагчийн шаардсаны дагуу акт үйлдэн. баталгаажуулж, нэмэгдэл ажил болон түүнд зарцуулагдсан зардал нь төлөвлөснөөс нэмэгдэж байгаа талаар тухай бүр захиалагчид мэдэгдэж, энэ талаар захиалагч нь саналаа илэрхийлж, талууд харилцан тохиролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд  ажил гүйцэтгэгчийг төсвийн хэмжээ нэмэгдсэн тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Ажил гүйцэтгэгчээс ямар хэмжээний зардал гарсан тооцооллыг гаргаж, төсвийн хэмжээ нэмэгдсэн үндэслэл, шаардлагыг мэдэгдээгүй байхад захиалагч нэмж хөлс төлөх үүрэггүй буюу Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт зааснаар хөлс төлөхөөс татгалзах эрхтэй бөгөөд нэмэлт зардлыг захиалагч зөвшөөрч хөлс төлөх талаар гэрээний хугацаанд харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохиролцсон нэмэлт хөлс төлөх үүрэг захиалагчид үүсээгүй гэж үзнэ.

Дээрхээс үзвэл ажил гүйцэтгэж дууссанаас хойш барилга угсралтын ажлыг  ямар зардлаар гүйцэтгэснийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хөлс төлөх үндэслэл болохгүй тул “шинжээчийн дүгнэлтээр илүү зардал гарсан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, гүйцэтгэсэн ажлын хөлс бодитойгоор нэмэгдэх болсон нь ажил гүйцэтгэгчээс шалтгаалаагүй бол энэ талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд захиалагч ажлын хөлс төлөх үүрэггүй бөгөөд татгалзах эрхтэй юм.

Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00691 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2 886 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

                        ШҮҮГЧИД                                                    Д.ЦОГТСАЙХАН

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ