Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0520/З |
Дугаар | 221/МА2022/0725 |
Огноо | 2022-11-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2022/0725
“Т.Б.Э.М.П” ГХОХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нар,
Нэхэмжлэгч: “Т.Б.Э.М.П” ГХОХХК,
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 642 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.Э нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,
Хэргийн индекс: 128/2021/0520/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т.Б.Э.М.П” ГХОХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 642 дугаар шийдвэрээр: “Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 22 дугаар зүйлийн 22.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.3.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д тус тус заасныг баримтлан “Т.Б.Э.М.П” ГХОХХК-иас “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Эрчим хүчний зохицуулах хорооноос манай компанид олгосон тусгай зөвшөөрлийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэсэн байхад шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нөхцөл шаардлагын биелэлтийг шалгаад ... дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй ...” гэж нотлох баримтын цаг хугацааг буруу тодорхойлж, 5 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангалтгүй гэж дүгнэсэн тул маргаан бүхий 32 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь хууль тогтоомжид нийцэж байна” гэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэсэн хариуцагчийн шийдвэр 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан тул нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэсэн байх боломжгүй. Мөн хариуцагчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 252 дугаар тогтоолд “... 2019 оны биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэсүгэй...” гэж бичсэн нь давхар нотолгоо болно. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг үнэлэхдээ ямар хугацаанд хийгдсэн ажлыг дүгнэсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тус хорооны хурлын танилцуулга болон тэмдэглэлээс тодорхой харагдана.
3.2. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8, 9-д “хууль тогтоомжид нийцэж байна” гэжээ. Гэтэл “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “ Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нөхцөл, шаардлага, тухайн онуудын зорилтыг энэ дүрмийн 6.7 дахь заалтын дагуу үнэлж, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 22.2 дахь заалтыг үндэслэн сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан. “Т.Б.Э.М.П” ГХОХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа буюу 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны нөхцөл шаардлагыг үнэлж, тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан боловч Эрчим хүчний зохицуулах хороо дээрх зүйл заалтыг зөрчиж, хүчинтэй хугацааны нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэлгүйгээр шийдвэр гарган, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байхад тус шийдвэрүүдийг хууль тогтоомжид нийцэж байна гэж үзэх нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 5 жилийн хугацаанд хийгдсэн ажлыг хариуцагчаас дүгнэж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн эсэхийг тогтоосны үндсэн дээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхээр хуульчилсныг Эрчим хүчний зохицуулах хороо зөрчсөн.
3.3. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Хариуцагч нь ... нөхцөл шаардлагын биелэлтийг шалгаад ... дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй ...” гэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. А. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Хариуцагч нь ... нөхцөл шаардлагын биелэлтийг шалгаад, ... Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан, ашиглалтад оруулах” гэж заасныг зөрчиж барилга угсралтын ажил эхлээгүй ... гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ” гэж бичжээ. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үзүүлэлтийг үнэлж дүгнэлт гаргаагүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.
Б. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Хариуцагч ... нөхцөл шаардлагын биелэлтийг шалгаад, ... Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, батлуулах” гэж заасныг зөрчиж нарийвчилсан зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй ... гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ” гэжээ. Манай компани 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн “П.Ч” группын “Х” корпорацитай “Зураг төсөл, барилга угсралтын гэрээ” /EPC/ байгуулан зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлж байгаа бөгөөд тус компани нарийвчилсан зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулах ажлыг хариуцан ажилладаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэхдээ хийгдсэн ажлыг 100 хүртэлх хувийн үнэлгээ өгдөг. Гэтэл хэрэгжээд явж байгаа ажлын гүйцэтгэлд 0 хувь гэсэн үнэлгээ өгсөн нь бодит байдалтай нийцэхгүй байхад анхан шатны шүүхээс дүгнэлт үндэслэлтэй гэсэн.
В. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Тодруулбал, нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “П.Ч” компанитай ЕРС гэрээ байгуулсан боловч зураг төсөл, барилгын ажлын зөвшөөрөл зэргийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, зөвшөөрөл аваагүй болох нь Эрчим хүчний хөгжлийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/185, Эрчим хүчний яамны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн в/1273 дугаартай албан бичгээр нотлогдсон” гэжээ. Эрчим хүчний хөгжлийн төв болон Эрчим хүчний яам барилга байгууламжийн зураг төслийг батлах эрх, үүрэг хуулиар хүлээдэггүй. Гэтэл анхан шатны шүүх тус байгууллагуудаар зураг төсөл батлуулаагүй гэж үзэж нотлох баримтыг буруу үнэлсэн. Эрчим хүчний хөгжлийн төвийн 2022 оны 1/185 дугаартай албан бичигт “2020МВ-ын зураг төсөл гэж хянагдаж байгаагүй”, Эрчим хүчний яамны 2022 оны в/1273 дугаартай тус албан бичигт “Монгол Улсад нүүрсний станцын 2020MB-ын зураг төсөл хийгдэж, баригдаагүй” гэж тус тус бичсэн нь Монгол Улсад анх удаа том хүчин чадлын экспортын дулааны цахилгаан станц барих төсөл хэрэгжиж байгааг нотолно. Мөн Эрчим хүчний хөгжлийн төвийн 2022 оны 1/185, Эрчим хүчний яамны 2022 оны в/1273 дугаартай албан бичгүүд нь Монгол Улсад ийм туршлага байхгүй тул экспортын цахилгаан эрчим хүч худалдан авах орны эрчим хүчний мэргэшсэн компанитай гэрээ байгуулах гарцаагүй шаардлагатай байсныг батлан харуулж байна. Манай компани эрчим хүчний барилга байгууламж барих төсөл хэрэгжүүлэгч тул Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан. Харин эрчим хүчний зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга угсралтын ажил гүйцэтгэх, байгаль орчны үнэлгээ хийх зэрэг тусгай зөвшөөрлийг авах шаардлагагүй тул салбарын мэргэшсэн компаниудтай гэрээ байгуулан ажилладаг.
Г. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Хариуцагч нь ... нөхцөл шаардлагын биелэлтийг шалгаад, ... Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээгүй, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдан авах гэрээг байгуулаагүй, төслийн санхүүжилтийн гэрээг эцэслэн байгуулаагүй, хөрөнгө оруулагчийн санхүүгийн тайлан, хөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулах баримт бичиг зэрэг баримтуудыг ирүүлээгүй байсан тул нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтыг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагч талуудтай гэрээг эцэслэн тохиролцож, гэрээ хэлцэл байгуулсан байх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ” гэжээ. Гэтэл “... “Т.Б.Э.И” групптэй 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан. Үүний дагуу оффисын түрээс, цалин, бичиг хэргийн зардлаас гадна төслийн бүх ТЭЗҮ хийлгэсний төлбөр, Эрчим хүчний зохицуулах хороонд төлсөн 250.0 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж, 3.8 тэрбум долларын зураг төсөл, барилга угсралтын гэрээний төлбөр зэргийг тус гэрээний дагуу “Т.Б.Э.И” групп хариуцаж, санхүүжүүлдэг. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн өмчид эрчим хүчний компани хөрөнгө оруулалт, санхүүжилтгүйгээр, өөрөөр хэлбэл үнэ төлбөр авахгүйгээр зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил хийхээр гэрээ байгуулсан байх боломжгүй. Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийг “Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээгүй, төслийн санхүүжилтийн гэрээг эцэслэн байгуулаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. “Т.Б.Э.И” группийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байхад шүүх нотлох баримтаар үнэлэлгүй орхигдуулсан. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Тодруулбал, нэхэмжлэгч нь “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан боловч уг гэрээнд Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлээгүй” гэжээ. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд “... Амангол 2020 МВт-ын дулааны цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулалт хийнэ ...” гэж заасан. “Цахилгаан эрчим хүч Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлохын тулд нүүрсний станц, тус станцаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд бүтэцтэй холбогдох өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын Монгол болон Хятадын нутаг дэвсгэр дээр барих, хөрвүүлэгч дэд станцыг мөн Хятадын нутаг дэвсгэр дээр барьж байгуулах ажил шийдэгдсэний дараа цахилгаан эрчим хүчний тарифыг үндэслэн “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулах боломжтой тул “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай” санамж бичгийг байгуулсан. Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийг “Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдан авах гэрээг байгуулаагүй” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй. “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын үзүүлэлтийг дүгнэнэ. Хөрөнгө оруулагчийн санхүүгийн баланс, хөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулсан баримт ирүүлэх гэсэн нөхцөл шаардлагын үзүүлэлт, хийгдэх ажил байхгүй. Гэтэл эдгээр баримт бичгүүдийг ирүүлээгүй, үүргээ биелүүлээгүй гэж өөрийн үзэмжээр шаардаж байгааг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй.
Д. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр олгоно”, мөн Эрчим хүчний хорооны 2015 оны 301 дүгээр тогтоолд заасан нөхцөл шаардлагаас үзэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь тусгай зөвшөөрөл олгох урьдчилсан нөхцөл бөгөөд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад хамаарахгүй байна” гэж бичжээ. Гэтэл “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу “Т.Б.Э.М.П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 301 дүгээр тогтоолд дүгнэх ёстой нөхцөл шаардлагын үзүүлэлтийг тодорхой зааж өгсөн. Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.6-д “Төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хэрэгжилтийн шатанд хийж үнэлгээний тайлан болон газар ашиглах гэрчилгээг тусгай зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын дотор ирүүлсэн байх” гэж заасан. Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 301 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын үзүүлэлтийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээдэг. Гэтэл анхан шатны шүүхээс “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад үзүүлэлтэд хамаарахгүй” гэж үзэж тогтоолоор баталсан нөхцөл шаардлагын үзүүлэлтийг хассан нь үндэслэлгүй. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын үзүүлэлтийг тусгай зөвшөөрөл олгохын өмнөх урьдчилсан нөхцөл гэж үзэж, хийгдсэн ажлыг үнэлээгүй нь зөв гэж үзсэний улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс тусгай зөвшөөрөл авсны дараа буюу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дүгнэлтийн дагуу хийгдсэн Байгаль орчны үнэлгээний тайланг тусгай зөвшөөрөл авахын өмнө хийгдэх ёстой. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй ижил гэж үзэж, нотлох баримтын буруу үнэлж Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр олгоно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Манай компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд “С.Т” ХХК-иар хийлгэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12/6649 тоотоор тус үнэлгээг хянан баталгаажуулж, дүгнэлт гаргасныг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 29/2015 дугаартай тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон. Харин тусгай зөвшөөрөл авснаас хойш 2016 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийгдсэн ба Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан үзүүлэлтийг ийнхүү биелүүлж ажилласан тул үнэлж, дүгнүүлэх байсан боловч хариуцагч дүгнээгүй орхигдуулсны улмаас Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр үндэслэлгүй гарсан.
3.4. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Нэхэмжлэгч ... тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ... 5 жилийн хугацаанд биелүүлэхээр үүрэг хүлээсэн бөгөөд уг хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Иймээс нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаанд үүргээ биелүүлэх нь давагдашгүй хүчин зүйлээс нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж бичжээ. Гэтэл давагдашгүй хүчин зүйл тохиолдсон цаг хугацааг буруу тодорхойлсны улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байна. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хилээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосны улмаас Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу төслийн ажлыг гүйцэтгэх боломжгүй болж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүндэтгэн үзэх нөхцөл байдал тохиолдсон. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тул тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ба тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх нөхцөл байдалд хамаарахгүй. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйл мөн эсэхийг шалгах тогтоож гэрчилгээг олгохдоо 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэвлэн гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрт тус гэрчилгээний огноог үндэслэн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэж үзэхгүй хэмээн нотлох баримтыг буруу үнэлсэн.
3.5. Шийдвэрийн хэсэгт “... Цаашид үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй ... тул 32 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь ... заасанд нийцжээ” гэжээ. Гэтэл Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана ...”, “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нөхцөл, шаардлага, тухайн онуудын зорилтыг энэ дүрмийн 6.7 дахь заалтын дагуу үнэлж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 22.2 дахь заалтыг үндэслэн сунгах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан. Цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой тусгай зөвшөөрөл эсэхийг үндэслэн сунгах, эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. Эрчим хүчний зохицуулах хороо “Т.Б.Э.М.П” ГХОХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэхдээ техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой эсэхийг огт авч үзэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй шийдвэр гаргаж Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг тус тус зөрчсөн байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна. “П” группийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтэд Амангол 2020 МВт-ын дулааны цахилгаан станц барих ажлыг цар хүрээ том тул “Зураг төсөл, барилга угсралтын гэрээ” /EPC/-г толгой компанидаа шилжүүлэх тухай болон Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас болж хил хаагдсан нь ажил гүйцэтгэх хугацаа сунгах, давагдашгүй хүчин зүйл үүссэн талаар бичсэн. Мөн тус компаниас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр албан бичиг ирүүлснийг анхан шатны шүүх тус тус нотлох баримтаар үнэлээгүй, нэхэмжлэгчийг цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой эсэхэд дүгнэлт хийгээгүй, зөвхөн хуулийн зүйл заалтыг дурдаж, нийцжээ гэж бичсэн нь үндэслэлгүй. Тус тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдэх ажлыг Монгол Улсаас цахилгаан эрчим хүч худалдан авагч орны зүгээс илүү ач холбогдол өгч ажиллах болсон тухай, хүндэтгэн үзэх шалтгаанаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шаардлага үүссэн тухай энэхүү хүсэлт нь техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой тусгай зөвшөөрөл гэдгийг нотолж байхад Эрчим хүчний зохицуулах хороо харгалзан үзэлгүйгээр, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй шийдвэр гаргасан.
3.6. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судалж, хооронд нь харьцуулан үзээгүй, нотлох баримтыг үнэлэх үүргийг шүүх хангалтгүй гүйцэтгэсэн, хууль буруу хэрэглэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 642 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
4.1. Нэхэмжлэгч компани нь Эрчим хүчний зохицуулах хорооноос 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 29/2015 дугаартай “2020 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга байгууламж барих” тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар авч үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа дууссан гэж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх заалт, “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийг тус тус үндэслэжээ. Нэхэмжлэгчээс тухайн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх этгээдэд тайлбар гаргах, эрхээ хамгаалах боломжийг олгоогүй, мөн захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, үнэлээгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон гэж тайлбарласан. Тодруулбал, маргаан бүхий 32 дугаар тогтоолыг гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны хуралд оролцох боломжгүй байсан. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 226 болон 2021 оны 01 дүгээр тогтоолоор нийтийг хамарсан бэлэн байдал зарласан байсан тул компанийн ажил хэвийн явагдаагүй, иргэдийг гадуур зорчихыг хориглосон байсан атал яг энэ хугацаанд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан тайлбар, санал гаргах боломжийг эдлүүлээгүй. Анхан шатны шүүхээс оролцоог хангасан талаар тэмдэглэлд тусгагдсан гэсэн боловч тухайн хурлын тэмдэглэлийн хуралд оролцогчдод компанийн төлөөлөгч О.Б байхгүй, оролцуулаагүй тухай хорооны дарга болон гишүүдийн хэлсэн үгэнд тодорхой заагдсан байхад энэ тухай шүүхээс буруу дүгнэсэн. Түүнчлэн өмнөх хуралд оролцуулсан гэж байгаа хэдий ч тэр нь тайлбар, санал гаргах бодит боломжийг олгоддоггүй, тухайн хурлууд дээр гарах шийдвэрийг урьдчилан бэлтгэн оруулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлбар гаргах хангалттай боломж олгогдоггүй байсан. Энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн хурлын тэмдэглэлүүд болон хуралд бэлтгэн оруулсан илтгэлийн баримтуудаар нотлогдоно.
4.2. Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн шаардлагыг 6 үзүүлэлтээр дүгнэж 32 дугаар тогтоолыг гаргасан. Тэдгээрийг тус бүрд нь үндэслэлгүй дүгнэсэн. Нэхэмжлэгч 2015 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “П.Ч” хуулийн этгээдтэй ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр буюу зураг төслөөс эхлээд барилга байгууламж барих, ашиглалтад ороход бэлэн хүлээж авахаар байгуулсан. Гэтэл Монгол Улсын Засгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолоор Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг тогтоосон. Мөн 63 дугаар тогтоолоор Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын авто зам тээврийн хөдөлгөөнийг зогсоосон, хилийн боомтуудыг хааснаас гадаадад зорчих болон гадаад улсын иргэд Монгол Улсад нэвтрэх боломжгүй болсон. Үүний улмаас “Т.Б.Э.М.П” ГХОХХК-ийн удирдлага болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Хайдрачайна корпораци” хуулийн этгээдийн мэргэжилтнүүд нүүрсний станцын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Монгол Улсад нэвтрэх боломжгүй болж, тус компанийн эзэмшлийн 29/2015 дугаартай эрчим хүчний барилга байгууламж 2020 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсон тухай Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02/584 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээгээр дүгнэсэн. Уг гэрчилгээг хүчин төгөлдөр бөгөөд түүнийг үгүйсгэж хариуцагчаас маргаагүй, шүүхээс тухайн нөхцөл байдлыг дахин дүгнэх үндэслэлгүй. Гэтэл “нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй 5 жилийн хугацаанд үүргээ биелүүлээгүй” гэсэн дүгнэлт үндэслэлгүй. Учир нь үүрэг гүйцэтгэх хугацааны сүүлийн жилүүдэд давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргийг гүйцэтгэх болсон нь тогтоогдсон байхад шүүхээс энэ хугацаанд үүргийг гүйцэтгэхгүй байсан мэтээр хийсвэрлэн тайлбарлажээ. Хариуцагчийн 2019 он хүртэлх үйл ажиллагааг дүгнэсэн гэж тайлбараас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал буюу тусгай зөвшөөрлийн бүрэн хугацааны үйл ажиллагааг дүгнээгүй болох нь тогтоогдоно. Өөрөөр хэлбэл , тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн гүйцэд 5 жилээр тогтоож, дүгнээгүй атал тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
4.3. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг үндэслэлгүй буруу дүгнэж, оноог дутуу олгосон. Нөхцөл шаардлагын 4.1-д “Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж ашиглалтад оруулах” шаардлага нь өмнө дурдсан байх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гүйцэтгэгдэхгүй болсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компаниас үл хамаарах шалтгаанаар давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хангагдаагүй болох нь нэгэнт тогтоогдсон. “Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх дүрэм” БНбД 11-01-98 болон холбогдох дүрэм журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах” нөхцөлийн тухайд мөн “Пауер Чайна” компанитай байгуулсан гэрээний дагуу барилгын зураг, барилга угсралт, тоног төхөөрөмж, боловсон хүчин нийлүүлэх буюу түлхүүр гардуулах нөхцөлийн хүрээнд багтсан тул хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гүйцэтгэгдээгүй болох нь тодорхой харагдана. “Зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд экспертиз хийх дүрэм БНбД 11 203-04-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэх” дээрх шалтгаанаар зураг төсөл хийгдээгүй тул экспертиз хийх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрчим хүчний хөгжлийн төвөөс авсан лавлагаанд “урьд өмнө нь 2020 МВт хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын барилгын зураг төслийг Монгол Улсад гүйцэтгэж байгаагүй” гэж дурдсан бөгөөд үүнээс мөн ийм чадавхтай гүйцэтгэгч манай улсад байхгүй болох нь тогтоогдоно. Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад зарцуулагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагчтай эцэслэн тохиролцож гэрээ байгуулсан байх” тухайд нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрчим хүчний компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, гэрээнд шаардагдах хөрөнгийн баталгааг ирүүлсэн байх тул 60 оноо бус 100 оноо өгөх нөхцөл бүрдсэн байсан. “Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелснээс хойш 12 сарын дотор эхэлсэн байх” нөхцөлтэй холбоотойгоор газар эзэмших эрхтэй болж, гэрээ гэрчилгээг гаргуулан, холбогдох төлбөрийг төлсөөр ирсэн. Мөн “Барилга байгууламжийн барилгын угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ил, далд ажлын акт, бичиг баримтыг баталгаажуулах” тухайд тухайн төслийн ажил нь төрийн өмчийн хөрөнгөөр гүйцэтгэгдэж байгаа ажил бус, хувийн өмчийн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр гүйцэтгэгдэж байгаа тул захиалагчийн хяналт тавих шаардлага байхгүй, өөрөөр хэлбэл, уг нөхцөл энэ тохиолдолд дүгнэгдэхгүй. Эдгээрээс гадна “Төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хэрэгжилтийн шатанд хийж, 6 сарын дотор ирүүлэх” шаардлагыг хангасан, тухайн баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. “Мэргэжлийн хяналтын болон зөвлөх эрх бүхий байгууллагаас үзлэг, шалгалтын үр дүнд өгсөн санал, анхааруулга, зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтийг хангах” тухайд энэ тохиолдолд уг нөхцөл үүсээгүй тул оноо хасч тооцох үндэслэлгүй. Гэтэл дээрх 2 нөхцөл шаардлагыг дүгнээгүй орхигдуулсан, шийдвэр гаргах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэхээр байна. Үүнээс үзвэл, хариуцагч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бодит байдалд нийцүүлэн дүгнээгүй, хууль бусаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
4.4. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлүүдийг хэрхэн үгүйсгэгдэж байгаа тухай дүгнээгүй, хариу өгөлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 642 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.
5. Хариуцагчаас гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Эрчим хүчний тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “Т.Б.Э.М.П” ГХОХХК нь “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, 32 дугаар тогтоолоор “...“Т.Б.Э.М.П” ГХОХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр тус компанийн 29/2015 дугаартай эрчим хүчний барилга байгууламж /Баянхонгор аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад цахилгаан экспортлох зориулалтаар 2020 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц/ барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
3.2. Шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоол нь холбогдох хуульд нийцсэн эсэхийг хянана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн эсэх, 29/2015 дугаартай эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхэд дүгнэлт хийсэн.
3.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор “Т.Б.Э.М.П” ГХОХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар “Т.Б.Э.М.П” ГХОХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг “Хангалтгүй” гэж үнэлсэн тул 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/269 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллах тухай үүрэг даалгаврыг өгсөн, мөн хорооны 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 269, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 252 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2019 оны биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэж, тус хорооны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 581 дүгээр тогтоолоор “252 дугаар тогтоолыг үндэслээд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар” шийдвэрлэсэн, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/906 дугаар албан бичгээр тусгай зөвшөөлийн нөхцөл шаардлагыг хангах талаар хугацаатай үүрэг өгч, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60-07-002/05 дугаар улсын байцаагчийн актаар тусгай зөвшөөрлийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түдгэлзүүлж, улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 60-07-002/02 дугаартай дүгнэлтээр тусгай зөвшөөрлийн түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалсан, эдгээр үйл баримттай талууд маргаагүй.
3.4. Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр олгохоор, 22 дугаар зүйлийн 22.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгахаар, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар тодорхой хуульчилсан, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн аж ахуйн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 9.2-т “Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нөхцөл, шаардлага, тухайн онуудын зорилтыг энэ дүрмийн 6.7 дахь заалтын дагуу үнэлж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 22.2 дахь заалтыг үндэслэн сунгах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.
3.5. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгох тохиолдлуудыг нэрлэн заасан, тодруулбал, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль болон тусгай зөвшөөрөлд заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгогч зөрчлийг арилгах тухай хугацаатай үүрэг өгөхөөр, 24.3.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор хуульчилсан, “Тусгай зөвшөөрлийн аж ахуйн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 10.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ дүрмийн 1.2-д заасан хууль тогтоомжийг зөрчсөн, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, тухайн оны зорилтыг хангалтгүй биелүүлсэн тохиолдол бүрт Эрчим хүчний тухай хуулийн 24.1 дэх заалтыг үндэслэн хугацаатай үүрэг даалгавар өгнө”, 10.2-т “Энэ дүрмийн 10.1-д заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол эрчим хүчний хяналтын улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчид зохих шийтгэл ногдуулж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 дэх заалтын дагуу тусгай зөвшөөрлийг 3 хүртэл сараар түдгэлзүүлж болно”, 10.4-д “Энэ дүрмийн 10.2 дахь заалтын түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд ЭХЗХ-ны хурлын шийдвэрээр сэргээнэ”, 11.1-д “ЭХЗХ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1, Эрчим хүчний тухай хуулийн 24.3, 24.4 дэх заалтуудыг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гаргана” гэж тус тус заасан байна.
3.6. Уг маргааны хувьд Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор “Т.Б.Э.М.П” ГХОХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон, нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хариуцагчид хандаж байсан боловч хорооны 2020 оны 581 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн, энэ шийдвэр хүчин төгөлдөр байна. Мөн хариуцагчаас 269, 252 дугаар тогтоолуудаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2019 оны биелэлтийг хангалтгүй гэж дүгнэж нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллах тухай үүрэг даалгаврыг өгч байсан, эдгээр шийдвэрүүд мөн л хүчин төгөлдөр байна.
3.7. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... хариуцагч нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэсэн байх боломжгүй, ... нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн эсэхийг тогтоосны үндсэн дээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх байсан, ... хариуцагч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4.1-д заасан үзүүлэлтийг үнэлж дүгнэлт гаргаагүй, ... гэрээ байгуулж, хэрэгжээд явж байгаа ажлын гүйцэтгэлд 0 хувь гэсэн үнэлгээ өгсөн нь бодит байдалтай нийцэхгүй, ... хариуцагч “хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээгүй, төслийн санхүүжилтийн гэрээг эцэслэн батлуулаагүй” гэж үзсэн нь буруу, ... тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тул тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ба тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх нөхцөлд хамаарахгүй, техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой эсэхийг огт авч үзэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй шийдвэр гаргаж хууль зөрчсөн” гэх зэргээр тайлбарлан давж заалдах гомдол гаргасан байх боловч нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын талаар дүгнэсэн хариуцагчийн шийдвэрүүдийг үгүйсгэж хуульд заасан журмаар маргаагүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах талаар хугацаатай үүрэг, улсын байцаагчийн актыг хэрхэн биелүүлсэн болох нь баттай баримтаар тогтоогдохгүйн дээр биелүүлсэн гэж үзсэн бол тухай бүр энэ талаар тайлбар, баримт, хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байсан. Иймд хариуцагч уг үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзээд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй, түүний улмаас “хугацаа дууссан” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
3.8. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 60-07-002/02 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч компанийг “гаргасан зөрчлөө арилгасан” гэх үндэслэлээр бус “... цаашид коронавирус /Covid-19/-т халдварын тархалтын улмаас тогтоосон хөл хорионы үргэлжлэх хугацаа тодорхойгүй байгаа” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалсан байна. Товчхондоо, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
3.9. Түүнчлэн шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд маргаан бүхий 32 дугаар тогтоолыг хүчингүй болгосон ч хариуцагчийн дээр дурдсан 581, 269, 252 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлөө эзэмших эрх хуульд заасны дагуу үүсэхгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх ямар эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.
3.10. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 05 дугаар сарын 16-ны, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж О.Б оролцсон, нэхэмжлэгчээс “... уг хуралдаануудад оролцоход тайлбар, санал гаргах бодит боломжийг олгодоггүй, тухайн хурлууд дээр гарах шийдвэрийг урьдчилан бэлтгэн оруулдаг” гэх боловч нэхэмжлэгч тухай бүр бичгээр тайлбар, хүсэлтээ гаргах боломжтой байсан, мөн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны товыг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5/1525 дугаар албан бичгээр мэдэгдсэн, улмаар нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “... хуралд итгэмжлэлтэйгээр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн”, 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийг хуралдаанд оролцуулах боломжоор хэрхэн хангасан талаар тодорхой дурдсан, мөн өдрийн 581 дүгээр тогтоолоор “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн” бөгөөд уг тогтоолыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1569 дүгээр албан бичгээр хүргүүлж, Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг мэдэгдсэн, мөн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/61 дүгээр албан бичгээр 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны товыг мэдэгдсэн зэрэг үйл баримтуудаас үзвэл маргаан бүхий актыг гаргахын өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй, тайлбар, санал, хүсэлт гаргах боломж олгоогүй гэж үзэхээргүй, энэ үндэслэлээр актыг хүчингүй болгох боломжгүй. Мөн хариуцагч Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгснөөс хойш 30 хоногт багтаан хүчингүй болгосон шийдвэр гаргана” гэж заасан хугацаанд багтаан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 32 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.
4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т.Б.Э.М.П” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН