Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 704

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын “Үнэлгээний хороо”-нд тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 

1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх "** дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгуулах, 

2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 дугаар "С" ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, 

3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын17-ны өдрийн 1/682 дугаар “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, 

4. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ** дугаар Багц 1: “А аймгийн Ц сум, Т сум, Б аймгийн Б сум, аймгийн С сум, Д аймгийн Ө******* сум” Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ”-г хүчингүй болгуулах, 

5. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын 

хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ** дугаар Багц 2: “Г аймгийн Б сум, Б******* аймгийн Б*******, Ө*******, Ш*******, Г******* сум”, Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ”-г хүчингүй болгуулах, 

6. "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх ** дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Ө.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “С" ХХК нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ** дугаартай Багц-1: А аймгийн Ц сум, Т сум, Б аймгийн Б сум, аймгийн С сум, Д аймгийн Ө******* сум, Багц-2: Г******* аймгийн Б сум, Б******* аймгийн Баян-өндөр, Ө*******, Ш*******, Г******* сумдад хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх тендер шалгаруулалтад оролцсон.

Тухайн тендерийн баримт бичигт заасан нөхцөлийн дагуу оролцсон боловч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2018 оны 7-р сарын 10-ны өдрийн 1/601 дүгээр албан бичгээр манай компанийн ирүүлсэн тендерийг шаардлагад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасан материалыг ирүүлээгүй гэж үзэн татгалзсан.

Манай компани тус шийдвэрийн үл зөвшөөрч 2018 оны 7-р сарын 19-ны өдрийн 01/4033 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт” гэж заасан байдаг. Тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтэд “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт” гэсэн шаардлага тавигдаагүй. Товчоор хэлэхэд манай компанийг харилцаа холбооны зах зээлд туршлагагүй гэж дүгнэсэн. Гэтэл манай компани сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны үйлчилгээг үзүүлэх маш их ажлыг гүйцэтгэсэн. Жишээлэхэд 21 аймгийн 330 суманд 3G станцыг байршуулж, 340 тэрбум төгрөгийн ажлыг хийсэн байгаа.

Сангийн яам гомдлыг хянан үзээд 2018 оны 7-р сарын 30- ны өдрийн 6-1/5020 тоот албан бичгээр дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг захиалагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт үүрэг болгосон.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2018 оны 8-р сарын 02-ны өдрийн 1/656 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу Тендерийн баталгааны хугацааг 2018 оны 8-р сарын 20-ны өдрөөр ирүүлээгүй" гэсэн үндэслэлээр манай ирүүлсэн тендерээс дахин татгалзсан. Шүүх хуралдааны явцад Сангийн яамнаас хүргүүлсэн албан бичгийн дагуу Үнэлгээний хороо үнэлгээг хийгээгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрлөө. Мөн тайлбартаа тендерийг нээх үед энэ нөхцөл байдал илэрсэн учраас татгалзана гэж байна. Гэтэл манай тендерээс өмнө нь татгалзахдаа тендерийн үнэлгээг хийсний дараа татгалзсан байдаг. Үүнээс харахад манай тендерээс хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй байна.

2018 оны 8-р сарын 09-ний өдрийн 01/4339 тоот албан бичгээр Сангийн яаманд тендерийн үнэлгээний асуудлаар дахин гомдол гаргасан боловч Сангийн яам 2018 оны 8-р сарын 15-ны өдрийн албан бичгээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн манай гомдлыг хангахаас татгалзсан. Үүнийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Уг тендерт 2 компани оролцсон бөгөөд 4 багц тендер зарласан. Эхний хоёр багцад ...4007 дугаартай тендерт зарласан. Уг тендерт манай компани оролцсон боловч үнийн саналаар татгалзсан. Гэтэл уг тендерт хамгийн бага үнийн саналыг манай компани ирүүлээд байхад хуульд заагаагүй, үл ялиг шалтгаанаар татгалзсан учраас гомдолтой байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д ”тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна, 29 дүгээр зүйлийн 29.2-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна, 20 дугаар зүйлийн 20.6-д Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсны дараа тендерийн баталгааг хүчингүй болгоно гэж тус тус заасан байна.

Тендерийн баталгааны хугацаа нь тендер нээснээс хойш 45 хоногт хүчин төгөлдөр байх, эсхүл Захиалагч гэрээ байгуулах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байхаар хуульд тодорхой заасан байна. Манай компанийн тендерийн баримт бичигт ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 4630В6/18/3735 тоот тендерийн баталгаа нь 2018 оны 7-р сарын 24-ний өдрийг дуустал хүчинтэй байхаар заасан. Энэхүү хугацаа нь тус тендерийг нээсэн өдөр буюу 2018 оны 6-р сарын 08-ны өдрөөс хойш 45 хоногт буюу тендер хүчинтэй байх хугацаатай бүрэн нийцэж байгаа болно. Мөн тус Тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн 15.1-д "Тендер нь 45 хоногийн хугацаанд буюу 2018 оны 7-р сарын 23-ны өдрийг дуустал хүчинтэй байна" гэж заасантай нийцэж байна. Гэтэл Захиалагч нь Тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн 16.1-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.7, 24.5, 29.2, 20.6-д заасантай нийцэхгүйгээр хугацааг дур мэдэн өөрчилсөн. Өөрөөр хэлбэл тендерийг нээснээс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэсэн хуулийн хугацааг нэмэгдүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана гэсэн хуулийн заалттай. Тодруулбал хуульд заасан шаардлагыг хангаагүй бол татгалзана гэснээс биш тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгт, захиалагчийн дур мэдэн тогтоосон хугацаанд баталгааг ирүүлээгүй бол татгалзана гэсэн заалт байхгүй. Гэтэл дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалтыг баримтлан манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж, дүгнэлт, тендерээс татгалзсан шийдвэр хууль бус юм. Иймд тендерийг хуульд нийцсэн байдлаар явуулах нь зүйтэй.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр багц-1, банц-2-т хоёр гэрээ байгуулагдсан. Эдгээр гэрээнүүд маргаан бүхий тендерийн үндсэн дээр байгуулжээ. Үүнийг хууль бус захиргааны гэрээ гэж үзэж байна. Учир нь гэрээг байгуулах эрх олгосон өдрөөс хойш 5 хоногийн дараа байгуулах ёстой. Гэтэл гэрээ байгуулах эрх олгосноос хойш 3 хоногийн дараа гэрээг байгуулсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацаанаас өмнө гэрээг байгуулжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэж заасан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хурлын тэмдэглэлд гарын үсэг зурагдаагүй, дүгнэлтэд зурагдсан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Хуульд шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байна гэж тодорхой заасан. Хурлын тэмдэглэлийг харахад оролцсон гишүүдийн гарын үсэг бүгд байхгүй. Хуралд оролцсон бүх гишүүд тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ёстой. Үүнийг дүгнэлтэд гарын үсэг зурсан гэдэг байдлаар цайруулах боломж байхгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үнэлгээг хийгээгүй өмнөх шийдвэрээ дэмжсэн “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон гэж тайлбарлаж байна. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас гомдлыг хянасан албан бичгээр үнэлгээг дахин хий гэж шийдвэрлэсэн. Гэтэл үнэлгээг дахин хийлгүйгээр шууд өмнө гаргасан шийдвэрээ дэмжсэн байдлаар хийсэн байна. Энэ нь хуулийн шаардлага болоод дээд албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг зөрчсөн үйлдэл болсон байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тендерт оролцогч 2 компаниас “С” ХХК нь хамгийн бага үнийн санал гаргасан. Хамгийн бага үнийн санал гаргасан тус компанийг тухайн тендерийг хянан үзэх үе шатанд нь хасах оролдлогыг хийсэн. Нэгдүгээр 5 жилийн ажлын туршлага байхгүй гэдгээр татгалзсан. Эхний татгалзсан үндэслэлд тендерийн баталгаа шаардлага хангаагүй байна гэсэн агуулга, үг, үсэг байхгүй. Сангийн яамнаас 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн албан бичигт Тендерийн баталгааны хувьд 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл биш байна гэдгийг дурдсан. Үүний үндсэн дээр хоёр дахь үнэлгээ хийсэн гэсэн баримтдаа тендерийн баталгаа Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй учраас татгалзсан гэдэг тайлбарыг өгч байна. Тендерийн баталгаа нь тухайн тендерт шалгарчхаад гэрээ байгуулахаас санаатайгаар зайлсхийж 2 дахь үнийн санал ирүүлсэн этгээдэд боломж гаргахаас урьдчилан хамгаалах арга хэрэгсэл юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлд тендерийн баталгаа гэдгийг тодорхойлж өгсөн бөгөөд 20.5 дахь заалтад зааснаар хуульд заасан шаардлагыг л хангаагүй бол татгалзахаар заасан. Түүнээс хуулиас доод төвшний тендерийн баримт бичигт заасан хуулиас гажуудсан шаардлагаар татгалзах үндэслэлгүй юм. Яагаад гэвэл захиалагч тендерийн баталгааны хугацаанд дур мэдэн өөрчлөлт оруулж, хугацаа тогтоох эрхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д зааснаар захиалагчид тендерийн баталгааг 1-2 хувиар тогтоох эрхийг л олгосон. Түүнээс тендерийн баталгааны хугацаанд өөрчлөлт оруулах бүрэн эрхийг захиалагчид олгоогүй. Хуульд заасан шаардлагыг хангасан тендерийн баталгааг гаргаж байгаа бол татгалзах ёсгүй.

Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгийн дагуу үнэлгээ хийх процессын хувьд хариуцагч алдаа гаргасан. Захиргааны акт хүчингүй болох 2 үндэслэл байгаа. Үүнд шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй, хуульд заасан материаллаг хэм хэмжээний эрх зүйн зөрчилтэй бол захиргааны акт хүчингүй болдог. Нэг талаас шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар Үнэлгээний хороо бүрэн хуралдаж шийдвэрээ гаргаагүй байна. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэж заасан. Гэтэл нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн огноотой хурлын тэмдэглэлд гарын үсэг зурагдаагүй байгаа нь шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй байгааг харуулж байна. Үнэлгээний хорооны дүгнэлт нь эцсийн шийдвэр гэж байгаа боловч Үнэлгээний хорооны бүх гишүүд гарын үсэг зураагүй байдаг. Тухайн шийдвэр, дүгнэлт, зөвлөмжүүдэд Үнэлгээний хорооны 7 гишүүн бүрэн гарын үсэг зураагүй, шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй. Үнэлгээ ажиллагаа нь тендерийг хянан үзэх болон үнэлгээ хийх гэсэн хоёр үе шаттай. Тендерийг хянан үзэх үе шатанд тендерийн баталгааны асуудал яригдахгүй. Тендерийг хянан үзэх үе шатанд санхүү, техникийн чадавх, туршлага, боловсон хүчний асуудал, бичиг баримтын бүрдлийг хангасан эсэхийг шалгана. Тендерийн баталгааг эцсийн шатанд үнэлэх ёстой байтал санаатайгаар хянан үзэх шатанд оруулсан нь хууль бус юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “С” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл болон 2018 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн “Ю” ХХК-д хүргүүлсэн 2 мэдэгдлүүд нь захиргааны акт бөгөөд хууль нийцэж байх ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан. Гэтэл “С” ХХК нь хамгийн бага үнийг санал болгоод байхад илүү үнэтэй “Ю” ХХК-ийг шалгаруулсан. Энэ нь хуулийн зохицуулалтыг хангаж чадахгүй. Санаатайгаар тендерийн хянан үзэх шатанд “С” ХХК-ийг гаргаад өндөр үнийг санал болгосон “Юнител” ХХК-д гэрээ байгуулах саналыг хүргүүлээд. Шийдвэр, дүгнэлт, зөвлөмж нь хуулийн шаардлага хангахгүй учраас мэдэгдлүүд мөн хүчингүй болох ёстой. 2018 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн “Ю” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлээр өмнөх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үнэлсэн үнэлгээгээр танай компанийг шалгарууллаа шүү гэдэг байдлаар гарсан. Гэтэл өмнөх мэдэгдэл нь Сангийн яамны албан бичгээр хүчингүй болсон байхад өмнөх мэдэгдлээ ашиглан дахин гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж байгаа нь хууль бус ажиллагаа юм.

“Ю” ХХК болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хооронд байгуулагдсан багц-1, багц-2-т байгуулсан 2 гэрээнүүд хууль бусаар байгуулагдсан. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д хамгийн бага үнийг санал болгосон этгээдтэй гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлнэ гэж заасан. Гэтэл хамгийн бага үнийг санал болгосон этгээдэд Үнэлгээний хороо татгалзчихаад хамгийн өндөр үнийг санал болгосон этгээдэд гэрээ байгуулах мэдэгдлийг олгосон. Гэрээ байгуулах мэдэгдлийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргаснаас хойш тендер хүчинтэй байх хугацаанд гэрээг байгуулах ёстой. Гэтэл тендер хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 2018 оны 08 дугаар сарын 20 гэрээ байгуулж байгаа нь хууль бус. Өөрөөр хэлбэл тендер хуулийн хүчин төгөлдөр байх 45 хоногийн дотор гэрээ байгуулаагүй. Мөн дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэсэн заалт зөрчигдсөн. Иймд дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

"Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх" ** дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тендер хүчин төгөлдөр байх 45 хоногийн хугацаанд гэрээг байгуулж чадаагүй учраас дахин тендер зарлах ёстой. Хугацаа нь дууссан тендерийг үргэлжлүүлэн гэрээ байгуулж болохгүй. Иймд тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа бүхэлдээ хууль бус болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д ”тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг, 5.1.1-д ”тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг гэж тус тус заасан.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/42 дугаар тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдсан. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сангийн сайдын 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаар тушаалаар батлагдсан “Зөвлөхөөс бусад үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийн дагуу Үнэлгээний хороо баримт бичиг боловсруулан захиалагчаар батлуулсан. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тендерийн урилгыг Өдрийн сонин болон цахим сайтуудад нийтлүүлсэн. Энэ үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан 6 дугаар зүйлийн 6.1-д худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасны дагуу тэгш боломжоор хангасан гэж үзэж байна. 

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа нь захиалагчийн шаардлагад нийцсэн тендер бэлтгэхэд оролцогчдод шаардлагатай мэдээллээр хангахад чиглэгдсэн баримт байдаг. Уг зааварчилгаанд заасан тендерийн хүчинтэй хугацааг хуульд нийцээгүй гэж тайлбарлаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д ”тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал байхаар зааж өгнө гэж захиалагчид эрх олгосон байгаа. Тус хуулийн заалтыг үндэслэн Үнэлгээний хороо болон захиалагчаас гэрээ байгуулах хүртэл “тендерийн баталгааны хугацааг хүчинтэй байх хугацааг” зааж өгсөн. Өөрөөр хэлбэл Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 16.1-д “тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал байна” гэж заасан учраас хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 16.1-д “Тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтэд шаардсан тохиолдолд тендерт оролцогч нь мөн Тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтэд заасан үнийн дүнтэй тэнцэх тендерийн баталгааг ирүүлнэ.”, 16.3-д "...тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэж тус тус тогтоосон. Тэгэхээр тендерийн баталгааны хүчинтэй байх тендер нээснээс хойш 45 хоног, үүндээр 28 хоног буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэж тогтоож өгсөн нь хуулийн зүйл заалтад нийцсэн гэж үзэж байна.

Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 6.1-д зааснаар Үнэлгээний хорооны дүгнэлтэд үнэлгээний хорооны хуралдааны шийдвэрүүд /хуралдааны тэмдэглэлүүд/, гэрээ байгуулах эрх олгох тухай, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай зөвлөмжүүд бүгд багтсан. Тэгэхээр бид шүүхэд шийдвэрүүдээ өгсөн. Дүгнэлтэд дээрх баримтууд багтана гэж үзсэн учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.

“С” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баталгааны хугацаа 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр буюу зөвхөн тендер хүчинтэй байх хугацаанд байсан. Захиалагчаас хуульд заасан эрхийн дагуу Тендерийн баримт бичигт баталгааны хугацааг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэж зааж өгсөөр байтал нэхэмжлэгч компани хайхрамжгүй хандаж шаардлага хангахгүй тендерийн баталгааг ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ гээд шаардлагуудыг зааж өгсөн байдаг. Үүний дагуу “С” ХХК-иас ирүүлсэн тендерийн баталгаа нь Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зүйлд заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзээд тус хуулийн 27.4-д зааснаар шаардлага хангаагүй тендер гэж үзээд үнэлэхээс татгалзсан.

Сангийн яамнаас шийдвэр үндэслэлтэй байна үнэлгээг үргэлжлүүлэн явуул гэж мэдэгдсэн. Үнэлгээний хорооны гишүүд хуралдаад “С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэлтэй байсан учраас огт үнэлгээ хийгээгүй. “Ю” ХХК-ийн тендерт өгсөн үнэлгээг гишүүд дахин дэмжсэн. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан.

Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 8.2-д “Тендерийн оролцогч нь тендерийн баримт бичиг дах бүх зааварчилгаа, маягтууд, нөхцөлүүд болон тодорхойлолтуудыг шалгаж нягталсан байвал зохино. Тендерийн баримт бичигт ирүүлэхийг шаардсан бүх мэдээллийг дутуу ирүүлэх, эсхүл тендерийн баримт бичгийг томоохон зөрүүгүй хангаж чадаагүй тендер ирүүлэх нь тендерт оролцогчийн эрсдэлд хамаарах ба энэ нь түүний тендерээс татгалзах үндэслэл болж болно”, 16.6-д “энэ зүйлд шаардсаны дагуу хүлээн зөвшөөрөхүйц тендерийн баталгаа ирүүлээгүй аливаа тендерээс захиалагч үндсэн шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана”, 26.1-д “захиалагч тендерийг нарийвчлан үнэлэхээс өмнө тендерт оролцогч нь шаардлага хангасан тендерийн баталгааг ирүүлсэн эсэх. хянан үзнэ”, 26.3-д “захиалагч ТОӨЗ-ны 26.1-д заасан шаардлагад нийцээгүй тендерээс татгалзах бөгөөд энэхүү шалтгааныг үүсгэж байгаа зөрүү болон тайлбарыг засварлан тендерийг шаардлагад нийцсэн болгож болохгүй гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч “Үнэлгээний хороо”-ны дарга Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ Үнэлгээний хороо байгуулагдаад хамгийн түрүүнд Тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийг боловсруулсан. Тендерийн баталгааны хугацааг оролцогчид нээлттэй байсан. Хэрэв банканд мөнгө байршуулах хүндрэлтэй байсан бол гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгт алдаатай байсан бол гомдол гаргах эрх мөн нээлттэй. Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн албан бичигт “...“С” ХХК-ийн саналаас 16.1.2-д заасан шаардлагаар татгалзсан нь үндэслэлгүй. Харин тус компанийн тендерийн баримт бичиг ирүүлсэн тендерийн баталгааны хугацаа нь тендерийн баримт бичгийн Тендерийн шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн 16.1-д заасан шаардлагыг хангахгүй байна” гэж дурдсан байгаа. Үүний дагуу Үнэлгээний хороо тендерийг судалж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульд заасан. Үүнийг шүүхийн шийдвэр бодит байдалд нийцсэн буюу хэрэгжих боломжтой, биелэгдэхүйц байх ёстой гэж ойлгож байна. Уг тендерийн хувьд “Ю” ХХК-тай гэрээ байгуулагдаж, ажил 60-90 хувийн гүйцэтгэлтэй, санхүүжилтийн 50 хувь нь олгогдсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэвэл бодит байдалд биелэгдэх боломжтой эсэхэд эргэлзээ үүснэ.

Хуулиар Сангийн яамны бүрэн эрхийг олгосон байдаг. Үүний дагуу тендерийн жишиг баримт бичгийг Сангийн яам 2007 онд баталсан. Үнэлгээний хороо уг баримт бичгийг ашигласан. Хуулийг давсан баримт бичиг гэж үзэхгүй. Хуулиар эрх олгогдсон эрх зүйн акт гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана гэж заасан.Нэхэмжлэгчээс тайлбарлаж буй захиалагч зөвхөн хувь, хэмжээг тогтоох эрхтэй гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна. Хувь, хэмжээг тогтоох нь захиалагчийн бүх эрх биш. Хугацааг тогтоож болох зохицуулалт байгаа. Хуульд нийцсэн, хуулийн дагуу явагдсан ажиллагаа гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэгчид хуулиар олгогдсон ямар эрхийг хэрхэн зөрчсөн, тэрхүү эрхээ яаж сэргээлгэхээ нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой дурдах ёстой. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага хангаагүй.   

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар тендерт оролцох эрх, өрсөлдөх тэгш боломж олгох зарчмыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч компани тендерт оролцож, шударгаар өрсөлдсөн. Өөрөөр хэлбэл зөрчигдсөн эрх байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь Тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн 16.1-д дураар хууль зөрчин оруулсан хугацааг үндэслэн тендерээс татгалзсан гэж тайлбарлалаа. Тендерийн хорооны үнэлгээ, үүнийг үндэслэж гаргасан Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын шийдвэр, захиргааны гэрээ хууль бус талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаагүй. Харин тендер шалгаруулалтын өргөдлийн баримт бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актыг хууль бус, үндэслэлгүй гэж маргасан. Энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна.

Захиргааны гэрээг хууль бус гэсэн тайлбар өгч байна. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд гэрээ хууль бус болох талаар зааж өгсөн. Энэхүү хуульд заасан гэрээ хууль бус болох үндэслэлүүдэд маргаан бүхий гэрээний үндэслэл хамаарахгүй. Нэхэмжлэгчээс захиргааны хэм хэмжээний акттай маргасан агуулга харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн агуулга байхгүй байна.

Тендер шалгаруулалтын урьдчилсан баримт, захиргааны хэмжээний актыг хууль бус, шударга өрсөлдөөн, тэгш боломжийг хязгаарласан гэж үзэж байгаа бол урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээг авах ёстой байсан. Тендерт оролцохоосоо өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэм, хэмжээний акт эрхийг нь хязгаарласан, эрхийг зөрчиж болзошгүй талаар хандах байжээ.

Хариуцагчийн тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна. Тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн 16.1-д заасан хугацааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана гэж заасан. Энэ нь хуульд нийцсэн агуулга байна.

Мөн захиргааны гэрээг 5 хоногийн дараа байгуулаагүй нь хуулийг зөрчсөн гэж байна. “Ю” ХХК-д гэрээ байгуулах талаар 3 удаа мэдэгдсэн. Энэ нь хугацаа нь талуудад гэрээ байгуулахад бэлтгэх, эрх зүйн баримт бичиг боловсруулахад шаардлагатай хугацаа юм.

Нэхэмжлэгч тендерийг дахин үнэлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж харагдаж байна. Үнэлгээний хорооны шийдвэр, 2 мэдэгдэл, 2 гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргээгдэх юм бэ. Зөрчигдсөн эрх байхгүй. Тендерт оролцох эрхийг олгосон учраас энэ эрхийг дахин олгох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК-иас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...** дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгуулах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын17-ны өдрийн 1/682 дугаар “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах” гэж тодруулж, 

"Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ** дугаар тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагаа "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх ** дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах гэж өөрчлөн, 

мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ** дугаар Багц 1: “А аймгийн Ц сум, Т сум, Б аймгийн Б сум, аймгийн С сум, Д аймгийн Ө******* сум” Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ”-г, мөн өдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Юнител” ХХК-иудын хооронд байгуулагдсан ** дугаар Багц 2: “Г аймгийн Б сум, Б******* аймгийн Б*******, Ө*******, Ш*******, Г******* сум”, Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.

Хариуцагч тэдгээрийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн өөрчлөн тодруулсан болон ихэсгэсэн шаардлагад хариу тайлбар өгөх шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар өгөх боломжтойгоо илэрхийлснээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг заримыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

1.Маргааны үйл баримтын талаар 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/42 дугаар тушаалаар  "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий Тендерийн үнэлгээний хороог байгуулсан байна.

Ийнхүү байгуулагдсан Үнэлгээний хороо нь тендерийн урилгад заасан дагуу 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутад тендерийг нээхэд “Ю” ХХК болон “С” ХХК-иуд тендерт оролцохоор материалаа ирүүлсэн ба Үнэлгээний хороо 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа  дээрх 2 компаний тендерийн баримт бичигт үнэлгээ хийн, тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “Ю” ХХК-ийг "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” 2 багц бүхий ** дугаар тендерт шалгаруулан захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж, улмаар “С” ХХК-ий тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид “тендерийн хууль” гэж товчлох/ 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан материал ирүүлээгүй үндэслэлээр мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар “шаардлагад нийцээгүй тендер гэж үзэн татгалзсан тухай”-ны 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/601 дугаар мэдэгдлийг  захиалагчаас хүргүүлснийг “С” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байдаг.

Монгол Улсын Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан үзээд гомдлыг ханган шийдвэрлэж, “тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн “Тендерийн үнэлгээний заавар”-ын маягтуудаар, тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дахин хийхийг” хариуцагч Харилцаа холбоог, мэдээллийн технологийн газарт үүрэг болгосноор  “Үнэлгээний хороо” 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дахин хуралдаж Тендерийн хуулийн 20 дугаар зүйл ийн 20.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр “Скайтел” ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрт нэхэмжлэгчээс Сангийн Яаманд дахин гомдол гаргасныг Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гомдлыг хянан үзээд тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн байна. 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “...тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгуулах” шаардлагын үндэслэлээ Үнэлгээний хороо 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа  “С” ХХК-ийн тендерийг үнэлэх ажиллагааг хийгээгүй, тендерийн баримт бичигт “хууль зөрчиж тогтоосон тендерийн баталгааны хугацаагаар” манай тендерээс татгалзсан нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргаж байна. 

Тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “тендерийн баталгаа” гэдгийг “гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулах, тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгааг...” ойлгохоор, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж тус тус заасан ба Үнэлгээний хорооноос тендерийн баримт бичгийг боловсруулахдаа дээрх хуульд заасан хязгаарлалтыг зөрчин “тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар”  зааж, үүгээрээ нэхэмжлэгч “С” ХХК-ний тендерийг хянан үзэж, үнэлгээ хийлгүйгээр татгалзсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан “...тендерийн баталгааны хугацааг зөрчиж ирүүлсэн нь өмнө нь тогтоогдсон байсан учраас Скайтел компанийн тендерт үнэлгээ хийгээгүй” гэх тайлбар, Үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “тендерийн баримт бичгийг хуульд зааснаар тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулсан нь хууль зөрчөөгүй” гэх агуулга бүхий тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гарган нэхэмжлэгчийн үндэслэлийг үгүйсгэж байх хэдий ч Тендерийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “...тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, ...холбогдох журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж заасан нь хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаанаас илүү хугацаагаар тендерийн баталгааны хугацааг заах агуулгагүй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т зааснаар захиалагч нь тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг биш харин тендерийн баталгааны хэмжээ буюу үнийн дүнг тооцож, тогтоох эрхтэй байна. 

Харин Тендерийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан зохицуулалтын тухайд “тендерийн баталгаа шаардсан нөхцөлд ирүүлээгүй байхаар, мөн тендерийн баталгаа нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхаар тус тус ойлгож хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгчийн тендерт ирүүлсэн баталгаа  нь хуулийн энэ зохицуулалтыг зөрчөөгүй буюу тендерийн баталгааны хугацаа тендерийн хүчинтэй байх хуульд заасан 45 хоногийн хугацаагаар олгогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Тендерийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан “шийдвэр /дүгнэлт/ нь” хурлын тэмдэглэл хэлбэртэй” байхаар заасан байх ба, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар Үнэлгээний хороо нь төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ыг /цаашид “журам” гэж товчлох/ үйл ажиллагаандаа баримтлан ажиллах үүрэгтэй байна. Үнэлгээний хороо 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаас шийдвэр, дүгнэлтийг гаргахдаа журмын 3.1-д “Тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолт боловсруулахдаа захиалагчийн шаардлагыг бүрэн хангасан, өрсөлдөөнийг дэмжсэн, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтлана”, 5.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна” гэж заасныг тус тус зөрчин, нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерийн баримт бичгийг хянан үзэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн “Тендерийн үнэлгээний заавар”-ын маягтуудаар, тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дахин хийгээгүйн улмаас нэхэмжлэгч компаний тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд өрсөлдөх, тэгш боломжтой оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хариуцагч Үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны шийдвэр /тэмдэглэл/, дүгнэлт,  уг хуралдаанаас захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн зөвлөмжийг  тус тус хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 дугаар  "С" ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын талаар

Тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Үнэлгээний хороо тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх”, 46.1.3-т “Захиалагч үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” чиг үүрэгтэй гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 дугаар "С" ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдэл нь тендер шалгаруулсан шийдвэрт хамаарахгүй буюу өөрөөр хэлбэл уг мэдэгдлээр тендерийг шалгаруулаагүй, зөвхөн “С” ХХК-д тендерт шалгараагүй талаар мэдэгдснээр эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байх тул 1/656 дугаар мэдэгдлийг захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгчийн энэ шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/682 дугаар  “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд уг мэдэгдэл нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн буюу хөдөө орон нутгийн алслагдсан сум, багийн иргэдэд хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх зорилготой, “Ю” ХХК-тэй компанитай гэрээ байгуулах шууд үр дагаварыг бий болгосон буюу эрх олгож зөвшөөрсөн, бичгээр гарсан зэрэг шинжийг агуулсан захиргааны акт байна. Өмнөх хэсэгт хариуцагч Үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт зөвлөмжийг хууль болон нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэхээр дүгнэсэн бөгөөд эдгээр Үнэлгээний хорооны хууль зөрчсөн шийдвэр, дүгнэлтийн үр дагавараар буюу дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болох 1/682 дугаар мэдэгдэл нь мөн хууль бус болохоор байна. Иймээс хариуцагчийн 2018 оны 08 дугаар сарын17-ны өдрийн 1/682 дугаар “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

5. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ** дугаар Багц 1: “А аймгийн Ц сум, Т сум, Б аймгийн Б сум, аймгийн С сум, Д аймгийн Ө******* сум” Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ”,  мөн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ** дугаар Багц 2: “Г аймгийн Б сум, Б******* аймгийн Б*******, Ө*******, Ш*******, Г******* сум”, Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ”-г  тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд 

Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж байгуулж болно”, 52.2-д “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно”, 52.2.3-д “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” гэж тус тус заасантай дээрх гэрээнүүд нь нийцсэн, өөрөөр хэлбэл “захиргааны гэрээ”-ний материаллаг болоод хэлбэрийн шинжийг агуулсан захиргааны гэрээ байна. Үнэлгээний хорооны хууль зөрчсөн шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийн үр дагавараар буюу дүгнэлтийг үндэслэн байгуулагдсан дээрх гэрээнүүд нь мөн хууль бус болох бөгөөд түүнчлэн уг гэрээг байгуулахдаа хариуцагч захиргааны байгууллага нь “тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах” талаар хуульчилсан Тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т хязгаарлалтыг зөрчин тендерийн хүчинтэй байх хугацааг өнгөрснөө хойш 27 хоногийн дараа гуравдагч этгээд “Ю” ХХК-тай гэрээ байгуулсан болох нь хууль болон тендерийн урилгад  зааснаар тендер хүчинтэй байх хугацаа 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөр дууссан байгаагаар, мөн хариуцагч захиргааны байгууллага, түүний байгуулсан Үнэлгээний хороо нь тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан нөхцөл байдал бий болсон байхад Тендерийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4-т заасан дагуу тендерийн хугацааг 30 хоногоор сунгуулаагүй болох нь хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. 

Эдгээрээс дүгнэвэл хариуцагч захиргааны байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтнаас Үнэлгээний хорооны болон тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ бүрэн дүүрэн биелүүлээгүйн улмаас тендерийн хуулийн “...өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хариуцлагатай байх” зарчим улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хууль зөрчин байгуулагдсан дээрх гэрээнүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх ** дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Тендерийн Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг боловсруулахдаа “тендерийн баталгааны хугацааг тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар” заасан нь Тендерийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасныг ;

мөн Үнэлгээний хороо нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний хуралдаанаараа нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерийн баримт бичгийг хянан үзэж, үнэлгээ хийгээгүй нь Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендерт шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасныг;

Хариуцагч захиргааны байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс Үнэлгээний хорооны хууль бус шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах мэдэгдлийг гуравдагч этгээдэд хүргүүлэн улмаар Багц 1, 2-т гэрээ байгуулсан нь Тендерийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эхэсэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэж заасныг зөрчсөн болох нь тус тус тогтоогдож байх ба хариуцагчдийн дээрх хууль бус үйл ажиллагаа, актуудын улмаас нэхэмжлэгч “С” ХХК-ийн “худалдан авах ажиллагаанд өрсөлдөх тэгш боломтой оролцох” эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх ******* дугаар тендер сонгон шалгаруулалт”-ыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас гуравдагч этгээд “Ю” ХХК-д тендерийн багц 1, 2-ын урьдчилгаа төлбөрт 174.500.000, 169.750.000 төгрөгийг тус тус 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн болох нь №170 төлбөрийн хүсэлт, дансны хуулгаар  тогтоогдож байх хэдий ч энэ нь хариуцагч захиргааны байгууллага, түүний байгуулсан Үнэлгээний хорооны хууль зөрчсөн үйлдэл, хууль бус актуудыг зөвтгөх үндэслэл болохгүйг, мөн хариуцагч, гуравдагч этгээдийн гэрээний биелэлтийг дүгнэсэн акт байхгүй байгаа тохиолдолд “Ю” ХХК-ийн “Тендерийн ажлын явцын тайлан”,  тоног төхөөрөмж худалдан авсан санхүүгийн баримтууд  нь тендерийн үйл ажиллагаа дууссан үр дагавар үүссэн эсэхийг нотлохгүйг тус тус дурдах нь зүйтэй. 

Мөн шүүхээс гэрээний биелэлтийг дүгнэсэн, тендерийн ажлыг хүлээн авсан актгүй эдгээр баримтыг тус тус үнэлээгүй, шүүх хуралдааны явцад хариуцагч байгууллагаас хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн цахим тендерийн баримтыг шинжлэн судалсныг хэрэгт хавсаргасан болно.

Шүүхээс хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 дугаар "С" ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагуудыг ханган, “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх "** дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмж, 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын17-ны өдрийн 1/682 дугаар “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ** дугаар Багц 1: “А аймгийн Ц сум, Т сум, Б аймгийн Б сум, аймгийн С сум, Д аймгийн Ө******* сум” Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд мөн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ** дугаар Багц 2: “Г аймгийн Б сум, Б******* аймгийн Б*******, Ө*******, Ш*******, Г******* сум”, Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ”,

"Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх ******* дугаар тендер сонгон шалгаруулалт тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13 дахь хэсгүүдэд-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 6 дугаар зүйлийн 6.1, 20 дугаар зүйлийн 20.5, 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх "** дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын заримыг хангаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх "** дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмж, 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын17-ны өдрийн 1/682 дугаар “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ** дугаар Багц 1: “А аймгийн Ц сум, Т сум, Б аймгийн Б сум, аймгийн С сум, Д аймгийн Ө******* сум” Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд мөн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ** дугаар Багц 2: “Г аймгийн Б сум, Б******* аймгийн Б*******, Ө*******, Ш*******, Г******* сум”, Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ”,

"Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх *******” дугаар тендер сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 дугаар "С" ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 35.200 төгрөг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх "** дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ноос 35.200 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА