Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01641

 

Ц.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/01289 дүгээр шийдвэр

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1393 дугаар магадлалтай

Ц.Цгийн нэхэмжлэлтэй

“Ө” ХХК-д холбогдох

“М” эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Ц нь 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгийн төсөл бичүүлнэ гэсэн зарын дагуу Л.Батжавтай танилцаж, төслийг бичиж маш сайн хийж гүйцэтгэсэн. Төслийг стандарт зааврын дагуу боловсруулж бичсэн тул төсөл дэмжигдэн шалгарсан. Эмнэлгийн бүтэц үйл ажиллагааг Нэгдсэн эмнэлэг MNS 5095:2013 стандартын дагуу төлөвлөж эмнэлгийн бүтэц зохион байгуулалтыг стационар, амбулатори, пара клиник, оношлогооны тасаг, үйл онош, дүрс оношлогоо, гэсэн бүтцийн дагуу 2 дугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх эрхийг авсан. Ц.Ц уг төсөлд өөрийг цаг зав, оюун санаа, хүч хөдөлмөр арвин туршлага болон бүх л зүйлээ дайчлан бичсэний үндсэн дээр өнөөдрийн “М” эмнэлгийн эрх олгогдож байгуулагдсан билээ. Л.Батжав нь намайг “М” эмнэлгийн даргаар ажиллаж эмнэлгийг сайн мэргэжилтэн, боловсон хүчнээр хангаж, эмнэлгийн захиргаа, хүний нөөц удирдлагын ажлыг хариуцаж ажилла гэсэн санал тавьсан. Уг саналыг хүлээн авч төсөлд эмнэлгийн даргаар Ц.Цгийн нэрийг бичиж эмнэлгийн эрх авснаар эмнэлэг байгуулагдаж тэрээр эмнэлгийн даргын ажил үүрэг болон захиргаа хүний нөөц, бүтэц зохион байгуулалт гэх мэт бүхий л ажлыг хариуцан хийж ирсэн. Нэхэмжлэгч Ц.Ц албан тушаалын цалингаа авмаар байна гэхэд өнөө маргаашгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “М” эмнэлгийн ерөнхий захирал Л.Батжав нь өрөөндөө дуудаад ажлаас халж байна гэж хэлсэн. Нэхэмжлэгч Ц.Ц нь “М” эмнэлгийг үүсгэн байгуулах үеэс эхлэн төслийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж, эмнэлэг байгуулагдсан үеэс эхлэн эмнэлгийн даргаар ажиллаж ирсэн. “М” эмнэлэг нь Ц.Цг ажиллаж байх хугацааны цалинг өгөөгүй бөгөөд албан ёсны тушаал шийдвэр өгөөгүй болно. Нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Ө” ХХК-ийн захирлын тушаалаар “М” эмнэлгийн даргын албан тушаалд томилогдсон. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ц.Ц эмнэлэг байгуулах ажлыг хариуцан ажиллаж байсан. 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр эмнэлэг байгуулагдаж, 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс Ц.Ц ажил үүргээ гүйцэтгэхээ больсон. 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүртэлх хугацааны эмнэлгийн төслийн баримт бичиг, хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин 1 300 000 төгрөгийг 6 сараар тооцож, 7 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч тэтгэвэрт гарсан хүн учраас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэх шаардлага гаргаагүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Батжав “Ө” ХХК, “М” эмнэлэгтэй ямар ч холбоогүй. Нэхэмжлэгч Ц.Ц ...анх Л.Батжавтай танилцсан, Л.Батжаваас төсөл бичсэн мөнгө авах гэсэн, Л.Батжавт итгэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Л.Батжав намайг ажлаас халсан гэж тайлбарладаг. Гэтэл Л.Батжав 2016, 2017 онд Улсын Их хурлын тамгын газрын хуулийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан. 2016 оны 10 дугаар сард ажлаа өгч, өмгөөлөгчөөр ажилласан. Одоо хүртэл миний бие өмгөөлөгчөөр ажиллаж байна. 2016 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарлаж, нотариатаар батлуулж шүүхэд өгсөн. “Ө” ХХК буюу “М” эмнэлэгт 2016 оны 2 дугаар сараас 2017 онд Л.Батжав гэх хүн огт ажиллаж байгаагүй. Нэхэмжлэгч Ц.Ц Л.Батжав гэх хүнтэй л уулзсан. “Ө” ХХК болон “М” эмнэлгийн удирдлагатай уулзаж байгаагүй.

Харин “Ө” ХХК, “М” эмнэлгийн удирдлагатай холбогдож байгаагүй. “Ө” ХХК-ийн дүрэмд зааснаар үүсгэн байгуулагчийн шийдвэрээр захирал, эмнэлгийн захирлыг томилсон. “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эмнэлгийн захирал байна гэж компанийн дүрэмд заасан. “Ө” ХХК-ийн дэд захирал н.Мөнхцэцэг гэж хүн байдаг. Гэтэл Ц.Ц гуай “Ө” ХХК, “М” эмнэлэгт ажиллаж байгаагүй хүн. Нэхэмжлэгч төсөлд миний нэрийг бичиж, би эмнэлгийн даргын албан тушаал хашиж байсан гэж андуурдаг. Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар эмнэлэг байгуулах ажил төсөл бичих үе шаттай, төсөл нь 2 үе шаттай явагддаг. Төсөлд зааснаар эмнэлгийн байр, тоног төхөөрөмж, эмнэлгийн ажилтныг сонгон шалгаруулдаг. 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн нэхэмжлэгчийн төсөл бичсэн гэх тушаалд компанийн захирал Б.Дашдорж гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Компанийн үүсгэн байгуулагч 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Б.Дашдоржийг эмнэлгийн даргаар томилсон. Эмнэлэг байгуулагдаагүй байхад эмнэлгийн дарга гэж байхгүй. 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн тушаал зөвхөн төсөл хэлбэртэй байсан. Үүнээс харахад 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр томилогдсон Ц.Ц гэх эмнэлгийн дарга байхгүй, байгаа ч үгүй. 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр эмнэлэг үйл ажиллагаа явуулах эрх авсан, 7, 8, 9 дүгээр сард эмнэлэгт дотоод зохион байгуулалтын ажил явагдсан. 10 сард эмч ажилд авсан, 11 сард анхны үзлэг хийсэн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. “Ө” ХХК-ийн “М” эмнэлэгт Ц.Ц гэх хүн ажиллаж байгаагүй. Тийм хүн ажиллаж байгаагүй учраас ажлаас халагдсан гэсэн ойлголт байхгүй. Үндэслэлгүй ажлаас халагдсан гэх зүйл байхгүй учраас ажиллаж байсан цалинг олгох боломжгүй. “Ө” ХХК-ийн захирал нь миний ээж. Би ээждээ хүүгийн ёсоор эмнэлгийн төслийн ажил дээр тусалж байсан. Төсөлд зарын дагуу 160 гаруй хүн уулзаж, 61 хүний материалыг авсан. Тэдний нэг Ц.Ц байсан. Би Ц.Цд хандаж таныг эмнэлгийн даргаар томилоогүй, эмнэлгийн дарга н.Дашдорж, эмнэлгийн дэд захирал н.Мөнхцэцэг гэж хүмүүс байна. Та харин надад өгнө гэсэн бичиг баримтаа өгчихвөл сайн байна гэж хэлсэн. Ингээд шинэ жилийн дараа би Ц.Цд хандаж танд нэг удаа 500 000 төгрөг, 2 удаа 400 000 төгрөг өгсөн, 2018 оны 1 дүгээр сард 500 000 төгрөг өгье гэж хэлээд явуулсан. Нэхэмжлэгч эмнэлгийн даргаар ажиллаж байгаагүй, ажиллах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/01289 дугаар шийдвэрээр:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар Ц.Цг “М” эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар хариуцагч “Ө” ХХК-иас 7 800 000 төгрөг гаргуулан Ц.Цд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч “Ө” ХХК-иас 139 750 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1393 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/01289 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц.Цгийн ”Ө” ХХК-д холбогдуулан гаргасан “М” эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Ө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...миний бие давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг буруу шийдсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад намайг тус эмнэлгийг даргаар томилогдон ажилласан талаарх хангалттай нотлох баримт байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр болон бусад бичмэл нотлох баримтуудаар харагдаж байна. Гэтэл шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэхгүй зөвхөн гэрчийн мэдүүлгийг үнэлсэн байдал нь иргэн миний эрх ашгийг зөрчиж байна.

Ц.Ц миний бие “Ө” ХХК-ийн захирал болон тус эмнэлгийг санаачлан байгуулсан Л.Батжав гэдэг хүнд туйлын гомдолтой байна. Уг этгээд нь олон аж ахуй нэгж байгуулж хүмүүсийг хууран мэхэлж доромжлон гүтгэж ирсэн. Намайг тухайн үед маш ихээр хуурч миний оюун санаа болон хөдөлмөрийг ашиглаж байсан. Энэ бүхний цаана Л.Батжав нуугдаж байгаа бөгөөд намайг удаа дараа сүрдүүлсэн. Мөн миний өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хүртэл ажлаас нь халуулна гэх мэтээр сүрдүүлж ёс зүйгүй зан гаргаж байна.

Энэ мэт байдал нь хэрээс хэтэрч намайг хохироож байна. Иймд шүүх хэргийг тал бүрээс нь нягталж нотлох баримтыг зөв үнэлж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүх зөв дүгнэлт гаргасан гэж нэхэмжлэгч миний бие үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Ц нь  “Ө” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...тус эмнэлгийг байгуулах төсөл бичиж, үүний үндсэн дээр өнөөдрийн М эмнэлгийн эрх олгогдож, байгуулагдсан. Ингээд төсөл бичиж гүйцэтгэсэн мөнгөө шаардахад Батжав “...таныг байнгын ажлын байраар хангана, та М эмнэлгийн даргаар ажиллаж, эмнэлгийг сайн мэргэжилтэн, боловсон хүчнээр хангаж, эмнэлгийн захиргаа, хүний нөөц, удирдлагын ажлыг хариуцаж ажилла...” гэсэн санал тавьсан. Саналыг хүлээн авч, төсөлд эмнэлгийн даргаар өөрийн нэрийг бичиж, эмнэлгийн эрх авснаар эмнэлэг байгуулагдаж, миний бие эмнэлгийн даргын ажил үүрэг болон захиргаа хүний нөөц, бүтэц зохион байгуулалт гэх мэт бүхий л ажлыг хариуцан хийсэн. Эмнэлэг байгуулагдаж хэвийн ажиллаж эхэлсэн боловч цалин мөнгийг маань бүрэн өгөөгүй, албан ёсны тушаал гаргаж өгөхгүй байсаар 2016 оныг дуусгасан. Албан тушаалын цалингаа нэхэхэд өнөө маргаашгүй өгнө гэсээр 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Батжав өрөөндөө дуудаж ажлаас халж байна гэсэн. Ажилласан хугацаанд цалин хөлс өгөөгүй, ямар ч үндэслэлгүй ажлаас  халсанд гомдолтой байна” гэж тайлбарлажээ.

Хариуцагч “Ө” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...М эмнэлэг 2016 оны 07 дугаар сард байгуулагдсан, нэхэмжлэгч нь “Ө”, М эмнэлгийн удирдлагатай уулзаж байгаагүй, Батжавтай уулзсан гэдэг. Батжав нь хариуцагч байгууллагад ажиллаж байгаагүй, хамааралгүй хүн. Нэхэмжлэгч нь М эмнэлэгт ажиллаж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

“Ө” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр М эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах баримт бичиг боловсруулахыг компанийн гүйцэтгэх захирал Б.Дашдоржид үүрэг болгосон байх ба М эмнэлгийн тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлж өгсөн баримтад хавсаргасан материалаар Ц.Цг үүсгэн байгуулагчаар тодорхойлж, эмнэлгийн даргаар томилсон тушаалын загварыг төлөвлөж байжээ.

Улмаар эмнэлэг байгуулагдсаны дараа Ц.Цг эмнэлгийн байранд ажиллуулахаар өрөө гаргаж өгсөн, энэ хугацаанд тодорхой хэмжээний хөлс олгож байсан талаарх баримт хэрэгт авагдсан байх боловч тус эмнэлэгт ажилладаггүй хүнийг ямар үндэслэлээр өөрийн байранд байрлуулж, хөлс төлж байсан, энэ хугацаанд Ц.Ц нь ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн тус эмнэлэгт ажиллаж байсан гэх нэхэмжлэлийн шаардлага нь түүний бичсэн гэх төслийн үр дүнтэй холбоотой гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн эмнэлэг байгуулахад оролцсон оролцоо, түүнийг хэрхэн дүгнэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна.

Хоёр шатны шүүхийн зөрүүтэй дүгнэлт хийж, эсрэг шийдвэр гаргасан нөхцөл байдлын талаар хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.  

Түүнчлэн М эмнэлгийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдаагүй, “Ө” ХХК-ийн эрхлэх үйл ажиллагаанд М эмнэлгийн үйл ажиллагаа бүртгэгдсэн эсэх, хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтууд авагдаагүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлоогүй, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/01289 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1393 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.                                                                           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЦАГААНЦООЖ     

        ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД