| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/0275/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/307 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/307
2021 03 10 2021/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ө.Ат холбогдох эрүүгийн 2106 00000 0064 дугаартай хэргийг шүүх 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр баг, толь гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрх товчоо 11-03 тоотод түр оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ө.А.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.А нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах ХААН банкны АТМ-ээс иргэн Н.Нямдаваагийн итгэмжлэн хариуцуулсан ХААН банкны 5720803923 дугаартай дансны виза картнаас зөвшөөрөлгүйгээр 3.520.000 төгрөг авч завшсан буюу хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Нямдаваагийн өгсөн мэдүүлэг /хх-6-8, 9-11/, гэрч М.Өлзийсайханы өгсөн мэдүүлэг /хх-13/, хохирогч Н.Нямдаваагийн эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-17/, Ө.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-22-24/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ө.А нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах ХААН банкны АТМ-ээс иргэн Н.Нямдаваагийн итгэмжлэн хариуцуулсан ХААН банкны 5720803923 дугаартай дансны виза картнаас зөвшөөрөлгүйгээр 3.520.000 төгрөг авч завшсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Нямдаваагийн өгсөн: “...манай үйлдвэрт 12 дугаар сарын 23-ны өдөр Ө.А гэх залуу ажилд орсон бөгөөд бид нар захиалга ихтэй байсан учраас 2 хоног ажил дээрээ байрласан. Тэгээд өнөө өглөө ажлын залуу Ө.А ядраад байна, ундаа ус авч ууя гээд байхаар нь би өөрийн хаан банкны 5720803923 дугаарын данстай картаа өгөөд явуулсан. Би картанд их хэмжээний мөнгө байгаа шүү, хамаагүй битгий уншуулаарай гэж хэлсэн байсан. Би өөрөө картныхаа нууц үгийг хэлж өгөөд гаргасан. Миний картыг авч гарсных нь дараа би унтаад өгсөн байсан ба сэрэхэд миний утсанд мессеж ирсэн байхаар нь шалгахад 3.500.000 төгрөгөөр нэг удаа, 20.000 төгрөгөөр нэг удаа зарлага гарсан байсан ... 94592295 гэсэн дугаартай, залгахаар холбогдохгүй байна ... хаан банкнаас сая надруу холбогдоод 22-30 насны, үсээ гелдсэн, эрэгтэй хүн уншуулаад гарч байгаа бичлэг АТМ-ний камерт бичигдсэн байна гэсэн ... одоо надад 3.520.000 төгрөгийн хохирол учирсан байна, мөнгө авах зөвшөөрөл олгосон, би өөрийн картнаас 40.000 төгрөг авах зөвшөөрөл олгосон ... 2020 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн орчимд ажлын дүү Ө.Ат картаа өгөөд энэ картнаас 40.000 төгрөг аваад хүнд аваачаад өгчих гэж хэлээд явуулсан. Гэтэл ажлын дүү Ө.А уг мөнгө өг гэсэн хүнд 40.000 төгрөгийг аваачаад өгчихөөд дараагаар нь надад картыг минь өгөхгүй, миний картнаас зөвшөөрөлгүй мөнгө аваад явсан байсныг би үдээс хойш мэдсэн ... миний дансруу буцааж 2.500.000 төгрөгийг буцааж хийсэн. Мөн Ө.А нь манайд 2 хоног ажилласан мөнгө 60.000 төгрөг, нийт эргүүлж өгсөн мөнгө 2.560.000 төгрөг...” гэх мэдүүлэг /хх-6-8, 9-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Өлзийсайханы өгсөн “...өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний утас руу Ө.А-ийн ажлын Нямдаваа гэх хүн залгасан ба миний хүү Ө.А нь ажлынхаа хүний картнаас зөвшөөрөлгүй мөнгө аваад зугтсан гэж хэлэхэд би энэ талаар анх сонссон. Тэгээд 94592295 тоот дугаар руу залгаж хүү Ө.А-тэй холбоо бариад “миний хүү чи хүний мөнгө зөвшөөрөлгүй аваад явсан юмуу чи буцаагаад хийгээдэх” гэж хэлсэн чинь миний хүү Ө.А “ээж одоогоор 2.500.000 төгрөг л байна, үлдсэнийг нь би үрсэн, энэ мөнгийг АТМ орж шилжүүлье” гэж хэлээд 15 минут орчмын дараа 2.500.000 төгрөгийг миний хамтран амьдрагч Ганбаатарын дансруу хийсэн. Тэгээд 2.500.000 төгрөгийг миний хүү Ө.А-ийн ажлын хүн болох Нямдаваа гэх хүний дансруу хийсэн...” гэх мэдүүлэг /хх-13/
Хохирогч Н.Нямдаваагийн эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-17/,
Ө.А-ийн яллагдагчаар өгсөн: “...манай үйлдвэрийн дарга Нямдаваа хаан банкны картаа надад өгөөд тэр архи авчирч өгсөн хүнд 40.000 төгрөг картнаас аваад өгчих нууц код нь 8181 гэж хэлээд картаа надад өгч явуулсан ... Баянзүрх дүүргийн 16 хороо 16 хорооллын автобусны буудлын ард байрлах хаан банкны АТМ дээр очиж уг картнаас зөвшөөрөлгүй 3.520.000 төгрөгийг авсан. Тэгээд тэр өдрөө 1.000.000 төгрөгийг нь үрээд, 2.520.000 төгрөг үлдсэн байсан болохоор тэр мөнгийг нь буцааж Нямдаваад өгсөн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг яаралтай өгч барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-22-24/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогч Н.Нямдаваагийн эзэмшлийн хаан банкны 5720803923 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Ө.А нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах ХААН банкны АТМ-ээс иргэн Н.Нямдаваагийн итгэмжлэн хариуцуулсан ХААН банкны 5720803923 дугаартай дансны виза картнаас зөвшөөрөлгүйгээр 3.520.000 төгрөг авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Ө.А-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ө.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг барагдуулсан, хохирогч Н.Нямдаваа нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Ө.А-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.А-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ө.А-т 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Ө.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Ө.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ө.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС