| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/0213/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/355 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/355
2021 03 17 2021/ШЦТ/355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Х-т холбогдох эрүүгийн 2106 00000 0100 дугаартай хэргийг шүүх 2021 оны 02 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 31 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Бизайн” ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл 7, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол 68 дугаар байрны 36 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 52/3 дугаар байрны 102 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Т.Х .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Х нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар гудамжны 102 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Халиунжаргалтай маргалдан улмаар хөлөөрөө өшиглөж зодож биед нь зүүн сарвууны дунд хурууны угийн шивнүүр ясны далд хугарал, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шагайн үенд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч Т.Халиунжаргалын өгсөн мэдүүлэг /хх-5-6/, гэрч Р.Өөдөсийн өгсөн мэдүүлэг /хх-33/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 506 дугаартай дүгнэлт /хх-8-9/, Т.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-27-28/, шүүгдэгч Т.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.Х нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар гудамжны 102 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Халиунжаргалтай маргалдан улмаар хөлөөрөө өшиглөж зодож биед нь зүүн сарвууны дунд хурууны угийн шивнүүр ясны далд хугарал, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шагайн үенд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Халиунжаргалын өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52/3-102 тоотод гэртээ байж байхад төрсөн дүү болох Т.Х нь “миний утас руу 150.000 төгрөг өгөөрэй” гэсэн зурвас илгээсэн. Тэгэхээр нь “надад мөнгө байхгүй шүү дээ би уржигдар 80.000 төгрөг байснаар нь хоол хүнс авчихсан шүү дээ” гэж хэлтэл “би чамайг тэжээх ёстой юм уу” гэж уурлаж загнасан. Тэгэхээр нь би “адилхан хувийн компанид ажиллаж байж ямар байгааг чи мэдэж байгаа биз дээ, би танайд байгаа ч гэсэн идэж уух хоол хүнс аваад болгож бүтээх гээд л байж байна” гэсэн. Тэгтэл утасны цаанаас янз бүрээр ярьж хэлж байгаад гэртээ орж ирээд “үзэх үү” гээд намайг барьж авсан. Тэгээд буйдан дээр түлхэж унагаад намайг өшиглөж зодсон. Тухайн үед хажууд ээж болон Т.Х-ын эхнэр байсан бөгөөд юу болсонг бүгдийг нь харсан. Дүү Т.Х нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд маргалдсаны төлөө намайг орж ирж зодчихоод гэрээсээ хөөсөн. Тэгээд би бүх зүйлээ аваад гэрээс нь хүүхдээ дагуулаад гарч ирсэн юм. Гар, хөлөөрөө өшиглөж зодсон ямар нэгэн зүйл барьж цохиж зодоогүй. Зүүн гарын дунд хуруу 3 дугаар үе орчимоороо хугарсан. Биеийн зүүн тал тэр чигтээ хөхөрч няцарсан, нилэнхүүдээ өвчтэй байна .” /хх-5-6/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Өөдөсийн өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай хүү, охин хоёр муудалцаад хүү Т.Х эгчийгээ зодсон асуудал гарсан. Би хажууд нь байсан юм. Тухайн үед Т.Халиунжаргал нь юмаа болон хүүхдээ аваад гарахдаа “гар өвдөөд байна л” гэж байсан. 3 хоногийн дараа надад хандан “гар хугарсан байна” гэж байсан. Түүнээс тэр зодоон болох үед би салгах гэж дундуур нь ороход салахгүй хэрэлдээд байсан. Түүнээс гар хугарахыг бол хараагүй юм зургийг нь авхуулж байж мэдлээ гэж байсан .” /хх-33/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 506 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Халиунжаргалын биед зүүн сарвууны дунд хурууны угийн шивнүүр ясны далд хугарал, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шагайн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Х-ын өгсөн: “...Мөнгөний асуудлаас болоод хэрүүл болж би биеэ барьж чадахүй эгчийн зүүн гуя орчимд нэг удаа өшиглөж, зүүн гар, бугалга, нуруу орчмоор нь гараараа 2 удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” /хх-27-28/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Х нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар гудамжны 102 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Халиунжаргалтай маргалдан улмаар хөлөөрөө өшиглөж зодож биед нь зүүн сарвууны дунд хурууны угийн шивнүүр ясны далд хугарал, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шагайн үенд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Т.Х-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Т.Халиунжаргал нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Т.Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хохирогч Т.Халиунжаргалын цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Х-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Х-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Т.Х-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хохирогч Т.Халиунжаргал нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС